Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/00321

 

2019 оны 02 сарын 14 өдөр

   Дугаар 183/ШШ2019/00321

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Б.М, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... хотхоны ... тоотод байрлах, Б ХХК-д холбогдох,

 Гэм хорын хохиролд 15 570 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                         

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани горхи тэрэлжийн аманд ******* нэртэй амралтын газар ажиллуулдаг. Бид 2017 онд хоёр хаус, боловсон контенеран ариун цэврийн өрөө шинээр ашиглалтад оруулан хуучин байсан ресторан зэргээ дөрвөн улирал ажиллуулахаар төлөвлөн байшингуудаа халаах халаагуур судласан юм. Интернет хайлтаар цахилгаан хэмнэлттэй халаагуур гэж хайхад: Б ХХК-ийн цахилгаан хэмнэлттэй халаагуур гэсэн танилцуулга мэдээлэл гарч ирсэний дагуу 2017 оны 9 дүгээр сард ******* дугаартай менежер ******* гэх залуутай ашигтай загварын патенттай, 2016 оны ногоон технологи бүтээгч шилдэг байгууллагаар шалгарсан, цахилгаан зарцуулалт үнэхээр бага гэх сурталчилгааны дагуу бид сонголт хийж хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон. Тийнхүү манай амралтын байшингуудыг очиж үзэн тооцоо гаргаж том өрөөнүүдэд 20 секц, жижиг өрөөнүүд, ресторан, ариун цэврийн өрөө гээд тус тусад нь тооцоолон өрөө бүрт 8-15 секц, нийт 383 ширхэг секц шаардлагатай, бид 14 хоногийн дотор угсарч суурилуулаад ашиглалтад өгнө. Гэрээ байгуулахдаа манай компани одоо захирал *******гийн гэрт буюу *******,******* тоот хаусд үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас тэнд уулзъя хэмээн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзалт зохион байгуулсан билээ. Б ХХК-ийн захирал ******* нь бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг аяганд халуун ус хийлгэн авчруулж бидэнд худалдах гэж буй радиаторын гол хэсэгт байрлах төмөр трубо хийж, хэдэн секундын дараа халсан байгааг үзүүлэн ийм л хурдан, хална, оросууд сансарт анх ниссэн хөлөг онгоцыг энэ технологиор халааж байсан юм. Иймээс санаа зовох зүйл байхгүй, найдвартай бид удахгүй улсын тендерт орж утаагүй Улаанбаатар төслийн бүх тендрийг авахаар материалаа өгсөн гэж ярьж байсан. Б ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нийт 28 ширхэг радиаторыг /383 секц/ 9 575 000 төгрөгөөр /ажлын хөлс 800 000 төгрөг/ худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийг 70, 30 хувиар хоёр хувааж төлсөн. Төлбөрийг төлөхдөө тухайн компанийн ажилтан *******ийн Хаан банкны ******* тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 6 702 500 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2 872 500 төгрөг, ажлын хөлсөнд 10 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, 10 дугаар сарын 14-ний өдөр 400 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл худалдагч тал эд хөрөнгийн доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн бол бидэнд хохирол учрахгүй байсан бөгөөд тэгж чадаагүйн улмаас гэрээний 2.2-т зааснаар халаалтын систем, радиаторуудад 1 жилийн баталгаат хугацааг худалдан авагчид өгнө гэсэн заалтыг зөрчиж хаусны радиаторууд нь 1 сар ч хүрэлгүй ойролцоогоор 20 гаруй хоногийн дараа хагарч, зэвтэй юм шиг шаргал өнгийн тосон уусмал асгарч байшингийн хана, шалны дрож, хөшиг зэргийг бохирдуулсан байсан нь тухайн эд хөрөнгийг дахин ашиглах боломжгүй болгосон. Тийнхүү бодит байдлыг ******* ирж үзэн бид танай хохирлыг удахгүй барагдууж өгнө, сарын дараа мөнгө орж ирэхээр гэж хойшлуулсаар өдийг хүрлээ. Иймд энэхүү эд хөрөнгийн хохирлыг Б ХХК-аас гэрээний 6.2, 6.3-т энэ гэрээний нөхцөлийг зөрчсөнөөс аль нэг талд шууд хохирол учирвал нөгөө тал хохирлыг арилгаж, ирээдүйд олох байсан ашгийг тооцон барагдуулна. Хохирол учирсан эсэхийг хохирогч тал батална гэсний дагуу үндсэн төлбөр 9 575 000 төгрөг, ажлын хөлс 800 000 төгрөг, мөн хангалттай хэмжээний тасалгааны температурт хүргэж халаагаагүйн улмаас суултуурууд хөлдөж хагарсаныг сольсон 1 250 000 төгрөг, хөшиг 240 000 төгрөг, цахилгааны төлбөр 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 7 411 360 төгрөг гарснаас 50 хувийг нь буюу 3 705 680 төгрөг, нийт 15 570 680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани дэвшилтэт технологийн, битүүмжлэгдсэн панел радиаторууд нь цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлттэй болох нь олон жилийн хэрэглээгээр батлагдан, бусад эрх зүйн актуудаар баталгаажсан бүтээгдэхүүн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компаний ажилтан асан О.******* нь цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй битүүмжлэгдсэн панел радиаторуудыг худалдах гэрээг худалдан авагч Б.Бтай компанийн нэрээр байгуулсан боловч төлбөрийг хувийн дансандаа авч хувиараа нийлүүлсэн байсан тул уг асуудлаас болж манайд ажиллахаа больсон. Эвдрэл гарсан паар нь манай үйлдвэрийн бүтээгдэхүүн биш байсан. Битүүмжлэгдсэн панел радиаторууд нь хоорондоо сангийн системээ холбогддоггүй, бие даасан халаах ажиллагаатай тул нэг пааранд эвдрэл гарсан ч бусад паарууд нь хэвийн ажилладаг. Иймд тухайн байранд хөлдөлт болох үндэслэл байхгүй, шинжээчийн дүгнэлтээр 5 ширхэг секц эвдэрсэн гэж байх тул эвдэрсэн секцний төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, мөн нэг хөшигний хохирлыг арилгахад татгалзахгүй  гэв.

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

              Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 15 570 680 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

              Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2017.09.13-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг хариуцагч компанитай байгуулсан, гэрээний дагуу нийт төлбөрт 9 575 000 төгрөг, ажлын хөлс 800 000 төгрөг төлсөн.  2017.10.11-ны өдөр радиаторуудыг суурилуулж өгсөн. Суурилуулснаас хойш сар хүрэхгүй хугацаанд доголдол гарч, энэ талаар утсаар болон албан бичгээр мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй тул радиаторуудыг салгаж, өөр халаагуур байрлуулж хэвийн үйл ажиллагаагаа хангасан. Гэрээнд заасан баталгаат хугацаандаа доголдол үүссэн тул гэрээнээс татгалзаж байна. Дээрх радиаторуудаас тос гоожиж эд хөрөнгөд нийт 5 195 680 төгрөгийн гэм хорын хохирол учирсан, нийт 15 570 680 төгрөг нэхэмжилж байна.” гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч нь нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсанд маргахгүй, гэрээний төлбөр *******ийн дансанд орсон. Ашиглалтын явцад гарсан гэмтэл тул хариуцах үндэслэлгүй, ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлс нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлтээр 5 секц эвдэрсэн гэж гарсан байх тул уг 5 секцийн төлбөр, 1 хөшигний төлбөрийг тус тус төлөхөд татгалзах зүйлгүй. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б ХХК-ийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ” гэх нэртэй гэрээ  байгуулагдаж, уг гэрээгээр Б ХХК  нь нийт 383 секц радиаторыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээт ажлын үнэ, ажлын хөлстэйгээ  нийт 10 375 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид төлсөн талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 5, 21-24 хуудас/

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар баталгаат хугацааг 1 жил байхаар тохирсон байх ба доголдол нь талуудын тохиролцсон баталгаат хугацаанд гарсан болох нь 2018.01.31-ний өдрийн 05 тоот, 2018.05.28-ний өдрийн 15 тоот тус тус албан бичгээр тогтоогдож байна.

             Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “...гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана.”гэж, 349.2-т “...гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б нь доголдолтой холбоотой шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргасан байна.

           Талууд гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн асуудлаар маргаагүй бөгөөд  харин гүйцэтгэсэн ажлын чанарт доголдол гарч, улмаар нэхэмжлэгч  нь уг доголдлыг арилгахыг хариуцагч байгууллагад 2018.01.31-ний өдрийн 05 тоот, 2018.05.28-ний өдрийн 15 тоот тус тус албан бичгээр мэдэгдээд байхад хариу арга хэмжээ аваагүйн улмаас нэхэмжлэгч өөрийн зардлаар 383 секцийг салгаж, шинээр халаалтын систем суурилуулж өөрийн хэвийн үйл ажиллагаагаа хангасанг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг..., ...захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэснээр хариуцагчаас  шаардах эрхтэй байх тул гэрээний дагуу төлсөн төлбөр 9 575 000 төгрөг, ажлын хөлс 800 000 төгрөг нийт 10 375 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Харин нэхэмжлэгч Б.Б нь Ш ХХК-ийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5 195 680 төгрөгийг хариуцагчид холбогдуулан нэхэмжилжээ.

       Налайх дүүрэг Горхи-Тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Өндөр улааны энгэр нэртэй газар 20 га талбайг Аялал жуучлалын зорилгоор ашиглахыг Ш ХХК-нд  олгож, тус компани нь Хубилай амралтын газрыг ажиллуулж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 657 дугаар гэрчилгээ, ажлын байрны галын аюулгүй байдлын  0019991 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

         Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.Б болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Б.Б нь иргэнийхээ журмаар нэхэмжлэл гаргасан тул Шинэ бага хүрээ ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

         Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “ энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш .... тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй” болгоно гэж заасныг үндэслэн гэм хорын хохиролд 5 195 680 төгрөг гаргуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлтэй Б ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

         Хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа бус, харин энэ маргааныг тухайн тохиолдолд шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлж байгаа тул нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар буцаан олгох нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117, 118   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352.2.2-т зааснаар хариуцагч Б ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 375 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан гэм хорын хохиролд 5 195 680 төгрөг гаргуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлтэй Б ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  138 420 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 138 420 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын төсвөөс  98080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                                   Ц.О

                            ШҮҮГЧИД                                  Д.Э

                                                                               Б.М