Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/871

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч А.М  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн А.М ад холбогдох эрүүгийн 2211000001607 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн А.М , 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ..... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М  нь 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, UB нэртэй шөнийн цэнгээний газар иргэн Ц.Х тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “...дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хамрын хянганд цус хуралт, баруун зүүн шуу, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ үйл явдал нэг удаагийнх биш, 2-3 удаагийн Ц.Х  өөрийн юмыг хайж бусад ажилчид руу дайрдаг байсан. Би Ц.Х тай 2-3 хоног хамт ажилласан, тухайн үед ажлаасаа чөлөө авсан байсан, ажлынхантай уулзахаар ажил дээрээ очоод байсан. Хэрэг болох үед утас алга болчихлоо, хэн авсан гээд хайж байснаа гараад орж ирэхдээ утсаа олоод ирсэн. Орж ирснээ  дахиад утсаа хайгаад байхаар нь сүүлд орсон газар луу нь дагуулж орон утсыг нь хайсан. Утсаа олохгүй болохоор бүх ажилчид руу орилж, үсчсэн. Намайг эхлээд цохисон ба харилцан зодоон мэт зүйл болсон...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.М  нь У.Х тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- хохирогч Ц.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 9 дүгээр 2-ны шөнө 3 цагийн орчим би түр ажиллаж байсан газар болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, UB шөнийн цэнгээний газар ажлын газрынхан болох Ари гэж дууддаг эмэгтэй болон өөр нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүмүүсийн хамт ажлаасаа гарах гээд байж байсан юм. Гарах гэж байсан чинь миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь би “цүнхэн дотроос утас алга болчихлоо, энэ дотор хулгай хийчих хүн байхгүй л байх шиг байх юм” гэсэн чинь Ари /А.М / гэх эмэгтэй нь “Чамд хулгайч шиг харагдаж байна уу” гээд над руу дайраад байсан. Тэгээд миний толгой дух хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод толгойн дээд хэсгээс үсдээд дараад байсан. Би “би маргааш чамайг цагдаад өгнө, чи хүнийг ингэж цохиж болохгүй” гэтэл гар хөл рүү хэд хэдэн удаа цохиод байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хэрэг болсон өдрийн маргааш буюу 9 дүгээр сарын 3-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт төлбөргүй үзүүлсэн юм. Одоо толгой өвдөж хавдсан зүйл байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- гэрч Э.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед ажил дуусчихсан, би тооллого тооцоогоо хийгээд байж байсан. Тэгээд байж байхад Доогий (Х ) нь “Утсаа алга болчихлоо” гээд Ари (А.М ) нь “Зөндөө хайлаа шүү дээ. Гадаа хаячихсан юм биш үү” гэх зэрэг яриа өгүүлэмж гаргаад хоорондоо маргалдаад байсан. ...намайг нэг харахад тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаачихсан, ноцолдоод байж байсан. ...би Х ыг аргадаж байхад үс нь сэгсийсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

- гэрч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед ажил тарчихсан байсан. Доогий (Х ) нэлээд согтолттой, цүнхээ хайгаад яваад байсан юм. Тэр цүнх нь текний доор байсныг нь манай ажлын нэг хүүхэд авч ирж Доогийд өгсөн юм. А.М  руу бас дайраад байхаар нь А.М  Доогийг 2 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохиод, нэг удаа гар хавьцаа нь хөшиглөсөн юм. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад бид хоёр текний ард зогсож байтал Доогий гүйж ирээд А.М ыг үсэдсэн. Ингээд би тэр хоёрыг салгасан. Ингээд байж байтал цагдаа нар орж ирээд бид нар ажлаа хаагаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 12149 дугаартай “...Ц.Х ын биед дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, хамрын хянганд цус хуралт, баруун зүүн шуу, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Х  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор Б.Насанжаргалыг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилж, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Насанжаргал болгон зөвтгөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч А.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч А.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч А.М ад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.Х т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, хохирогч нь шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлтээ бичгээр ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Хохирогч Ц.Х  нь “...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.  ... нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 9 дэх тал/ гэх тул шүүгдэгч А.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанжаргал нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 214.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.М аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 214.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн А.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М аас 214.000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгосугай.

5. Шүүгдэгч А.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН