| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/03911/и |
| Дугаар | 00571 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 00571
| 2019 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2019/00571 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Л.Ө-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох
Орон сууцыг үнэлсэн үнэлгээг болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсоёл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2017/15947 дугаар захирамжаар НБМ Финанс ББСБ, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Орших иргэн Б.Нандинбаяр, Л.Ө нарын 52 611 000 төгрөгийн эвлэрлийг баталсан, бид 52 611 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг төлсөн, одоо 47 611 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.Миний хотын төв цэгт байрлалтай байрыг 58 240 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулж байгаа үнийг үл зөвшөөрч байна. Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө хотхоны 21 дүгээр байрны 66 тоотод байрлах орон сууцыг 58 240 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болох албадан дуудлага худалдааг хүчингүй болгох гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө хотхоны 21 дүгээр байрны 66 тоотод байрлах орон сууцыг 83 200 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй, учир нь манай тэр хавиар орон сууцны 1 мер квадратын үнэ 2 000 000 төгрөгийн үнэтэй байхад манай орон сууцыг 83 200 000 төгрөгийн 70 хувь 58 200 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй учраас үнэлгээний 50 хувиар тооцон 41 600 000 төгрөгөөр 2 дахь дуудлага худалдаанд оруулах гэж байсан.Иймд орон сууцыг 83 200 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болсон албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул энэхүү албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2017/15947 дугаар шийдвэрээр Б.Нандинбаяр, Л.Ө нараас 52 626 000 төгрөгийг гаргуулж НБМ Финанс ББСБ, ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.Өын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө хотхоны 21 дүгээр байрны 66 тоотод байрлах орон сууцыг хуульд заасны дагуу битүүмжилж, хураан авсан.Төлбөр төлөгч Б.Нандинбаяр, Л.Ө нар болон төлбөр авагч талаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасан байна.Хөндлөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Мөнх-Оргил Трейд ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууц нь 83 200 000 төгрөгөөр үнэлэгдсэн ба талуудад үнэлгээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/16612, 4/16613 дугаартай мэдэгдлүүдээр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн. Шинжээчийн үнэлсэн үнэ болох 83 200 000 төгрөгийн 70 хувь болох 58 240 000 төгрөгөөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2018 оны 4/17070, 4/17071 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн болно.Үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнэлгээний 50 хувь буюу 41 600 000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлж, талуудад 4/18661, 4/18663 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн.Шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болно.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа өнгөрсөн тул Л.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө хариуцагч НШШГГт холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө хотхоны 21 дүгээр байрны 66 тоотод байрлах орон сууцыг 58 240 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болох албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болох албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлагаасаа татгалзаж, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэгч Л.Ө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2017/15947 дугаар захирамжаар НБМ Финанс ББСБ, ХХКомпанид төлөх үүрэг хүлээсэн байна.
Төлбөр төлөгч дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба хариуцагч байгууллага нь зээлийн гэрээний барьцааны зүйл болох Л.Өын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос Өргөө хотхоны 21 дүгээр байрны 66 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Мөнх-Оргил Трейд ХХКомпанийг шинжээчээр томилж, үнэлгээний талаар дүгнэлт гаргуулсан байна.
Хариуцагч НШШГГ дээрх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийг шинжээчээр томилж, дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргуулахад Мөнх-Оргил Трейд ХХКомпанийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээнээс доогуур дүнгээр үнэлэгдсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээчийн үнэлгээ зах зээлийн ханшнаас доогуур болсон гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Л.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болох албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Л.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН