Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1112

 

 

 

 

 

 

 

 

2022           11          25                                 2022/ШЦТ/1112

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч М.Гансувд,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин ургийн овогт Осоржамаагийн Бэд холбогдох эрүүгийн 2209025111953 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. 344 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил хорих ялаар, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ..............

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд Голомт банкны салбар үйл ажиллагаа явуулдаг байрны орчимд .......... улсын дугаартай JEEP маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажууд байрлуулан тавихдаа ............ улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Дтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар уурандаа ............. улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийн гадна талын хэсгийг төмөр бугуйн цагны оосроор зурж гэмтээсний улмаас 5,172,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209025111953 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Гансувдаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн тул тухайн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч О.Бээс: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос хохирол нэхэмжлээгүй, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд Голомт банкны салбар үйл ажиллагаа явуулдаг байрны орчимд 6299 УНЯ улсын дугаартай JEEP маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажууд байрлуулан тавихдаа ............ улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Дтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар уурандаа .........УАХ улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийн гадна талын хэсгийг төмөр бугуйн цагны оосроор зурж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Хохирогч Б.Дийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фантамын зүүн талын Голомт банкны аркны орчим өөрийн эзэмшлийн 27-77 УАХ улсын дугаартай цагаан өнгийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьчихаад 3 настай хүү Аринг машиндаа ундааны саванд шээлгээд манай хүү “зайрмаг идье” гэхээр нь зайрмаг авч өгөхөөр машинаас буусан чинь ард зогсож байсан цагаан өнгийн Жийп маркийн тээврийн хэрэгсэл дотроосоо “машинаа урагшлуулчих” гэхээр нь би хойшоо очоод харсан чинь хангалттай багтахаар зай байхаар нь “хангалттай зай байна” гэж хэлсэн чинь “муу сайн баячууд” гээд доромжлоод байхаар нь би тоохгүй хүүхдээ дагуулаад Фантам руу очиж зайрмаг авч өгчихөөд 10 орчим минутын дараа буцаад машин дээрээ ирэхэд миний машины баруун гар талын урд, хойд 2 хаалга, урд крыла, багаажны хаалга, арын гуферийг хатуу зүйлээр будгийг нь халцартал төмрийг нь гартал зурсан байсан...Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 14-16 дугаар тал),

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...цагаан өнгийн пүүзтэй бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн мөнгөлөг саарал өнгийн жийп маягийн машины баруун талын хэсгүүдээр юу болох нь тодорхойгүй зүйл гартаа барьж машины баруун хэсгүүдийг зурж яваа байдал харагдана. 00:44 секунтэд тухайн залуу буцаж ирж машины баруун хэсгүүдийг дахин үзүүртэй зүйлээр зурж байгаа бичлэг харагдах бөгөөд 00:53 секунтэд тухайн зурсан машины хойд талд байрлаж буй “дээрээ ачааны хэсэгтэй уг хэсэг дээрээ 2 ширхэг дугуйны бакришик ачсан” цагаан өнгийн дунд гарын жийп машинд сууж 01:12 секунтэд хөдлөн явсан...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг бүхий компакт диск, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23-27 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 5,172,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-33 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Бусдын “эд хөрөнгийг гэмтээсэн” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Шүүгдэгчийн хувьд хохирогчийн машиныг гэмтээсэн буюу дахин сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байсан гэж үзэж прокуророос хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь зөв, тохирсон байна гэж дүгнэлээ.

Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.

Хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээгээр хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг 5,172,000 төгрөгөөр үнэлсэн (хавтаст хэргийн 29-33 дугаар тал)-ээс үзэхэд хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогч Б.Дд 5,172,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн гаргасан тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар тал)-оор тогтоогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч  О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч О.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг; 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10; 36.13; 37.1; 37.2; 38.1; 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН