Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх 0097/

шүүгдэгч И.Даваасүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Сутайн жинчин овогт Идшингийн Даваасүрэнд холбогдох эрүүгийн  201619000733 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, ам бүл-2, эхнэрийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Улаан хужрын булан” хөдөө оршин суух, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сутайн жинчин овогт Идшингийн Даваасүрэн, /РД:НЭ66051671/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч И.Даваасүрэн нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Улаан хужрын булан” гэх газар 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр согтуугаар Л.Ганааг хувийн таарамжгүй харьцааны улмаас гараар цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч И.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрийг төлсөн. Хохирогч Л.Ганаатай сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогч Л.Ганаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Ганбаатар гэдэг айлын унаганы тамганы найранд очоод сууж байтал гаднаас Даваасүрэн орж ирээд хөөрөг зөрүүлээд 20-30 минутын дараа гэнэт Даваасүрэн намайг шууд цохисон. Найранд байсан хүмүүс бид хоёрыг салгаад Даваасүрэнг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Ганбаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн “Улаан Хужирт булан” гэх газарт манайх унага тамгалж, ойр байдаг саахалт айлуудыг урьж 19 цагийн үед найр эхэлж 20 цагийн үед Ганаа ах манай найранд ирсэн. 22 цагийн үед гаднаас Даваасүрэн орж ирээд найранд байсан хүмүүстэй хөөрөг зөрүүлтэл Ганаа ах “энэ хэний хөөрөг вэ” гэхэд Даваасүрэн миний хөөрөг гэж хариултал Ганаа ах “ийм хөөрөг барьдаг юм уу” гээд инээгээд байсан. Найрын дуу эхлэх үед Даваасүрэн нь Ганаа ахыг гэнэт цохисон. Найранд байсан хүмүүс Даваасүрэнг хөөгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг №502 тоот дүгнэлт: Л.Ганаагийн биед хамар ясны хугарал, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Даваасүрэн нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Улаан хужрын булан” гэх газар 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр согтуугаар Л.Ганааг хувийн таарамжгүй харьцааны улмаас гараар цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Ганаагийн... унаганы тамганы найранд очоод сууж байтал гаднаас Даваасүрэн орж ирээд хөөрөг зөрүүлээд 20-30 минутын дараа гэнэт намайг шууд цохисон. Найранд байсан хүмүүс бид хоёрыг салгаад Даваасүрэнг аваад явсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Ганбаагийн... 22 цагийн үед гаднаас Даваасүрэн орж ирээд найранд байсан хүмүүстэй хөөрөг зөрүүлтэл Ганаа ах “энэ хэний хөөрөг вэ” гэхэд Даваасүрэн миний хөөрөг гэж хариултал Ганаа ах “ийм хөөрөг барьдаг юм уу” гээд инээгээд байсан. Найрын дуу эхлэх үед Даваасүрэн нь Ганаа ахыг гэнэт цохисон. Найранд байсан хүмүүс Даваасүрэнг хөөгөөд явуулсан гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгч И.Даваасүрэн нь хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч И.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч И.Даваасүрэн холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Л.Ганаа нь шүүгдэгч И.Даваасүрэнтэй эвлэрч байх тул И.Даваасүрэнд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сутайн жинчин овогт Идшингийн Даваасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201619000733 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

 

            4. И.Даваасүрэнд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Даваасүрэнд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БУЯНТОГТОХ