Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/896

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран

иргэдийн төлөөлөгч М.Урангоо,

улсын яллагч Ж.Баянжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О ,

шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жорон овгийн С.Б т холбогдох эрүүгийн 2111000001229 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жорон овгийн С.Б , 1990 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, Дорнод аймгийн ..... суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ....... дүгээр хороо, ....... тоотод түр оршин суух Дорнод аймгийн ......... багт хаягтай, ял шийтгэлгүй,  регистрийн дугаар ........   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо .......... тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 давхрын 6 тоотод Б.Ж тэй маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний орой М.О  Сансарт байрлах ресторанд Г.О , талийгаач бид гурвыг дуудсан ба очиход Н.Э  гэх найзтайгаа сууж байсан. Тус ресторанаас гараад Г.О ийн гэрт очсон. Г.О ийг байж байхад талийгаач М.О ын найз гэх Н.Э тай намайг хардаж элдвээр хэлсэн. Би эргүүлэн талийгаачид “…чамд  ч гэсэн янз бүрийн чат /зурвас/ ирдэг...” зэргээр бид хоёрын дунд маргаан үүссэн. Талийгаач намайг цохиод унагаасан ба “…чамайг ална...” гэж хэлэн намайг зодоод байсан. Би талийгаачийн нүүр хэсэгт маажаад хүний гарт үхэж байснаас өөрөө үхнэ гэж босоод гүйхэд тавиур дээр байгаа хутгыг харан айлгах зорилгоор амиа хорлолоо гэж хутга барьсан.  Гэтэл талийгаач хүрч ирэн хутга булаацалдан миний гар нь дээр дарсан. Би амиа хорлолоо гээд гараад гүйсэн. Талийгаач нийтийн байр түрээсэлдэг байсан ба М.О тай нийтийн байр луугаа явна гэж ярьж байсан тул явсан байх гэж бодон буцаад орсон. Гэтэл талийгаач архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн сууж байсан. Талийгаач намайг хараад босож ирээд “…маргааш онлайн хуралтай чи утас эвдсэн байна...чи хутгаар яах гэж байгаа юм намайг алах гэж байгаа юм уу..чи чадахгүй бол би ална...” гээд намайг цохиод унагаасан. Бид хоёр хоорондоо хутгыг булаацалдаж байгаад тухайн үед талийгаачийн биед учирсан гэмтлийг мэдээгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Оршуулгын зардал буюу бидний нэхэмжилсэн 22.300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсонтой холбогдуулан гарсан зардлыг баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилнэ. Шүүгдэгч талийгаачийн зүрхэн тус газар хутгалж хүнийг санаатай алсан гэж үзэж байгаа учир гомдолтой байна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.Ж тэй маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгалж алсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-13 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “...Талийгаач Ж   нь миний төрсөн эгч Уранцэцэгийн дунд хүү нь байгаа юм...Түүний аав, ээж нь Дорнод аймгийн Сэргэлэн суманд мал дээр байдаг учраас Улаанбаатар хотод ирэх боломжгүй тул намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан юм. Тийм учраас миний бие хууль ёсны төлөөлөгчөөр томилуулах хүсэлтэй байна. Түүнийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдад хутгалуулж нас барсан талаар мэдээд өнөөдөр Улаанбаатар хотод ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал хуудас/,

- Гэрч М.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Дорнод аймагт амьдардаг бөгөөд Чухал амжилт сургалтын төвд сурахаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой хотод ирээд төрсөн ах Э ын гэрт байж байгаа. Талийгаач Ж  тэй багын найзууд байгаа юм. Би өчигдөр 19 цагийн үед найз нартайгаа уулзахаар болсон. Э  офицер дээрээс ирж намайг аваад Сансарт байдаг Россия нэртэй ресторанд орсон. Тэгээд би Ж  , А  нарлуу яриад хүрээд ир гэж дуудсан. Ж   ирэхдээ Б , О  нарын хамт ирсэн. Би яг цагийг нь сайн санахгүй байна. Бид нар хоол идээд 2 шил виски хувааж уусан. Ресторан хаах үеэр бид нар гарч ирэхэд А  гэр лүүгээ явсан. Э  тухайн ресторанаас нэг шил архи худалдаж авсан бөгөөд архи уугаагүй болохоор бид нарыг гэр гэрт нь хүргээд өгье гэсэн. Тэгээд Э гийн машинд суугаад явж байтал О  манай гэрт очъё гээд бид нар дэнжийн 1000-д О гийн амьдардаг нийтийн байранд ирсэн. Э  бид нарыг хүргэж өгчхөөд явсан. О  тухайн нийтийн байранд ганцаараа амьдардаг гэж байсан. Бид 4 ороод ресторанаас авсан нэг шил архийг хувааж уусан. Ж   Б  хоёр чи тэрэнтэй уулздаг байсан энэ тэр гээд урьдны асуудлаа яриад маргалдаад байсан. Ж   би чамтай харьцахгүй гээд Б г өрөөнөөс хөөж гаргасан. Б  удалгүй гаднаас орж ирэхдээ гартаа хутга барьчихсан орж ирсэн. Талийгаач чи намайг шаавал шаалдаа гээд Б г газарт унагаад дээр нь гараад хутгыг нь булааж авах гээд ноцолдож байх үед Б  хутгаа саваад байсан. Гэтэл Ж   цээжнээс нь цус гарчихсан босож ирээд ширээ налаад хэвтсэн. Б  би нөхрөө алчихлаа гээд орилоод байсан. Цээжнээс нь бага зэрэг цус гарч байхаар нь өнгөцхөн шарх байна гэж бодоод 00-н цаас аваад дээр нь дараад О г 103 дууд хүн үхэх гээд байна гэхэд согтуурхаад найзаа чи босоочээ гээд суугаад байсан. Тэгэхээр нь би О г 2, 3 удаа алгадсан. О  103-т дуудлага өгсөн. Б  орилоод байсан болохоор амиа хорлож магадгүй гэж бодоод барьж байсан хар өнгийн иштэй хутга нь цонхны хөшиг доор байхаар нь хутгыг аваад гал тогоон дээр тавьсан. 103 ирэхгүй удаад байсан Б  би хайрыгаа алчихлаа гээд уйлаад суугаад байхаар нь би амаар нь хиймэл амьсгаа хийгээд дахиад 103 дууд гэсэн чинь Б  гэрээс гарч яваад такси аваад ирлээ гэхээр нь эмнэлэг рүү авч явахаар би цээжнээс нь Б  О  хоёр хөлнөөс нь өргөөд гарах гэж байтал 103-н эмч ирж үзээд нас байсан байна гэсэн...Талийгаач С.Б т огт гар хүрээгүй. Өмнө нь ч гэсэн гар хүрч байгаагүй. С.Б  түүнийг мааждаг. Харин талийгаач маргааш нь чи ямар аймаар маажсан юм бэ гээд инээгээд байдаг байсан...С.Б  гаднаас орж ирээд талийгаачтай хэрэлдэж байхдаа гараа өөрөө зүссэн байх гэж бодож байна. Хутгыг хэзээ хаанаас авсан гэдгийг мэдэхгүй байна. С.Б ийн гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Талийгаач О ийг түлхэхэд С.Б  О этэй хамт унасан юм. Тэгэхэд үүссэн гэмтэл байж магадгүй. Бусдаар талийгаач түүнийг санаатайгаа цохиж зодоогүй...Гаднаас орж ирээд С.Б  талийгаач руу “Чи намайг элдвээр хэлээд хөөдөг хэн юм бэ?” гээд орилоод нүүрийг нь маажих гээд дайраад байсан чинь талийгаач С.Б ийг түлхсэн чинь газар бөгсөөрөө суучихсан. Тэгээд С.Б ийг газар суучихсан байхад талийгаач түүний дээр тонгойгоод хэрэлдсэн. Тэгээд сууж байхдаа С.Б  талийгаачийг хутгалсан юм...Талийгаач С.Б ийг цохиж алгадсан зүйл огт байхгүй. 2-3 удаа түлхэж унагаасан. Босож уурлаад би чиний хаана чинь цохих юм бэ? гээд байсан. О этэй нэг удаа хамт түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-58, 2 дугаар хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

- Гэрч О.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай найз хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрдэггүй юм. Харин С.Б  түүний нүүр биеийг нь маажиж цохиод байдаг байсан. Тэр үед нь би С.Б ээ боль гэж хэлэхээр С.Б  больчихдог байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал/,  

- Гэрч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Б тэй би 10 жилийн найзууд, бие биенийгээ 10 жилийн сургуульд сурч байхаас сайн мэддэг, ойр дотно найзууд. С.Б  Дорнод аймагт гэр нь байдаг боловч Улаанбаатар хотод ирээд манай гэрт 7-8 хонож байна. Энэ өдрүүдэд заримдаа найз залуутайгаа хамт хонодог байсан. Учир нь түүний найз залуу талийгаач Ж   нь Сандэй худалдааны төвд хамгаалагч хийдэг бөгөөд ээлжийн ажилтай болохоор талийгаачийг ээлжийн ажилтай өдөр надтай хамт хонож, түүнийг ажлаас буусан өдөр С.Б  түүнтэй хамт хонодог. Тэр хоёр холбоотой болоод 1 жил гаран хугацаа болж байгаа, Нэг нутгийн танилууд бөгөөд талийгаач ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн байсан. Би Дорнод аймгийн Баянтүмэн сум 1 дүгээр баг үндсэн хаягтай боловч 2021 оны 07 дугаар сарын 13-наас Улаанбаатар хотод ирээд 19-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нийтийн байрны 4 тоот өрөөг ганцаараа түрээслэн түр оршин сууж байна. 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн өглөө найз эмэгтэй С.Б ийн хамт 5 шар Драгон руу хамт яваад эгчийнх нь хүүхдийн паспортыг унаанд дайж явуулаад улмаар буцаад хамт манай гэрт ирсэн. Би өмнөх өдөр нь покер тоглоод нойр муутай байсан болохоор хэвтэж байгаад унтчихсан байсан. Намайг унтаж байх хооронд С.Б  үсээ будаад, явахдаа “найз нь явлаа шүү” гэж хэлээд гарсан. Ингээд орой би гэрээ цэвэрлэж дөнгөж дуусаад 21 цагийн үед С.Б  найз залуу талийгаач Ж  гийн хамт таксигаар ирээд авсан. Үүнээс 30 орчим минутын өмнө С.Б  над руу фэйсбүүкээр чат бичихдээ “гарах уу” гэсэн. Би түүнээс “хаашаа вэ” гэсэн чинь тэрээр “О  Сансарын тэнд чиний таньдаг хүнтэй хамт хоол захиалаад сууж байна” гэнээ. Бид хоёр чамайг очоод авъя, яавал гэж дээ, тэгээд 4 үүлээ жоохон сууж байгаад танайд хоноё” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 21 цаг өнгөрч байхад С.Б  орж ирээд намайг аваад гарсан бөгөөд гадаа гарахад талийгаач Ж  таксин дотор сууж байсан. Бид гурав такси дотор сууж байхад цаг харахад 21 цаг 30 минут болж байна шүү дээ, цаг залуухан байна гэж хэлэхэд талийгаач цаг хөгшин байна ш дээ гээд инээлдээд явж байсан. Улмаар Сансарт байрлалтай орос ресторанд ороход миний өмнө 3 сарын хугацаанд дотно харилцаатай байсан О , өөрийн найз Борко гэх залуутай хамт сууж байсан. Ширээн дээр виски задлаад удаагүй байсан. Борко тэр өдөр архи дарс хэрэглээгүй, бие тааруу байна гэж ярьж байсан. Бид гурав орж ирсний дараа О ын найз Хуягаа ирээд хэсэг сууж байгаад явсан. Хуягаа машин барьж байгаа тул уухгүй гэж хэлсэн. Ингээд ширээн дээр байсан 0,750 литрийн /нэрийг нь мэдэхгүй/ вискиг О , С.Б , талийгаач Ж  бид 4 үүлээ голдуу хувааж уусан. Дараа нь цагаан шилтэй архи гаргаж ирээд уусан. Би тэр үед архи виски уухдаа нэлээн шуналтаж уусан. Бид нарын орсон газар хаах гэж байна гэхээр нь гараад явсан, Борко өөрийнхөө машинаар О , С.Б , талийгаач Ж  нарын хамт миний түрээсэлдэг нийтийн байранд хүргэж ирээд явчихсан. Боркод хандаж миний найз манайхыг голохгүй бол ороод гараач гэж хэлсэн чинь манай гэр лүү хамт ороод 5-10 минут болоод гараад явсан. Улмаар О , С.Б , талийгаач Ж   бид 4 үүлээ үлдээд 1 шил цагаан архи хувааж уусан. Уг архийг Борко орос ресторанаас гарахдаа худалдаж авсан байсан юм. О , талийгаач Ж  хоёр орон дээр суугаад С.Б  бид хоёр газар өөдөөс нь хараад сууж байсан. Би гэртээ ирээд нэг аягаар архийг тойруулж уусан бөгөөд би уг архинаас хоёр удаа уусан санаж байна. Бид нар уугаад сууж байхдаа юу ярьж байсныг санахгүй байна. Миний санаж байгаад С.Б , талийгаач Ж  хоорондоо үг хаяад байх шиг байсан. Хайр чи ингээд тэгээд гээд уурлаж хэрэлдэх биш зүгээр үг хаяад байх шиг байсан. Сүүлдээ маргалдаж Ж   “чи намайг Ээгий шиг дутуу үнэлэхгүй шүү гэж хэлээд С.Б тэй түлхэлцээд зууралдсан”. Бие биедээ “чи намайг цохь, чи намайг цохь” гэж хэлээд байсан. Би тэр хоёрыг салгах гээд ойртоход Ж   намайг “найз чамтай юм ярихгүй” гэж хэлээд намайг хана руу түлхээд унагаасан. Ингээд би тэр хоёрт “өөрсдөө учраа ол” гэж хэлээд зайгаа аваад орон дээр гараад хэвтсэн. О  миний орон дээр хэвтэж байснаа босож суугаад “хоёр найз битгий тэг л дээ” гэж хэлсэн. Би О ын хажуугаар буюу наад талаар нь хэвтсэн. Би хэвтэнгүүт зүүрмэглээд унтсан байсан. Нэг мэдсэн чинь унтаж байхад миний толгой нүүр рүү хүчтэй цохиод байх шиг санагдаад би сэргээд нүдээ нээхэд О  миний дээр гарчихсан “найз чинь үхэх гээд байна, чи босооч дээ” гэж хэлээд намайг цохиод байсан. Ойролцоогоор 7-8 удаа гараараа цохисон. Би сэрэхдээ яагаад намайг зодоод байгаа юм бол доо, өөрөөс нь салаад явсан болохоор надаас одоо хариугаа авч байгаа юм болов уу даа гэсэн бодол орж ирсэн. Гэтэл түүний хэлж байгаагаар “найз чинь үхэх гээд байна, чи босооч дээ” гээд хэлэхэд би өндийгөөд хартал Ж   газар хэвтэж байсан. Тэгээд би өөрийнхөө утсыг аваад түргэн тусламж цагдаагийн аль нэгэнтэй нь залгаж ярьсан. Надаас гэрийн хаягийг асуухад би хэлж өгч чадахгүй байсан. Учир нь маш их сандарсан байсан. Дараа нь Ж  гийн толгой хэсэг ор луу харсан, царай нь хөхөрчихсөн, О  түүний дээр гараад хиймэл амьсгал хийж байгаа бололтой цээжин дээр нь гараараа дараад намайг хиймэл амьсгаа хийж өг гэж хэлсэн. Би босоод Ж  гийн толгойны хажууд суугаад түүний ам руу хиймэл амьсгаа хийсэн. Гэсэн ч Ж   ямар ч хөдөлгөөн байхгүй, ухаангүй байсан. Энэ үед С.Б  гаднаас орж ирээд “түргэн ирж байна, хурдлаарай гаръя” гэж хэлэхээр нь О  намайг өргө гэж хэлээд гар луу цохисон. Би Ж  гийн хөлөөс өргөөд, О  толгойн талаас нь өргөөд, С.Б  хажуу талаас нь өргөөд гаргах гэтэл дийлэхгүй байсан. Ингээд нийтийн байрны коридор үүдний хэсэгт рүү өргөж дийлэхгүй явж байтал гаднаас түргэний эмч орж ирээд үзэж байсан. Би тэр үед гэр лүүгээ ороод углааш углаад гарч ирэхэд түргэний эмч “нас барчихсан байна” гэж хэлэхээр С.Б , О  хоёр уйлаад орилоод байсан. О  С.Б т хандаж “чи хөгшөөн яаж байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг байлцуулан миний түрээсэлдэг өрөөнд үзлэг хийсэн. Энэ хооронд цагдаа нар С.Б , О  хоёрыг аваад явсан байсан. Дараа нь намайг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр авчирсан. Цагдаа нар ирээд манай өрөөнд үзлэг хийх явцад хутга хайж байсан бөгөөд би Ж  г хутгалуулаад нас барсан байна гэдгийг ойлгосон. Би хоол хийх хэрэгсэл буюу хутга, халбага, сэрээг тавцан дээрх модон сав дотор хийдэг бөгөөд хамгийн сүүлд гэрээ цэвэрлээд гарахдаа уг савандаа хутгаа хийгээд гарсан. Дараа нь манай гэрт ирээд хоол унд хийж идээгүй бөгөөд хутгыг огт ашиглаагүй. Манай гэрт 1 ширхэг заазуур, 2 ширхэг хутга байдаг бөгөөд ягаан иштэй заазуур, нэг нь иш нь салаад унахаар нь таглаанд нь иш хэсгийг нь суурилуулсан ногооны хальсалдаг жижиг хутга, нөгөөх нь хар иштэй арай том хутга байдаг. Намайг унтаж байхад О  цохиод сэрээхэд миний амнаас цус гарсан бөгөөд орон дээрх дэвсгэр дээр миний цус байсан. Харин газар дэвсдэг дэвсгэр дээр бага зэрэг цус болсон харагдсан...талийгаач болон С.Б тэй 7, 8 удаа хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан. Тэр үед талийгаач С.Б ийг нэг ч удаа цохиж зодож байгаагүй. Харин С.Б  архи ууж маргалдахаар түүний нүүр болон бусад хэсгийг маажчихдаг. Талийгаач маргааш нь чи намайг хэтэрхий маажсан байна шүү дээ гээд инээгээд байдаг байсан юм. Би талийгаачийг тэгж хэлэхийг 2 удаа сонсож байсан...О  учруулсан байх. Гэхдээ О т ямар нэгэн гомдол санал байхгүй. Учир нь О  сандарсандаа хэд хэдэн удаа цохисон байх...талийгаач С.Б ийг цохиж зодсон зүйл огт болоогүй. Тэр хоёр хоорондоо хэрэлдээд орилолдоод байсан. Талийгаач босож ирэхээр нь би С.Б ийг цохих гэж байгаа юм болов уу гэж бодоод дундуур нь ортол би та хоёрын хаана чинь цохих юм бэ гээд намайг түлхэхэд С.Б  миний ард зогсож байсан болохоор бид хоёр хана налаад давхралдаад унасан. Тухайн үед нээх хүчтэй унасан зүйл болоогүй. Тэгээд удалгүй С.Б  хаалга саваад гараад явчихсан тэгэхээр нь би орон дээрээ хэвтэж байгаад унтчихсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-42, 2 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал/,

- Гэрч Н.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз О  өчигдөр үүрээр Дорнод аймгаас хотод ирж бид хоёр өчигдөр орой 19 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүрэг офицеруудын ордны автобусны буудал дээр уулзсан юм. Тэгээд бид хоёр ойрд уулзаагүй гээд нэг газар орж суухаар болоод Сансарын Россия ресторанд орсон ба О  пиво ууж би цай уугаад суусан юм учир нь би нойр булчирхайн үрэвсэлтэй эмчилгээ хийлгэж байгаа болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй байсан. Тэгээд байж байтал 21 цаг 30 минутын орчим О ын найзууд болох Ж   танихгүй хоёр эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд тэд нар архи пиво ууцгааж би ундаа, ус уугаад юм ярин сууцгааж байхад манай найз А  орж ирж хоорондоо танилцаад хоорондоо юм ярьж сууцгаасан. Тэгээд уг ресторанаас 00 цаг болж байхад гарахад манай найз А  шууд гэрлүүгээ явлаа гээд явсан ба миний бие өөрийн Lexus RX400 маркийн 79-55 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Ж  , О , О , Б  нарыг Чингэлтэй дүүрэгт байрлах нийтийн байранд 01 цагийн үед хүргэж өгөөд гэрт ороод цай уугаад юм ярьж байгаад 02 цагийн орчим би гараад гэртээ харьсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/,

- Гэрч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өсөн: “...Манай хажуу талын 4 дугаарын өрөөнд ямар хүмүүс байдгийг мэдэхгүй манай найз залуу “Энэ хажуу өрөөнд 2 эгч орж гараад байдаг” гэж хэлж байсан. Найз залуу бид хоёр орой 22 цаг өнгөрөөгөөд унтахаар орондоо ороод би шууд унтаад өгсөн. Нойрон дунд хэвтээд удаагүй байхад 4 дугаартай өрөө рүү хүмүүс ирж байсан бөгөөд тухайн хүмүүс хоорондоо юм яриад инээлдээд байсан. Хоёр эрэгтэй хоёр эмэгтэй хүн орж ирсэн. Ямар ч байсан халамцуу болов уу гэмээр чанга чанга яриад байсан. Би тухайн үед эргээд унтсан байсан. Шөнө дунд 3 цаг өнгөрч байтал нөгөө хүмүүс хашхиралдаад нэг ах “Би чамд хайртай, би чамд 6 саяыг өгье болох уу? Чи янхан ш дээ янхан” гэж олон удаа хэлээд бас “Чи намайг шаавал шаа шаахгүй бол би шаая. Би маргааш шүүх хуралд орно шүү дээ” гээд байн байн хэлээд байсан. Юм газар унах чимээ болон хоорондоо хашхиралдаад орилоод байхаар нь Мөнхмандах цагдаа дуудах гээд өөрийн утсаараа 102 дугаарт залгахад утас нь залгаж болохгүй “ашиглалтад байхгүй” гээд байсан. Тэгээд миний утсаар цагдаа руу залгахад бас болохгүй байсан. Мөнхмандах “гарч чимээгүй бай гэж хэлье” гээд гарах гэсэн чинь өөр нэг эрэгтэй хүн ирээд тэр айлын хаалгыг тогшоод “унтаж амармаар байна, энэ нийтийн байр ш дээ. Та нар ганцхан энд байгаа юм уу” гэхэд “хэн юм чи пизда минь, орилохоор яадаг юм” гээд нөгөө эхнээсээ агсраад байсан эрэгтэй нь хэлсэн чинь нэг эмэгтэй нь “ойлголоо одоо чимээгүй боллоо” гэж тэр хүнд хэлсэн. Тэгээд нэг эгч нь “би янхан биш” гээд чарлаад байсан чинь нөгөө ах “чи янхан ш дээ” гэж хэлсэн чинь нөгөө эгч нь гүйгээд гараад явснаа 10 гаран минут болоод эргээд орж ирсэн. Тэр эгчийн гараад явсны дараа хүмүүс юм яриад байсан юу ярьсныг нь мэдэхгүй. Тухайн үед зөөлөн яриад байсан. Гарч явсан эгч орж ирээд чимээ шуугиан намдчихаар нь эргээд бид хоёр унтсан чинь ахин хүн орилоод сэрсэн. Тухайн үед цаг харахад 04 цаг 40 минут болж байсан бөгөөд гарч яваад орж ирсэн эмэгтэй нь “хайраа ханиа би чамгүйгээр байж чадахгүй намайг ал” гээд нэг эрэгтэй нь “хүн үхчихлээ ш дээ, хүн дуудаач ээ” гээд байсан. Нэг эмэгтэй нь “дуудсан ш дээ” гээд нөгөө ах тэр эмэгтэйг зодоод байх шиг байсан. Гарч гүйдэг эмэгтэй багалзуурдуулж байгаа юм шиг хоолойгоор “хайраа өвдөж байна ш дээ” гээд орилоод байсан. Харин нөгөө эмэгтэй нь “давраад байгаарай чи яахаараа намайг зоддог юм. Эндээс зайл” гээд хашхираад байсан. Үүний дараа тавиур энэ тэр унаж байгаа юм шиг чимээ хоёр удаа дараалан гараад гадагшаа гарч гүйдэг эмэгтэй нь дахин гадагшаа гараад гадаа “такси” гээд орилоод байсан. Үлдсэн эмэгтэй нь утсаар залгаад хаягаа хэлээд “хүн хутгалуулчихлаа” гэж хэлээд байсан. 5-6 минутын дараа гадагшаа гарсан эгч “такси олчихлоо” гээд гаднаас орж ирээд нөгөө хутгалуулсан хүнээ өрөөнөөс гаргаад байх шиг байсан бөгөөд “аятайхан өргөөч арчаагүй хүүхэн” гээд сүүлд үлдсэн эрэгтэй хэлсэн болохоор өргөөд гарч байна гэж ойлгосон. Энэ үед манай цонх дээр гэрэл анивчаад түргэний машин ирсэн. Тэгээд нөгөө хүмүүс “түргэн ирчихлээ” гээд коридорт хашхираад байсан. Гарч явдаг эмэгтэй нь “хайраа тэвчээрэй, үхэж болохгүй шүү чи минь мундаг” гээд байсан. Эмч коридорт “хэн хутгалсан юм” гэж асуухад такси дуудсан эгч “өөрийгөө хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд тэр эмч нь цагдаад дуудлага өгөөд хаягийг нь хэлж өгөөд байх шиг байсан. Нөгөө хоёр эгч өрөөндөө ороод хоорондоо “одоо яах вэ? гээд уйлаад байсан. Хамт байсан эрэгтэй нь орж ирээд “чи хүн алчихлаа ш дээ” гээд такси дууддаг эгчийн хоолой “чи тийм л байсан юм бол надаас найзыгаа холдуулахгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд коридорт үлдсэн нөгөө эрэгтэйгээс юм асуугаад байх шиг байсан. Тэгээд би чимээ намдахаар нь унтсан бөгөөд дараа нь хаалга тогшиход сэрсэн. Тэр гарч такси дууддаг эгч л хутгалчих болсон. Тэр ах нөгөө гарч ороод байсан эмэгтэйг “янхан” энэ тэр гээд есөн шидээр хэлээд байсан болохоор хутгалсан байх. Сүүлд цагдаагийн хэлтэс рүү авч явна гэхэд араас нь гарахдаа “яах гэж манайд ирэв ээ” гээд уйлаад байсан. Янхан энэ тэр гээд хараагаад байх үед манай хана тал руу гараараа нүдээд байсан уу яасан чанга цохигдох чимээ гараад байсан. Манай эргэн тойрны айлууд сонсохоор хэмжээний чанга орилоод байсан болохоор тэр хавийн хүмүүс бүгд мэдсэн байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

- Гэрч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дэнжийн 1000-д байдаг энэ нийтийн байрны 03 тоот өрөөг 2021 оны 10 дугаар сарын 15-наас найз охин Билгүүнсарангийн хамт түрээсэлж амьдарч байгаа. Манай хойд талын 04 тоот өрөөнд ямар хүмүүс амьдардгийг би мэдэхгүй. Би өчигдөр хичээлгүй байсан болохоор гэртээ өнжсөн. Орой 22 цаг гээд орондоо ороод унтахаар хэвтсэн. Орондоо ороод хэвтэж байтал манай хажуу талын 04 дугаартай өрөөнд 2 эмэгтэй хүн нэг эрэгтэй хүн орилолдоод эрэгтэй нь нэг эмэгтэйд “би яасан юм бэ янханд хэдэн төгрөг хэрэгтэй юм. Би хэдийг өгөх юм” гээд байсан. Хажууд нь байгаа эмэгтэй нь дуугарахгүй. Харин хамт байгаа эмэгтэй нь нөгөө эрэгтэй босооч гээд байсан. Тэгээд хана доргиод юм авч шидээд байгаа чимээ гараад нэг эмэгтэй нь хашхираад нөгөө эмэгтэй нь “болиоч” гээд байсан. Би сэрээд хэрүүл юм шиг байгаад цаг харахад 03 цаг 10 минут өнгөрч байсан. Энэ хоёр бид хоёрыг унтах гээд хэвтсэний дараахан гарч орж байсан. Орж ирээд хоорондоо юм ярьцгаагаад байсан. 04 цаг 59 минутын үед нэг эрэгтэй хүн хаалгыг нь тогшоод “нийтийн байранд оруулаа нялх нойтон хүүхдүүд байна унтаж амарцгаая л даа” гэж хэлсэн чинь эрэгтэй нь “хуц пизда минь чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Би нэг зүүрмэглээд сэрсэн чинь нэг эмэгтэй нь “хайраа туслаачээ” гэж хэлээд байсан ба нөгөө эмэгтэй гараад гүйгээд “такси” гээд орилоод гүйгээд байсан. Удалгүй гарч явсан эмэгтэй эргэн орж ирээд нэг эмэгтэй нь уйлаад байсан. Нөгөө ах нь “түргэн дуудаач, найз чинь үхлээ ш дээ” гэсэн. Тэгээд эрэгтэй нь “чи чинь ямар тэнэг найзтай юм бэ” гэж хэлээд ноцолдож байгаа юм шиг түжигнэсэн. Нөгөө уйлаад байсан эмэгтэй “зөндөө л зодууллаа ш дээ одоо зайлаачээ” гээд орилоод байсан. Нөгөө ах “түргэн рүү залгаачээ” гэхэд нэг эмэгтэй нь залгасан ш дээ гэхэд нөгөө эрэгтэй өөрөө залгаад “та нар чинь ямар удаан ирдэг юм бэ, хүн үхэх гээд байна ш дээ” гэсэн. Тухайн үед түргэний машин ирээд үзээд нэг хүнийг дамжлаад аваад гарах шиг болсон. Учир нь эрэгтэй нь “хөл чирэгдээд байна ш дээ” гээд байхаар нь нэг хүнийг нь аваад гарч байна даа гэж бодсон. Түргэний машин руу гарчхаад эргэж эрэгтэй эмэгтэй хоёр нь гэрт буцаж орж ирээд нөгөө “янхан, пизда” гээд аймаар орилоод байдаг ах “чи яах гэж хутгалж байгаа юм бэ? Өөр газар нь бүлчихэд яадаг юм” гэхэд эмэгтэй нь уйлаад байсан. Түүнээс хойш дуу чимээ намжаад хүмүүс орж гараад байсан бөгөөд би унтаад сая цагдаа хаалга тогшиход сэрсэн. Манай байрны хана их нимгэн болохоор чимээ их тод сонсогддог. Би өөрийн 94599890 дугаараас 102 дугаарт дуудлага өгөхөөр залгахад залгаж болохгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ганзоригийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний 2450 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх, дух, хоёр зовхи, хацар, баруун чамархай, зүүн бугалга, шуу, баруун сарвуу, нуруунд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зулгаралт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх гэмтэл нь 3.1.12-д хүнд зэрэгт, зулгаралт цус хуралт гэмтэл нь бүгд нийлээд хөнгөн зэрэгт, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цусанд 1.0, ходоодны шингэнд 3.9 промилли спиртийн зүйл илэрсэн. Ходоодны шингэнд нитрит, димедрол, хүчтэй шүлт илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 1.0 промилли спиртийн зүйл илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамаарна. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчин, гэмтэл үгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 15:20 минутын үзлэгээр нас бараад 12-14 цаг болсон байжээ. Талийгаач нь B/l11/ бүлгийн цустай байна. Цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж чихэлдэж нас баржээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 103-107 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр М.Урангоо оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтдээ “...Зүрхэн тус газар нь хутгалсан байгаагаас үзвэл санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ...” гэх дүгнэлтийг гаргасан.

Анхан шатны шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нь “...Миний үйлчлүүлэгч хүний амь нас хохирсонд маргахгүй. Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үү, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үү гэдэг мэтгэлцэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар буюу гэрч М.О , С.Б , Б.М  нарын мэдүүлгүүдээс харахад С.Б  амь хохирогчийн амь насыг хохироох гэсэн шууд санаа, сэдэл байгаагүй. Тухайн үед хардалтын асуудал үүссэн ба үүнээс улбаалж маргалдаж хоорондоо зодолдсон, бие биедээ шарх гэмтэл сорви учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан М.О ын мэдүүлэгт “…амь хохирогч цохиод унагаасан...дээр нь гарсан хутгаа саваад байсан...” гэдэгт дүгнэлт хийвэл хутгыг булаацалдсан нөхцөл байдал байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн уг нөхцөл байдлыг гэрч С.Б , Б.М  нар ярьдаг. Эдгээрээс мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгчид алах талаар санаа зорилго байгаагүй. Хутга зэвсгийг булаацалдсан үед гэмтэл учирсан байх боломжтой гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийн асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүртэл өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан ба хүлээж аваагүй. Гэрч М.О  анхны мэдүүлгээс 14 хоногийн дараа мэдүүлэг өгөхөд өөрчлөгдөж эхэлдэг. Алийг үнэлэх нь асар их ач холбогдолтой. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг зарчимтай. Тиймээс гэмт хэргийн зүйлчлэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх санал гаргасан. Өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу хүнийг алах гэмт хэргийн

- обьектив талын шинж нь: хүнийг алсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүн нас барсан хохирол учирсан байх бөгөөд хүнийг алах гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсөнө,

- субьектив талын шинж нь: гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай үйлдлийн шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээс субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээр нь ялгах бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь: гэм буруугийн санаатай, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь: гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Шүүгдэгч С.Б ийн амь хохирогч Б.Ж тэй маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг нь хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний алах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч С.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүнд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шүүгдэгч С.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн...” зэргийг эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О  нь гэмт хэргийн улмаас гарсан хор уршигт баримтаар 22.219.709 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 22.300.000 төгрөгийг төлсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.   

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсонтой холбогдуулан гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжилнэ...” гэх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 162 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 28 см урттай, ажлын хэсэг 18 см ягаан өнгийн бариултай заазуур 1 ширхэг, 25 см урттай, ажлын хэсэг 13 см хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, 17 см урттай ажлын хэсэг 7 см ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жорон овгийн С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б ийн цагдан хоригдсон нийт 162 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч С.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 22.300.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

6. Шүүгдэгч С.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 28 см урттай, ажлын хэсэг 18 см ягаан өнгийн бариултай заазуур 1 ширхэг, 25 см урттай, ажлын хэсэг 13 см хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, 17 см урттай ажлын хэсэг 7 см ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Б т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН

                ШҮҮГЧИД                                             С.БАТГЭРЭЛ

                                                                              С.БАТЖАРГАЛ