Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Т-д холбогдох эрүүгийн 2235000000179 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ............ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын 7 дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ял, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан, бүгд 2 жилийн хорих ял шийтгэж, 1 жилийн  хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Дгийн Т-,  (РД:               )

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 5 дугаар сард Увс аймгийн ............ сумын 7 дугаар багийн нутагт “Нархан” цэцэрлэгийн орчмоос хохирогч Н.Эын эзэмшлийн Самсунг А-52 загварын гар утас олж, уг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Н.Эд  650.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Т нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Н.Эд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргаж прокурорын байгууллага хянаж хүсэлтийг хүлээн авсан. Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогчид гар утсыг буцааж өгч хохирлыг барагдуулсан. Хохирогч Н.Э нь цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй талаарх баримтаа гаргаж өгсөн. Д.Т нь барилгын инженер мэргэжилтэй хүн байдаг. Торгуулийн ялыг сонгож, прокурортой тохиролцсон. Иймд прокурортой тохирсон ялыг оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Д.Т нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000179 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

2. Хохирогч Н.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сард ............ сумын 7 дугаар багийн нутаг “Нархан” цэцэрлэгийн ойролцоо гэрлүүгээ явж байгаад Самсунг-А52 загварын гар утсаа гээгдүүлсэн юм. Тэгээд эргээд хайх гэтэл харанхуй шөнө болсон болохоор ямар нэгэн байдлаар хайх боломжгүй болсон юм. Миний алга болгож гээгдүүлсэн гар утсанд гэмтэл байхгүй шинээр авсан утас байсан. Би уг утсыг 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн Мобиком корпорацийн Увс аймаг дахь салбараас 999.000 (есэн зуун ерэн ес мянга) төгрөгөөр худалдаж аваад 5 сар орчим ашигласан, ашиглах хугацаандаа ямар нэгэн гэмтэлгүй бүрэн ажиллагаатай гар утас байсан. Содон шинж тэмдэг гэвэл ар хэсэгтээ цагаан өнгийн артай дээр нь имейл код нь бичигдсэн цаастай, шилэн дэлгэцтэй ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй утас байсан. Би гээгдүүлсэн гар утсаа Д овогтой Т-гаас буцааж авсан тул надад ямар нэгэн хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-14, 58 дахь тал),

3. Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сард яг хэдний өдөр болохыг мэдэхгүй байна, миний нөхөр Т- надруу утсаар ярьж, ажил руу явж байгаад ахмадын хорооны урдаас дэлгүүрийн орчмоос Самсунг-А52 загварын гар утас олж авлаа гэж хэлж байсан. Тухайн үед нөхөр маань утсаа гээчихсэн, жижиг утас барьж байсан тул тэр утсыг өөрөө авч ашигласан. Би тухайн үед хүний утас олж аваад сүүлд нь гай болов гэж хэлж байсан юм. Нөхөр маань тоохгүй өөрөө ч утсаа гээж байсан юм чинь гэж хэлээд тэр утсыг барьсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

4. Шүүгдэгч Д.Тгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2022 оны 5 дугаар сарын 12-ны өглөө 07:00 цагийн орчимд замд буюу Нархан цэцэрлэгийн замын эсрэг талын Янзага дэлгүүрийн урд явган хүний зам дээрээс Samsung A52 загварын цагаан өнгийн гар утас олж авсан. Тухайн үед уг гар утас нь унтраалттай байсан бөгөөд асаах гэхэд цэнэггүй байсан. Би уг утсыг аваад ажил руугаа явсан. Тэгээд асаахгүй хадгалж байгаад 3 хоногийн дараа асааж үзэхэд код нэхээд ашиглах боломжгүй байсан тул би уг утасны бүх юмыг нь устгаад өөрийнхөө ............ гэсэн дугаартай сим картыг хийж ашигласан. Тухайн утсанд байсан сим картыг хаячихсан юм. Тухайн үед миний гар утасны дэлгэц хагарчихсан ашиглахад хүндрэлтэй байсан, мөн тэр утсыг асаахад код нэхээд байсан тул форматлаад өөрөө ашигласан юм. Гэхдээ хэн нэгний гээгдүүлсэн утас гэдгийг мэдэж байсан. Би 2022 оны 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл олж авсан гар утсанд өөрийн сим картыг хийж ашигласан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед хүний гээсэн гар утсыг авч ашигласан үйлдлээсээ болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна..Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гар утсыг эзэмшигчид нь буцаан өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

5. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай “2022 оны 5 дугаар сарын байдлаар Увс аймгийн ............ суманд 1 жил ашигласан  “Samsung-А52” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

6. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх  урьдач нөхцлүүд бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

8. Хуульд заасан журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч Д.Т нь 2022 оны 5 дугаар сард Увс аймгийн ............ сумын 7 дугаар багийн нутагт “Нархан” цэцэрлэгийн ойр орчмоос хохирогч Н.Эын эзэмшлийн Самсунг А-52 загварын гар утсыг олж, авч завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “....гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Д.Тгийн гэм буруутай  үйлдлийн улмаас хохирогчид 650.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

4. “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлэх бөгөөд хохирогч Н.Э нь өөрийн хүсэл зоригоос гадуур утсаа гээгдүүлсэн нь нотлогдож байх тул Н.Эын эзэмшлийн Samsung-А52 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

5. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур гээгдэх замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

6. Гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд  шүүгдэгч Б.Т- нь гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Н.Эын гар утсыг олж авсны дараа зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн утсанд байсан хохирогчийн сим картыг авч хаян, өөрийн сим картыг хийж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

7. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Т нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8. Иймд шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “.....гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            1.Шүүгдэгч Д.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Эын эд хөрөнгөд 650.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн Samsung-А52 загварын гар утсыг шүүгдэгч Д.Тгаас биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тодорхойлолтыг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгчээ.

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Д.Тгаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан “гээгдэл эд хөрөнгө завших”  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Д.Т нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтаан бүгд 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1 жилийн  хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 37, 40-42 дахь тал) зэргээр нотлогджээ.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

5. Шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд  тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

7. Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

7. Прокуророос шүүгдэгч Д.Тгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

8. Түүнчлэн шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Д.Тд  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

9. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Д.Тд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч Д.Тд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Дгийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд  800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА