Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0667

 

 

 

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч Ц.Сайхантуяа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т,

Нэхэмжлэгч: С.Э

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 211 дүгээр тогтоолд зааснаар эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 534 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Э /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0229/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 534 дугаар шийдвэрээр:

1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгч С.Э-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 211 дүгээр тогтоолд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1. “..Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зохицуулсан хуульд үндэслэх, мөн зүйлийн 2.5 дах хэсэгт зохицуулсан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

2.2.Тодруулбал маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46.2.5-т зохицуулсныг үндэслэл болгосон байдаг ба тус зохицуулалт нь “хуульд заасан бусад үндэслэл” гэх зохицуулалт юм. Гэтэл ямар хуульд заасан ямар үндэслэлээр С.Эг чөлөөлж буй нь тодорхойгүй бөгөөд ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.” гэж зохицуулсан.

Үүнээс үзвэл С.Э нь тус албан тушаалд томилогдох болсон шалтгаан нөхцөл нь түүний буруугаас үүссэн нөхцөлд ажлаас чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Гэтэл Э нь өөрийн ажлын туршлага боловсрол зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг холбогдох албан тушаалтанд бодитойгоор гаргаж өгсөнтэй талууд маргадаггүй. Иймд С.Эг ажлаас чөлөөлөх бус харин холбогдох ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй, нийцэхгүй болохгүйг мэдэх ёстой байсан буруутай албан тушаалтныг ажлаас чөлөөлөх тухай зохицуулсан. Харин тус буруутай албан тушаалтны үйл ажиллагааны үр дагавраас шалтгаалан ажлаас чөлөөлөх, бусад үр дагаврыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй гэж үзэж байна.

2.3.Төрийн албаны зөвлөлийн 211 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт буруутай албан тушаалтны шийдвэрээс шалтгаалан эрх ашиг сонирхол нь ноцтой хөндөгдөж буй албан тушаалтнуудын нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх агуулга бүхий зорилготой байна. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт ноцтойгоор дордуулсан нь зорилгодоо нийцээгүй, бусдын буруутай үйл ажиллагаанаас болж албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил таарахгүй албан тушаалд орсноос шалтгаалан ажлаас чөлөөлөх нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

2.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж зохицуулсан. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй энэ нөхцөлд уг зохицуулалтын дагуу шийдвэрлэх ёстой байсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 42.1, 42.2-т зохицуулсан сонгох боломжийг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, зорилгодоо нийцээгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч С.Эгээс “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан.

Анхан шатны шүүх хуралдааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 211 дүгээр тогтоолд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж өөрчилсөн байна.

2.Анх Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны өдрийн Б/124 дүгээр тушаалаар[1] төрийн албаны шалгалт өгч тэнцсэн С.Эг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Захиргааны хэлтсийн Ногоон хөгжил, цэвэр технологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

3.Үүний дараа Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2020 оны 007 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар[2] С.Эг “Зуслангийн товчооны хог хаягдал, орчны эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны төлөв байдлын хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд” томилсон.

4.Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар[3] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд нэхэмжлэгч С.Эг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцжээ.

5.Улмаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар[4] Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг үндэслэн С.Эг “Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилж, дэс түшмэлийн гутгаар зэрэг, албан тушаалын ТЗ-7 зэрэглэлээр цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байна.

6.Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт[5] хийж, уг шалгалтаар тус яамны зарим алба хаагчдыг удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ.

7. Дээрх шалгалтыг үндэслэн гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт [6] “Томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил таарахгүй албан тушаалд томилсон 2 албан хаагчийн буюу нэхэмжлэгч С.Э-ийн асуудлыг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай.” гэжээ.  

8.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 03/1643 дугаартай албан бичгээр[7] дээрх 2023 оны 211 дүгээр тогтоолыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, чиглэл өгсөн байх ба 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/2042 дугаартай албан бичгээр[8] тогтоолын хэрэгжилтийг хангуулж, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор биелэлтийг ирүүлэхийг даалгаж мэдэгдэл хүргүүлсэн.

9.Хариуцагчаас нэхэмжлэгч С.Эд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл[9]  хүргүүлж, маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаартай тушаалыг[10]  гаргажээ.

Маргаан бүхий тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 211 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт, шалгалтаар албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөнийг тогтоосон” гэж Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч С.Эг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлжээ.

10.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”,

Тайлбар: “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.”,

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл.”, 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.4-т “төрийн байгууллага ...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох”,

Уг хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тус тус заажээ.

11.Маргааны тохиолдлын хувьд, 2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцож, шийдвэр гаргасны дагуу нэхэмжлэгчийг Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтний албан тушаалаас  маргаан бүхий албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт, шалгалтаар нэхэмжлэгч С.Э-ийн буруутай үйл ажиллагаанаас бус, харин томилох эрх бүхий хариуцагчийн буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас мэргэжил таарахгүй албан тушаалд нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон гэж дүгнэн, уг асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.Э-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид Төрийн албаны зөвлөлөөс үүрэг болгосон гэдэг нь тогтоогдов.

12.Гэтэл хариуцагчаас маргаан бүхий Б/232 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь бүр мөсөн чөлөөлж, мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлээгүй, ажлын байраар хангаагүй,  урьд нь эрхэлж байсан албан тушаалынх нь цалин хөлсийг олгоогүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.6 дахь заалтыг тус тус зөрчиж, тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хууль зөрчиж, буруу биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

13.Мөн хэрэгт авагдсан ээлжийн амралт олгох тухай мэдэгдэх хуудсаар[11] нэхэмжлэгч С.Э нь ээлжийн амралтаа 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд авсан, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн буюу ээлжийн амралттай байх хугацаанд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдов.

14.Үүнээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “ээлжийн амралттай” тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалах гэж хуулиар баталгаажуулсан нэхэмжлэгчийн ажлын байраа хэвээр хадгалуулах, мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөхгүй байх, 62.1.4-т заасан ажлын байраар хангуулах, урьд эрхэлж байсан цалин хөлсөө авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий актаар зөрчсөн байна.

15.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус ханган шийдвэрлэв.  

16.Хариуцагчаас энэхүү магадлалыг биелүүлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, тодруулбал, нэхэмжлэгч С.Эг урьд эрхэлж байсан дэс түшмэлийн гутгаар зэрэг, албан тушаалын ТЗ-7 зэрэглэл болон албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын байраар хангаж, ажилгүй байсан хугацаа буюу ажлаас чөлөөлөгдсөн  2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс энэхүү магадлал гарсан өдөр хүртэл хугацааны цалинг /үндсэн цалин, холбогдох нэмэгдлүүдийн хамт/ гаргаж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 534 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.6, Хөдөлмөрийн тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 211 дүгээр тогтоолд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/232 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 211 дүгээр тогтоолд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэхэмжлэгчийн асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 197 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 200 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 60 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 45 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 111-118 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 76-78 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 75 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 81 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 22 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 21 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 251 дэх тал