Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 105

 

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Ө.Эын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Ж.Сд холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 9 240 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                                                                                

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Э, хариуцагч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Ж.Сы хүсэлтээр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн  281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд тухайн үед Ж.С нь 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. Ж.С нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, тухайн авсан зээлийн хугацаа дууссан ч одоог хүртэл үндсэн зээл болон алдангийг өгөөгүй байгаа ба зээлийн гэрээний барьцаанд тавсан машинаа зарсан байсан. Энэ гэрээг би Ж.Стай иргэний журмаар байгуулсан.Тиймээс энэ гэрээнд түүний ажиллаж байсан компани огт хамааралгүй. Иймд зээлдэгч Ж.Саас үндсэн зээл 6 000 000 төгрөг, гэрээний дагуу төлөх 0.3 хувийн /хоногийн/ алдангийг тооцож, нийт 9 240 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 162 700 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Сп” ХХКомпанийн оёдлын үйлдвэрт гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байхдаа Ө.Этай харилцан тохиролцож ажилчдын цалин тавих тухай асуудлаар 2018.7.06-нд Төрийн банкны цалингийн 271400133375 тоот дансанд 6 000 000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ өдөр “Сп” ХХКомпани нь Төрийн банкны данс болох 271400122997 тоот дансанд шилжүүлж үйлдвэрийн ажилчдын 6 дугаар сарын цалинд зарцуулсан болно. Энэ нь өөрийн цалингийн данс, компанийн дансны хуулга зэргээс тодорхой харагдана. Тухайн үед ажлын цаг дуусч байсан бөгөөд шууд нотариат ороод гэрээ хийгээд шилжүүлчихье гэсэн тохиролцоонд хүрч шийдсэн. Тэр үед үйлдвэрийн ажилд зарцуулна, ажилчдынхаа цалинг тавина гэж учир шалтгаанаа тодорхой тайлбарласан. Миний хувьд 2018.9.27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Үүний дараа аудитын байгууллагаас санхүүгийн шалгалт орсон бөгөөд одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан байдлаар дансны хуулгаас харилцах албаны дансанд шилжин орсон бөгөөд энэ нь хувь хүнд ямар ч хамаарал байхгүй болно. Ө.Этай хэд хэдэн удаа уулзаж тайлбарласан боловч үүнийг хүлээж аваагүй. Барьцаанд тавьсан машин эвдэрсэн учраас Улаанбаатар хотод аваачиж зарсан. Энэ мөнгийг хувьдаа аваад завшсан асуудал байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч Ж.Сд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 9 240 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж.С нь “зээлээр авсан мөнгийг миний бие хувьдаа аваагүй, уг мөнгөөр компанийнхаа  ажилчдын цалинг тавьсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Хариуцагч Ж.С нь шүүхэд нотлох баримтаар “Сп” ХХКомпанийн 2019.2.18-ны өдрийн 007 дугаартай тодорхойлолтыг ирүүлсэн байгаа боловч нэхэмжлэгч Ө.Э, хариуцагч Ж.С нар нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлдүүлэгч талаас 6 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр мөнгийг буцаан төлөх, гэрээний 3 дахь хэсэгт “зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн нөхцөлд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээгээр “зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцон зээлдүүлэгчид төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Тус гэрээний үүргийг хангуулахаар талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр Ж.Сы өмчлөлийн Lexus-470 маркийн, аралын JTJHTOOW413510797 дугаартай,  4234 СҮА улсын дугаартай автомашиныг барьцаалсан байх ба уг гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаагүй тул уг гэрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зохицуулсан зээлийн гэрээний агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 хэсэгт зааснаар мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд зохигч талуудын хэн аль нь маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг зээлдэгчид, зээлийн гэрээний үүргийг шаардах эрх зээлдүүлэгчид үүссэн байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэний алдангийг гэрээний үндсэн үүрэг болох          6 000 000 төгрөгөөс тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж.Саас зээлийн үндсэн төлбөрт 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 240 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт   зааснаар нэхэмжлэгч Ө.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  162 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Саас            158 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Эд олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Саас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг гаргуулж Ө.Эд  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Ө.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 162 790   төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Саас           158 950  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.                      

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ