Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00922

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/03382 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2312 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэгийн хяналтын журмаар 2021.01.06-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ******* миний бие 2019.02.28-ны өдрийн 101/Ш32019/03345 дугаар шийдвэрээр Ариг банкинд 500,000,000 төгрөгийг төлөхөөр болсон байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байрны*******, 403.71 м.кв талбайтай орон сууц, гаражийг битүүмжлэн хураан авч 2,195,690,681 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Уг орон сууц нь байршлын хувьд хотын төвд цэвэр агаарт Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах үнэ нь өдрөөс өдөрт өсөж байгаа тав тухтай тансаг зэрэглэлийн орон сууц юм. Иймээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байрны*******, 403.71 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,195,690,681 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: БЗД-н ИХАШШ-н шүүгчийн 2019.02.28-ны өдрийн 101/Ш32019/03345 дугаар захирамжаар *******оос 522,877,341 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн дүүрэг 11 дүгээр хороо Стадион Оргил их Монгол гудамж 111 дүгээр байрны 01 тоот 403.71 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, гаражийн хамт үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 2,195,690,681 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 101/ШШ2020/03382 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байр,******* хаягт байрлах 403.71 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/00583 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2312 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/03382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-н 172.2.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн; мөн хуулийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2019.12.16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол гудамж, 111 дугаар байр,******* хаягт байршилтай 403.71 кв.м талбайтай /орон сууц, гараж/ үл хөдлөх эд хөрөнгийг 2,195,690,681 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа ... төлбөр авагч нь төлбөр төлөгчийн үнэлгээг зөвшөөрөөгүй тул шинжээч томилогдсон байна... эд хөрөнгийн үнийг шинжээч 2,195,690,681 төгрөг гэж тогтоосон... нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй.. гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ ... нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй...мөн хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй.. гэсэн байна.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг 2,195,690,681 төгрөгөөр үнэлэгдсэн талаар төлбөр төлөгчид 2019.11.15-ны өдөр мэдэгдсэн /хх 86/ байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нийцжээ.

2. Эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор талууд шүүхэд гомдол гаргаж болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар төлбөр төлөгчид 2019.11.15-ны өдөр мэдэгдсэн байхад 2019.12.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх агуулга бүхий шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаараа тодорхой дурдаагүй тул магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4, 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцэхгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангагдаагүй... гэсэн байх боловч энэ талаарх үндэслэлээ заагаагүй байна.

Шүүх ямар хуулийг хэрэглэх ёстой байсан, хуулийг хэрхэн буруу тайлбарласан, мөн төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлээ заагаагүй, шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх болсон шалтгаанаа нэхэмжлэгчийн төлөөлөгч дурдаагүй тул хяналтын гомдлыг хангах нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-6.3 дах хэсгийг зөрчинө.

4. Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/03382 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2312 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээ үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ