Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Б.Батцоож

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярбат, түүний өмгөөлөгч Г.Батзаяа

Шүүгдэгч Э.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дамба овогт Энхтүвшингийн Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 2236002550243 дугаартай, 178/2022/0218/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Манхан сумын спортын ордонд сантехникч ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух хаягтай, Дамба ургийн овгийн Энхтүвшингийн Төмөрбаатар, регистрийн дугаар: ПЖ63020111;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 21-04 ХОҮ улсын дугаартай “Ниссан Террано” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн хашаандаа зогсоож байрлуулахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дугаар зүйлд “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь өөр бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийг онгорхой, түлхүүрийг кондукторт зоолттой, гар тоормос татаагүй үлдээсний улмаас 3 настай Ц.Хатанбаатар түлхүүр мушгиснаас уг тээврийн хэрэгсэл хөдөлж улмаар 1 настай Б.Энхрийлэнг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

              1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-10 дугаар хуудас/

       2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 11-20 дугаар хуудас/

              3.Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/

              4.Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/

              5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нүдээр үзэж харсан зүйл байхгүй, хадам аав, ээж болон хадам дүү нар хэлэхдээ 10 цагийн орчимд хадам аав өөрийн 21-04ХОҮ улсын дугаартай машинаа хашаа руу оруулж тавьчхаад гэрт ороод гараад иртэл манай эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд болох 3 настай Ц.Хатанбаатар гэх эрэгтэй хүүхэд аавын машиныг санамсаргүйгээр асаан хөдөлгөж манай бага охиныг дайрсан байсан гэсэн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна..Оршуулгын зардалд тодорхой хэмжээний зардал гарсан, нарийн тооцоолсон зүйл байхгүй. Манай хадам аав болох Э.Төмөрбаатар тодорхой хэмжээгээр оршуулгын зардалд хувь нэмэр оруулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 89 дүгээр хуудас/

       6.Гэрч Т.Цэцэгбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүүгийн хүүхэд болох Ц.Хатанбаатар аавын машиныг асаасны улмаас тээврийн хэрэгсэл урагшаа явж талийгаач Б.Энхрийлэнг мөргөсөн байсан. Яг мөргүүлэхийг нь хараагүй ч уг машин хашааны хойд хэсэгт засварлаж байсан 49-23 хоа улсын дугаартай машины араас очиж мөргөх үед Ц.Хатанбаатар жолооны хүрдэн дээр, Цэлмүүн зорчигчийн урд талын суудал дээр сууж байсан, Б.Энхрийлэн тухайн машин явсан замд мөргүүлсэн эсвэл дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Ц.Хатанбаатар ямар ч жолооноос барьсан зүйл байхгүй, түлхүүрээ мушгиснаас болж тухайн машин асаж өөрөө автоматаар урагшаагаа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

             7.Гэрч Л.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Ер нь бол би хүргэн Я.Баярбатын хүүхдүүдийг энэ хаваржин, зунжин ажлын өдрүүдээр харж өгч байгаа. Би хүүхдүүдээ хооллочхоод ороо хураагаад том өрөө лүү орчихсон байтал манай охин Т.Цэцэгбаяр гадна бархираад орилохоор нь гараад иртэл Я.Баярбатын бага охин Б.Энхрийлэн газар уначихсан хэвтэж байсан. Тэгтэл манай охин Т.Цэцэгбаяр очоод тэврээд авахаар нь би аваад шууд эмнэлэг рүү явсан, харахад илт муу байгаа нь мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

       8.Гэрч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 09 цаг 50 минутын үед Манхан Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байхад Т.Цэцэгдэлгэрийн ээж нь хүүхэд тэвэрсэн ирэхээр хүлээн авах өрөөнд оруулсан. Тухайн хүүхдийн ам, хамарнаас их хэмжээний цус гарч ухаангүй, амьсгал зүрх, судасны үйл ажиллагаа зогссон байсан. Хүүхдийг сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийж амьсгалын зам чөлөөлсөн, хиймэл амьсгал, зүрхэнд массаж, адерналин, цус тогтоох яак, шингэн нөхөх натри хлоридын уусмал хийсэн. Энэ хугацаанд БОЭТ-ийн 103-т дуудлага өгсөн. Нийт 30 орчим минут зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч сэргээгүй нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

       9.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай “...амь хохирогч Б.Энхрийлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зулай ясны хөндлөн салсан хугарал, зулайн босоо заадасын хугарал, гавлын суурийн дунд 2 талын хонхорт салаалсан хугарал, тархины суурийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдэд цусан хураа, эдийн няцрал, тархины III-р ховдлын гүүрний хэсэгт цусан хураа, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчинд цус хуралт, нүүр, баруун ташаа, гуя, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогч Б.Энхрийлэнгийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч Б.Энхрийлэнгийн цогцост учирсан дээрх гавал тархины гэмтлүүд нь....гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин толгойн хуйхны дотор гадаргуу болон чамархайн булчинд цус хуралт, нүүр, баруун ташаа, гуя, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.Энхрийлэн нь дээрх гавал тархины хүнд зэргийн гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/

        10.Ховд аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч Б.Нямхүүгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дугаар зүйлд “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь өөр бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэх заалтыг Э.Төмөрбаатар нь зөрчсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 80 дугаар хуудас/

        11.Шүүгдэгч Э.Төмөрбаатарын урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/

        12.Шүүгдэгч Э.Төмөрбаатарын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106,107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талууд шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Төмөрбаатар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 21-04 ХОҮ улсын дугаартай “Ниссан Террано” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож байрлуулахдаа түлхүүрийг кондуктороос авалгүй, автомашиныг араатай нь орхисноос бага насны буюу 3 настай хүүхэд Ц.Хатанбаатар уг машинд дотор тоглож байгаад түлхүүр түлхсэнээс автомашин хөдөлж 1 настай Б.Энхрийлэнг дайрч амь нас нь хохирсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: Хэргийн үйл баримттай маргаан байхгүй бөгөөд шүүгдэгч Э.Төмөрбаатар нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцоогүй гэмт хэргийн хохиролтой шууд шалтгаантай биш шууд бус шалтгаантайгаар холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш гэж маргасан болно.

Улсын яллагчаас: Замын хөдөлгөөний дүрэмд жолооч та тээврийн хэрэгсэлээ зогсоохдоо түлхүүрээ авч, гар тоормосоо татаж тээврийн хэрэгслийг өөрөөс нь өөр хүн асаах боломжгүй болгосны дараа автомашинаа  орхих хэрэгтэй байсан.Шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна гэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3."жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ.

Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн 1.2.35-д “удаан зогсолт” гэж зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ 5 минутаас дээш хугацаагаар зориуд зогсоосон үйлдлийг, мөн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугийн талаар “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” гэж тодорхойлсон.

Гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгмийн аюултай болохыг урьдаас мэдсээр байж өөрөө хүсч хохирол, хор уршигт хүргэдэг  үйлдлийг санаатай гэмт хэрэгт тооцдог бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээс гарч болох хохирол, хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор  уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах хэлбэрээр илэрдэг болно.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч буюу эзэмшигч нь шүүгдэгч Э.Төмөрбаатар бөгөөд авто тээврийн хэрэгслийнхээ буюу  21-04 ХОҮ улсын дугаартай “Ниссан Террано” маркийн автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй  байхыг шаардах бөгөөд замын хөдөлгөөнд оролцоод тээврийн хэрэслийг түр болон удаан зогсолт хийж байрлуулахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь тогтоогдсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй, хор уршигт хүргэсэн шууд бу санаатай үйлдэл хийгээгүй” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” Гэжээ.

Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь тээврийн хэрэгслийг байрлуулахдаа анхаарал болгоомжгүй байдлаар хандаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан нь болгоомжгүй үйлдэл гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Төмөрбаатар нь тээврийн хэрэгслээ байрлуулахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дугаар зүйлд заасныг зөрчиж тээврийн хэрэгслийг араатай үлдээж, түлхүүр түлхэхэд шууд асаж хөдөлдөг гэдгийг мэдэж байсан, улмаар хүүхэд машин дотор тоглож байгаад түлхүүр түлхэж машин хөдөлгөх боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан ч энэ талаар хайхрамжгүй хандсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд шүүгдэгч Э.Төмөрбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хэргийн 96-р хуудас/ тогтоогдсон.

 

Гэрч Э.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э.Төмөрбаатар нь ам бүл 12-лаа өссөн айлын том хүүхэд. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.Одоо эхнэр хүүхдийн хамт Манхан сумын Төгрөг багт оршин суудаг.Манхан сумын спортын ордонд сантехникчээр ажилладаг гэх мэдүүлэг/хх-94х/.

Шүүгдэгч Э.Төмөрбаатарын иргэний үнэмлэхний болон оршин суугаа хяагийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-108х/зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Э.Төмөрбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.Төмөрбаатарыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгч Э.төмөрбаатарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид хохирол төлбөр төлснийг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх  санал, дүгнэлт

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй. Хамаатан садан хүмүүс тул ял оногдуулахыг хөнгөлж өгнө үү гэв.

 Шүүхээс: Шүүгдэгч Э.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршигийг нөхөн төлсөн, улсын яллагчийн ялын санал  болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар тэнсэж,Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Э.Төмөрбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохоор шийдвэрлэв.

 

           Бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярбат шүүх хуралдаанд “...манай талийгаачийн буяны ажилд гарсан зардал мөнгийг хадам аав Э.Төмөрбаатар  гаргасан тул дахин нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэх мэдүүлэг өгснийг үндэслэн шүүгдэгчийг   бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хадгалахыг тус тус  дурдаж,  шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дамба овогт Энхтүвшингийн Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дамба овогт Энхтүвшингийн Төмөрбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Төмөрбаатарт “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах хугацаагаар хадгалахыг шүүгчийн туслах Х.Мөнхзаяад даагасугай.

6.Шүүгдэгч Э.Төмөрбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Төмөрбаатар мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

9.Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГАНТӨГС