Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүхх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Д,

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Бид холбогдох эрүүгийн 2235001510187 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ............. Увс аймгийн ........... сумын 3 дугаар баг, ...... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт С.Б (РД:......................),

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг “Тарлан харгай” гэх газраас 2022 оны 7 дугаар сарын 10-наас 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч Ч.Бийн өмчлөлийн 3 ямаа, 3 хонь нийт 6 тооны малыг зарж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ч.Бэд 840.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Б нь хохирогч Ч.Бийн өмчлөлийн 3 ямаа, 3 хонь нийт 6 тооны алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Ч.Бэд 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д “...Миний үйлчлүүлэгч С.Б нь чихний сонсгол муутай хүн байдаг. С.Б хүний малыг завшсан. Хохирол, төлбөрийг аав нь бүрэн төлсөн. Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн.  Прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч С.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235001510187 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаангом сум орчихоод маргааш нь гэртээ ирэхэд С.Б нь өөрийн 86-36 УВХ улсын дугаартай машинаараа мал ачаад аймаг явчихсан байсан юм. Тэрнээс хойш С.Б нь 2022 оны 07 сарын 15-ны орой мал ачиж сумын төв орсон байхаар нь би маргааш нь өөрийн малаа тоолж бүртгэж үзэхэд манай малаас 3 ямаа, 3 хонь алга болсон байсан. Тэгээд манай хүү Н.А нь С.Б нь манай малыг аваад аймагт О гэх хүнд өгсөн байна гэж хэлсэн. Тэрнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр С.Б нь надтай ирж уулзаж танай 3 ямаа, 3 хонийг би аваад зарчихсан юм. Та цагдаад хэлж болохгүй, би таны хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд надад 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн... Манайх 2022 оны 07 дугаар сарын 08-ны үед тоолж бүртгэж үзэхэд бүрэн байсан, тэрнээс хойш 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мал алга болсон талаар мэдээд бүртгэж үзэхэд 3 ямаа, 3 хонь дутаж байсан...", "...Манай бог мал болон С.Бийн бог мал Увс аймгийн ........... сумын “Тарлан харгай” гэх нэртэй газарт нэг бэлчээрт хамт зусдаг учир олон удаа бэлчээрээр нийлж байсан... С.Б нь миний эзэмшлийн 3 хонь, 3 ямааг тэдний малд нийлснийг мэдсээр байж бусдад зарсан үйлдлээ надад хэлж надад 2.000.000 төгрөг өгсөн...С.Б нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан учир надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 127-133 дахь тал),

2. Гэрч П.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би урьд нь С.Бийн эзэмшлийн портерт мотор тавьж машиныг нь янзалж өгсөн юм. Тэгээд би машин янзалсан хөлс 300.000 төгрөг болж байна гэхэд нь та мал авах уу, би мал зарж байгаа гэхэд нь би чи нэг эх хонь өгөөд дээр нь 100.000 төгрөг өгчих гэсэн юм. Тэгсэн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн үед манай хашааны гадаа С.Б өөрийн эзэмшлийн цэнхэр портер машинтай, мал аччихсан ирээд намайг дуудаж, та малаа автан гэж хэлээд нэг галзан зүсмийн нас нь барагцаагаар 5-6 настай эм хонь буулгаж өгсөн юм. ... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр над руу С.Б яриад би малаа аваад ороод ирчихлээ, та одоо малаа ав гэхээр нь чи манай гэрийн гадна аваад ир гэж хэлээд удалгүй хар хүзүүтэй 6 насны эх хонь надад буулгаж өгөхөөр нь би 230.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134-135 дахь тал),

3.  Гэрч Н.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны орой С.Б нь өөрийн портер машинаар мал ачиж сумын төв явсан байсан. Тэгээд ямар учиртай мал ачаад байгаа юм бол гэж бодоод маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр малаа тоолж үзэхэд манай ээж Бийн 6 мал дутаж байсан...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаангом сумаас танил дүү О нь над руу утсаар ярьж, би хөдөө танай тийшээ явна, тэгэхээр танайхаар орно гэж ярьсан юм. Тэгээд би Оыг ирэхгүй болохоор нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Отай утсаар яриад чи хаана байна гэхэд би аймагт байна, хөдөөнөөс 2 мал аваад аймаг орлоо, замдаа машин эвдрээд танайхаар орж чадсангүй гэсэн юм. Тэгээд би хэнээс мал авсан гэхэд Ааас 2 хонь, С.Баас 1 ямаа авсан гэхээр нь манай мал дутаад байна, чиний авсан мал ямар зүсмийн ямар мал байна гэхэд бор зүсмийн зөв чих урдаасаа цөгрөг цуулбар имтэй 6 настай эм ямаа байна гэхээр нь тэр ямаа чинь манай ямаа байна гэсэн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-139 дэх тал),

4.  Гэрч Х.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай багийн иргэн С.Б нь өөрийн цэнхэр өнгийн машинаар тус сумын 3 дугаар баг "Тарлан харгай" гэх газраас мал ачиж зөөж ........... сум, Улаангом сум оруулж зарж борлуулаад байдаг байсан. Тус сумын 3 дугаар багийн иргэн Ч.Б гэх хүний 1 ямааг Улаангом сум руу хулгайлж хүнд өгөөд баригдсан байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140-142 дахь тал),

5.  Гэрч М.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Б надад бор зүсмийн эвэр дээрээ улаан будагтай, насыг нь мэдэхгүй, 1 эм ямаа нэг хоттой мал дотроос барьж өгөөд чи наад малаа үнэгүй ав гэхээр нь би машин дээрээ ачиж тэр орой нь Улаангом сум гэрлүүгээ явсан юм. Тэгсэн 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн ........... сумаас Н.А гэх залуу надтай утсаар ярьж, чи 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ........... сум орж С.Баас 1 мал авсан юм уу гэж асуухад би очиж авсан гэж хариулсан. Тэгээд Н.А нь надтай чатаар холбогдож тэр нэг ямааны им зүсийг хараад наад мал чинь манай ээж Ч.Бийн ямаа байна гэж таньсан юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа хохирогч Ч.Б гэх хүн надтай утсаар холбогдож нэгэнт би малаа таньчихсан юм чинь очиж авах шаардлагагүй, С.Баас малаа төлүүлээд авчихна гэж ярьсан юм. Тэгээд би ямаагаа алж хүнсэндээ хэрэглэсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 147-148 дахь тал),

6. Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....С.Б миний аав Жд улаан зүсмийн 5-6 насны 1 эр ямаа үнэгүй өгсөн юм. Тэгээд С.Б нь малаа зарахаар яваад өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 150-151 дэх тал),

7. Гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хөдөөнөөс манай баз С.Б нь мал худалдаж авах уу, мал авах хүн байна уу гэж асуухад нь надад бэлэн мөнгө байхгүй зээлээр хонь, ямаа хоёр өгвөл авъя гэхэд хэд хоногоос өгчихгүй юу болно гэж хэлсэн юм. Тэгээд тэр орой шөнө дунд С.Б нь 2-3 цагийн үед над руу утсаар залгаж, би хөдөөнөөс малаа аваад ороод ирчихлээ гээд манай гэрийн гадаа ирээд хашаа онгойлгохоор нь би гэрээс эхнэр Бтай гэрээс гараад очиход С.Б, Э, А гурав .......УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн портертэй олон тооны мал ачиж ирсэн байсан юм. Тэгээд тэр мал дотроос С.Б нь 5-6 насны улаан сэрх ямаа 1, 6 настай галзан зүсмийн эр хонь 1 надад барьж өгөөд машинаас буулгасан, тэгсэн дахиад нэг богзог барьсан чинь А гэх залуугийн мал гэхээр нь зээлээр өгчих гэхэд А тэг тэг гээд өгсөн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-153 дахь тал),

8. Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ........... сумын 3 дугаар багт байх гэртээ очиход миний эзэмшлийн бог мал дотор Ч.Бийн эзэмшлийн 3 ямаа, 3 хонь нийт 6 тооны мал нийлчихсэн байсан. Тухайн өдрийн орой О гэх залуу манай гэрт ирээд хүнсний мал авах гэж явна гэж хэлэхээр нь багын найз нөхдийн харилцаагаа бодоод 1 тооны ямаа үнэгүй өгөөд явуулсан. Маргааш нь буюу 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ч.Бийн эзэмшлийн бог малаас үлдсэн 3 тооны хонь, 2 тооны ямааг өөрийн эзэмшлийн “Портер” загварын ....... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж сумын төв рүү явсан. Уг 5 тооны бог малыг сумын төвд оруулаад Ц гэх хүнд 2 тооны хонийг зарж 360.000 төгрөг авсан. А гэх хүнд 1 хонь, 1 ямаа зарж 350,000 төгрөг авсан. Өөрийн хамаатан болох Ж гэх хүнд 1 тооны ямаа өгсөн...Ч.Бийн эзэмшлийн бог мал манай бог малд хэзээ хэрхэн нийлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх (хавтаст хэргийн 172-174 дэх тал) мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

9. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр 15-ны өдрийн 306 дугаартай дүгнэлтээр"...2022 оны 07 дугаар сарын байдлаар Увс аймгийн ........... суманд 6 тооны бог малын зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 840.000 (найман зуун дөчин мянга) төгрөг болохыг тогтоожээ.

10. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх  урьдач нөхцлүүд бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

12. Хуульд заасан журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч С.Б нь 2022 оны 7 дугаар сарын 10-наас 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг “Тарлан харгай” гэх газарт байдаг өөрийнх нь малд хохирогч Ч.Бийн өмчлөлийн 3 ямаа, 3 хонь нийт 6 тооны мал нийлсэн байсныг мэдсээр байж, уг 6 тооны бог малыг бусдад зарж борлуулан,  хохирогч Ч.Бэд 840.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын малыг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “....алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч С.Бийн гэм буруутай  үйлдлийн улмаас хохирогчид 840.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

4. “Алдуул мал” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээрээ бусдын ижил сүрэгт нийлж аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг хэлэх бөгөөд хохирогч Ч.Б нь өөрийн хүсэл зоригоос гадуур малаа алдсан нь нотлогдож байх тул Ч.Бийн  6 тооны бог малыг алдуул мал гэж үзнэ.

5. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур бэлчээрээс алдагдах замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

6. Алдуул мал олж авсан этгээд нь тухайн малын өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж малыг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд  шүүгдэгч С.Б нь алдуул мал болох хохирогч Ч.Бийн 6 тооны бог малыг өөрийн малтай нийлснийг мэдсэн даруй хохирочид мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн малыг өөрийнх нь эзэмшлийнх биш гэдгийг мэдсээр байж, зарж борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

7.Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8. Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “.....алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            1. Шүүгдэгч С.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Бийн эд хөрөнгөд 840.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Ч.Бэд  2.000.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч С.Баас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Шүүгдэгч С.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон тул С.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч С.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 93 дахь тал),

4. Шүүгдэгч С.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

6. Прокуророос шүүгдэгч С.Бийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

7. Түүнчлэн шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул С.Бид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

8. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бид 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч С.Бид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

9. Иймд шүүгдэгч С.Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, С.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, мөрдөн байцаалтын шатанд С.Бид холбогдох 2235000000195 хэргийг 2235001510187 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж ирүүлснийг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч С.Баас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 710.000 (долоон зуун арван мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сэмжидийн С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал болох 6 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бид 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Баас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 710.000 (долоон зуун арван мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Бид холбогдох 2235000000195 хэргийг 2235001510187 дугаартай хэрэгт нэгтгэж ирүүлснийг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА-