Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

   

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         хэлмэрч Б.Отгончимэг,

         шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2219001400366 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Б.Д

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэ зуун худалдааны төвийн Б1 давхарт байрлах ногооны худалдааны лангуун дээр үйлчлүүлж байхдаа хохирогч О.Мгийн 500.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А32 маркийн орхиж гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Прокурортой тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний нэхэмжлэгчид хохирлыг төлнө. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр энэ гар утсыг авсан. Тэгээд Улаанбаатар хот орж, ломбардад тавьсан. Уг гар утсыг авсан нь миний буруу гэсэн мэдүүлэг, 

         -Хохирогч О.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 10-ны санаж байна. Шинэзуун үйлчилгээний төвийн ногооны дэлгүүрээс ногоо авсан. Ногоо авч байхдаа гар утсаар хүнтэй яриад гар утсаа лангуун дээр тавиад үлдээчихсэн санаж байна. Би ногоо аваад үйлчилгээний төвөөс гараад машинд суугаад явсан. Ажил дээр очих үедээ гар утсаа байхгүй байгааг мэдээд эргээд ногоо авсан лангуун дээр очиж гар утсаа лангуун дээр чинь орхичихож гэж худалдагчаас асуухад би анзаарч хараагүй чамайг ногоо авснаас хойш 2-3 хүн ирж юм авсан гэж хэлж байсан. ...Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авлаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх 60 ху/,

            -Гэрч С.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Батбуянгийн Д гэдэг хүн самсунг А52 гэдэг утсыг 350.000 төгрөгөөр тавьсан. ...тэр хүн ярьж чадахгүй хэлгүй юм шиг байсан, бичгээр ойлголцсон. ...04 дүгээр сарын 11-ний өдөр 40.000 төгрөгөөр сунгуулсан. ...ерөөсөө утсаа ирж авахгүй байсан болохоор 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тэр гар утсыг 400.000 төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлэг /хх 32-33 ху/,

          -Иргэний нэхэмжлэгч С.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Өргөө кино театрын баруун талд байрлах “Сод” барьцаалан зээлдүүлэх төвөөс Самсунг А32 маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх 39-40 ху/,

         -Яллагдагч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 19 цагт Улаанбаатар хотоос Сайншандад ирсэн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө Сайншандад ирээд танилцсан маамуу гэж дууддаг залуутай хамт Шинэ зуун худалдааны төвийн ногооны дэлгүүрт очсон. Очоод ногоо авч байсан эмэгтэй гар утсаа лангуун дээр үлдээгээд яваад өгсөн. Би гар утсыг нь аваад араас нь гартал жип машинд суугаад хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь би аз гэж бодоод тэр утсыг унтраагаад халаасандаа хийж авч яваад хамт явсан хүмүүстэйгээ Хамарын хийд явж хоносон гэсэн мэдүүлэг /хх 46-47, 55-56, 101 ху/,

         -Хохирлын үнэлгээ /хх 15-16 ху/,

         -Скайтел ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22/15041 дугаартай албан бичиг /хх 23 ху/,

         -Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4/7778 дугаартай албан бичиг /хх 24 ху/,

          -“Сод” барьцаат зээлийн гэрээ гэх баримтын хуулбар /хх 34 ху/,

 

          -Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35, 63-64 ху/,

          -Гэрэл зургийн үзүүлэлт /хх-35, 63-64 ху/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 50-51, 98-99 ху/

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71 ху/,

          -Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 78-96 ху/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

         Шүүгдэгч Б.Д нь бага боловсролтой, тэрээр хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т заасан эрхээр хангаж хэлмэрчийг томилсон байх тул шүүх хуралдааныг мөн хэлмэрчтэйгээр явуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэ зуун худалдааны төвийн Б1 давхарт байрлах ногооны худалдааны лангуун дээр үйлчлүүлж байхдаа хохирогч О.Мгийн 500.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А32 маркийн орхиж гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр энэ гар утсыг авсан. Тэгээд Улаанбаатар хот орж, ломбардад тавьсан. Уг гар утсыг авсан нь миний буруу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Мгийн “...Шинэзуун үйлчилгээний төвийн ногооны дэлгүүрээс ногоо авсан ногоо авч байхдаа гар утсаар хүнтэй яриад гар утсаа лангуун дээр дээр тавиад үлдээчихсэн санаж байна би ногоо аваад үйлчилгээний төвөөс гараад машинд суугаад явсан. Ажил дээр очих үедээ гар утсаа байхгүй байгааг мэдээд эргээд ногоо авсан лангуун дээр очиж гар утсаа лангуун дээр чинь орхичихож гэж худалдагчаас асуухад би анзаарч хараагүй чамайг ногоо авснаас хойш 2-3 хүн ирж юм авсан гэж хэлж байсангэсэн мэдүүлэг /хх 60 ху/, гэрч С.Отгонжаргал /хх 32-33 ху/, иргэний нэхэмжлэгч С.Гансүх /хх 39-40 ху/ нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35, 63-64 ху/, “Сод” барьцаат зээлийн гэрээ гэх баримтын хуулбар /хх 34 ху/, хохирлын үнэлгээ /хх 15-16 ху/, Скайтел ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22/15041 дугаартай албан бичиг /хх 23 ху/, Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4/7778 дугаартай албан бичиг /хх 24 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 171 ху/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 78-96 ху/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

          Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

          Түүний үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилгоор бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,  2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж тус тус заасан.

         Энэ гэмт хэргийн хохирол болох Самсунг А32 маркийн гар утсыг хохирогч О.Мд биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд харин тухайн гар утсыг худалдаж авсан, энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С.Гансүхэд 400.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгаас 400.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч С.Гансүхэд олгох нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Б.Дд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгаас 400.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-13 тоотод оршин суух, С.Гансүхэд /ЧГ87041434/ олгосугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.БАЙГАЛМАА