Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/870

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        11          10                                   2022/ШЦТ/870

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогч С.Ш ,

шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд овгийн Э.М т холбогдох эрүүгийн 2211000000835 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зээрд овгийн Э.М , 1989 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Химич мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ..... дугаар ангид химич, зааварлагч ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, ......... тоотод С.Ш ийн эрх эрх чөлөөнд халдаж, тааран материалтай, шаргал өнгийн, 55 см урттай дэрийг толгойн тус газар нь тавьж олон удаа цохиж, зодсоны улмаас түүний биед тархины баруун талын бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч С.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 2 дугаар сарын 11-ний орой Чингэлтэйд очиж үл ойлголцол үүсэж улмаар маргасан. Би тухайн үед явъя гэхэд намайг явуулахгүй гээд хаалга түгжсэн ба маргалдсан. Буйдангийн дэрийг аван толгойн тус газарт цохисон. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа, гомдол, саналгүй...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ............. тоотод С.Ш ийн эрх эрх чөлөөнд халдаж, тааран материалтай, шаргал өнгийн, 55 см урттай дэрийг толгойн тус газар нь тавьж олон удаа цохиж, зодсоны улмаас түүний биед тархины баруун талын бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 3-8 дахь тал /,

- Эд мөрийн баримт тооцсон тухай тогтоол / хавтаст хэргийн 9-11 дэх тал /,

- хохирогч С.Ш ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ...бид гурав Чингэлтэйд байх гэр лүү нь очсон. Тухайн үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. Бид гурав гэрт ороод байж байхад Э.М  намайг явуулахгүй гээд хаалга түгжээд түлхүүрээ хувцасныхаа халаасанд хийчихсэн. Тэгээд Эрдэнэбаяр гал тогоонд хоол унд хийгээд Э.М  бид хоёр том өрөөнд байхад намайг Э.М  буйдан руу түлхэж унагаагаад, чи яасан овоо гичий вэ, намайг найзын дунд шившиг болголоо гээд буйдан дээр байсан шар өнгийн дэр аваад толгой, хоёр гарын бугуй хэсэг рүү цохисон. Тэгснээ дээр гарч суугаад нүүрэн дээр дэр тавьж байгаад гараараа цохиж бас толгойгоороо мөргөөд байсан. Тухайн үед буйдангийн ар талын ханын цаг харсан чинь шөнийн 02 цаг 30 минут өнгөрч байсан ба би боль гэж хэлсэн чинь Э.М  болихгүй “би 1000 цэрэг ингэж тамладаг, гэмтэл чамд учрахгүй, чи зүв зүгээр ажилдаа явна” гээд цохиод байснаа 2 дэр нүүрэн дээр тавиад Э.М  намайг алчихъя гээд дээр гараад хэвтээд өгсөн. Тэгсэн чинь Эрдэнэбаатар чи хүн алчихлаа гээд хоорондоо хэрэлдээд байсан санагдаж байна. Тэгээд би ухаан алдаад шөнийн 05 өнгөрч байхад сэрэхэд Э.М , Эрдэнэбаатар хоёр нэг нь орон дээр хэсэг хэвтээд байж байгаад хэсэг зүүрмэглэчихсэн байсан. Тэгээд би боссон чинь миний толгой эргээд нүд эрээлжлээд байсан. ...Э.М аас өөр хүн миний биед гэмтэл учруулаагүй. Тухайн үед миний зүүн нүд хөхөрчихсөн, зүүн талын шанаа бүхэлдээ хавдчихсан, уруулын доор цус хүрэнтээд улайчихсан байсан. Бас баруун нүдний дээр хөхөрчихсөн уруулын дээр хөхөрчихсөн байсан. Тухайн үед яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй вэ гэвэл би босож явж чадахгүй гэртээ бөөлжөөд гүйлгээд халуураад хэвтээд байсан юм...”, “...Тухайн хэрэг болсон өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 07 цагийн үед Э.М ын гэрээс гарч яваад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Sky residens D блокийн 46 тоотод гэртээ ирээд хаалгаа нүдсэн чинь төрсөн охин Х хаалга онгойлгож өгсөн ба манай аав С , 8 настай М  хүү нар байсан ба манай аав С  унтаж байсан. Тэгээд би гадуур хувцасаа тайлсан чинь охин Х надаас нүүр ам чинь яагаад хөхөрчихсөн юм, юу болсон юм гэж асуухаар нь “би хүнд зодуулчихсан, одоохондоо тайлбарлах боломж алга” гээд жижиг өрөө рүү ороод хэвтсэн ба миний толгой эргээд хэвтэж чадахгүй бөөлжөөд байсан. Ингээд 3 өдөр ийм байдалтай өнгөрсөн. Тухайн өдрөө Э.М т миний толгой өвдөөд байна гэж хэлсэн чинь гайгүй болчих байлгүй дээ гээд байсан ба 3 хоногийн дараа би Э.М тай Бэлхэд байдаг эгч дээр 2-3 удаа толгойгоо бариулсан чинь гайгүй болохгүй улам өвдөөд нугасаар хатгуулж өвдөөд байсан. Ингээд 2 хоног өнжөөд 10 дугаар хороололд байдаг Мөөм Жагаа гэх хочтой ах дээр 2 удаа бариулаад толгой гайгүй болохгүй нэмэргүй байсан. Тэгээд миний нугас руу хатгуулж өвдөөд байсан учир толгойныхоо зургийг авхуулъя гэж бодоод фейсбүүкээр эмнэлэг хайсан чинь Гэмтлийн хажууд “Мед траума” нэртэй хувийн эмнэлэг гарч ирэхээр нь утсаар холбогдоход манайх оочир ихтэй, 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн цаг байна гэхээр нь цаг аваад үзүүлэхээр болсон юм. Ингээд тухайн өдрөө би ганцаараа очиж үзүүлээд тархины зураг авхуулсан ба 24-48 цагийн дотор хариу гарна гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 13 цагийн үед эмнэлгээс залгаад хариугаа ав гээд дуудаад байхаар нь очоод эмчтэй уулзсан чинь “тархинд чинь цус хуралт үүсчихсэн байна, ингэж явж болохгүй гэмтэл дээр яаралтай хагалгаанд ор” гэж хэлэхээр нь би гэмтэл дээр цаг аваад хэвтэхээр болсон. Ингээд гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмч Сайнзаяатай уулзахад тархины зургийг харчхаад “тархинд чинь 21-23 см урттай цус хуралт үүсчихсэн байна, мөн баруун нүдний ухархай яс хугаралттай байна, шууд хэвт” гэсэн. Тэгээд би энэ өдрөө Оюунгэрэл рүү яриад эмнэлэгт хэвтэх гээд байна, ирээд авах боломж байна уу гэж дуудаад намайг Бөмбөгөр дээрээс ирж аваад гэр лүү очоод эмнэлэгт хэвтэх хэрэгслээ бэлдээд орой 22 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр ирж хэвтсэн. Тухайн үед манай төрсөн эрэгтэй дүү Одгэрэл, эгч Өлзийсайхан нар ирсэн. Ингээд маргааш нь яаралтайгаар тархины цус хуралт авах хагалгаанд орж тархины тасагт 9 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Би Э.М  гэх хүнд зодуулсан талаараа аав С д хэлээгүй, нуучихсан. Хөгшин настай, даралт өндөртэй болохоор нуучихсан ба төрсөн охин Х, төрсөн дүү С.О  нар сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 88-90 дэх тал/,

- гэрч Т.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Ш , Э.М  2 орон дээр босоод суучихсан хоорондоо хэрэлдээд байхаар нь би сэрээд харсан чинь Э.М  гартаа шар өнгийн дэр барьчихсан С.Ш ийн толгой руу 2-3 удаа цохиод байсан. Тэгээд би боль гэж хоёуланд нь хэлсэн чинь миний үгийг авахгүй байсан ба хэсэг хугацааны дараа тэр хоёр больсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- гэрч С.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Sky residens D блокийн 46 тоотод төрсөн аав С гийнд хоёр хүүхдээ авах гээд очсон чинь төрсөн эгч С.Ш  жижиг өрөөнд нүүр ам, хоёр гар хэсэгт нь энд тэндгүй хөхөрчихсөн хэвтэж байхаар нь та хэнд зодуулсан юм бэ гэхэд Э.М  гэх залуу 2 хоногийн өмнө намайг явуулахгүй гээд толгой дээр дэр тавьж байгаад 2 гараараа цохиод байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад яагаад зодсон бэ гэхэд Э.М  надаас салбал ална шүү гэж хэлсэн гэсэн ба тухай өдрөө эгч толгой өвдөөд аманд цус амтагдаад байна, бөөлжөөд байна гээд байсан. Би тэр өдрөө эгчээс Э.М ын дугаарыг авч гар утсаар холбогдоод “чи манай эгчийг яагаа ингэж зодож байгаа юм, хэн болоод ингэж зодож байгаа юм” гэтэл “Уучлаарай, би эмнэлэгт үзүүлнэ” гэж хэлээд байсан. Ингээд хэзээ билээ би санахгүй байна, С.Ш  эгч Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлчихлээ, 7 хоногийн дараа шинжилгээ өгөх цаг авчихлаа, оочир ихтэй байна гэж хэлсэн. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төв дээр тархины зураг авхуулаад шинжилгээ өгсөн чинь тархиндаа цус харвалттай байна гэж хэлсэн ба би Бөмбөгөр дээр ажил дээрээ байна, явж чадахгүй байна гэхээр нь би очиж аваад аавын гэрт очоод усанд оруулж, эмнэлэгт хэвтэх эд зүйлээ бэлдээд төрсөн эгч Өлзийсайхан, ах Одгэрэл нартай хамт бөөнөөрөө цуг машинтай явж эгчийг эмнэлэгт хэвтүүлсэн юм. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 09 цагийн үед тархинд байгаа цус хуралтыг авах хагалгаанд орж тархины тасагт 7 хоног хэвтсэн ба Э.М  гэх залуу эгчийг эргээд 500.000 төгрөг өгөөд эмчилгээндээ зарцуулаарай гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

- насанд хүрээгүй гэрч С.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь төрсөн ээж С.Ш  ганцаараа орж ирээд бие нь сульдчихсан байдалтай надтай юм ярилгүй гадуур хувцсаа тайлаад унтлагын өрөө рүү ороод унтаад өгсөн. Өдөр 12 цаг болж байхад ээж сэрээд надад хоол хийгээд өг гэхээр нь би шөл хийж өгөөд бие нь арай гайгүй болсон. Тэгэхээр нь би таны нүд чинь яагаад хөхөрчихсөн юм бэ гэж асуухад эрэгтэй найздаа зодуулчихсан гэж хэлсэн ба толгой нь өвдөөд байна гэсэн. Орой нь хоол идэхгүй бөөлжөөд гэдэс нь гүйлгээд байсан ба надад өөрөө Э.М  гэх хүнд зодуулсан гэж хэлэхээр нь би дугаарыг нь асуугаад өөрийнхөө 88396175 дугаараас Э.М  гэх хүний дугаар луу залгаж та манай ээжийг яагаад зодож байгаа юм бэ гэж хэлэхэд Э.М  гэх ах согтуу байна, ахыгаа ойлгоорой гээд яриад байсан. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ээж орноосоо босолгүй хэвтээд өнжсөн ба 2022 оны 02 дугаар сарын 14-ны өглөө ажилдаа явсан. Орой нь ажлаасаа ирэхдээ сульдсан байдалтай дуу чимээнд байж чадахгүй гээд байсан ба толгой бариулдаг хүний дугаар асуугаад гар утсаар яриад байсан. Ингээд маргаашаас нь эхлэн ажилдаа яваад орой нь ажлаасаа ирэхдээ 2-3 өдөр толгойгоо бариулчхаад ирлээ гэж надад ярьдаг байсан. Ингээд эмнэлэгт үзүүлэхгүй байж байгаад 2022 оны 2 дугаар сарын 20-н хавьцаа бие нь өвдөөд байна гээд ээжийн дүү Одгэрэлээс мөнгө асуугаад Гэмтлийн эмнэлэгт шинжилгээ өгнө гэж ганцаараа яваад гэртээ ирсэн. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Гэмтлийн эмнэлгээс шинжилгээний хариу гарчихлаа гээд очиж хариугаа аваад маргааш нь Гэмтлийн эмнэлэг дээр хэвтсэн ба ээжийг Оюунгэрэл эгч эмнэлэг рүү хүргэж өгсөн ба ээжийн ах дүүс нь эмнэлэгт байхад нь очиж эргэж байсан. 2022 оны 3 дугаар сарын 10 билүү 11-ний хавьцаа ээж тархиндаа цус хуралттай байна гээд хагалгаанд ороод 7-8 хоног хэвтсэн. Ингээд эмнэлгээс гарахад нь Э.М  гэх ах ирчихсэн байсан ба эмнэлгийн төлбөрийг төлж байсан. Тэгээд ээж С.Ш  гэртээ ирсэн ба Гэмтлийн эмнэлэг рүү 2-3 удаа толгойндоо боолттой солиулах үед нь би хамт явж байсан ба гэмтлийн эмч манай ээж С.Ш ийг хэвтрийн дэглэл бариарай гэж байхад ээж 7 хоног гэртээ байж байгаад ажилдаа яваад эхэлсэн юм. ...Тухайн үед ээж С.Ш  гадуур хувцсаа тайлаад орондоо ороод хэвтэхэд хоёр гарын бугуй булчин хэсэгт жижиг жижиг хөхөрчихсөн, баруун хөлийн шилбэ дээр нь бас хөхөрчихсөн байхыг нь анзаараад баруун талын нүдний зовхи хэсэгт нь бага зэрэг сэтэрчихсэн, эрүүний хэсэгт жижиг хөхөрчихсөн, зүүн талын хацар нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-86 дахь тал/,

- шинжээч эмч Ч.Эрдэнболорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь порлон, зөөлөн материалаар, дан дэрээр цохих үед үүсэх боломжгүй. Уг дэрээр зөөлөвч хийн гараар болон бусад зүйлээр цохисон үед хүчтэй доргилтын улмаас тархины гэмтэл үүсэх боломжтой. С.Ш ийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. С.Ш ийн толгойн MRI шинжилгээг үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байсан...”, “...Хүний тархинд гэмтэл учраад тархины доор цус алдаж, уг цус алдалтын хэмжээ аажмаар нэмэгдэн тархийг дарж гэмтлийн шинж тэмдэг хүртэл тодорхой хугацаанд хэдэн минут, сараар зүгээр хүн шиг үйлдэл хөдөлгөөн хийгээд явах боломжтой. Энэ хугацаа нь тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаалаад янз бүр байдаг ба яг хэдий хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  42-43 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын сарын 16-ны өдрийн 4255 дугаартай шинжээчийн “...С.Ш ийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доор цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ш  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 132.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмааг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Байгалмааг болгож зөвтгөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Э.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.М т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч С.Ш  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Э.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Байгалмаа нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 132.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.М аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 132.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зээрд овгийн Э.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М аас 132.000 /зуун гучин хоёр  мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгосугай.

5. Шүүгдэгч Э.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.     

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН