Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221    

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр               2022/ШЦТ/221                         Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Энх-Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч З.Алдарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар З.Алдарбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230002480267 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын  02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Төмөртэйн 24-04 тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар З.Алдарбаярыг хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан З.Алдарбаярт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр З.Алдарбаярыг 4 сар баривчлах ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/107 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар З.Алдарбаярт оногдуулсан 6 сар 26 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явах, гарахыг хориглох хязгаарлалт тогтоох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж  дээрх 2 ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон,

Хатиган овогт Зоригоогийн Алдарбаяр /РД:ЛЗ94011612/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч З.Алдарбаяр нь 2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт 7 дугаар багийн Залуус хотхоны 3-11 тоотод зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хохирогч Д.Борын 11.24 грамм алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч З.Алдарбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 08 сарын 04-ний шөнө найз Палам, түүний хоёр найзтай нь 2 шил архи, пиво уугаад тасарсан байсан. Тэр байранд манай цэцэрлэгийн багш нар байдаг. Би тэд нарынх руу орох гэж байгаад андуурсан уу, яасан, би тийм хэрэг хийсэн байсан. Тэжээлийн байр руу найзыгаа хүргэж өгснөө санаад, түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Айл руу орсноо мэдээгүй.Ийм хэрэг хийснээ тэр өдрөө мэдээгүй, маргааш нь мэдсэн. Би тамхи татах гээд халаасаа ухахад гялтганасан гинж гараад ирсэн. Би тухайн үед цагдаа руу утсаар хэлэх гэсэн боловч айгаад хэлж чадаагүй, маргааш нь манай цэцэрлэг рүү цагдаа ирэхээр нь гинжийг өгсөн. Би авсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь буцаагаад өгсөн.Хэрэг хийсэндээ маш их харамсдаг. Би сүрьеэ өвчтэй, биеийн байдал дунд зэргийн байгаа. Энэ бүхнийг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...гэв.

 

2230002480267 дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч З.Алдарбаярын яллагдагчаар өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус аймгийн төвд байх 9 дүгээр цэцэрлэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан.Тухайн өдрийн орой 21 цагийн үед шиг санаж байна, Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхонд байх “Түшиг” 8 нэрийн хүнсний дэлгүүр рүү пиво авахаар ороход тухайн дэлгүүрт 3-р цэцэрлэгийн жижүүр Палам ах жижүүр “Хараа” нэртэй 0.75 литрийн архи аваад байж байсан.Тэгэхээр нь би тухайн дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад Палам ах бид хоёр тухайн дэлгүүрээс гарахад араас танихгүй хүүхэд гарч ирсэн. Тухайн хүүхдийг орой болсон хойно юу хийж байгаа талаар асуухад манай гэр “Түшиг” дэлгүүр гэж хэлээд та хоёртой цуг явъя гэж хэлэхээр бид хоёр тухайн дэлгүүрийн эзний хүүхдийг дагуулаад тус байрны сааданд тус архи, пивыг бид хоёр л уусан.Архи ууж байхад Палам ах манай найз одоо ирж байгаа гэж байсан бөгөөд Палам ахын найз нь удалгүй ирээд бид гурав архи, пиво ууж дууссаны дараа дахин Экс нэртэй 0.75 литрийн архийг бид гурав хувааж ууж дуусахад Палам ах уусан архи, пивондоо согтохоор нь тухайн хүнийг ажил дээр нь хүргэж өгсний дараа Палам ахын найзыг нь хүргэж өгөөд дүү бид хоёр талбай дээр буугаад буцаад Залуус хотхоны гадаа ирсэн.Тэгээд би “Түшиг" дэлгүүрийн эзний хүүхдийг ахын дүү одоо гэртээ ор, ах нь гэртээ орлоо гэж хэлээд тухайн хүүхдийг явуулсан.Тэр хүүхдийг танихгүй, тухайн хүүхэд Палам ах бид хоёрт өөрийнхөө нэрийг хэлж байсан боловч одоо танихгүй, мэдэхгүй байна.

Тэгээд хэсэг хугацаанд юу болсныг одоог хүртэл санахгүй байна, ямар ч байсан өмднийхөө халаасанд гараа хийгээд тамхи аваад татах гэхэд тамхитай хамт гялалзсан гинж гарч ирсэн.Хэсэг хугацаанд уусан архиндаа согтоод хаанаас ямар айлаас ороод юу авснаа мэдэхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй, мөн хүний өмнөөс жижүүрт гарч байсан учраас санаа зовоод хэлээгүй, тэгээд би ажил дээрээ очоод унтсан.Хэд хоногийн дараа тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Нямдорж над руу залгаад дуудахаар нь болсон асуудлын талаар хэлээд мэдүүлэг өгсний дараа гинжийг өөрийн сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн.Би уг үйлдлийг хийсэндээ маш их гэмшиж байна.Яагаад гэвэл архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ булчингүй үйлдэл гаргаж айлын гэрээс хулгай хийсэн байна.Тэрнээс хэн нэгэн хүн миний хайлаасанд юм уу, эсвэл надтай хамт уг гэмт хэргийг үйлдсэн хүн байхгүй.Иймд би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-87-88/

 

- Хохирогч Д.Борын “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхоны 3 давхарт 11 тоотод хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Би байнга том өрөөнийхөө ширээний наагуур газар унтдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө унтаж байхад 02 цаг 20 минутын үед том өрөөний шилэн сервантны хажууд хүн зогсож байхаар нь гайхаад хүү Сүхбаатарыг юм болов уу гэж бодоод “Сүхээ чи дуудлагад явах гэж байгаа юм уу. Хашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуухад үг дуугарахгүй гэрээс гараад явчихаар нь би гаднын хүн байна гэдгийг мэдээд хүү Сүхээгээ дуудаж сэрээгээд араас нь явуулсан юм. Манай хүү Сүхээ тухайн хүнийг олоогүй ирсэн бөгөөд өглөө нь эд зүйлсээ бүртгэж үзэхэд том өрөөний шилэн сервантны дээд талын дамнуурга дээр байсан миний алтан гинжийг алга болсон байсан юм ” гэх мэдүүлэг /хх 31-32х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн “...алтан гинж байсан гэх хүрэн өнгийн, шилэн хаалгатай, өндөр шүүгээний шилэн тавцанг 2 дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар баталгаажуулав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-8х/,

 

- Гэрч С.Номингоос гаргаж өгсөн “Наран” зоогийн газар болон “Түшиг” дэлгүүрийн камерын бичлэгт гарсан этгээдийг харьцуулсан зураг /хх 9-10х/,

 

- Хяналтын камерт үзлэг хийсэн “...1 дугаартай хяналтын камер нь “Наран” нэртэй зоогийн газрын гаднах үүдний хэсгийг мөн Залуус хотхоны 3-р байрны цементен авто зогсоолын хэсгийг харуулсан дүрс бичлэг байв. Уг дүрс бичлэгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02 цаг 15 минут 10 секундэд “Наран” зоогийн газрын үүдний явган хүний замаар ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш чиглэлтэй, туранхай, үсээ баруун тийшээ самнадаг, бөөрөнхий захтай цамцтай, нарийн жинсэн өмдтэй, ботинкон гуталтай эрэгтэй хүн өнгөрч яваад 02 цаг 25 минут 17 секундэд тус зоогийн газрын үүдний явган хүний замаар ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун тийшээ чиглэлтэй явж өнгөрсөн дүрс бичлэг бичигдсэн байна. Уг үл таних хүнийг өнгөрснөөс хойш 6 минутын дараа буюу 02 цаг 31 минут 21 секундэд хохирогч Д.Борын төрсөн хүү болох Ж.Сүхбаатар нь зүүн талаасаа баруун тийшээ чиглэлтэй өнгөрч явсан дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл /хх 11х/,

 

- Гэрч А.Мөнх-Оргилын “...Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед ээж аавтайгаа муудчихаад гэрээс гарч байтал дэлгүүрийн гадаа нэг шил архи барьчихсан үл таних хоёр ахтай тааралдсан. Тэгээд би архийг нь бариад 1 дүгээр сургуулийн урд талын саадад очиход архийг нь өгчхөөд явах гэтэл “дүү наашаа суу” гээд танилцсан. Бид гурав нэг шил “Хараа” нэртэй архи уугаад сууж байтал Доржпаламын ахын найз болох Буянаа гэх ах ирсэн. Удалгүй нэг шил архи нь дуусахад Доржпалам, Алдараа ах хоёр яваад нэг шил “Экс” нэртэй архи авчраад бид дөрөв шүүхийн баруун тал байх уурын зуухны ойролцоо гадаа уусан. Тэгтэл Доржпалам ах согтоод бөөлжөөд байхаар нь Доржпалам ахыг би 3 дугаар цэцэрлэг рүү нь хүргэж өгөөд ирсэн. Ирэхэд Буянаа, Алдараа ах хоёр 2,5 литрийн том пиво худалдаж авсан байсан. Тэгээд бид гурав Бурхантай хөшөө рүү гарч уг пивыг уучхаад Буянаа ахыг хүргэж өгөхөөр болж талбайгаас такси бариад таван шард ирээд Буянаа ахыг буулгаад тус такситайгаа буцаад Алдараа ах бид хоёр талбай дээр ирээд буусан. Алдараа ахтай цуг талбайгаас Залуус хотхон хүртэл алхаад явж байхад Алдараа ах “манайх Залуус хотхонд байдаг. Эхнэр хотоос ирж байгаа” гэхээр нь би “танайд хүн байгаа юм уу” гэхэд “ээж, ах, дүү нар байгаа” гэж хэлж байсан. Тэгээд Алдараа ахаас Залуус хотхоны голын байрны урд талаас салсан. Би гэр лүүгээ архи үнэртүүлчхээд орохоосоо айгаад найз руугаа чат бичихэд 02 цаг 10 минут орчим болж байсан. Манай найз гэртээ хонуулах боломжгүй гэхээр нь шууд гэр лүүгээ орсон. Маргааш өглөө нь байрны таньдаг эгч болох С.Номин манай дэлгүүрээр орж ирээд “урьд шөнө 02 цаг өнгөрч байх үед манай гэрт хулгай ороод эмээгийн алтан гинжийг хулгайлсан байна. Байрны нэг давхарт байх “Наран” зоогийн газрын камерын бичлэгт иймэрхүү хүн бичигдсэн байна. Өчигдөр танайхаар ийм хүн орж ирсэн үү” гээд гар утаснаасаа “Наран” зоогийн газрын үүдээр алхаж байгаа хүний бичлэгийг үзүүлсэн. Тухайн бичлэгийг үзээд Алдараа ах байна гэдгийг нь баруун тийшээ самначихсан үс засалт, гутал, юүдэнгүй цамц, бариу жинсэн өмд, биеийн ерөнхий байдлаар таньж Номин эгчид хэлсэн. Тэгээд дэлгүүрийн өмнөх өдрийн 21 цагийн үеийн Алдараа ах, Доржпалам ах хоёрын орж ирсэн камерын бичлэгийг үзүүлж Алдараа ахын гуталтай тулгаж харуулсан. Уг бичлэгийн зургийг Номин эгч гар утсан дээрээ дараад явсан” гэх мэдүүлэг /хх 36-37х/,

 

- Гэрч Б.Доржпаламын “...Би З.Алдарбаяртай ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн холбоогүй. Өмнө цэцэрлэг рүү нь юм оруулж өгч байхдаа танилцаж байсан, танилын харилцаатай хүмүүс байгаа юм. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар цэцэрлэгт жижүүрийн ажил хийдэг юм. Манай цэцэрлэг нь Залуус хотхоны баруун урд талд байрладаг юм. Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр жижүүр гарч байсан. Би тус өдрийн орой 21 цаг өнгөрч байх үед Залуус хотхоны “Түшиг” нэртэй дэлгүүрээс 0.5 литрийн 1 шил “Хараа” нэртэй архи аваад найз Буянаатай ууна гэж бодож байтал дэлгүүр дотор Алдарбаяртай тааралдсан. Тэгээд Алдраатай цуг уухаар болж дэлгүүрээс гартал дэлгүүрийн гадаа тус дэлгүүрийн эзний хүү болох Оргилтой тааралдсан юм. Оргил “ээж, аавтайгаа муудчихсан бухимдалтай явж байна. Ах нартай цуг хань болж явъя” гээд цуг явсан. Тэгээд 1 дүгээр бүрэн дунд сургуулийн урд талын саадад нэг шил архи ууж байтал манай найз Буянаа ирсэн. Удалгүй архи дуусахад Алдараа намайг дагуулж яваад цэцэрлэгийнхээ ойролцоо очиход орчхоод гараад ирье гээд явсан. Удалгүй Алдараа нэг шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи авч гарч ирсэн. Тэгээд бид дөрөв шүүхийн баруун талд байх уурын зуухны ойролцоо гадаа нэг шил архиа уусан. Тэгээд би 22 цаг өнгөрч байх үед 3 дугаар цэцэрлэг рүүгээ ороод үлдсэн. Өөр надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 34х/,

 

- Гэрч У.Буянтогтохын “...Би З.Алдарбаяр, Мөнх-Оргил гэх хоёр хүнтэй ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн холбоогүй. 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой л анх удаа уулзаж байсан. Харин Доржпаламтай өмнө цуг Номинд ажиллаж байсан найз байгаа юм. Намайг 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байх үед найз Доржпалам дуудаад уулзъя гэсэн. Тэгээд нэгдүгээр сургуулийн саадад ирэхэд Доржпалам хоёр танихгүй хүнтэй сууж байсан, архи бараг дуусч байсан. Намайг очсоны дараа сургуулийн зүүн талын уурын зуухны ойролцоо очиж суусан. Доржпалам, Алдараа хоёр яваад нэг шил “Экс” нэртэй архи авч ирсэн. Уг архийг ууж дуусахад Доржпалам сууж өгөөд согтоод байхаар нь дүүг ажил руу нь оруулаад өг гээд цуг явуулсан. Тухайн үед Алдараа хүнтэй утсаар яриад таксинаас 2,5 литрийн том пиво авчруулсан. Тэгээд Оргил, Алдараа бид гурав Дөрвөлжийн Бурхантай хөшөө рүү гарч уг нэг том пивоо уучхаад талбай орж такси бариад намайг таван шард байх гэрт буулгаж өгсөн. Намайг гэрт буухад шөнийн 12 цаг өнгөрч байсан шиг санаж байна. Намайг буулгаж өгөөд Оргил,Алдараа хоёр буцаад такситайгаа явсан. Ер нь бол Паламаас бусад нь нээх их согтоогүй байсан ” гэх мэдүүлэг /хх 39х/,

 

- Гэрч Ж.Сүхбаатарын “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхоны 3-11 тоотод гэр бүлийн хамт амьдардаг юм. Манай байр нь 3 өрөөтэй 1 өрөөнд нь эхнэр бид хоёр, нөгөө жижиг өрөөнд хүүхдүүд, том өрөөнд ээж Бор, ах Базаргүр нар унтдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 02 цаг 20 минутын үед ээж намайг сэрээгээд “сая гэрт хулгайч ороод гарлаа чи араас нь яваадах” гэсэн. Би хувцсаа өмсөөд машиныхаа түлхүүрийг хайгаад араас нь нэлээн удаж байгаад гарсан. Намайг гараад очиход гадаа ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд би байрны баруун талд байх машинаа унаад “Номин” дэлгүүрийн уулзвар ороод буцаад 3 дугаар цэцэрлэгийн уулзвараар засмал дагуу явахад ямар нэгэн хүн явж байгаа харагдаагүй. Би өөр өрөөнд унтдаг болохоор гэрт орж ирсэн хулгайчийн царай зүсийг огт хараагүй. Маргааш нь өглөө байрны нэг давхарт байх “Наран” зоогийн газрын камерын бичлэгийг шалгахад 02 цаг 25 минутын үед “Наран” зоогийн газрын урд талын явган хүний замаар туранхай, үсээ баруун тийшээ самнасан, бөөрөнхий захтай цамцтай, батинкан гуталтай үл таних эрэгтэй хүн өнгөрч явсан байсан. Уг бичлэгээс хойш 5 минут орчмын дараа миний тамхи асаагаад машин руу явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Би охин Номингийн хамт “Наран” зоогийн газрын дүрс бичлэгийг бичиж аваад манай охин Номин байрны “Түшиг” дэлгүүрээс камерт бичигдсэн хүнийг асуухад уг дэлгүүрийн эзний хүү Оргил орой нь цуг явж байсан ах мөн байна гэж таньсан гэсэн. Тэгээд “Түшиг” дэлгүүрээр өмнөх өдрийнх нь орой үйлчлүүлсэн хүн болон “Наран” зоогийн газрын камерт бичигдсэн хүнийг харьцуулж авсан зургаа харуулж байсан” гэх мэдүүлэг /хх 41х/,

 

- Гэрч С.Номингийн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхоны 3-11 тоотод гэр бүлийн хамт амьдардаг юм. Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед гэр лүүгээ хамгийн сүүлд нь орсон юм. Орохдоо гэрийнхээ хаалгыг түгжээгүй үлдээсэн юм шиг байна лээ. Манай гэрийн хаалга нь түгжээгүй тохиолдолд гадна дотроосоо дараад шууд нээгдэнэ. Би дүүтэйгээ гэрийнхээ жижиг өрөөнд унтдаг. Аав, ээж хажуу талын жижиг өрөөнд унтдаг. Харин эмээ, аавын ах нар том өрөөнд унтдаг юм. Шөнийн 02 цаг өнгөрч байх үед гэрийнхэн бужигнаад байхаар нь сэрэхэд эмээ “гэрт хулгайч ороод гарлаа” гэж байсан. Аав машиныхаа түлхүүрийг хайгаад араас нь хэдэн минутын дараа гарсан. Аав тухайн хүнийг олоогүй ирсэн. Гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзэхэд том өрөөний сервантан дотор байх эмээгийн алтан гинж алдагдсан байсан.  Маргааш өглөө байрныхаа нэг давхарт байрлах “Наран” зоогийн газрын камерын бичлэгийг шалгаж үзэхэд шөнийн 02 цаг 23 минутын орчимд “Наран” зоогийн газрын урд талаар туранхай, үсээ баруун тийшээ самнадаг, бөөрөнхий захтай цамцтай, жинсэн өмдтэй, үл таних эрэгтэй хүн өнгөрсөн бичлэг бичигдсэн байсан бөгөөд тухайн хүнийг өнгөрснөөс хойш 6 минут орчмын дараа буюу 02 цаг 29 минутад аав машин руу явж байгаа бололтой өнгөрч явсан дүрс бичлэг бичигдсэн байсан. Тухайн 6 минутын хугацаанд уг хүнээс өөр ямар нэгэн хүн камерт бичигдээгүй байсан. “Наран” зоогийн газрын камерын бичлэгийг гар утсан дээрээ бичиж аваад энэ хавиар ойролцоо амьдардаг хүн байж магадгүй гэж бодоод Залуус хотхоны “Түшиг” нэртэй дэлгүүрээс асуухад тухайн дэлгүүрийн эзний хүү болох Мөнх-Оргил уг бичлэгийг үзээд “урьд шөнө надтай цуг явж байсан ах мөн байна. Манай дэлгүүрээс найзтайгаа архи аваад гарч байсан” гээд надад дэлгүүрийнхээ 08 дугаар сарын 04-ний оройн 21 цаг 24 минутын бичлэгийг үзүүлэхээр нь би гар утсан дээрээ “Наран” зоогийн газрын бичлэгт бичигдсэн байсан хүнтэй харьцуулсан зураг дараад өмсөж явсан хувцас, биеийн байдлаар нь нэг хүн байна гэж таньсан. Надад одоо тухайн зураг нь байгаа. Би мөрдөгчид сайн дураараа тухайн харьцуулалт хийсэн зургаа хуулбарлаж гаргаж өгнө. Наран зоогийн газрын камерын бичлэг нь бодит цагаас 12 минутаар түрүүлж явж байсан” гэх мэдүүлэг /хх 44х/

 

- З.Алдарбаяраас эд зүйл хураан авсан “Цэцгэн хүрээтэй, дундаа цагаан шигтгээ кулонтой, шар өнгийн металл гинж” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-13х/,

 

- Хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан “...3 дугаараар дугаарласан зургийг хараад энэ миний алтан гинжийг хулгайлсан хүнтэй их төстэй байна, өөр зураг байна уу гэхэд З.Алдарбаярын цээж зургийг нэмэлтээр харуулахад хэрэг гардаг шөнө манай гэрт орж хулгай хийсэн залуу мөн байна” гэх тэмдэглэл /хх 17-24х/,

 

- Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022.08.16-ны өдрийн 2202342 дугаартай “11.24 граммын алтан гинжийн зах зээлийн үнэ 1.500.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-53-62/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.08.16-ны өдрийн 045 дугаартай 1.Шинжилгээнд ирүүлсэн №1,2,3 дугаартай 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт /хх-68-69/

 

  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14/

 

  • З.Алдарбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-91/

 

            - Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.26-ны өдрийн 114, 2020.05.04-ний өдрийн 107, 2015.11.05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-93-99, 103-106,107-109 /

 

            - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012.02.07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-102/

 

            - Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.09-ний өдрийн 1/969 дугаартай “З.Алдарбаярын албадлагын арга хэмжээ 2022.06.28-ны өдөр дуусгавар болсон” гэх албан бичиг /хх-110/

 

            - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн Засаг даргын 2022.09.09-ний өдрийн 282 дугаартай тодорхойлолт /хх-113/

 

  • З.Алдарбаярын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-114/

 

  • Сүрьеэгийн эмч Э.Энхжаргалын эмчийн тодорхойлолт /хх-133/

 

- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол  зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч З.Алдарбаяр нь 2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт 7 дугаар багийн Залуус хотхоны 3-11 тоотод нэвтэрч хохирогч Д.Борын 11.24 грамм алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч З.Алдарбаяр нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл явдлыг хүлээн зөвшөөрч “ямар ч байсан өмднийхөө халаасанд гараа хийгээд тамхи аваад татах гэхэд тамхитай хамт гялалзсан гинж гарч ирсэн.Хэсэг хугацаанд уусан архиндаа согтоод хаанаас ямар айлаас ороод юу авснаа мэдэхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй, мөн хүний өмнөөс жижүүрт гарч байсан учраас санаа зовоод хэлээгүй, тэгээд би ажил дээрээ очоод унтсан.Хэд хоногийн дараа тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Нямдорж над руу залгаад дуудахаар нь болсон асуудлын талаар хэлээд мэдүүлэг өгсний дараа гинжийг өөрийн сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн ” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Энэ нь хохирогч Д.Борын “...2022 оны 08 дугаар сарын 05-нд шөнө унтаж байхад 02 цаг 20 минутын үед том өрөөний шилэн сервантны хажууд хүн зогсож байхаар нь гайхаад хүү Сүхбаатарыг юм болов уу гэж бодоод “Сүхээ чи дуудлагад явах гэж байгаа юм уу. Хашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуухад үг дуугарахгүй гэрээс гараад явчихаар нь би гаднын хүн байна гэдгийг мэдээд хүү Сүхээгээ дуудаж сэрээгээд араас нь явуулсан юм. Манай хүү Сүхээ тухайн хүнийг олоогүй ирсэн бөгөөд өглөө нь эд зүйлсээ бүртгэж үзэхэд том өрөөний шилэн сервантны дээд талын дамнуурга дээр байсан миний алтан гинжийг алга болсон байсан юм ” гэх,

гэрч А.Мөнх-Оргилын “...Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Доржпалам, Буянаа, Алдараа гэх хүмүүстэй байрны гадна таарч  архи уусан. Алдараа ахаас Залуус хотхоны голын байрны урд талаас салсан. Би гэр лүүгээ архи үнэртүүлчхээд орохоосоо айгаад найз руугаа чат бичихэд 02 цаг 10 минут орчим болж байсан. Маргааш өглөө нь байрны таньдаг эгч болох С.Номин манай дэлгүүрээр орж ирээд “урьд шөнө 02 цаг өнгөрч байх үед манай гэрт хулгай ороод эмээгийн алтан гинжийг хулгайлсан байна. Байрны нэг давхарт байх “Наран” зоогийн газрын камерын бичлэгт иймэрхүү хүн бичигдсэн байна. Өчигдөр танайхаар ийм хүн орж ирсэн үү” гээд гар утаснаасаа “Наран” зоогийн газрын үүдээр алхаж байгаа хүний бичлэгийг үзүүлсэн. Тухайн бичлэгийг үзээд Алдараа ах байна гэдгийг нь баруун тийшээ самначихсан үс засалт, гутал, юүдэнгүй цамц, бариу жинсэн өмд, биеийн ерөнхий байдлаар таньж Номин эгчид хэлсэн. Тэгээд дэлгүүрийн өмнөх өдрийн 21 цагийн үеийн Алдараа ах, Доржпалам ах хоёрын орж ирсэн камерын бичлэгийг үзүүлж Алдараа ахын гуталтай тулгаж харуулсан. Уг бичлэгийн зургийг Номин эгч гар утсан дээрээ дараад явсан” гэх,

гэрч Б.Доржпаламын “...Би 2022 оны 08 дугаар сарын 04- орой 21 цаг өнгөрч байх үед Залуус хотхоны “Түшиг” нэртэй дэлгүүрээс 0.5 литрийн 1 шил “Хараа” нэртэй архи аваад найз Буянаатай ууна гэж бодож байтал дэлгүүр дотор Алдарбаяртай тааралдсан. Дэлгүүрийн гадаа тус дэлгүүрийн эзний хүү болох Оргилтой тааралдаж, найз Буянаа ирж хамт архи уусан. Би 22 цаг өнгөрч байх үед 3 дугаар цэцэрлэг рүүгээ ороод үлдсэн” гэх,

гэрч У.Буянтогтохын “...2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байх үед найз Доржпалам дуудаад уулзъя гэсэн. Тэгээд нэгдүгээр сургуулийн саадад ирэхэд Доржпалам хоёр танихгүй хүнтэй сууж байсан. Оргил, Алдараа бид гурав Дөрвөлжийн Бурхантай хөшөө рүү гарч уг нэг том пивоо уучхаад талбай орж такси бариад намайг таван шард байх гэрт буулгаж өгсөн. Намайг гэрт буухад шөнийн 12 цаг өнгөрч байсан шиг санаж байна. Намайг буулгаж өгөөд Оргил,  Алдараа хоёр буцаад такситайгаа явсан” гэх,

гэрч Ж.Сүхбаатарын “...Би Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхоны 3-11 тоотод гэр бүлийн хамт амьдардаг юм. 2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 02 цаг 20 минутын үед ээж намайг сэрээгээд “сая гэрт хулгайч ороод гарлаа чи араас нь яваадах” гэсэн. Намайг гараад очиход гадаа ямар нэгэн хүн байгаагүй. Би машинаа унаад “Номин” дэлгүүрийн уулзвар ороод буцаад 3 дугаар цэцэрлэгийн уулзвараар засмал дагуу явахад ямар нэгэн хүн явж байгаа харагдаагүй. Маргааш нь өглөө байрны нэг давхарт байх “Наран” зоогийн газрын камерын бичлэгийг шалгахад 02 цаг 25 минутын үед “Наран” зоогийн газрын урд талын явган хүний замаар туранхай, үсээ баруун тийшээ самнасан, бөөрөнхий захтай цамцтай, батинкан гуталтай үл таних эрэгтэй хүн өнгөрч явсан байсан. Уг бичлэгээс хойш 5 минут орчмын дараа миний тамхи асаагаад машин руу явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Би охин Номингийн хамт “Наран” зоогийн газрын дүрс бичлэгийг бичиж аваад манай охин Номин байрны “Түшиг” дэлгүүрээс камерт бичигдсэн хүнийг асуухад уг дэлгүүрийн эзний хүү Оргил орой нь цуг явж байсан ах мөн байна гэж таньсан гэсэн. Тэгээд “Түшиг” дэлгүүрээр өмнөх өдрийнх нь орой үйлчлүүлсэн хүн болон “Наран” зоогийн газрын камерт бичигдсэн хүнийг харьцуулж авсан зургаа харуулж байсан” гэх, 

гэрч С.Номингийн “...Би 7 дугаар баг Залуус хотхоны 3-11 тоотод амьдардаг. Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед гэр лүүгээ хамгийн сүүлд нь орсон юм. Орохдоо гэрийнхээ хаалгыг түгжээгүй үлдээсэн юм шиг байна лээ. Манай гэрийн хаалга нь түгжээгүй тохиолдолд гадна дотроосоо дараад шууд нээгдэнэ. Шөнийн 02 цаг өнгөрч байх үед гэрийнхэн бужигнаад байхаар нь сэрэхэд эмээ “гэрт хулгайч ороод гарлаа” гэж байсан. Аав машиныхаа түлхүүрийг хайгаад араас нь хэдэн минутын дараа гарсан ч олоогүй ирсэн. Том өрөөний сервантан дотор байх эмээгийн алтан гинж алдагдсан байсан.  Маргааш өглөө байрныхаа нэг давхарт байрлах “Наран” зоогийн газрын камерын бичлэгийг шалгаж үзэхэд шөнийн 02 цаг 23 минутын орчимд “Наран” зоогийн газрын урд талаар туранхай, үсээ баруун тийшээ самнадаг, бөөрөнхий захтай цамцтай, жинсэн өмдтэй, үл таних эрэгтэй хүн өнгөрсөн бичлэг бичигдсэн байсан бөгөөд тухайн хүнийг өнгөрснөөс хойш 6 минут орчмын дараа буюу 02 цаг 29 минутад аав машин руу явж байгаа бололтой өнгөрч явсан дүрс бичлэг бичигдсэн байсан. Тухайн 6 минутын хугацаанд уг хүнээс өөр ямар нэгэн хүн камерт бичигдээгүй байсан. “Наран” зоогийн газрын камерын бичлэгийг гар утсан дээрээ бичиж аваад Залуус хотхоны “Түшиг” нэртэй дэлгүүрээс асуухад тухайн дэлгүүрийн эзний хүү болох Мөнх-Оргил уг бичлэгийг үзээд “урьд шөнө надтай цуг явж байсан ах мөн байна. Манай дэлгүүрээс найзтайгаа архи аваад гарч байсан” гээд надад дэлгүүрийнхээ 08 дугаар сарын 04-ний оройн 21 цаг 24 минутын бичлэгийг үзүүлэхээр нь би гар утсан дээрээ “Наран” зоогийн газрын бичлэгт бичигдсэн байсан хүнтэй харьцуулсан зураг дараад өмсөж явсан хувцас, биеийн байдлаар нь нэг хүн байна гэж таньсан” гэх мэдүүлгүүд,

З.Алдарбаяраас эд зүйл хураан авсан “Цэцгэн хүрээтэй, дундаа цагаан шигтгээ кулонтой, шар өнгийн металл гинж” гэх тэмдэглэл, гэрэл зураг,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан “...3 дугаараар дугаарласан зургийг хараад энэ миний алтан гинжийг хулгайлсан хүнтэй их төстэй байна, өөр зураг байна уу гэхэд З.Алдарбаярын цээж зургийг нэмэлтээр харуулахад хэрэг гардаг шөнө манай гэрт орж хулгай хийсэн залуу мөн байна” гэх тэмдэглэл,

Хяналтын камерт үзлэг хийсэн “...1 дугаартай хяналтын камер нь “Наран” нэртэй зоогийн газрын гаднах үүдний хэсгийг мөн Залуус хотхоны 3-р байрны цементен авто зогсоолын хэсгийг харуулсан дүрс бичлэг байв. Уг дүрс бичлэгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02 цаг 15 минут 10 секундэд “Наран” зоогийн газрын үүдний явган хүний замаар ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш чиглэлтэй, туранхай, үсээ баруун тийшээ самнадаг, бөөрөнхий захтай цамцтай, нарийн жинсэн өмдтэй, ботинкон гуталтай эрэгтэй хүн өнгөрч яваад 02 цаг 25 минут 17 секундэд тус зоогийн газрын үүдний явган хүний замаар ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун тийшээ чиглэлтэй явж өнгөрсөн дүрс бичлэг бичигдсэн байна. Уг үл таних хүнийг өнгөрснөөс хойш 6 минутын дараа буюу 02 цаг 31 минут 21 секундэд хохирогч Д.Борын төрсөн хүү болох Ж.Сүхбаатар нь зүүн талаасаа баруун тийшээ чиглэлтэй өнгөрч явсан дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл,

гэрч С.Номингоос гаргаж өгсөн “Наран” зоогийн газар болон “Түшиг” дэлгүүрийн камерын бичлэгт гарсан этгээдийг харьцуулсан зураг зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогджээ. 

 

3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Борыг хохирогчоор тогтоож мөрдөгчөөс түүнд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хөрөнгийн үнэлгээний эрх бүхий хуулийн этгээд “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022.08.16-ны өдрийн 2202342 дугаартай дүгнэлтээр “ 11.24 грамм алтан гинж”-ний үнийг 1.500.000 төгрөгөөр тогтоосон нь шинжээч дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, маргаагүй байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Хууль зүйн ойлголтоор “ Хулгайлах гэмт хэрэг ” нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

 

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт  “Орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд хохирогч Д.Борын амьдрах Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны 3-11 тоот байр нь дээр дурдсан орон сууцанд хамаарах юм.

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Алдарбаяр тухайн орон байранд амьдрах оршин суугчидтай ямар нэгэн харилцаа холбоогүй, уг байранд тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй этгээд бөгөөд түүний уг үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

5. Прокуророос шүүгдэгч З.Алдарбаярын 2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт 7 дугаар баг, Залуус хотхоны 3-11 тоотод нэвтэрч, хохирогч Д.Борын 11.24 грамм алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.Алдарбаяр болон түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч З.Алдарбаярын орон байранд хууль бусаар нэвтэрч алтан гинжийг авсан уг үйлдлийн улмаас хохирогч Д.Борд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

7. Шүүгдэгч З.Алдарбаярыг гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох буюу хэрэгцээгээ хангах зорилгоор шөнийн цагаар орон байранд нэвтэрч бусдын 11.24 грамм алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч З.Алдарбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч З.Алдарбаяр гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Алдарбаярыг тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Алдарбаярт Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/107 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар З.Алдарбаярт оногдуулсан 6 сар 26 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, дээрх хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явах, гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Алдарбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 12 тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн бөгөөд түүний эдлэх ял дуусгавар болсон нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.09-ний өдрийн 1/969 дугаартай “З..Алдарбаяр/ЛЗ94011612/-ын албадлагын арга хэмжээ 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч дуусгавар болсон” гэх, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/21 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/90 дугаартай З.Алдарбаярын Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон тухай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргээр тогтоогдож байгааг дурдъя.

 

Шүүгдэгч З.Алдарбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Энх-Амгалангаас “ З.Алдарбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний гомдол мэдээлэл ирсэн үеэс эхлэн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн буюу хохирогчид буцаан олгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох, мөн түүний биеийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг үндэслэн түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 нь хорихоос өөр төрлийн ялын санкци байхгүй буюу өөр төрлийн ял оногдуулах боломж байхгүй” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас  “З.Алдарбаяр өөрийн гэм бурууг анхнаасаа үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Хэрэг шалгах явцад гинжийг биетээр нь бүрэн бүтэн хүлээлгэж өгснийг хохирогч Д.Бор хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. З.Алдарбаяр нь гинж авснаа мэдэхгүй, тухайн үед юу болсныг санахгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Маргааш нь тамхи татах гээд халаасаа ухахад гинж гарч ирсэн, ингээд гинжийг хаанаас авсан, хэнд өгөхөө мэдэхгүй байсан, цагдаа ирэхэд гинжийг шууд гаргаж өгсөн. З.Алдарбаяр сүрьеэ өвчтэй, байнга эмчилгээ хийлгэж байгаа талаарх эмнэлгийн баримт хэрэгт байгаа.Иймд манай үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан 1 жил 3 сарын хорих ялыг биеэр эдлүүлэхгүй өөр төрлийн ял  оногдуулж өгнө үү ”  гэх  дүгнэлтийг тус тус гаргажээ. 

                                                                                                   

Шүүгдэгч З.Алдарбаярын үйлдсэн хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Борд учирсан хохирол алтан гинж биет байдлаар буцаан олгогдсон, хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэт согтуурсан байдал нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах ” зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой шүүх дүгнэлээ.

 

Иймд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналыг үндэслэн  шүүгдэгч З.Алдарбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

З.Алдарбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Борд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр алтан гинжийг биет байдлаар буцаан өгсөн болох нь Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдоно.

 Иймд шүүгдэгч З.Алдарбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ 

 

“Линзийн өгөөж” ХХК-ийн 2022.08.16-ны өдрийн 2202342 дугаартай дүгнэлтээр “11.24 граммын алтан гинжний зах зээлийн үнийг 1.500.000 төгрөгөөр тогтоосон болно.

 

Бусад:

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Алдарбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолно.

 

          Шүүгдэгч З.Алдарбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Д.Борд учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Зоригоогийн Алдарбаярыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Алдарбаярыг 1 /нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Алдарбаярт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Алдарбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч З.Алдарбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, , хохирогч Д.Борд учирсан хохирол  нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН