Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 00572

 

 

 

 

 

    2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/00572

              Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч: С.С.Н ББСБ, ХХКйн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б.О-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 324 114 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Оюунчимэг, Г.Өсөхбаяр нар нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 15 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд өөрсдийн эзэмшилд байсан авто машиныг барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.Зээлийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 12 дугаар с арын 4-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний дугаар ТЗ-20171204-03 авто машин барьцаалан зээл олгосон.Гэтэл зээлдэгч Б.Оюунчимэг нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг болон хүүг товлосон хугацаанд төлөөгүй, мөн барьцааны авто машиныг нуун дарагдуулж байна.Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 8 566 031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 432 879 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд нийт 26 324 114 төгрөгийг Б.Оюунчимэгээс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч сайн дураар, түүний хүсэлтээр гэрээ хийгдсэн, нэхэмжлэгч байгууллага тусгай зөвшөөрөлтэй, хөдлөх хөрөнгө барьцаалсан, барьцаа хөрөнгийн гэрчилгээ нь Сүлд С.С.Н ББСБ, ХХКд байгаа боловч эзэмшил, ашиглалт хэнд байгаа нь тодорхойгүй байгаа, хариуцагч нь зээл авснаас хойш эргэн төлөлт хийгээгүй алга болсон, манайх барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг олоогүй, хариуцагчаас үндсэн зээлийн  15 000 000 төгрөг, зээлийн хүү 8 640 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 728 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан зардал 70 200 төгрөг нийт 25 438 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардлагын дүнг багасгаж байна, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаасаа татгалзсан байгаа гэв.

 

                Хариуцагч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:Би С.С.Н ББСБ, ХХКтай 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр харилцан тохиролцож, 15 000 000 төгрөгийг өөрийн өмчлөлийн лексус 470 маркийн 67-79 УБИ улсын дугаартай авто машиныг барьцаалан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл авсан.Би зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу барьцааны эд зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудалд маргаангүй болно.Нэхэмжлэгч байгууллага нь хэдийгээр барьцааны гэрээ байгуулсан боловч миний эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан, заавал авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагатай, өмчлөх эрхийг шилжүүлж байж барьцааны гэрээ хүчинтэй болно гэх тайлбарыг хэлж, би түүний дагуу авто машины өмчлөх эрхийг  С.С.Н ББСБ, ХХКд шилжүүлэн өгсөн.Нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 26 326 114 төгрөг нэхэмжилж, гэрээгээр тохирсноос өөрөөр буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр, буруу бодож нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй.Нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагатай хамт гаргаж өгсөн тооцооны баримтдаа нийт 386 өдрийн хүү тооцсон буюу гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн тооцож илүү 26 өдрийн хүү нэхэмжилсэн, зээлийн нийт хүү гэж тооцсон 8 566 031 төгрөгөөс 2 432 879 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн байна.Энэ нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч байгууллагын бодож гаргасан нийт зээлийн хүүгийн хувиар тооцож үзэхэд 28,4 хувийн нэмэгдүүлсэн хүү шаардаж, Иргэний хууль болон гэрээг зөрчсөн байна.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2-т зээлийн хүү сарын 4,5 хувь байна гэж заасан ба гэрээгээр тохиролцсон зээлийн хугацаа болох 12 сараар тооцоход зээлийн жилийн хүү нь 54 хувь буюу хэт өндөр, хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх ашиг, сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэхээр байна.Би үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, зээлийн хүү болох 4 977 154 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 995 431 төгрөг нийт 20 972 585 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Оюунчимэгийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна.Нэхэмжлэлийн шаардлагаас 20 972 585 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, үүнээс 20 000 000 төгрөгийг барьцааны хөрөнгөөр, 972 585 төгрөгийг бэлнээр төлөх хүсэлтэй байна, барьцааны хөрөнгө болох авто машины өмчлөх эрхийг нэхэмжлэгч байгууллага шилжүүлэн авсан байдаг.Зээлийн хүүг 26 хоногоор илүү бодсон байна, хүүгийн хэмжээ хэт өндөр байна, хариуцагч авто машиныг бусдад зараагүй, Ч.Мөнхбат нь Б.Оюунчимэгээс булааж авсан байдаг гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбар зэргийг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.С.Н ББСБ, ХХК хариуцагч Б.Оюунчимэгт холбогдуулан үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, зээлийн хүүгийн 8 566 031 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 2 432 879 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлах зардлын 70 200 төгрөг нийт 26 324 114 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн мөнгөн шаардлагын дүнг багасгаж, хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 15 000 000 төгрөг, үндсэн хүү 8 640 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 728 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан зардал 70 200 төгрөг нийт 25 438 200 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

 

            Хариуцагч Б.Оюунчимэг нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр С.С.Н ББСБ, ХХКас 15 000 000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн ТЗ-20171204-03 тоот зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

            Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд, дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж талууд тохирсон байна.

 

Хариуцагч Б.Оюунчимэг нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн  453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Б.Оюунчимэг нь нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож, анх зээл авахдаа зээлийн хүүгийн хэмжээг зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх боловч одоо зээлийн хүүг өндөр гэж үзэж байгаа үндэслэлээ нотлоогүй байна.

 

Харин нэхэмжлэгч байгууллагын бодсон зээлийн хүүгийн тооцоолол алдаатай байх тул хариуцагчаас зээлийн хүүнд 8 557 254 төгрөгийг гаргуулахаар тооцож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01731 дугаар шийдвэрээр Б.Оюунчимэгийг эрэн сурвалжилсан байх боловч хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцох боломжгүй байна.

 

Иймд Б.Оюунчимэгээс үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, зээлийн хүү 8 557 254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 711 450 төгрөг нийт 24 881 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О-с 24 881 650 /хорин дөрвөн сая найман зуун наян нэгэн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулан С.С.Н ББСБ, ХХКд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 556 550 /таван зуун тавин зургаан мянга таван зуун тавин/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 211 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ээс  282 358 /хоёр зуун наян хоёр мянга гурван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С.Н ББСБ, ХХКд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН