Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 917

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бэд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Энх-Оюун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэг,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908021160665 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1984 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянхонгор аймгийн Богдын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй /РД: /;

Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнссэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  

Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг 7 жилийн хорих ялд багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны баруун хойд талд, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед Д.Сандагдоржийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, шанаан тус газар цохиж унаган “дагз ясны шугаман, самалдаг ясны хугарал, дух, чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дух чамархайн дэлбэнгийн няцралт, дагзны хуйхны цус хуралт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэд 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бээс 2.085.760 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэгт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэг нотлох баримтгүй бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Ц.Б нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр миний бие болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдэж, хүний амь хохироосон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй. Тухайн үед хохирогч над руу агсан тавьж, дайраад байхаар нь цохиж унагаачихаад явсан нь үнэн. Хохирогчийн ар гэрийнхэнд хохирол гомдлыг бүрэн барагдуулж өгнө. Одоо миний бие нь хөгшин настай аав, ээж, 9 настай охинтойгоо Баянхонгор аймгийн Богд суманд амьдардаг. Хот орж ажил хийж, ар гэрээ тэжээх зорилготой хотод ирээд ийм хэрэгт холбогдлоо. Эцэг болон аав, ээжийн хүүгийн үүргээ биелүүлж, ажил хөдөлмөр хийж, ар гэрээ тэжээж, асран хамгаалах ёстой байтал энд байгаадаа маш их харамсаж байна. Аав, ээж хоёр маань настай хүмүүс байдаг болохоор өөрсдийгөө болон охиныг минь асрахад бэрх болоод байгаа учир эндээс хурдан гарч гэр бүлээ авч явах хүсэлтэй байна. Иймд ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан 12 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргадаггүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэг тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдсон. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хорих ял оногдуулсан. Тухайн зүйл нь 8-15 жилийн хорих ялын санкцтай. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 12 жилийн хорих ял нь Ц.Бийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна.

 Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны баруун хойд талд, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед Д.Сандагдоржийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, шанаан тус газар цохиж унаган “дагз ясны шугаман, самалдаг ясны хугарал, дух, чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дух чамархайн дэлбэнгийн няцралт, дагзны хуйхны цус хуралт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18, 121-124/,

 

“Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай цамцанд 90 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2219 тоот /хх 59-60/,

 

“Талийгаачид дагз ясны шугаман, самалдаг ясны хугарал, дух, чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дух, чамархайн дэлбэнгийн няцралт, дагзны хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу арагш савж унахад үүснэ. Дагз, самалдаг яс хугарч дух, чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас нас баржээ. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 945 тоот /хх 67-69/,

 

“Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үйлдэгдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй, хэрэг хариуцах чадвартай” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 779 тоот /хх 151-153/ гэх дүгнэлтүүд,

 

гэрч М.Баярмагнайгийн “...Миний харахад бол Сүхээтэй /Батсүх/ маргаад байсан. Нэг мэдсэн талийгаач газар хэвтэж байсан. ...” /хх 25-26, 27-28, 42-44/,

 

гэрч  Н.Ариунболдын “...Сүхээ /Батсүх/ гэгч талийгаач залуугийн шанаа руу хүчтэй цохиод газар унагасан. Талийгаач цохиулаад газар унаад хөдлөхгүй байсан. Би талийгаачийг хөдлөхгүй байхаар нь очих гэсэн боловч айгаад байсан болохоор ойртолгүй шууд явсан. ... /хх 40-41/,

 

гэрч Д.Түмэнбаярын “...нилээн орой 22 цаг өнгөрч байхад би 31 дүгээр байрны жижүүр Жавзаатай хамт ирж үзэхэд нэг хүн байсан. Яг доошоо харсан чигтээ хурхираад унтаад байсан. Тэгээд өглөө нь харахад яг оройны байрлалаар хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 14-18/ болон яллагдагч Ц.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 91-94/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж" гэдэг нь хохирогч бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй үйлдэл бүхий эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ойлгож мэдсэн бөгөөд тэрхүү нөхцөл байдлыг далимдуулж буюу зориуд ашиглан хүнийг алсан ухамсарт үйлдлээр илэрдэг.

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдалд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдал хамаардаг.

 

Хохирогч Д.Сансардорж нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шинжээчийн 945 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон боловч тухайн хэрэг гарах үед тэрээр идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж бусадтай марган агсамнаж, хэрүүл маргаан үүсгэн өөрийгөө хамгаалах чадвартай байсан болох нь гэрч М.Баярмагнайн "...Сансардорж хүмүүс рүү чамаас айхгүй гэж агсан тавьсан..." гэсэн мэдүүлэг /хх 28/, шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн "...би талийгаачид хандаад би таныг танихгүй юм байна, та яв гэсэн чинь талийгаач “чи муу нохойн гөлөг хэн юм бэ, энийг чинь алчих уу Магнай" гээд над руу дайраад байсан. Би тэр үед “чамайг би танихгүй" гээд бид хоёр маргаад би баруун гараараа талийгаачийн толгой руу нэг удаа цохисон чинь талийгаач хойшоо саваад унасан..." /хх 93/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Бийг амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж алсан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Бэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “Ц.Бэд холбогдох хэргийг зүйлчилэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Мөн, анхан шатны шүүх нь шүүгдэгч Ц.Бэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Бийн “...хорих ялыг хөнгөрүүлж өгөх...”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                    

                    

                        ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                ШҮҮГЧ                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ