Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0618

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И ө” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Ө аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Б

Нэхэмжлэгч: “И ө” ХХК

Хариуцагч: Ө аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Б

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0025 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 121/2024/0026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И ө” ХХК-иас Ө аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Бд холбогдуулан “Ө аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 044296 дугаар тоот актыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0025 дугаар шийдвэрээр:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.11 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “И ө” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Ө аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0044296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

            3.1. “... би 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн В.Бээс гаргасан гомдол мэдээллийн дагуу “И ө” ХХК-нд холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсний дагуу мөн хуулийн 2.4-т зааснаар зөрчлийн хэрэг нээх эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэн саналыг Ө аймгийн Прокурорын газрын зөрчлийн ахлах прокурорт хүргүүлэн ажилласан.

Зөрчлийн ахлах прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээх тогтоолыг хянаад Зөрчлийн хэрэг нээж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг тоолно” гэсний дагуу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2624000390 дугаартай зөрчлийн хэрэг нээж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу хуулийн хугацаанд ажиллагааг явуулан 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №0044296 дугаартай зөрчлийн шийтгэлийн хуудас үйлдэн зөрчлийн оролцогч нарт танилцуулан “И ө” ХХК-ийн захирал Б.И, өмгөөлөгч Б.Х нарт гардуулан өгсөн.

            3.2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т “Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн:

            “И ө” ХХК нь 2022 оноос эхлэн харилцах данснууд нь Татварын газрын битүүмжлэлтэй байсан. Тухайн компанийн орлого, зарлагыг нотлох боломжгүй. Мөн 2023 оны 06 дугаар сард Улаанбаатар хотын Худалдаа хөгжлийн банканд “И ө” ХХК-ийн нэр дээр данс нээлгэсэн боловч Татварын газарт тухайн дансыг бүртгүүлээгүй санаатай нуусан.

            3.3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг баримтлан ажиллаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.1, 17.3.2, 17.3.3, 17.3.4-т тус тус заасны дагуу татвар суутган төлөгч нь тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгож, мэдээллийг тухай бүр бүртгэж явах ёстой.            

            Гомдол гаргагч В.Бийн хувьд орон сууцны захиалгын гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болон ипотекийн зээлээр төлбөр тооцоог бүрэн гүйцэт төлж барагдуулсан. Ямар нэгэн төлөгдөөгүй төлбөр тооцоо үлдээгүй байхад төлбөрийн баримтыг хэвлэж өгөөгүй хохироосон үйлдэл нь зөрчлийн хуульд зааснаар хариуцлага тооцох үндэслэл бүрэн хангагдсан гэж үзэж байна.

            Иймд Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлгээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгчээс “Ө аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 044296 дугаар тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ ... В.Б нь үнийг бүрэн төлөөгүйгээс түүнд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгоогүй, ... зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 2 хоног хугацаа алдаж шийтгэл ногдуулсан, ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн, ... гомдол гаргах шүүхийг эрүүгийн шүүх гэж төөрөгдөлд оруулсан” гэж, хариуцагчаас “... В.Б болон “И ө” ХХК нарын дунд ямар нэгэн талбар тооцооны маргаан байгаагүй, ... зөрчлийн удирдах албан тушаалтан буюу дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч хяналт тавьсан прокурор, аймгийн ерөнхий прокурорын хяналт шалгалтаар зөрчлийн шинжтэй хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг өгсөн ...” гэж тус тус тайлбарлан маргажээ

            3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Ө аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0044296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            4. Дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            4.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно”, 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж тус тус заасан.

            4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг нийт 58 хоногийн дотор явуулж, уг хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тухайлан зохицуулсан байна.

4.3. Хэрэгт авагдсан Зөрчлийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор[1] 2426000390 дугаар зөрчлийн хэргийг нээсэн байна. Уг хугацаанаас тооцвол зөрчлийн хэргийг шийдвэрлэж дуусах 58 хоногийн хугацаа 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болохоор байх бөгөөд уг хугацаа дууссан бол дээрх хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна.

            Дээрх хуульд зааснаар Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн сунгахаар байтал Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[2] зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 14 хоногоор, Ө аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай” 13 дугаар тогтоолоор[3] зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан буюу тухайн хэрэг бүртгэлтийн хугацааг тогтоол гаргаж байгаа өдрөөр бус харин хэд хоногийн дараагийн өдрөөс эхлэн сунгасан нь ойлгомжгүй, зөрчлийн хэрэг бүртгэлт нээсэн өдрөөс хэрэг бүртгэлт явуулах хуулийн зохицуулалтад нийцээгүй, уг хуульд нийцээгүй хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан шийдвэрт үндэслэн  шийтгэлийн хуудсыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно” гэж заасантай нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүх “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн” гэж маргасныг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу биш байх тул  хариуцагчийн “... ажиллагаа хийсний дараа прокурор зөрчлийн хэрэг нээхгүй юу гэдгийг бүртгэлдээ бүртгэхийн тулд материалыг шалгаад 05 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэргийг нээсэн. Энэ нь программ дээр 57 хоногт шийдвэрлэгдсэн гэж байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлгээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            4.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “"төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж тус тус заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрт нь төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгохоор хуульчлан заасан байна.

            4.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “И ө” ХХК нь иргэн В.Бтэй 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, орон сууцны нийт үнэ 140.231.000 төгрөгийг гэрээ хийх үед 25.000.000 төгрөг, барилга ашиглалтад орохоос өмнө 17.069.300 төгрөг, барилга ашиглалтад орсны дараа 98.161.700 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.

            4.6. Гомдол гаргагч В.Б нь “И ө” ХХК-ийн захирал Б.И болон түүний эхнэрийн 5301042262, 5300338328 дугаарын дансанд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 9.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 42,000,000 төгрөг төлж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хасбанкнаас 98.161.700 төгрөгийн ипотекийн зээл авч захирал Б.Иийн дансанд шилжүүлсэн байна.

            4.7. Хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн “И ө” ХХК нь  В.Бтэй байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүхэлд нь шилжүүлсэн бол дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй.

            4.8. Анхан шатны шүүхээс “... орон сууц захиалгаар бариулсан иргэн төлбөрөө төлсөн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд “И ө” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар төлбөрийн баримтыг хэвлэж өгөх эсхүл цахимаар илгээх үүрэг хүлээнэ. Тодруулбал, дээрх хуулиар борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээхийг татвар төлөгч аж ахуйн нэгжид үүрэгжүүлсэн байхад гомдол гаргагч “И ө” ХХК нь хуулиар хүлээсэн төлбөрийн баримт хэвлэж өгөх, цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, “И ө” ХХК-аас энэхүү дүгнэлттэй холбогдуулан гомдол гарган маргаагүй байна.

            4.9. Түүнчлэн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дараа В.Бт төлбөрийн баримтыг олгосон, ... иргэний шүүх дээр хянан хэлэлцэгдэж буй маргаан нь тухайн байрны үндсэн төлбөртэй холбоогүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой” гэж тайлбарласныг, хэрэв “И ө” ХХК-аас төлбөрийн баримт олгоогүй тохиолдолд иргэн В.Б эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандах, улмаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангуулахаар холбогдох этгээдэд шаардлага гаргах эрх нь нээлттэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

[1] Зөрчлийн хэргийн 33 дахь тал

[2] Зөрчлийн хэргийн 44 дэх тал

[3] Зөрчлийн хэргийн 104 дэх тал