| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2022/0173/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/181 |
| Огноо | 2022-10-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Х-гийн Бид холбогдох эрүүгийн 2235000000210 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын 05 дугаар багийн 013 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Х-гийн Б (РД:..........),
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 1 дүгээр сард Увс аймгийн ........ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Агийн эзэмшлийн “Samsung-А51” загварын гар утас олж, ашиглан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Ад 830.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Б нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Б.Ад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг гаргав.
2. Шүүгдэгч Х.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн 2235000000210 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-9 дэх тал),
2. Хохирогч Б.Агаар гар утас таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дахь тал),
3. Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн “Samsung-А51” загварын гар утсаа 2022 оны 01 дүгээр сарын 02-ны үед /яг өдрийг нь сайн санахгүй байна/ ........ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад айлд очих гээд явж байгаад гудамжинд гээгдүүлсэн. Тэгээд би буцаж ирсэн замаараа хайгаад олоогүй тул ........ сумын зарын групп дээр “Samsung-А51” загварын гар утас гээгдүүлсэн тул олж өгнө үү гэх зар мэдээлэл бичсэн боловч олдоогүй. Тухайн үед би утсаа гээчихээд өөрийн ........ дугаарын сим хийсэн байсан тул залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Тухайн үед би гэрээсээ гарахдаа өөрийн утсаа куртикныхаа карманд хийгээд гараад айлд очоод утсаа санаад хайгаад үзэхэд олдоогүй. Тухайн үед би гэрээсээ гараад явахад ганцаараа явсан бөгөөд миний куртикны гадна кармаа жижиг байсан тул унаж гээгдсэн байсан. Ямар нэгэн байдлаар хулгайд алдаагүй. Миний утас ямар нэгэн сэвгүй, ар хэсэг нь номин цэнхэр өнгөтэй ба тухайн үед би өөрийн утсанд зурдаг код хийсэн байсан. ..Би уг “Samsung-А51” загварын гар утсыг 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...1.073.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
4. Гэрч Х.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ах Х.Б энэ онд гар утсаа сольсон эсэхийг би мэдэхгүй. 2022 оны 04 дүгээр сард, өдрийг нь сайн санахгүй байна, би тэдний гэрт очиход төрсөн ах Х.Б гар утас олж авлаа гээд надад үзүүлэхэд цэнхэр өнгийн артай утас байсан. Тухайн үед би уг утсыг сайн анзаарч хараагүй, утсыг ах Х.Б барьж ашигласан эсэхийг мэдээгүй. Би 2022 оны 06 дугаар сард Улаанбаатар хот руу найрны ажил болон эмчилгээний ажлаар явж байгаад 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үед сумын төвд ирсэн...төрсөн ах Х.Б 2022 оны 09 дүгээр сарын 12-ны үед Улаанбаатар хот руу эхнэр Г.Агийн дүү нь эмчилгээнд явахад хамт авч явсан. Тухайн үедээ надад цэнхэр өнгийн артай гар утас үлдээгээд явсан. Ямар учиртайг нь би мэдээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
5. Гэрч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхөр Х.Б энэ онд гар утас худалдаж аваагүй. 2022 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, нэг өдөр би ажлаасаа тараад гэртээ ирэхэд нөхөр Х.Б гар утас олж авлаа гэж хэлээд дугуй засвараа ажиллуулаад байж байсан. Тэгээд би гэрийн ажил хийгээд уг гар утсыг барьж үзээгүй, ямар загварын гар утас байсныг би мэдээгүй. Тэгээд нөхөр Х.Б 2022 оны 04, 05, 07 дугаар саруудад Улаанбаатар хот руу буяны ажлаар болон эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс авч явсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сараас хойш олж авсан гэх гар утсандаа өөрийнхөө одоо барьж байгаа 99768465 дугаарын мобикомын сим карт хийж ашиглаж байсан. Тухайн дугаар нь миний нэр дээр бүртгэлтэй бөгөөд олон жил миний нөхөр Х.Б ашиглаж байгаа. 2022 оны 07 дугаар сард би анзаарч харахад уг гар утас “Samsung-А51” загварын , цайвар цэнхэр өнгийн бор хавтастай гар утас байсан. Уг гар утсанд өөр сим карт хийж ашиглаагүй байх, уг гар утасны кодыг хаана гаргасан эсэхийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
6. Шүүгдэгч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. ...2022 оны 1 дүгээр сард чухам хэдний өдөр болохыг мэдэхгүй байна. ........ сумаас аймаг орох шугамын унаанд суухаар өглөө эрт 7-8 цагийн хооронд гэрээсээ гараад сумын төвийн хар замаар алхаж явтал замын хажуугийн боржуурын хажууд цасанд босоогоороо зоогдчихсон цэнхэр өнгийн артай, “Samsung-А51” загварын гар утас байхаар нь тухайн утсыг аваад цүнхэндээ хийгээд унаанд суугаад Улаангом сум руу явсан. Тухайн үед зам дээр гудамжинд ямар нэгэн хүн байхгүй байсан тул хэний эзэмшлийн ямар утас гэх талаар мэдэхгүй байсан. Ингээд би Улаангом сум руу ороод Улаанбаатар хот руу явах ажилтай байсан тул явчихсан. ...тухайн утсыг олж авсан өдрөөс хойш дандаа цүнхэндээ байлгасан, гаргаж ашигласан зүйлгүй. Тэгээд аймагт ирээд Улаангом суманд зах дотор засварчин орж кодыг тайлуулаад өөрөө барьж ашигласан...сүүлд би утас олж авсан талаар эхнэртээ хэлсэн, урьд өмнө мэдээгүй, би утас хулгайлаагүй, олж авсан юм чинь ашиглаж болно гэж ойлгоод ашиглаж байсан буцааж заавал хүнд нь өгөх ёстой байсан талаар мэдэхгүй байсан...Би Б.Агаас уучлалт гуйж утсыг нь буцааж өгөхөд зүгээрээ ах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн” гэх (хавтаст хэргийн 43-45 дахь тал) мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтээр “Samsung-А51” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 830,000 (найман зуун гучин мянга) төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.
8. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх урьдач нөхцлүүд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
10. Хуульд заасан журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч Х.Б нь 2022 оны 1 дүгээр сард Увс аймгийн ........ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах замын хажуугаас хохирогч Б.Агийн эзэмшлийн “Samsung-А51” загварын гар утас олж, хувьдаа ашиглаж, гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас хохирогч Б.Ад 830.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь нотлогдон тогтоогджээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Х.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 830.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.
4. “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлэх бөгөөд хохирогч Б.А нь өөрийн хүсэл зоригоос гадуур утсаа гээгдүүлсэн нь нотлогдож байх тул Б.Агийн эзэмшлийн “Samsung-А51” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
5. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур гээгдэх замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.
6. Гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд шүүгдэгч Х.Б нь гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Б.Агийн гар утсыг олж авсны дараа зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн утсыг өөртөө ашиглаж, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
7. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
8. Иймд шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “.....гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч Х.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн эд хөрөнгөд 830.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Samsung-А51” загварын гар утсыг шүүгдэгч Х.Бээс биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх (хавтаст хэргийн 75 дахь тал) тодорхойлолтыг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгчээ.
2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Бээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгч Х.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон тул Х.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч Х.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 49 дэх тал),
4. Шүүгдэгч Х.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
6. Прокуророос шүүгдэгч Х.Бийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
7. Түүнчлэн шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Х.Б-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
8. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ид 900 (есэн зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есэн зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Х.Б-ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
10. Иймд шүүгдэгч Х.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есэн зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есэн зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Х-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө болох “Samsung-А51” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ид 900 (есэн зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есэн зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА