Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1117

 

 

 

 

 

 

 

 

2022           11          25                                 2022/ШЦТ/1117

 

                               

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж,

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хд холбогдох эрүүгийн 2209017381903 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...........оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Нийслэлийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил  8 сар 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 29 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ялыг бүрэн биелүүлсэн тул эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19/48 дугаар тогтоолоор дуусгавар болгосон, хэрэг хариуцах чадвартай, .............../.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Х нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Ч.Эий эзэмшлийн Айфоне 12 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч 2,578,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Цын Айфоне 11 загварын rap утсыг,

Мөн өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянгол зочид буудлын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн Самсунг А02 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1,323,200 хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209017381903 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Г.Түвшинбаяраас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул тус саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдоржоос: “Гэм буруугийн талаар маргахгүй, хохирогч нарт учруулсан хохирлыг арилгасан, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх санал гаргасан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг,

 

Шүүгдэгч Ч.Хаас “Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй, хэргийн материалаас уншиж судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Х нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Ч.Эий эзэмшлийн Айфоне 12 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч 2,578,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Цын Айфоне 11 загварын rap утсыг,

 

Мөн өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянгол зочид буудлын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн Самсунг А02 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1,323,200 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгслийн жолооч Ө.Эаар машины хаалгыг онгойлгон дотор хэсэгт үзлэгийг явуулахад ...жолоочийн эсрэг талын салоны хайрцагийг онгойлгон үзвэл Ай фоне загварын 3 ширхэг гар утас, 1 ширхэг Самсунг загварын гар утас, нийт 4 ширхэг гар утаснуудыг давхарлан хийсэн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-23 дугаар тал),

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн “Насанд хүрээгүй хохирогч Ч.Эд гар утсыг нь хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

-Насанд хүрээгүй хохирогч Ч.Эий “...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 9 дүгээр ангиа төгссөн гээд ангийнхаа найзуудтайгаа парк дээр тоглож байгаад халааснаасаа өөрийн эзэмшлийн Айфоне 12 про макс маркийн гар утсаа алдсан. ...найзынхаа утсаар өөрийн 8629-8878 дугаарын гар утас руу залгатал дуудаж байгаа боловч авахгүй, таслахгүй байсан. Тэгэхээр нь “Зенли” программаар байршлыг нь шалгатал паркаас гараад төв зам руу явж байхаар нь найзуудынхаа хамт гүйгээд явж байтал төхөөрөмж унтарсан. Миний гар утас тунгалаг резинэн гэртэй, хөх өнгөтэй байсан. Би өөрийн гар утсыг хүлээн авсан, гомдол санал байхгүй, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Iphone 12 pro max” загварын гар утасны зах зээлийн ханш 2,578,000 төгрөгөөр үнэлэгдэж байна” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

-Гэрч Ө.Эын “...би хэрэглээний бараа болон rap утас худалдан авч цааш нь гар утас засварын хүмүүст тодорхой хэмжээний үнэ нэмж худалддаг. ...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчим багын найз Хүрэлээ 88122992 дугаарын утаснаас залгаад “уулзах уу” гэхээр нь Сансарын колонкийн автобусны буудлын ойролцоо Хаан банкны АТМ /автомат төгрөгийн машин/-ны гадна уулзсан. Тухайн үед Х нь Золжаргал гэх эмэгтэйтэй хамт ирсэн. Тэр хоёр надад 2 ширхэг гар утас өгөх гэж байгаа гэж хэлсэн. Би зарах гэж байгаа гар утаснуудыг нь үзэхэд Айфоне 11 про макс болон Самсунг А50 маркийнх байсан. Тэгээд нийлүүлээд 400,000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг нь хажуугийн АТМ-ээс гаргаж өгсөн. Мөнгийг тэр хоёр хувааж авсан. Намайг машиндаа суух үед энгийн хувцастай цагдаагийн алба хаагч ирэхээр нь би худалдан авсан 2 гар утсаа өмсөж явсан хувцсандаа нуусан. Харин гэрээс авч гарч ирсэн 4 ширхэг rap утсыг машинаас гарч ирээд асуудал үүссэн. Тухайн Айфоне 12 про макс, Айфоне 11, Айфоне экс ар, Самсунг 02 маркийн 4 ширхэг гар утсыг би 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хурэлчулуун, Золжаргал нараас нийлүүлээд 620,000 төгрөгөөр худалдан аваад мөнгийг нь бэлэн мөнгөөр өгч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн “Хохирогч Б.Цд гар утсыг нь хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 90 дүгээр тал),

 

-Хохирогч Б.Цын “...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр манай найзууд 10 жилийн сургууль төгссөн болохоор орой нь хамт хүүхдийн парк орж тоглосон. Тэгээд далайн дээрэмчний хөлөг онгоц дээр тоглож байгаад хүн багатай тоглоом хараад явж байсан бөгөөд галзуу хулганы хажууд зогсож дугаарлах хэсэгт зогсоод явцгаахаар болсон. Тэгээд Хүүхдийн паркаас гарах хаалга хүрээд халаасанд гар утас байхгүй болсон талаар мэдсэн. Тэгэхээр нь Хүүхдийн паркийн ажилчин ахаас хяналтын камер байгаа эсэх талаар асуухад байхгүй, засвартай байгаа талаар хэлээд цагдаагийн байгууллагад ханд гэж зөвлөсөн. ...алдсан гар утас Айфоне 11 маркийн гар утас байсан, ягаан өнгөтэй. ...Би өөрийн гар утсаа авсан байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дугаар тал),

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.Сгийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хичээл тараад автобуснаас Баянгол зочид буудлын автобусны буудал дээр буусан. Тэгээд 120 мянгат руу автобусанд суух гэсэн чинь автобус ирэхгүй байсан болохоор зам хөндлөн гараад 120 мянгат тал руу алхсан юм. Би ер нь хичээл тараад автобус хүн ихтэй, ирэхгүй байвал гүүр даваад алхчихдаг юм. Тэгээд явж байгаад 120 мянгат орчим ирээд гэртээ орохын өмнө утсаа үзтэл байхгүй байсан. ...Би өөрийн алдсан гар утсыг бүрэн хүлээн авсан. Надад гомдол гэх зүйл байхгүй. Хулгай хийсэн хүнд хуулийн дагуу хариулага хүлээлгэмээр байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр тал),

 

 -Эд зүйл хүлээлгэн өгсөн “Насанд хүрээгүй хохирогч Б.Сд гар утсыг нь хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 105 дугаар тал),

 

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Iphone 11” загварын гар утасны зах зээлийн ханш 1,028,000 төгрөгөөр үнэлэгдэж байна” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),

 

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Самсунг А02” загварын гар утасны зах зээлийн ханш 295,200 төгрөгөөр үнэлэгдэж байна” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 114-115 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

Дээрх хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.Х нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Мөн прокуророос хэргийг зүйлчлэхдээ 3 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл гэж тус зүйл, хэсгийг журамлаж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн нь тогтоогдсон болно. 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч нар өөрсдийн хулгайд алдсан гар утсаа биет байдлаар буцаан авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Ч.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ч.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу гар утсыг хохирогчид буцаан өгч хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Хыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ч.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Хд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ч.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ч.Хаас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН