Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01063

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02769 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2100 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-т холбогдох

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт нийт 34.070.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны ,,,,,,, тоот хаягт 2009 оноос одоог хүртэл амьдарч байна. Уг байр нь хамгийн дээд талын мансартны байр учир би амьдрах орчноо сайжруулах үүднээс өргөтгөл хийхээр шийдсэн. Өргөтгөл хийхэд мөнгө шаардлагатай байсан учир манай эхнэрийн найз болох ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 2014.7.28-ны өдөр 15,000,000 төгрөг зээлсэн. Тухайн мөнгийг зээлэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь байрны гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Би зөвшөөрч, нотариат орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба сарын 4 хувийн хүүтэй сард 600,000 төгрөг өгөөд явахаар амаар тохиролцсон. Ингээд би 2014.8.28-ны өдрөөс 2014.11.28-ны өдөр хүртэл сарын 600,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг өгөөд явж байсан ба мөнгөний боломжгүйгээс 2015 оны 3 сap хүртэл графикт заасан мөнгөө өгч чадаагүй. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь 2015.3.20-ны өдөр хүрч ирэн үлдэгдэл мөнгөө бүгдийг өг гэж нэхсэн. Би өгөх боломжгүй байгаагаа хэлсэн. Тэгвэл би байрыг чинь барьцаанд тавьж зээл авмаар байна, надад бас мөнгө хэрэгтэй болчихлоо гэж хэлсэн. Би хүү арай өндөр байна гэж хэлсний дагуу хүүг сарын 2 хувь болгон cap болгон 300,000 төгрөг өгөхөөр тохирсон. Ингээд бас нотариат орж, надаар байр барьцаанд тавих итгэмжлэл хийлгэж авсан. Ингээд 3 хоногийн дараа .,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,дахин хүрч ирэн, энэ итгэмжлэл чинь болохгүй байна гээд дахин нотариат орсон. Энэ удаа бэлэглэлийн гэрээ хийнэ гэж хэлсэн. Гэхдээ бид 2 хоёулаа энэ гэрээг зөвхөн .,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь зээл авахын тулд хийж байгаа гэж ойлголцож хийсэн. Ингээд миний байрыг барьцаалж Хас банкнаас зээл авсан гэсэн. Ингээд бид тохирсон ёсоор 2015.3.23-ны өдрөөс эхлэн 2018.12.31-ний өдөр хүртэл cap бүр 300,000 төгрөгийг нийт 15,600,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т төлсөн. Гэтэл 2019 оны 01 сард  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь миний зөвшөөрөлгүйгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 17,000,000 төгрөг зээлж, авахдаа миний байрыг барьцаанд тавьсан байсан. Би уурлаж яагаад ингэж байгааг асуутал та нар үндсэн зээлээ төлж дууссан одоо зээлийнхээ хүүнд энэ ББСБ-аас авсан зээлийг төлчихөө, тэгээд би байрыг чинь шилжүүлж өгье гэж хэлсэн. Би уурлаж анхнаасаа ийм тохироо яригдаагүй, хүүнд ийм их мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн боловч миний үгийг үл хэрэгсэн зээлийн гэрээгээ манай гэрт орхичхоод яваад өгсөн. Ярих гэхээр утсаа ч авахгүй байна. Би энэ мөнгийг цаг тухайд нь өгсөөр байтал надаас дахин 17,000,000 төгрөгийг хүүтэй нь хамт төлүүлэх гэж байгаа нь хууль бус явдал юм. Иймд 2015.3.23-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй хийсэн бэлэглэлийн гэрээг би үнэн санаанаасаа бус ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь зээл авах шаардлагатай байна гэж хүссэний дагуу дээрх гэрээг хийсэн тул уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бусд тооцож, миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,”-д лангуу ажиллуулж байхдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй танил болсон. Би бараа авах мөнгөө хүнээс зээлж, худалдаа наймаа хийдэг. Барааны мөнгөө зээлж, буцаад төлөөд байдаг болохоор надад мөнгө зээлдэг хүмүүстэй болсон. Би 2014 онд байраа зарсан бөгөөд энэ үед намайг мөнгөтэй байгааг мэдсэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,удаа дараа над дээр ирж 2, 3-хан сарын хугацаатай буцаагаад өгөх мөнгө зээлж өгөөч гэж шалаад эхэлсэн. Байр зарсан мөнгөө би өөрийнхөө зээлэнд өгөх ёстой байсан тул зээлийн төлбөртөө өгөөд дууссан. Би худалдаа наймаагаа тогтмол эрхэлдэг байсан болохоор танил хүмүүсээсээ зээл авахад арай дөхөмтэй байдаг байсан. Ингээд би мөнгө зээлдэг байсан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг танилаасаа 2014.8.23-нд 15,000,000 төгрөгийг өөрийн төрсөн дүүгийнхээ байрыг барьцаалан, сарын 4 хувийн хүүтэй зээлж аваад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарт өгсөн. Ийнхүү тэд нарт мөнгө зээлснээ баталгаажуулж би дэвтэр дээрээ бичиж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээр гарын үсэг зуруулж авсан. Ер нь сарын 4 хувийн хүү бол иргэд хоорондын зээлэнд байдаг хамгийн бага хүүгийн хэмжээ гэдгийг тухайлан хэлмээр байна. 15,000,000 төгрөгийг зээлэхдээ 4 хувийн хүү тогтоож, ийнхүү 2 тал бичгээр гарын үсэг зурж, үүнийгээ баталгаажуулсан байгаа. Энэ нь Иргэний хуульд зааснаар хүү авах бол бичгээр үйлдсэн байна гэсэн шаардлагыг хангаж байгаа юм. Харин сарын 4 хувийн зээлийн хүүг 2 хувь болгож бууруулсан гэж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлдээ худал бичжээ. Хүүг бууруулж тохиролцсон гэдэг нь огт үндэсгүй худал. Учир нь би энэ 15,000,000 төгрөгийг өөрийн танил ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 4 хувийн хүүтэй зээлж авч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарт дамжуулж зээлдүүлсэн болохоор хүүг нь багасгавал би хохирч үлдэх тул 4 хувийн хүүг бууруулсан явдал болоогүй, төдийгүй тийм ямар нэг бичиг бидний хооронд байхгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарт зээл дамжуулж өгсөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гадагшаа явах болчихлоо зээлийн үндсэн мөнгөө төл гээд шаардаад эхэлсэн. Би энэ хоёроос шаардсан боловч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь үндсэн зээлээ өгөөгүй. Би аргагүйн эрхэнд 15,000,000 төгрөгийг авахын тулд барьцаанд тавьсан төрсөн дүүгийнхээ байрыг зарж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр Г.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарт өгсөн 15,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг болон тухайн үед төлөгдөөгүй байсан 3,000,000 төгрөгийн хүү буюу нийт 18,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 2018 оны 7 сард төлж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын өмнөөс биеэрээ хохироод байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь надаар дамжуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж авахдаа ганц ч удаа зээлийн үндсэн төлбөрөөс төлж байгаагүй. 4 хувийн зээлийн хүүг би огт хэрэглэж, эсхүл ямар нэг байдлаар ашиг олж, мөнгө хүүлсэн зүйл байгаагүй бөгөөд шууд тухайн мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс авсан тул хүүг нь түүнд шууд өгч байсныг тухайлан дурдмаар байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь харилцан тохиролцож, бичгээр зөвшөөрснийхөө дагуу сард хүүгийн төлбөрт 600.000 төгрөг төлөх ёстой байсан. 2014.8.23-нд 15,000,000 төгрөг зээлснээс хойш ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, .,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар үндсэн төлбөрөө төлөх ганц ч оролдлого хийгээгүй, өөрсдөө намайг гуйн байж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс надаар дамжуулж зээл авчхаад одоо үндсэн төлбөрөөсөө бултах арга саам хайж, байгаад би үнэхээр гомдолтой байна. 2014 оны 12 сараас эхлэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар надаар дамжуулж, авсан зээлийнхээ хүүг төлж чадахгүй болж бид төлөлтөө хийж чадахгүй байна. Та бизнес хийдэг юм чинь манай байрыг барьцаалж зээл аваад хүүгийн төлбөрийн 300,000 төгрөгийг төлж байгаач, бид хоёр байраа зарсны дараа танд 300,000 төгрөгийн төлөлтүүдийг чинь буцаагаад өгье. Бидэнд тогтмол бизнесгүй болохоор зээл олдох хэцүү байна гэж надаас гуйсан. Тэр үед миний наймаа гайгүй байсан болохоор би зөвшөөрөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар 2015.3.23-ны өдөр надад байраа бэлэглэж, би түүнийг нь барьцаалан барааны эргэлтэндээ Хас банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын cap бүр төлөх ёстой 300,000 төгрөгийн хүүг тэд нарын өмнөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д төлөөд явж байсан болохоос зээлийн хүүг 4 хувь байсныг 2 хувь болгож огт буулгаагүй. Би Хас банкнаас авсан зээлийг 2019 оны 01 сард төлж барагдуулсан бөгөөд энэ хугацаа болоход ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар 15,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг огт төлөөгүй. Би тэд нараас 15,000,000 төгрөгийн үндсэн зээл болон тэд нарын өмнөөс би төлсөн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан. Ингээд тэд нар надтай дахин дахин уулзаж банк бус санхүүгийн байгууллагаас аль болох бага хүүтэй зээлийг бэлэглэлээр авсан байраа барьцаанд тавьж ав, бид авах зээлийн төлөлтийг хийгээд явна гэсэн. Тэгээд би 2019.01.24-нд “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас 17,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай авсан. Тэд нар энэ зээлийн төлөлтийг хийх ёстой байсан тул над дээр ирж, гэрээний хуулбарыг аваад явсан. Түүнээс биш би гэрээг гэрт нь очиж аваачиж өгөөгүй юм шүү. Гэтэл үүнээс хойш зээлийн ямар ч төлөлт хийхгүй байж байгаад намайг шүүхэд өгсөн нь шударга бус төдийгүй ББСБ-аас авсан зээлийг өөрсдөө гуйж авахуулсан байж мэдээгүй мэт худал бичсэн байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь зээлийн хүүг дандаа хугацаа хожимдуулж өгч байсан бөгөөд төлсөн болон төлөөгүй байгаа зээлийн хүүг cap бүрээр тодруулбал, ийнхүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар 2014 онд 600,000 төгрөг, 2015 онд 4,800,000 төгрөг, 2016 онд 3,600,000 төгрөг, 2017 онд 3,900,000 төгрөг, 2018 онд 4,020,000 төгрөг, 2019 онд 950,000 төгрөгийн буюу нийт 17,270,000 төгрөгийн хүүгийн төлбөр, мөн зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөгийг төлөөгүй намайг хохироосон. Энэ бүх хүүгийн төлбөр, үндсэн зээлийг би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын өмнөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д төлсөн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар зээл авснаас хойш 4 сарын дараагаас буюу 2014 оны 12 сараас эхлэн, cap бүрийн зээлийн хүүгээ төлж чадахаа больсон. Ингээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс надаар дамжуулж авсан 15,000,000 төгрөгийг би огт ашиглаагүй мөртлөө зөвхөн тэд нарын нэрийн өмнөөс авсан гэх шалтгаанаар би төлөх нь шударга бус бөгөөд хүнд байдалд орсон юм. Надад их хэмжээний өртэй болсон тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар миний нэр дээр байраа бэлэглэсэн гэрээ хийж, улмаар байрны улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан. Энэхүү бэлэглэлийн гэрээ бол ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар урьдаас төлөвлөж, үр дагаврыг нь сайн ойлгож, зээл авах тодорхой зорилготойгоор, тухайн авах зээлээ надад ашиглуулах зорилгоор хийсэн гэрээ юм. Энэ бол ямар нэгэн дүр үзүүлэн хийсэн гэрээ биш. Улсын дээд шүүхийн 2010.6.22-ны өдрийн тайлбарт дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж заасан байна. Гэтэл бидний хоорондын бэлэглэлийн гэрээ бол тодорхой зорилготой буюу тэр нь надад их хэмжээний өртэй болж түүнийгээ төлж чадахгүй болсон асуудлаа шийдсэн, улмаар надаас авсан зээлийн хүүгээ төлөхдөө надаас туслалцаа авах зорилготой байсан билээ. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь надаар дамжуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс авсан зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгээ төлж чадахгүй болсон тул энэхүү бэлэглэлийн гэрээг зорьж тодорхой хүсэл эрмэлзлээр хийсэн. Энэхүү бэлэглэлийн гэрээ бол зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох буюу хүнд харуулах зорилгоор хийгдээгүй. 15,000,000 төгрөгийн зээл болон хүүгээ төлж чадахгүй байгаа санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд талууд бизнесийн шийдэл гаргаж, өөрсдөө хуулийн хүрээнд чөлөөтэй сонголт хийн хийсэн хэлцэл юм. Иймд энэхүү бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг талууд 2015.3.23-нд байгуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа 2018.5.23-нд дууссан байна. Хэдийгээр энэхүү бэлэглэлийн гэрээний талаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа 2018.5.23-нд дууссан ч гэсэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар надаас авсан 15,000,000 төгрөгийн зээл, мөн дутуу төлсөн хүү 17,250,000 төгрөг буюу нийт 32,250,000 төгрөгийг бүрэн төлөх тохиолдолд би бэлэглэлийн гэрээгээр авсан байраа тэдэнд буцаан бэлэглэхэд бэлэн байна. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: З.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй 2014.8.23-нд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Үүний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2014 оны 8 сараас 2014 оны 11 сар хүртэл 4 сарын хугацаанд 4 сарын хүү болох 600,000 төгрөгийг, 2014 оны 12 сараас 2015 оны 3 cap хүртэлх нийт 4 сарын хүүгийн төлбөрийг төлөөгүй байж байгаад 2015 оны 4 сараас эхлэн 2017 оны 5 сарыг хүртэл нийт 2 жил 1 сарын хугацаанд хүүгийн тал буюу 300,000 төгрөг, 2017 оны 7 сараас 2018 оны 8 cap хүртэл мөн 300,000 төгрөг, 2018 оны 10 сард 230,000 төгрөг, 2018 оны 11 сард 300,000 төгрөг, 2018 оны 12 сард 200,000 төгрөг, 2019 оны 01 сард 250,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд 2017 оны 6 cap, 2018 оны 9 cap, 2019 оны 02 сараас 2019 оны 5 cap хүртэл нийт 19,070,000 төгрөгийн ямар нэгэн хүү болон зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бөгөөд тус дүнд ямар нэгэн алданги тооцоогүй болно. Мөн би тухайн зээл болох 15,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хүсэлтээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс зээлж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д өгсөн бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс зээлсэн зээлийн хүүгийн зөрүү 300,000 төгрөгийг өөрөө төлж байсан бөгөөд үндсэн төлбөрийг өөрийн орон сууцаа зарж төлж барагдуулсан. Тухайн хугацаанд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй зээлийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, нэмэлт гэрээ байгуулаагүй, батлуулаагүй бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь санхүүгийн боломжгүй байгаа тул дараа нь үлдсэн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг нэг дор барагдуулах тухай хэлж байсан. Харин тухайн хугацаанд би зээлийн хүүгийн алдангийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д төлж байсан бөгөөд өөрөө хохирол хүлээсэн. Иймд иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эс зээлийн гэрээний хүү болон зээлийн үндсэн төлбөр болох 34,070,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 2014.7.28-ны өдөр 15,000,000 төгрөг зээлж авсан. Уг зээлийг авахдаа бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба харин нотариат орж худалдах худалдан авах гэрээ байгуул гэсний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алддаг тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэж байгаа 34,070,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй юм. Миний бие 2014 оноос 2019 он хүртэл нийт 15,600,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,, т төлсөн. Өөрөөр хэлбэл үндсэн мөнгөө өгсөн учир ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т өөр мөнгө өгөх ёсгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт: ... Манай байгууллага 2019.01.24-ний өдөр дугаар 190124/03 зээлийн болон барьцааны гэрээг иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй байгуулсан. Тус гэрээний барьцааны зүйл нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, эрэл 40 дүгээр байр ......... тоот хаягт байршилтай 16 м.кв нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болно. Хэргийн материалын нотлох баримтын бүрдүүлбэрт байгаа 0003949.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.01.24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг үндэслэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу манай байгууллага 18 сарын хугацаатай гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь 2019.01.24-ний өдрөөс 2019.5.02-ны өдөр хүртэл ямар ч төлбөр төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн үлдэгдэл 17.000.000 төгрөг, хүү, алданги 1,764,200 төгрөг, нийт 18,764,200 төгрөг байна. ... Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчилгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан нь хариуцагч .,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,өөрийн өмчлөлийн байрыг бусдад худалдах болон барьцаалах нь өөрийн өмчлөх эрхийн асуудал тул нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02769 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 276 дугаар зүйлийн 276.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны ,,,,,,,,, тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох зээлийн гэрээний үндсэн төлбөрт 15,000,000 төгрөг, хүү 19,070,000 төгрөг, нийт 34,070,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 328,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2100 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02769 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны ,,,,,,,, тоот, 16 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040422,,,,, дугаартай орон сууцыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,ийн /РД:ЗВ7511,, ,,/ өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эс зээлийн гэрээний үүрэгт нийт 34,070,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ээс 407,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгосугай” гэж тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 2100 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаар хуульчилж заасан ба давж заалдах шатны шүүхийн магадлал нь уг шаардлагыг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй хууль зүйн дүгнэлтийг хийсэн, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулж уг гэрээний дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч хэлцэл хийсэн талууд зээлийн гэрээний үүргээс хамаарч бэлэглэсэн орон сууцыг буцаах талаар тайлбарласан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2015.03.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзлээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор талуудын хооронд хэлцэл хийгдэж байгаа тохиолдолд өөр нэгэн хэлцэл халхлагдсан байдаг. Иймээс шүүх маргаан бүхий хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж дүгнэж байгаа бол халхлагдсан хэлцэл (эрх зүйн харилцаа)-ийн талаар дүгнэх ёстой. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас харвал бэлэглэлийн ямар нэг хэлцэл (эрх зүйн харилцаа)-ийг халхавчлагдаагүй нь нотлогдож байгаа.

Бэлэглэлийн гэрээ нь онолын хувьд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамаарч байна. Талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тул уг эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг тодорхойлохдоо гэрээний нэршлээс илүүтэйгээр талууд эрх, үүргээ хэрхэн тодорхойлсон нь харилцааг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг бусдад барьцаалах зорилгоор эд хөрөнгийг шилжүүлж байсан бол итгэмжлэл л хангалттай юм. Мөн бусдын эд хөрөнгийг барьцаанд тавихын тулд ч бай бусад зорилгоор ч бай хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үедээ зохигчид тухайн хэлцлийн үр дагаврыг уншиж танилцан ойлгож байгуулж, нэршлийг улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн нэршлийг өөрчлөн бүртгүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч нь уг бүртгэл болон өмчлөх эрхийн асуудлаар дөрвөн жил маргаагүйд давж заалдах шатны шүүх хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. 2015.03.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг байгуулсан эрх зүйн этгээдүүд (зохигчид)-ийн хувьд эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд байсан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгө зээлүүлэхдээ гуравдагч этгээдээс 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан байсан. Нэхэмжлэгч нь 3 жилийн хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс бусдад их хэмжээний мөнгөн төлбөрийн өр төлбөрт орсон.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг “2015.03.23-ны өдрийн БЗД-ийн 18-р хороо, 13-р хороолол, Эрэлийн 40-р байрны ,,,,,,,,,,,,, тоот хаягт байрлах 16м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж, хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 гэж тодорхойлсон байдаг. Гэтэл 2019.10.14-ний өдрийн шүүх хуралдаан (2019.10.14-ний өдрийн 2769 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал) дээр нэхэмжлэлийн шаардлагыг “өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэх, хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 гэж тус тус нэмэгдүүлсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээхийг улсын бүртгэлийн газарт даалгуулах шаардлагуудыг шүүх хангах нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгамжтай зөрүүтэй юм. Онолын хувьд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагыг шийдвэрлэж хангасан тохиолдолд түүний хууль зүйн үр дагавар нь нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцдог. Хүчин төгөлдөр бусд тооцогдсон гэрээний дагуу хийгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах нь эсэх нь бүртгэлийн байгууллага шийдвэрлэдэг. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг сэргээх тухай шийдвэр гаргасан тохиолдолд бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу шууд бүртгэлд өөрчлөлт оруулах эрх зүйн үр дагаврын хувьд ялгамжтай ойлголт байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр маргаж байгаа бол хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дүр үзүүлэн хэлцэл хийгээгүй болохыг л нотолдог. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлүүдээр маргаж байгаа бол хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дүр үзүүлэн хэлцэл хийгээгүйг нотлохоос гадна, өөр хэлцлийг халхавчлаагүй талаарх нотлох баримтыг гаргаж өгч, тайлбар гаргах шаардлагатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь шаардлага, үндэслэлээ нэмэгдүүлсэн тухайгаа албан ёсоор бичгээр гаргаагүй байхад хариуцагчид нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргах боломж олгогдоогүй хуулиар олгогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас харвал нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж эсхүл тодруулах тухай бүр нэхэмжлэгчээс бичгээр авч нэхэмжлэлийн хувийг (нэхэмжлэлийн тодруулсан, нэмэгдүүлсэн) нь хариуцагчид гардуулж тайлбар авах, нэхэмжлэгч нь албан ёсоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй бол нэхэмжлэлийн хүрээнээс давсан хэсгийг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь нэхэмжлэгч нь шаардлага, үндэслэлээ шүүхэд тодорхой гаргаж, хариуцагч нь түүнийг зөвөөр ойлгож, холбогдох тайлбарыг гаргаж шүүхэд маргаж буй зүйлийн талаар тайлбар, нотлох баримтыг гаргаж өгч бүрэн мэтгэлцэх, хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломжийг олгодог ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “мэтгэлцэх зарчим”-ын бүрэн хэрэгжилт болдог. Мөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл уг зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчигдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаас харвал шүүхээс гарах шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрүүд гарч болохоор байна. Нэхэмжлэгч нь шүүхэд 2015.03.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулах шаардлагыг гаргасан байдаг. Мөн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэл (шүүхэд гаргасан нэхэмжлэл)-дээ огт дурдаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд (шүүхэд албан ёсоор бичгээр гаргагдсан нэхэмжлэл) дурдаагүй үндэслэлийг зааж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, зохигчийн мэтгэлцэж, маргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгчээс нь зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй байдаг. Хариуцагч нь мөнгөн хөрөнгийг зээлүүлэхдээ бусдаас мөнгө зээлж авч нэхэмжлэгчид зээлүүлснээс шалтгаалан их хэмжээний мөнгөн төлбөрийн үүрэгт орсон. Уг мөнгөн өр төлбөрийн асуудлаас шалтгаалан сэтгэл санааны хувьд ч хүнд дарамтад орж ажил төрлөө хийж чадахаа байж, эрүүл мэндийн хувьд ч хүнд нөхцөл байдалтай байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор хариуцагчийн бэлэглэлийн болон зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэж, нэхэмжлэгчид гэрээний үүргээс зайлсхийх боломжийг олгож, хариуцагчийг илтэд хохироож байна. Мөн уг магадлал нь хэтэрхий шударга бус байгаа юм. Иймээс гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 34,070,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх аль алиныг нь хэрэгсэхгүй болгохдоо, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь буруу, энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байна.

Тодруулбал, “...талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч хэлцэл хийсэн талууд зээлийн гэрээний үүргээс хамаарч бэлэглэсэн орон сууцыг буцаах талаар тайлбарласан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зохигчийн хооронд байгуулагдсан 2015.3.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, халхлагдсан хэлцэл нь бодит байдал дээр талуудын хооронд /амаар/ хийгдсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой барьцааны гэрээ гэж үзнэ.

Иймд, “...Шүүх маргаан бүхий хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж дүгнэж байгаа бол халхлагдсан хэлцэл (эрх зүйн харилцаа)-ийн талаар дүгнэх ёстой. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас харвал бэлэглэлийн ямар нэг хэлцэл (эрх зүйн харилцаа)-ийг халхавчлагдаагүй нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн утгатай хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. 

Харин давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Учир нь, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн байрандаа өргөтгөл хийхэд мөнгө шаардлагатай байсан учир эхнэрийн найз болох ,,,,,,,,,,,,,,,,,,ээс 2014.7.28-ны өдөр 15,000,000 төгрөг зээлсэн. Тухайн мөнгийг зээлэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь байрны гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Би зөвшөөрч, нотариат орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба сарын 4 хувийн хүүтэй сард 600,000 төгрөг өгөхөөр амаар тохиролцсон. Ингээд би 2014.8.28-ны өдрөөс 2014.11.28-ны өдөр хүртэл сарын 600,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг өгсөн, мөнгөний боломжгүйгээс 2015 оны 3 сap хүртэл графикт заасан мөнгөө өгч чадаагүй. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2015.3.20-ны өдөр хүрч ирэн үлдэгдэл мөнгөө бүгдийг өг гэж нэхсэн. Би өгөх боломжгүй байгаагаа хэлсэн. Тэгвэл би байрыг чинь барьцаанд тавьж зээл авмаар байна, надад бас мөнгө хэрэгтэй болчихлоо гэж хэлсэн. Би хүү арай өндөр байна гэж хэлсний дагуу хүүг сарын 2 хувь болгон cap болгон 300,000 төгрөг өгөхөөр тохирсон...Ингээд бид тохирсон ёсоор 2015.03.23-аас эхлэн 2018.12.31 хүртэл ... нийт 15,600,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,т төлсөн...” гэж тайлбарласан.

Хариуцагч З.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “...,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хамт 2014.8.23-нд 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр надаар дамжуулан иргэн ,,,,,,,,,,,,,,,, зээлж авсан... Үүний дагуу тодорхой төлөлтүүдийг хийж яваад 2014 онд 600,000, 2015 онд 4,800,000, 2016 онд 3,600,000, 2017 онд 3,900,000, 2018 онд 4,020,000, 2019 онд 950,000 төгрөгийн зээлийн хүү дутуу төлсөн. Иймд 17,270,000 төгрөгийн хүүгийн төлбөр, мөн зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөгийг буюу нийт 32,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Дээрх үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхээс “талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсний дагуу сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу байна.

Хэдийгээр хариуцагчаас шаардах эрхийн үндэслэлээ болгож буй хавтаст хэрэгт авагдсан /хх.26 дахь талд/ баримтыг хоёр шатны шүүхээс “нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарыг хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь зөв боловч дээр дурдсан талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 15,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн, зээлийн хүүнд тодорхой хэмжээний мөнгөн дүнг /нэхэмжлэгч 15,600,000 төгрөг гэснийг хариуцагч үгүйсгээгүй/ төлсөн үйл баримт тогтоогдсон, зохигчийн хэн аль нь үүнийг үгүйсгээгүй. 

Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэснийг хэрэглэх учиртай. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгчээс өөрийн авсан зээлдээ тодорхой хэмжээний хүүг төлснөө хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. дахь хэсэг нь нэхэмжлэгчийн хувьд нэгэнт төлсөн мөнгөө буцааж шаардах эрхийн үндэслэл болохгүй. Харин хуулийн энэ үндэслэлээр хариуцагч нэхэмжлэгчээс “төлөөгүй байгаа” зээлийн хүүг шаардах эрхээ алдана.   

Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл болох 15,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс үндсэн төлбөрийг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 17,270,000 төгрөгийг хүүгийн төлбөрт шаардсаныг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй.     

Мөн “хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийг тогтоох /хэдийгээр нэхэмжлэгч “тооцуулах” гэж тодорхойлсон ч/ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3. дахь хэсгийг хэрэглэж маргаан бүхий гэрээнд дүгнэлт өгч шийдвэрлэснийг “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлсэн, хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг зөрчсөн” гэж үзэхгүй, нөгөөтэйгүүр гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүхээс дүгнэлт өгөхөд нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдахгүй, иймд энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс “...Иймд хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээхийг улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу давж заалдах шатны шүүх /магадлалын Тогтоох хэсэгт/ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор түүний үр дагаврыг шийдвэрлэснийг /бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжсэн өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчлөхийг эрх бүхий этгээдэд даалгасныг/ нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхгүй тул “... Хүчин төгөлдөр бусд тооцогдсон гэрээний дагуу хийгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх нь бүртгэлийн байгууллага шийдвэрлэдэг. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг сэргээх тухай шийдвэр гаргасан тохиолдолд бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу шууд бүртгэлд өөрчлөлт оруулах эрх зүйн үр дагаврын хувьд ялгамжтай ойлголт байна... Нэхэмжлэгч нь шүүхэд 2015.03.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулах шаардлагыг гаргасан байдаг...” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2100 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02769 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3., 199 дүгээр зүйлийн 199.3., 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг хангаж, 2015.03.23-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэлийн 40 дүгээр байрны ,,,,,,,,,,,, тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040422,,,,,, дугаартай орон сууцыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн /РД:ЗВ75110,,,,/ өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эс гаргуулж, зээлийн хүүд 17,270,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 232,950 төгрөгийг гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, т, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ээс 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгосугай” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                      Г.ЦАГААНЦООЖ