| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/1050/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1098 |
| Огноо | 2022-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1098
2022 11 21 2022/ШЦТ/1098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Шүүгдэгч: П.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн ..... хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.. оны 7 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн .. суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...ьд суралцдаг, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо ... автобусны буудал дээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 10 сарын 14-нд шилжих шөнө иргэн Э.Тгийн Самсунг А53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.239.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн ...... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 14-15, 18-19 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Бйн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37 дугаар хуудас/,
“Д- ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
“Х-” барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Бйн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55, 65 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Сүхбаатар дүүргийн ... хороо Х-ийн ойролцоо автобусны буудал дээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-нд шилжих шөнө иргэн Э.Тгийн “Самсунг А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.239.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Э.Тгийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 03 цаг 20 минутын орчимд 0000 УУУ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хувиараа такси үйлчилгээнд явж байсан. Д-ын урд талд байдаг П- ШТС-ын урд талаас гар өргөсөн 24-25 насны 175 см орчим өндөртэй эрэгтэй хүнийг аваад хаашаа явах талаар асуухад “М- сургуулийн ойролцоо очно” гэж хэлсэн. Тэгээд явж байснаа гэнэт “100 айлын хүүхдийн 2-ын автобусны буудал дээр бууя” гэхээр нь автобусны буудал дээр зогсоод буулгачхаад цаашаа явж байгаад гар утсаа үзсэн чинь миний гар утас алга болчихсон байсан... Гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.Гын “....2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 42 минутад ажил дээрээ байхад П- овогтой Б- гэх хүн өөрийн бичиг баримтаар Самсунг А53 загварын цагаан өнгөтэй өнгөгүй тунгалаг гэртэй, шилэн наалттай эвдрэл гэмтэлгүй нэг ширхэг гар утсыг 500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан... Хохирлын 540.000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал байхгүй....” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч П.Бйн яллагдагчаар өгсөн “....гэрээсээ гараад 3 дугаар сургууль руу явах гээд станцын автобусны буудал буюу Д-гийн рашаан орчмоос Тоёота приус 20 маркийн машин зогсож намайг авсан. Би машины урд жолоочийн хажуугийн суудал дээр суусан. ....- орчимд явж байтал миний сууж байсан суудал дээр гар утас байх шиг мэдрэгдсэн. Гар утсыг таксины жолоочид мэдэгдэхгүйгээр аваад 100 айлын автобусны буудал дээр буусан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүнсний 4 орчим байсан Х- нэртэй барьцаалан зээлдүүлэх газар өөрийн бичиг баримтаараа 500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Самсунг А53 загварын цагаан өнгөтэй, өнгөгүй тунгалаг гэртэй,шилэн наалттай дэлгэц дээрээ кодгүй, эвдрэл гэмтэлгүй гар утас 1 ширхгийг хураан авав...” гэсэн баримт,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Самсунг А53 загварын цагаан өнгөтэй, өнгөгүй тунгалаг гэртэй,шилэн наалттай дэлгэц дээрээ кодгүй, эвдрэл гэмтэлгүй гар утас 1 ширхгийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөв...” гэсэн баримт,
“Д- ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung A53 загварын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.239.200 /нэг сая хоёр зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлсийг авсан талаар, иргэний нэхэмжлэгчээс хохирогчийн эд зүйлийг барьцаанд авсан талаар тус тус мэдүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.
Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас П.Бас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч П.Бйг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Э.Тгийн гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37/, хохирогчийн “...гар утсаа буцаан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Ганболдын “...Хохирлын 540.000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Бйг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч П.Бйг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо буцаан төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч П.Б нь бүрэн дунд боловсролтой, Т- сургуульд суралцдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч П.Б танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бйг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар П.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН