Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1113

 

 

 

 

 

 

 

2022          11          25                                 2022/ШЦТ/1113

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч М.Гансувд,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн 2209000001890 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлтйн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

-Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар 3 сарын баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, баривчлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

-Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаарын сарын 09-ний өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 3,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,350,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр торгох ял дуусгавар болсон, хэрэг хариуцах чадвартай, .......... 

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.М нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривэр саундс” шөнийн цэнгээний газарт 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 цаг 30 минутын орчимд О.Хтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүн рүү шил шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000001890 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч М.Гансувдаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн тул тухайн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Э.Моос: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос хохирол нэхэмжлээгүй, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.М нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривэр саундс” шөнийн цэнгээний газарт 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 цаг 30 минутын орчимд О.Хтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүн рүү шил шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

-Гэрч Ш.Нямсайханы “...Би өчигдөр өөрийн найз Мийн хамтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бааранд орсон бөгөөд уг бааранд ороод үйлчлүүлж байхад хажуугийн ширээнд байсан залуу нь надтай муудалцах гээд байсан. Тэгэхэд нь миний найз М урдуур ороод салгасан. Тэгэхдээ М нь ширээн дээр байсан шилэн аягыг аваад маргалдаж байсан эрэгтэй хүн рүүгээ шидсэн. Тэгэхэд нь хамт байсан эмэгтэйчүүд салгаж байсан... Тэр эмэгтэйчүүдийг хажууд байсан залуучууд өдөж хоргоогоод тэвэрч аваад байсан бөгөөд тэрэнд нь М ундууцсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

 

-Хохирогч О.Хын “...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривер саундс” нэртэй бааранд 22:30 цагийн орчим өөрийн найз Бгийн хамтаар орсон. Тэгээд уг бааранд үйлчлүүлж байхад бидний хажууд байсан залуу намайг мөр лүү мөргөөд тавгүйтүүлээд байхаар нь би уг залууд хандаж “Битгий ингээд байгаачээ, тавгүйтүүлээд байна” гэж хэлэхэд өөрийн ширээндээ очоод над руу шууд шил шидсэн. Би тэр залууд гар хүрсэн асуудал байхгүй. Яагаад над руу халдсан талаар мэдэхгүй байна. Тэр залуу нь над руу шил шидчихээд ямар ч гэмшсэн шинжгүй байсан бөгөөд “та нар яаж ч чадахгүй шүү” гээд байсан. Хэрвээ соёлтой харьцаад байсан бол ямар ч асуудал гарахгүй байсан. Тухайн залуу нь яг хэдүүлээ явсан талаар мэдэхгүй байна. Дөрвүүлээ явж байсан гэж бодож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Эрүүндээ сорвитой байна. Баруун долоовор хурууныхаа оёдлыг авхуулаагүй байгаа. Эмчилгээний зардал өндөр гараагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 28 дугаар тал),

 

-Гэрч Э.Бгийн “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд би өөрийн найз Хтай Хан-Уул дүүрэгт байрлах “Гэгээнтэн” цогцолборын орчимд уулзсан. Бид хамт хоол идчихээд орой 21:30-22:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривэр Саундс” бааранд орсон. Бид тухайн бааранд ороод 0.7 литрийн “Эдэн” нэртэй архи, ундаа аваад сууж байсан. Тухайн үед бидний сууж байсан ширээний хажуугаар согтуу хүмүүс өнгөрөхдөө Хын сууж байсан сандалыг нааш, цааш нь түлхээд байсан. Эхэндээ бид тоогоогүй боловч тухайн бааранд үйлчлүүлж байсан бадриун 2-3 залуу Хын сууж байсан сандалыг дахин дахин түлхээд байсан. Тиймээс Х бид 2 тухайн залууд хандаж “зүгээр явчихаа хөгшөөн, битгий сандал түлхээд бай” гэж хэлтэл тухайн өндөр, бор, хулгар чихтэй бадриун залуу “юу гэнээ” гэж хэлээд бидэн рүү дайрсан бөгөөд хамт явж байсан залуучууд нь тухайн агсраад байсан залууг аваад явсан. Гэтэл тухайн агсраад байсан залуу явахдаа виски уудаг бакал аваад бидэн рүү шидсэн бөгөөд тухайн шидсэн бакал нь ширээн дээр унаад хагарч хагархай нь манай найз Хын уруулны доор эрүүнд босоо байрлалтай зүсэгдсэн гэмтэл болон баруун гарын долоовор хуруунд зүсэгдсэн гэмтэл учруулсан. Тиймээс би цагдаад дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд тухайн залуусыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “...1.О.Хын биед баруун сарвууны долоовор хуруу, эрүүнд зүсэгдсэн шарх, уруулын дотор салстад няцарсан шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...5.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн №13585 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...М нь Хын зүгт хандаж гараараа зангах, далайх зэрэг үйлдэл хийж байгаад хамт явж байсан гэх эмэгтэйчүүд нь түүнийг цааш нь татаад явахад ширээний булан дээр байсан шилэн савыг авч Хын зүгт шидэж байгаа нь тодорхой харагдаж байлаа...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 56-58 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Э.М нь хохирогчийн нүүр хэсэгт архины шилэн хундагаар шидсэн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, архины хундага шидэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэн байна.

 

Уг үйлдлийн улмаас хохирогч О.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 13585 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал)-ээр давхар нотлогдсон.

 

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Прокуророос шүүгдэгч Э.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

 

Хохирогч О.Хаас “эмчилгээтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ дурдсан байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчоос нэхэмжлээгүй буюу хохирол, хор уршиг арилсан, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай. 

 

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН