Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1122

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022           11          28                                 2022/ШЦТ/1122

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ад холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...  аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, “Ө-” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. тоот нийтийн байрны 05 тоот өрөөнд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, .................

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн ... тоотод байрлах А.Мийн эзэмшлийн “С” нэртэй үйлчилгээний төвийн хүнсний дэлгүүрийн арын цонхны хаалт төмрийг эвдэж хууль бусаар нэвтэрч кассын орлогод байх 2,039,550 төгрөгийг /бэлэн мөнгө/ нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүйгээр хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Н.Пүрэвтогтохоос: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Ц.Аоос: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэдгээ илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Мийн эзэмшлийн “С” нэртэй үйлчилгээний төвийн хүнсний дэлгүүрийн арын цонхны хаалт төмрийг эвдэж хууль бусаар нэвтэрч кассын орлогод байх 2,039,550 төгрөгийг /бэлэн мөнгө/ нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч А.Мийн: “...2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн өглөө гэртээ байж байхад манай “С” дэлгүүрийн ажилтан У над руу залгаад дэлгүүрт хулгайч орсон байна, орлогын мөнгө алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад дэлгүүр лүү очиход манай дэлгүүрийн арын цонхоор хулгайч ороод орлогын 2 сая гаран төгрөг авсан асуудал гарсан байсан. ...Манай ажилтан надад хэлэхдээ 2,030,000 төгрөг алдагдсан гэж хэлсэн. Тухайн өдөр орлого хийдэг картыг У авч явсан байсан болохоор бэлнээр үлдээсэн байсан гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

-Гэрч С.Угийн “...2022 оны 5 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед ажлын байрандаа ирээд кассанд мөнгө байгаа эсэхийг үзэхэд ямар ч мөнгө байхгүй байхаар нь өмнө өдөр нь ажилласан О рүү залгахад “би кассанд үлдээгээд явсан” гэж хэлээд удалгүй О өөрөө ирээд хамт дэлгүүрийн камерийг шүүж үзэхэд шөнө 04 цагийн үед үл таних нэг хүн дэлгүүрийн арын цонхоор орж ирээд кассанд байсан мөнгийг аваад гарч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

-Гэрч А.Аийн “...У эгч “кассаа нээе” гээд очиж үзээд кассанд байх ёстой мөнгө байхгүй байна гээд ...О рүү ярьж дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

 

-Гэрч Э.Оийн “...2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн орой ажлаа тараад орлогын мөнгө болох 2 сая гаран төгрөгийг кассандаа үлдээгээд гарсан. ...Маргааш нь У эгч над руу залгаад “чиний кассанд үлдээсэн мөнгө байхгүй байна, ажил дээр хүрээд ир” гэсэн. ...хяналтын камер шүүж үзэхэд манай дэлгүүрт үл таних хүн орж ирээд орлогын мөнгийг аваад гарч байгаа бичлэг байсан. ...Тухайн орой ажил тараад орлогын бэлэн орсон мөнгөө картанд хийх гэсэн боловч мөнгө хийдэг картыг У эгч аваад явсан байсан болохоор кассанд үлдээхээс өөр аргагүй болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар),

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн “...Зүүн гар талд ногоо, гурил, будааны лангуу байх ба плитан шалан дээр уг лангууны урд талд 1 ширхэг гутлын мөр байх бөгөөд ...гэрэл зургаар бэхжүүлэв. ...Хөлдөөгчийн хажууд онгорхой байсан гэх цонх байх бөгөөд 40х104 см харьцаатай салхивчны доод түгжээ орчимд хөшсөн ба ...эвдэгч багажны 3 мөрийг гэрэл зургаар бэхжүүлэв. ...Цонхыг онгойлгоход хаалт төмрийг далийлгаж нээсэн байх ба хүн орж болох хэсгийг хэмжүүлэхэд том хэсэгтээ 40 см, нарийн хэсэгт 10 см зайтай байх ба гэрэл зургаар бэхжүүлэв. ...текний голд байх кассаас мөнгө алдагдсан гэх бөгөөд улбар шар өнгийн тавиур дээр байх компьютерийн гар, тавиурын шургуулга хэсгийг 1 дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 36-44 дүгээр тал),

 

-Сиди-д үзлэг хийсэн “...С үйлчилгээний төвийн хүнсний дэлгүүрт 20-25 орчим настай, 165-170 см өндөртэй, 60-65 кг жинтэй, хар цагаан өнгийн пүүз, саарал өнгийн өмд, хар өнгийн куртик, саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн саравчтай малгай, цэнхэр өнгийн амны хаалттай үл таних залуу орж ирээд кассанд байсан мөнгийг аваад буцаад гарч байгаа дүрс бичлэг байсныг хуулбарлан авсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 57-58 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

 Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна.

Учир нь “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Ц.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүгдэгч нь өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Тиймээс шүүгдэгч Ц.Аийг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч А.Мт учруулсан хохирлыг буцаан төлсөн болох нь хохирогчийн “А.М би өөрт учирсан хохирол болох 2,000,000 төгрөгийг Ц.Аоос бүрэн хүлээж авсан, одоо ямар нэг санал хүсэлт, гомдол байхгүй” гэх хүсэлтээр нотлогдож байна гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол шүүгдэгч “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг харгалзсан болно. 

 

Мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, шүүн таслах ажиллагаанд зориуд саад болсон үндэслэлээр эрэн сурвалжлагдсан тул 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон бөгөөд энэ хэрэгт нийт 21 хоног цагдан хоригдсон байна.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХСАЙХАН