| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 105/2019/0974/Э |
| Дугаар | 951 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.М |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 951
Б.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор С.Мөнхгэрэл,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч П.Баасанжав,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1081 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А-д холбогдох 1802 00487 0013 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-н А, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .......... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Э М” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эх, охин, зээ нарын хамт ........ дугаар байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;
Б.А нь 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих .............тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон нийт 68 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, мөнгөлөг өнгийн цаасанд боосон бор өнгийн шавар мэт зүйл 0,3 грамм, Амстердам гэсэн бичигтэй, дугуй төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэл, 2.5х3.5 см хэмжээтэй цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон уут, “Петровис” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн дугуй цахилгаантай сав, түүний дотор байх ОСВ гэсэн бичиглэлтэй тамхины нимгэн цаас, тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А01483216 сери дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхээр зохих байгууллагад даалгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 66 настай эх, 21 настай охин М, түүний хүү Х болон 90 настай эмээ Б-г асран, өрх толгойлон амьдардаг. Би 2018 онд умайн дайвар өндгөвч, умайн хүзүүний хавдраар оношлогдон, 2019 оны 4 дүгээр сард энэхүү хавдар маань үсэрхийлсэн. Энэ өвчний улмаас цус алддаг болсон учир цус багадалттай, зүрхний судас нарийсч, зүрхний хэмнэл өөрчлөгдөж, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурч, үс ихээр унах зэрэг сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Батлан даалтад байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн. Миний бие эмчийн хяналтад байнга байж, ойрын хугацаанд мэс ажилбар хийлгэж, үсэрхийлж байгаа хавдрыг авахуулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар эм тасарсан байдалтай байгаа. Би алдсан алдаагаа ухаарч, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Та бүхэн надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, өвчнөө эмчлүүлэх, гэр бүлтэйгээ сайхан амьдрах боломж олгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ. Б.А нь биеийн эрүүл мэндийн шалтгаан буюу савны хорт хавдрын улмаас сэтгэл санааны хямралд орж “шавар” гэх мансууруулах төрлийн бэлдмэлийг хэрэглэж үзээд гэртээ хадгалж байснаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Б.А-н энэ үйлдлийг өвчний улмаас гэж шалтаглан зөвтгөх гэсэн зорилго үндэслэл байхгүй ч түүний гэмт хэрэг үйлдсэн тухайн үеийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. ... Б.А нь өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт ч хүлээсэн, гэмшиж байгаагаа илэрхийлж байсан ба тэрээр дахин энэ төрлийн болон өөр гэмт хэрэг үйлдэх, хууль бус үйлдэл хийж болохгүй гэдгийг ойлгосон. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго Б.А-н хувьд биелсэн. Мөн тэрээр 68 хоног цагдан хоригдож байхдаа эрүүл мэнд нь муудаж, эмчийн хяналтад орж, шүүгчийн захирамжаар суллагдсан. Шийтгэх тогтоолын дагуу дахин хоригдож, бие нь муудаж, дуудлагаар хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн. Одоо түүний хүсэл бол өвчнөө эмчлүүлэх, эрүүл мэнддээ анхаарах явдал болоод байна. Иймд Б.А-н хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.А-н үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
Б.А нь 2019 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө ............. тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Ц.М-н “... Манай буудлын 61 тоот өрөөнд орсон 2 эмэгтэй, 1 эрэгтэй нь оройн 20-21 цагийн үед гаднаас гурвуулаа орж ирээд цагаан өнгийн богино шубатай эмэгтэй өөрийгөө Ариунсувд гээд бичиг баримтгүй явж байна гэсэн... Буудалд орсон хүмүүс буцаж гараагүй, хүн нэмэгдэж ирээгүй...” /1 хх 49-50/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн АО1473216 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөнгөлөг өнгийн цаасанд боосон бор өнгийн шавар мэт зүйл, Amsterdam гэсэн бичигтэй дугуй төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг. ... Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгийн цаасанд боосон бор өнгийн шавар мэт зүйл нь 0,2021 грамм байв. ...” гэх 465 дугаартай дүгнэлт /1 хх 56-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... “А 01.11.2018” гэж хаягласан хуванцар савтай ... шээсэнд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг. ...” гэх 468 дугаартай дүгнэлт /1 хх 63-64/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 24-30/, хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1 хх 34-37/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Мөн шүүгдэгч Б.А-д анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Гэвч хэрэгт авагдсан Б.А-н эрүүл мэндийн дэвтэр /1 хх 222-238/, өмгөөлөгч П.Баасанжаваас давж заалдах шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн Цагдан хорих 461 дүгээр ангийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн эмчийн тодорхойлолт /2 хх 21/ болон бусад баримтаас үзэхэд тэрээр эрүүл мэндийн хувьд умайн хүзүүний хорт хавдар оноштой бөгөөд цаашид зайлшгүй нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай болох нь тогтоогдож байна.
Давж заалдах шатны шүүхээс Б.А-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.
Энэ нь “Нэгдсэн Үндэстний байгууллага”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай.” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид харшлахгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч П.Баасандорж нарын гаргасан “хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авлаа.