Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Чт холбогдох эрүүгийн 2235000000209 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 23-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ..................хамт Увс аймгийн .......... сумын ..............оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Аийн Чт, (РД:................)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .......... сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн .......... А.Чийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн .......... болох хохирогч А.Чийг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Ч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000209 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн А.Ч 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 40 минутад өөрийн биеэр Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “............. сумын 3 дугаар багийн ........04 цаг орчим манай ............А.Ч нь намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2. Хохирогч А.Чийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.Ч бид хоёр 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нөхрийн найзууд болох Э, Бу, Ө нартай "Элит" караокод 22 цагийн үед уулзаж дуу дуулангаа "Эдэн" нэртэй 1 литрийн архинаас хоёр шил архи хувааж уусан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир согтчихсон байсан. “Элит" караокеноос гараад "Өгөөж" нэртэй баар орж бүжиглэсэн, би бүжиглэж байх үедээ караокед уусан архинаасаа болж согтож түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд миний үснээс хүн чанга татаж, миний толгой өвдөхөөр нь ухаан орж харахад ........ А.Ч таксины урд талын суудал дээр суучихсан, би ар талын суудал дээр суучихсан явж байсан бөгөөд ........ урд талын суудлаас хойшоо эргэж хараад миний үснээс татаж байсан, би одоо болиоч гэж хэлэхэд ........ үснээс татахаа больсон. ........ бид хоёр уг такситайгаа нөхрийн төрсөн эгч А.Чийн гэрт очсон бөгөөд ........ бид хоёр А.Чийн гэрт орсон түүнээс хойш юу болсныг санахгүй байна, нэг ухаан ороход би уг айлын шалан дээр баруун талын хажуугаараа хэвтэж байсан, ........ ямар шалтгаанаас болсныг нь мэдэхгүй миний толгой, нүүр, хөл, гар хэсэгт өшиглөөд байсан, би шалан дээрээс босоход ........ миний хоолойг багалзуурдаж боож намайг үхэхийн наана тавьсан. Би ........төө уурлаж эгчийнх нь гэрээс гарч явахад миний араас гарч ирж гудамжинд зам дээр дахин миний хоолойг багалзуурдаж боосон, би нөхрөөсөө арай гэж салаад зугтааж “Чингис” нэртэй зочид буудал орж хотод байдаг ах, дүү нараа дуудаад тэндээ хоносон”... “...А.Ч надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн учир одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-8 дахь тал),

3. Гэрч П.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тээврийн хэрэгслээ жолоодож явахад А.Ч ..........тээ хандаж би архи ууж, чи тээврийн хэрэгсэл жолоодно гэж тохиролцсон биздээ гэж уурлаж тэр хоёр маргалдаж эхэлсэн. А.Ч нь Элит караокены гадна ирээд миний тээврийн хэрэгслээс бууж өөрийн тээврийн хэрэгслийг барих гэхэд .......... нь миний тээврийн хэрэгслээс буух юм бол ........ зодно гэж хэлээд миний тээврийн хэрэгслээс буугаагүй. Тэгэхэд А.Ч нь миний тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж байсан ..........ийнхээ үснээс нь татаж буулгаад тэр хоёр барьцалдсан ба А.Ч ..........ийнхээ нүүр хэсэгт хэд хэдэн удаа алгадаж, гар, хөл рүү нь цохисон, яг хэдэн удаа цохисон болохын мэдэхгүй, нүүрлүү нь алгадах, гар хөл рүү цохих зэргээр ..........ийнхээ биед халдаж байгаа нь харагдсан. Тэр хоёр миний тээврийн хэрэгслээс буугаад 30 минут орчим болсны дараа буцаж миний тээврийн хэрэгсэлд суугаад А.Ч эгчийнхээ гэрт хүргүүлнэ гэж хэлээд нэг байрны гадаа ирсэн...А.Ч урд талын суудал дээрээс эргэж харж ар талын суудал дээр сууж байсан ..........ийнхээ нүүр хэсэгт 3 удаа алгадсаны дараа би А.Чын гарыг барьж боль гэж хэлсэн. А.Ч нь ..........ээ бууя гэж хэлэхэд .......... нь буухгүй, одоо буух юм бол чи намайг цохино гэж хэлээд 2 цаг гаруй хугацаанд миний тээврийн хэрэгслээс буухгүй маргалдсан. Би А.Чт хандаж би одоо явмаар байна, яараад байна гэж хэлэхэд А.Ч миний тээврийн хэрэгслээс түрүүлж буугаад арын суудал дээр сууж байсан ..........ийнхээ үснээс нь татаж буулгаад аваад үлдсэн. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

4. Гэрч А.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Маргалдах үедээ А.Ч нь А.Чийн хөл хэсэг рүү 4 удаа өшиглөхөд би дундуур орж боль гэж хэлж холдуулсан. А.Ч, А.Ч нар харина гээд манай гэрээс гарч явсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

5. Гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2022 оны 9 дүгээр сарын 15-ны 08 цагийн үед Увс аймаг .......... суманд ирж эгчтэй уулзахад эгчийн зүүн нүдний цагаан хэсэг нь улайж, гадна тал нь хөхөрч хавдсан, хүзүү хэсэг нь улайсан, дух нь хавдсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад 2022 оны 9 дүгээр сарын 13-ны орой нөхрийн найзуудтай уулзаж караокед орж архи уусан. ........ архи уучихаад намайг найз нартайгаа хардаж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаартай "...Үзүүлэгч А.Чийн биед дух, баруун, зүүн шанаа, хацар, эрүүний баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн ирмэгт, хүзүү, зүүн сарвууны ард, зүүн бугуйн үений урд, зүүн бугалга, баруун шуу, цээжний зүүн урд хэсэгт, баруун өвдөгний үений дотно, гадна хэсэгт, зүүн гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, дух хүзүү, өвчүүний урд хэсэгт, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч А.Ч нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .......... сумын 3 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн .......... А.Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэн Иргэн А.Чээс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 40 минутад өөрийн биеэр Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А.Чийн мэдүүлэг, гэрч П.Э, А.Чь, А.А нарын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.Чын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Шүүгдэгч А.Чын үйлдлийн улмаас хохирогч  А.Чийн биед дух, баруун, зүүн шанаа, хацар, эрүүний баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн ирмэгт, хүзүү, зүүн сарвууны ард, зүүн бугуйны үений урд, зүүн бугалга, баруун шуу, цээжний зүүн урд хэсэгт, баруун өвдөгний үений дотор, гадна хэсэгт, зүүн гуя, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, дух хүзүү, өвчүүний урд хэсэгт, баруун өвдөгт зулгаралт, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч А.Ч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

         Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч А.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч А.Ч нь “А.Чтой эвлэрсэн, ямар нэгэн гомдол, саналгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж (хавтаст хэргийн 81 дэх тал)  мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгчээ.

            Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Чоос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Шүүгдэгч А.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч А.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч А.Ч нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтап зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 50, 52-57 дахь тал) зэргээр нотлогджээ.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

7. Прокуророос шүүгдэгч А.Чын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

8. Түүнчлэн шүүгдэгч А.Ч нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул А.Чт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

9. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт 650 (зургаан зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч А.Чт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч А.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  650 (зургаан зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч А.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Аийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт 650 (зургаан зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА