| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2022/0225/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/223 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/223
2022 оны 11 сарын 17 өдөр 2022/ШЦТ/223 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг
Шүүгдэгч С.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Өсөхбаярт холбогдох 2230000000313 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын харьяат, 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гал унтраах авто машины жолооч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах 47 дугаар ангид холбоочин жолооч ажилтай, ам бүлийн 4, эцэг, эх, эгчийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Алтан овоо 1 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛМ02252615 регистрийн дугаартай,
Шарнууд ургийн овогтой Сайнзаяагийн Өсөхбаяр.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Өсөхбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 01-72 СҮЭ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд баруун эгэм ясны мултрал, цээжний баруун 1, 5, 6 дугаар хавирга, зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Өсөхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 10 сарын 03-ны орой дэлгүүрээс тамхи авчхаад, машиндаа суугаад ухартал дугуйнд юм тээглэх шиг болсон. Буугаад хартал Ц.Мөнх-Эрдэнэ машин дор байсан. Би хүмүүсээс тусламж гуйхад туслаагүй. Би хамгийн түрүүнд эмч, цагдаа дуудаад, дараа нь аавыгаа дуудсан. Эмчилгээний задал, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо Алтан гагнуур зэрэг ойр зуур уудаг эмийг нь авч өгч байгаа. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байгаа... гэв.
2230000000313 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
- Яллагдагч С.Өсөхбаярын: Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уг зам тээврийн осол миний санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан учраас би хэргээ хүлээн зөвшөөрч байна.Би тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх байхгүй.2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхийн үнэмлэхээ хасуулсан. Би тус тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хамгаалах бүс хэрэглэсэн байсан бөгөөд ойролцоогоор 3 метр орчим зайд явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98/
- Яллагдагч С.Өсөхбаярын гэрчээр өгсөн:2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед дэлгүүр орж тамхи авахаар гэрээсээ ганцаараа гарсан. Дэлгэрэх дэлгүүрээр орж тамхи аваад машиндаа суугаад ухархад ард нэг юм тээглэхээр нь машинаа зогсоогоод бууж очоод харсан чинь миний жолооч талын эсрэг талынд дугуйны хойд талд нэг хүн хэвтэж байсан. Би уг хүн дээр очоод ахаа та зүгээр үү, босох уу гэж асуутал ямар нэгэн дуу гаргаагүй, хэвтээд байсан.Тэгэхээр нь би аав Л.Сайнзаяагийн 95869786 дугаарын утас руу залгаж би Дэлгэрэх дэлгүүрийн урд талд хүн дайрчихлаа гэж хэлээд, дараа нь сумын цагдаагийн утас руу залгаж дуудлага өгсөн.Намайг дэлгүүрээс гарч ирэхэд машины ойр орчимд хүн харагдаагүй тул би машиндаа суугаад машиныхаа араар тойрч шалгаагүй хөдөлсөн юм...” /хх-ийн 61-63/,
- Хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн: 2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Батнасан гэдэг айлд орж 0,5 литр Хараа гэх архи хоёулаа хувааж уусан. Уг архиа ууж дуусаад гэр лүү явах санаатай тухайн айлаас гараад явсан бөгөөд тэр айлаас гарснаас хойш юмаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн хэвтэж байсан. Эмч нар намайг босож болохгүй гэхээр нь өндийх гээд үзтэл нэг тал нь хүндэрчихсэн толгой өвдөөд байсан. Маргааш нь аймаг явж мэс заслын тасагт 8 хоног хэвтээд гарсан. Миний биеийн байдал одоо зүгээр болсон, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /,
-Гэрч Д.Цэцэгсайханы: 2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед манай охин Нандин-Эрдэнэ над руу утсаар залгаад Мөнх-Эрдэнэ ах осолд орсон байна, таныг очиж авлаа гэсэн. Би охины хамт эмнэлэг дээр ирэхэд Мөнх-Эрдэнэ дусал залгуулаад хэвтэж байсан. Тэгээд эмчлэгч эмчтэй уулзаад биеийн байдал ямар байгаа талаар асуухад нэлээн хэдэн хавирга хугарсан юм шиг байна, аймаг руу түргэн дуудчихаад байна гэсэн. Осол гаргасан С.Өсөхбаярын аав, ээж бид хоёрт эм тариаг нь авч өгсөн бөгөөд тэр эм тариаг хэрэглэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67тал/,
-Гэрч Б.Цасчихэрийн: 2023 оны 10 дугаар сарын 13-ны 19 цаг өнгөрч байхад манай хүү залгаад “ааваа би хүн мөргөчихлөө” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр очсон чинь Дэлгэрэх дэлгүүрийн үүдэнд машиных нь ард нэг хүн хэвтэж байсан. Бид нарыг очих үед цагдаа эмнэлэг ирсэн байсан. Мөнх-Эрдэнээ босоорой эгч ах хоёр нь байна гэж хэлтэл өндийгөөд суусан. Тэгэхээр нь цээжин талаас нь Өсөхбаяр өргөөд хөлөөс нь би өргөөд машинд суулгаад эмнэлэг дээр ирсэн юм. Эмнэлэг явах замдаа Мөнх-Эрдэнэ нь “ би эмнэлэг явахгүй намайг гэрт хүргээд өг” гээд байхаар нь болохгүй гэж загнаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт оруулаад тухайн өдрийн эмч Гантулга эмч шаардлагатай анхан шатны тусламж үзүүлээд дусал залгуулсан. Эмч нь хүнд байна аймгаас эмнэлэг дуудна гээд дуудлага өгсөн. Шөнийн 03 цагийн үед аймгаас эмнэлэг ирээд хагалгаанд орох шаардлага байхгүй аймагт очоод зургаа авуул гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр шөнөдөө аваад явъя гэж хэлтэл зүгээр маргааш өглөө нь бид нартай хамт явъя гэсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 09 цагт би машиндаа суулгаад аймаг авч явсан бөгөөд аймагт очоод шууд 103 дээр очоод шаардлагатай зураг авуулахад толгой хөл цээж дотор эрхтэн зүгээр, хавирганы хугаралтай байна гэж гарсан. Тэгээд мэс заслын тасагт хэвтүүлсэн юм. Эмнэлэгт 8 хоног хэвтээд гарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Н.Туяагийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаартай “1.Ц.Мөнх-Эрдэнийн биед баруун эгэм ясны мултрал, цээжний баруун 1, 5, 6 дугаар хавирга, зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-ийн 78-79/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс “Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд худалдааны гудамжны хойд талын эгнээний баруун талаас найм дахь байшин байв....уг хэрэг болсон газарт 01-72 СҮЭ улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөгүй байх үед хэргийн газарт очиж үзлэг явуулав. Уг тээврийн хэрэгсэл нь Дэлгэрэх дэлгүүрээс 45 метрийн зайнд ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй харсан байв. Машинд мөргүүлсэн хохирогч нь уг тээврийн хэрэгслийн жолоочийн буруу талын хойд талын дугуйнаас 1 метр зайд дээшээ хараад хэвтсэн байдалтай толгойн хэсэг нь зүүн урагш чигт харсан байдалтай нүүрэн тус газар нь шалбарсан, ил харагдах шарх сорвитой, амнаас нь архи мэт зүйл үнэртсэн байдалтай хэвтэж байлаа. 01-72 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хойд талын дугуйны урд талд 15 см газарт цус мэт улаан хүрэн зүйлээр газар бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 /,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/,
- Мөрдөгчийн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх магадалгаа /хх-ийн 82-83/,
- Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагаа /хх-ийн 12-13/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-6/
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-7-8/
- Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-13/
- 01-72 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-16/
- Хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн өвчний түүх /хх-18-37/
- Яаралтай тусламжийн хуудас №7536 /хх-38-45/
- Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим системийн 636500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан баримт /хх-48/
- Хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн хохирлын баримтууд /хх-113/
- С.Өсөхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-104-106/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022.10.31-ний өдрийн 8/179 дугаартай тодорхойлолт/хх-111/
- Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн захирагч А.Алтанбаярын тодорхойлолт /хх-112/
- С.Өсөхбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/
- С.Өсөхбаяраас ЭМД санд 636500 төгрөг шилжүүлсэн баримт /хх-117/
- С.Өсөхбаярын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн Сүхбаатар аймгийн Прокрорын газарт гаргасан хүсэлт /хх-119/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1. Хэргийн баримтаар шүүгдэгч С.Өсөхбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 19 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг Дэлгэрэх дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 01-72 СҮЭ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнийг мөргөж түүний эрүүл мэндэд “ баруун эгэм ясны мултрал, цээжний баруун 1, 5, 6 дугаар хавирга, зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч С.Өсөхбаяр мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “ 2022 оны 10 сарын 03-ны орой дэлгүүрээс тамхи авчхаад, машиндаа суугаад ухартал дугуйнд юм тээглэх шиг болсон. Буугаад хартал Ц.Мөнх-Эрдэнэ машин дор байсан. Би хүмүүсээс тусламж гуйхад туслаагүй. Би хамгийн түрүүнд эмч, цагдаа дуудаад, дараа нь аавыгаа дуудсан. Эмчилгээний задал, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо Алтан гагнуур зэрэг ойр зуур уудаг эмийг нь авч өгч байгаа ” гэж тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.
Энэ нь мөн хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн “...2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Батнасан гэдэг айлд орж 0,5 литр Хараа гэх архи хоёулаа хувааж уусан. Уг архиа ууж дуусаад гэр лүү явах санаатай тухайн айлаас гараад явсан, айлаас гарснаас хойш юмаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт ирсэн хэвтэж байсан. Эмч нар намайг босож болохгүй гэхээр нь өндийх гээд үзтэл нэг тал нь хүндэрчихсэн толгой өвдөөд байсан. Маргааш нь аймаг явж мэс заслын тасагт 8 хоног хэвтээд гарсан ” гэх,
гэрч Д.Цэцэгсайханы “...2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед байх манай охин Нандин-Эрдэнэ над руу утсаар залгаад Мөнх-Эрдэнэ ах осолд орсон байна, таныг очиж авлаа гэсэн. Тэгээд би охины хамт эмнэлэг дээр ирэхэд Мөнх-Эрдэнэ дусал залгуулаад хэвтэж байсан. Тэгээд эмчлэгч эмчтэй уулзаад биеийн байдал ямар байгаа талаар асуухад нэлээн хэдэн хавирга хугарсан юм шиг байна, аймаг руу түргэн дуудчихаад байна гэсэн. ...Осол гаргасан С.Өсөхбаярын аав, ээж бид хоёрт эм тариаг нь авч өгсөн бөгөөд тэр эм тариаг хэрэглэж байгаа...” гэх,
гэрч Б.Цасчихэрийн “... 2023 оны 10 дугаар сарын 13-ны 19 цаг өнгөрч байхад манай хүү залгаад ааваа би хүн мөргөчихлөө гэсэн. Бид хоёр очсон чинь Дэлгэрэх дэлгүүрийн үүдэнд машиных нь ард нэг хүн хэвтэж байсан. Тэгээд очоод Мөнх-Эрдэнээ босоорой эгч ах хоёр нь байна гэж хэлтэл өндийгөөд суусан. Тэгэхээр нь цээжин талаас нь Өсөхбаяр өргөөд хөлөөс нь би өргөөд машинд суулгаад эмнэлэг дээр ирсэн юм. Эмнэлэг явах замдаа Мөнх-Эрдэнэ нь би эмнэлэг явахгүй намайг гэрт хүргээд өг гээд байхаар нь болохгүй гэж загнаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт оруулаад тухайн өдрийн эмч Гантулга эмч шаардлагатай анхан шатны тусламж үзүүлээд дусал залгуулсан. Эмчилж байсан эмч нь хүнд байна аймгаас эмнэлэг дуудна гээд дуудлага өгсөн. Шөнийн 03 цагийн үед аймгаас эмнэлэг ирээд хагалгаанд орох шаардлага байхгүй аймагт очоод зургаа авуул гэж хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 09 цагт аймаг авч яваад шууд 103 дээр очоод шаардлагатай зураг авуулахад толгой хөл цээж дотор эрхтэн зүгээр, хавирганы хугаралтай байна гэж гарсан. Тэгээд мэс заслын тасагт хэвтүүлсэн юм. Эмнэлэгт 8 хоног хэвтээд гарсан юм...” гэх,
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаартай “1.Ц.Мөнх-Эрдэнийн биед баруун эгэм ясны мултрал, цээжний баруун 1, 5, 6 дугаар хавирга, зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс “Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд худалдааны гудамжны хойд талын эгнээний баруун талаас найм дахь байшин байв....уг хэрэг болсон газарт 01-72 СҮЭ улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөгүй байх үед хэргийн газарт очиж үзлэг явуулав. Уг тээврийн хэрэгсэл нь Дэлгэрэх дэлгүүрээс 45 метрийн зайнд ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй харсан байв. Машинд мөргүүлсэн хохирогч нь уг тээврийн хэрэгслийн жолоочийн буруу талын хойд талын дугуйнаас 1 метр зайд дээшээ хараад хэвтсэн байдалтай толгойн хэсэг нь зүүн урагш чигт харсан байдалтай нүүрэн тус газар нь шалбарсан, ил харагдах шарх сорвитой, амнаас нь архи мэт зүйл үнэртсэн байдалтай хэвтэж байлаа. 01-72 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хойд талын дугуйны урд талд 15 см газарт цус мэт улаан хүрэн зүйлээр газар бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт,
Мөрдөгчийн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх магадалгаа,
Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагаа, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд шинжээчийн 527 дугаартай “1.Ц.Мөнх-Эрдэнийн биед баруун эгэм ясны мултрал, цээжний баруун 1, 5, 6 дугаар хавирга, зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”...гэх дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн биед учирсан “биед баруун эгэм ясны мултрал, цээжний баруун 1, 5, 6 дугаар хавирга, зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал” нь дээрх журмын 2.3.1. “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Өсөхбаярын холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Гантулга 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “...С.Өсөхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гараагүй байна.
5. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.
Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч С.Өсөхбаяр нь тухайн цаг хугацаанд Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх ” заалтыг зөрчин хөдөлгөөнд оролцсон, улмаар хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгах, аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангалгүйгээр ухрах хөдөлгөөн хийснээс уг осол гарчээ.
5. Прокуророос шүүгдэгч С.Өсөхбаярыг зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч С.Өсөхбаярыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч С.Өсөхбаярын үйлдлийн улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн шинжийг агуулах ба тэрээр тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.
Учир нь хууль тогтоогчоос “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн ” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тогтоожээ.
С.Өсөхбаяр нь В,С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тухайн хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэлээр хэрэгт нотлогдсон байгааг дурдья.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч С.Өсөхбаярын зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
7. Шүүгдэгч С.Өсөхбаярын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд хөдөлгөөн эхлэж, ухрах үйлдэл хийхдээ “ ойр хавьд нь хүн байгаагүй ” гэх шалтгаанаар хайхрамжгүй хандан осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч С.Өсөхбаярын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, түүнийг хувийн машинаар аймгийн төвд авчран үзүүлж, онош тогтоолгон, хэвтэн эмчлүүлэхэд эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Өсөхбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, шүүгдэгч С.Өсөхбаярын үйлдсэн дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, тухайн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг тэрээр болон түүний өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Мөнх-Эрдэнээс гомдол, санал гаргаагүй нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхээр тогтоолоо.
Хохирлын талаар:
Шүүгдэгч С.Өсөхбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, түүний эмчилгээнд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээний зардалд 636.500 төгрөг зарцуулагдсан болох нь тус аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022.11.03-ны өдрийн 26/118 тоот албан бичиг, ЭМДЕГ-ын Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох цахим системийн сангийн баримтаар, шүүгдэгч С.Өсөхбаярын зүгээс хохирогч Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох төлбөрийг нөхөн төлж даатгалын санг хохиролгүй болгосон болох нь Төрийн банкны 2022.11.15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдоно.
Хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч С.Өсөхбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Бусад:
Шүүгдэгч С.Өсөхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Сайнзаяагийн Өсөхбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Өсөхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч С.Өсөхбаярт дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч С.Өсөхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Өсөхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Мөнх-Эрдэнээс хохиролтой холбоотой нэхэмжлэх гаргаагүй, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч С.Өсөхбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ өөрт учирсан гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН