Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1102

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         11          22                                    2022/ШЦТ/1102

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Г.Баярмаа,

Хохирогч Ө.С,

Шүүгдэгч: Ш.Н  /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн ..... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  ... оны 7 дугаар сарын 27-ны өдөр ... хотод төрсөн,.. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Н нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ...- хорооны нутаг дэвсгэрт байрлах 26,27 дугаар байрны голд байрлах саравчинд тодорхой шалтгаангүйгээр иргэн Сын зүүн хацар хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тухайн асуудал болсон. Би хэд хоног гэртээ очоогүй, ядарсан явж байсан чинь манай нэг найз надад архи авч өгсөн. Тэгэхэд тэнд дөрвөн хүн сууж байсан. Намайг хиртэй хувцастай явж байхаар хэл амаар доромжилсон. Зүгээр байхад нь би шилээр хатгана гэж байхгүй. Хэл амаар доромжилоод байхаар нь шилээр хатгасан. Тэгээд түргэн дуудсан....” гэв.       

 

Хохирогч Ө.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 15.30-16.00 цагийн хооронд явж байгаад Б- гэдэг найзтайгаа таарсан. Тэр найзтайгаа уулзаагүй 6 сар гаруй хугацаа болсон байсан бөгөөд хөдөө орон нутгаар томилолтоор явж байгаад ирсэн талаар хэлсэн. Тухайн үед таньдаг Баярбат гэдэг найз маань бас цуг явж байсан. Дэлгүүрээс Б- шил архи авч саравчин дээр шил архи задлаад ярилцаад 50 гр татчихаад сууж байсан. Тэгээд гэнэт миний нүүрэн тус газар тас боогоод явсан бөгөөд нүүр хэсэг рүү халуу оргиод цус гарч, цусаар булагдсан байсан. Тэгээд цагдаагийнхан ирсэн. Шинжээч залуу бас ирсэн байсан. Ирсэн хүмүүс хэргийн газарт бичлэг хийж баримтжуулж байсан. Тэгж байтал түргэн ирээд гэмтлийн эмнэлэгт хүрэхгүй юм байна энд цусыг чинь тогтоохгүй бол болохгүй гэж хэлээд оёдол тавьж эхэлсэн. Тэгээд Н-г цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Түргэний эмч нар боолт хийгээд гэмтлийн эмнэлэгт аваачсан. Одоогийн байдлаар биеийн байдал хэвийн байгаа. Нэхэмжлэх зүйлгүй. Манай ээж л сэтгэл санаагаар хохирсон. Сардаа 1.900.000 төгрөгийн цалинтай эрүүл мэндийн даатгал төлөөгүй учраас эмийн зардал гарсан. Гоо сайхнаа алдсан...” гэв.

 

Эрүүгийн .... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ө.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 17-18 дугаар хуудас/, 

 

            Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Хохирогч Ө.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №8723 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 97 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 60-81, 111-113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Н нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ...- хорооны нутаг дэвсгэрт байрлах 26,27 дугаар байрны ойролцоо байрлах саравчинд тодорхой шалтгаангүйгээр иргэн Сын зүүн хацар хэсэгт архины шилний хагархайгаар цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх, зүүн нүдний доод зовхи, хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Хохирогч Ө.Сын “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ...- хороо 26, 27 дугаар байрны голд байрлах Хүүхдийн тоглоомын саад Саравчинд өөрийн найз Б-, Б-, Н- нарын хамт 1 шил 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Цаанаас гар нь сойлттой эрэгтэй хүн ирж харагдсан. Тэгээд хойноос нь зүс таних  Н- гэх эрэгтэй хагархай архины шилээр нүдэн тус газар зүсэж гэмтээсэн. Миний нүүрнээс цус алдаад надтай цуг байсан найз нар эмнэлэг болон цагдаа дуудсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Бн “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Стой Сүхбаатар дүүргийн ...- хорооны нутаг дэвсгэрт байрлах 220 мянгатын орчим таарч уулзаад би дэлгүүрээс 0,75 архи авч ойрхон гадаа цэцэрлэгийн сааданд хамт сууж архиа уусан. Нэг харсан зүс таних дүү Н нь Сн араас барьж аваад архины хагархай шил буюу шилний дээд амаар нүүр рүү нь хатгасан. Цус ихээр гарч байсан болохоор цусыг нь тогтоох гээд тогтохгүй хэцүү байсан....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар 21-ний өдрийн №8723 дугаартай дүгнэлтэд “...1. Ө.Сын биед зүүн хацарт шарх, зүүн дээд доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй үйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Хараа нэртэй архины шилний хагархай 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ,

 

Шүүгдэгч Ш.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ...- хорооны нутаг дэвсгэрт байрлах У- дэлгүүрийн арын сааданд сууж байсан. Хажууд 3 залуу ирж суугаад над руу хараад миний хугархай гар руу хараад “гарыг чинь хугална” гээд гипстэй гар руу цохисон. Дахин цохих гэхээр нь тэр хүнийг газар байсан шилний хагархай аваад нүүрийг нь зүссэн...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Н нь тодорхой шалтгаангүйгээр иргэн Сын нүүрэн тус газарт цохисон болохыг хохирогч, гэрч, шүүгдэгч, нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Ш.Н нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Ө.Сын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16....- зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ш.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Г “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Ш.Нг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ш.Н нь ам бүл 1, ганцаараа амьдардаг, оршин суух байнгын хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ш.Нг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Ш.Н нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж түүний цагдан хоригдсон 60 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож 480 цагийг эдлэх ялаас хасч биеэр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шүүх тогтоосон ба Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/106...- албан бичигт дурдсанаар тухайн ялыг биелүүлээгүй болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...”  гэж заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №231 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Нд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоох зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36....- зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ш.Нгийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №231 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ш.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38....- зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН