Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0468

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ж.С  /РД: ***************/

Нэхэмжлэгч: “Ү” ХХК /РД: ***************/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Хаяг: ***************

Нэхэмжлэлийн шаардлага: “Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С гийн нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэлгүйгээр төлүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5,880,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс буцаан гаргуулж, Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С д 2,793,000 төгрөг, “Ү” ХХК-д 3,087,000 төгрөгийг тус тус олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ү ББСБ” ХХК, ОХУ-ын иргэн А.Ж.С  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С  нь 1988 оноос Монгол улсад амьдарч байгаа ба Монгол улсад байнга оршин суугч юм . Би “Ү ББСБ” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Дээрх хугацаанд харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлж , нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөөр ирсэн.

... Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх , ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай" хуулийг баталсан. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Журам батлах тухай” 140 дүгээр тогтоол гаргаж уг тогтоолын хавсралтаар “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам" баталсан.

Дээрх шийдвэрийн дагуу “Ү” ХХК нь өөрийн ажилчдаа нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулахаар Баянзүрх дүүргийн нийгмийн нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч хариуцсан улсын байцаагч Х.А нь дээрх хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төсвийн байгууллага, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн тухайн төсөл хөтөлбөрийн санхүүжилтээс хөдөлмөрийн хөлс авч байгаа даатгуулагч, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн хамаарахгүй талаар хуульчилсан тул “Ү" ХХК-ийн Ерөнхий захирал, Оросын Холбооны Улсын иргэн Ж.А нь хуулийн үйлчлэлд хамрагдахгүй байгаа талаар хэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн билээ.

Гэвч Монгол Улсын Их хурлаар баталсан дээрх хууль болон Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор гадаадын иргэн буюу Оросын Холбооны Улсын иргэнийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд Монгол Улсын иргэнээс ялгаварлан хамруулах нь Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж байгаа юм. 1981 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулагдаж, тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэхүү хэлэлцээрт зааснаар нийгэм хангамж гэж хэлэлцэн тохирогч талуудын хууль тогтоомжид заасны дагуу БНМАУ-ЗСБНХУ улс хоршоолол болон олон нийтийн бусад байгууллагаас иргэдэд өвчлөх, жирэмслэх ба амаржих, өндөр наслах, тахир дутуу болох, мөн түүнчлэн тэжээгчээ алдах буюу бусад тохиолдолд үзүүлж байгаа хангамжийн бүх төрлийг хэлнэ”, 2 дугаар зүйлд “Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хэлэлцэн тохирогч аль нэг тал нь нутаг дэвсгэр дээрээ байнга оршин суугаа хэлэлцэн тохирогч нөгөө талын иргэдийн нийгэм хангамж болон хөдөлмөрийн харилцааны бүх асуудлаар өөрийн иргэдтэй адилаар үзнэ” гэж тохиролцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж хуульчилсан. Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон тоо бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог хэлнэ” гэжээ. Үүнээс үзвэл 1981 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан “Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр" нь Монгол Улсын олон улсын гэрээ мөн тул түүнийг дагаж мөрдөх нь Монгол улсын гэрээгээр хүлээх үүрэг юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж хуульчилсан. Энэ хууль нь Монгол улсад нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан ерөнхий хууль бөгөөд энэ хуулиар нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн үндсэн зорилт оршино.

Иймд дээрх үндэслэлээр Оросын Холбооны Улсын иргэн Ж.Аы нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэлгүйгээр төлүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5,880,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс буцаан гаргуулж Оросын Холбооны Улсын иргэн Ж.Ад 2,793,000 төгрөг , “Ү” ХХК-д 3,087,000 төгрөгийг тус тус олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Оросын Холбооны Улсын иргэн Ж.А-ыг Монгол улсын иргэнтэй нэгэн адил үзэж, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй байсан. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Монгол улсын олон улсын хэлэлцээрийг зөрчиж, Оросын Холбооны Улсын иргэн Ж.А-ын нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн үйлдлийн талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандаж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан боловч, уг гомдлыг хянаж үзээд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам” -ын 1 дүгээр зүйлийн 1.2-т Монгол Улсын иргэн-даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр заасан тул гадаад улсын иргэнд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүлйин 15.1 , 15.5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, сар бүр төлнө гэж гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. Харин нийгмийн даатгалын шимтгэлээс мөн чөлөөлөх үндэслэлтэй талаар бидний гаргасан үндэслэлийг няцаасан хариулт өгөөгүй...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилдгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 1 дүгээр зүйлд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/ гэж заасан байх тул “Ү” ХХК-ийн захирал Ж.А нь тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

... Тухайн гэрээнд “Ү” ХХК нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан учраас хамаарахгүй байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлын даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын 1.2-т аж ахуй нэгж байгууллага иргэн нь Монгол Улсын иргэн гэж заасан учир тухайн иргэн хамрагдахгүй. Харин “Ү” ББСБ нь хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдаад ажилчдад нь 200 мянган төгрөгний дэмжлэг үзүүлж байгаа. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 784 албан тоот чиглэлд зөвхөн Монгол Улсын иргэн хамрагдана гэж заасан байдаг...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С  болон “Ү” ББСБ-аас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэлгүйгээр төлүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5,880,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс буцаан гаргуулж, Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С д 2,793,000 төгрөг, “Ү” ХХК-д 3,087,000 төгрөгийг тус тус олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Маргаан үйл баримтаас үзвэл Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хууль баталсантай холбогдуулан энэ хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр  “Журам батлах тухай” 140 дүгээр тогтоолоор “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журмыг баталжээ.

            Харин дээрх хуулийн 1 дүгээр зүйлд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно”.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр  “Журам батлах тухай” 140 дүгээр тогтоолоор баталсан журмын нийтлэг үндэслэлийн “...Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага болон даатгуулагч-Монгол Улсын иргэн (“цаашид даатгуулагч” гэх)...нийгмийн даатгалын шийтгэлийг чөлөөлөх,...харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална...” гэжээ.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан хууль болон журам нь зөвхөн Монгол Улсын иргэнд үйлчлэхээр байх ба нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С  уг хуулийн үйлчлэлд хамрагдахааргүй байна.

Түүнчлэн “Ү” ББСБ-ын захирал Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 1981 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн ерөнхий заалтын 1-д “Энэхүү хэлэлцээрээр нь хэлэлцэн тохирогч талуудын хууль тогтоомжоор иргэдэд үзүүлж байгаа буюу үзүүлэх нийгэм хангамжийн  бүх төрлийг хамаарна.2-т Энэхүү хэлэлцээрт заасан “нийгэм хангамж” гэж хэлэлцэн тохирогч талуудын хууль тогтоомжид заасны дагуу “БНМАУ-ЗСБНХУ-ын “улс хоршоолол болон олон нийтийн бусад байгууллагаас иргэдэд өвчлөх, жирэмслэх ба амаржих, өндөр аслах, тахир дутуу болох, мөн түүнчлэн тэжээгчээ алдах буюу бусад тохиолдолд үзүүлж байгаа бүх төрлийн хангамжийг хэлнэ” гэжээ.

Монгол хэлний их тайлбарт тольд “нийгэм хангамж” гэдгийг “хөдөлмөрийн чадвараа алдах, өндөр насны тэтгэвэрт гарах, асрамжлах хүнгүй болох зэрэг үед улсаас тэтгэн туслах зардал төсөв” гэж тайлбарласан[1].

Энэхүү тайлбар болон “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн цар хүрээ, агуулгыг нягтлан үзэхэд энэхүү маргааны үйл баримт болох “нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх” тухай асуудлыг зохицуулаагүй. Зөвхөн “нийгэм хангамж”-ийн зардлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 “/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн”, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч Ү” ББСБ болон Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С  нараар төлүүлсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн.

Уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйлгүй тогтоогдохгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3,106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С  болон “Ү” ББСБ-аас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэлгүйгээр төлүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5,880,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс буцаан гаргуулж, Оросын Холбооны Улсын иргэн А.Ж.С д 2,793,000 төгрөг, “Ү” ХХК-д 3,087,000 төгрөгийг тус тус олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТБААТАР