Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Ц.У /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ут холбогдох эрүүгийн 2219000000349 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Ц.У

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги боомтын хилийн замын 1 дүгээр хаалтад хохирогч Г.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн чихний шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Ц.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бын биед хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа. Хохиролд 300.000 гаруй төгрөгийн эм тариа авч өгсөн. Б бид хоёр хамт ажилладаг. Би хууль ёсны шаардлага тавиагүй цохиж гэмтэл учруулсандаа харамсаж байна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би заставын жижүүр ажилтай байхад 17 цагийн үед хангалтын орлогч, ахлах дэслэгч Ц.У утсаар залгаж, “Ханги хилийн боомтын 1 дүгээр пост дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд очих замд миний утас дуугарч салбарын дарга, ахлах дэслэгч Т.Тайванжаргал утсаар яриад явж байхад ахлах дэслэгч Ц.У “утсаа болиод гүйгээд яв” гэсэн. Тэгэхээр нь би очоод “яасан бэ, яагаад орилж чарлаад уурлаад байгаа юм бэ” гэхэд “хуцаад бай, пизда минь, энэ хилийн шалганы байр муухай байна” гэхээр нь би “наад байранд нэг ч удаа орж үзээгүй, би сайн мэдэхгүй байна” гэсэн чинь “хуцаад байгаарай” гээд заамдаж аваад шууд баруун шанаа орчим цохиод авахаар нь буцаагаад бариад авахад Ц.Уын эхнэр дэд ахлагч Уранбаяр салгах гэж хажуу талаас дийлээгүй. Тэгээд зууралдаж байх үед би хөл алдаж газарт унах үед Ц.У дээрээс миний зүүн талын чих рүү 1 удаа өшиглөж, цохиод авсан. Тэгтэл Ц.Уын эхнэр Уранбаяр нь Ц.Уыг цаашаа татаж салгах үед би босож ирэхэд Ц.У дахиад намайг барьж аваад “ална чамайг” гэх үед дарга ахлах дэслэгч Т.Тайванжаргал ирээд “болиоч, юу болоод байгаа юм” гээд салгасан. Ц.У миний хохирлыг төлж барагдуулсан. Ямар нэгэн гомдол, санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 6-7, 14 ху/,

            -Гэрч Э.Уранбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Харуулын байрны хана халтар болсон байхаар цэвэрлэж, янзлах талаар ахлах дэслэгч Ц.У үүрэг өгсөн. Тухайн үүргийн дагуу Ц.У шалгагч нарыг гар утсаар дуудсан. Ахлах ахлагч Г.Б тухайн өдөр заставын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Ахлах дэслэгч Ц.У нь ахлах ахлагч Г.Быг дуудаж хурдан гүйгээд яв гэж хэлсэн. Г.Б “очиж байна ш дээ, юу болоод байгаа юм, яачихаад байгаа юм, юу болоод байгаа юм” гэх зэргээр маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр нэг нэгийгээ хараалын үгээр доромжилж эхэлсэн. Г.Б, Ц.У хоёр зууралдаж аваад, бие биеэ цохиж аваад газарт унасан. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Миний мэдэхээр Ц.У нь Г.Бын нүүр рүү 1 удаа цохиж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,

           -Яллагдагч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Заставын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г.Быг Ханги хилийн боомтын замын 1 дүгээр хаалтад дуудаж “хүний хийж бүтээсэн зүйлийг бохир заваан болгосон байна, ажиллаж байгаа орчноо цэвэрхэн байлгахгүй яасан юм” гэхэд өөдөөс тайлбар тавьж “би яаж мэддэг юм, би угаасаа ордоггүй” гэхээр нь “танай хариуцсан замын 1 дүгээр хаалтын шалгагчийн байр чи яахаараа мэддэггүй юм” гэсэн чинь Г.Б “би мэдэх албагүй” гэж хэлэхээр нь миний уур хүрч би нэг удаа шанаа тус газарт нь цохиж аваад заамдаж барьж авахад манай эхнэр Уранбаяр тухайн өдөр ээлжтэй байж таарч намайг салгах үед Г.Б газар хөл алдаж унасан. Би уурандаа Г.Бын цохиж, өшиглөсөн байж магадгүй, сайн санахгүй байна. Үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн гэсэн мэдүүлэг /хх 9-10, 30 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0514 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Г.Бын биед зүүн чихний шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Учирсан гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт х 17 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 23-25 ху/

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги боомтын хилийн замын 1 дүгээр хаалтад хохирогч Г.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн чихний шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Уын...Бын биед хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Бын “...хуцаад байгаарай гээд заамдаж аваад шууд баруун шанаа орчим цохиод авахаар нь буцаагаад бариад авахад Ц.Уын эхнэр дэд ахлагч Уранбаяр салгах гэж хажуу талаас дийлээгүй. Тэгээд зууралдаж байх үед би хөл алдаж газарт унах үед Ц.У дээрээс миний зүүн талын чих рүү 1 удаа өшиглөж, цохиод авсан” гэсэн, Ц.Уын яллагдагчаар өгсөн “...миний уур хүрч би нэг удаа шанаа тус газарт нь цохиж аваад заамдаж барьж авахад манай эхнэр Уранбаяр тухайн өдөр ээлжтэй байж таарч намайг салгах үед Г.Б газар хөл алдаж унасан. Би уурандаа Г.Бын цохиж, өшиглөсөн байж магадгүй, сайн санахгүй байна. Үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн” гэсэн мэдүүлгүүд, гэрч Э.Уранбаярын “...Г.Б, Ц.У хоёр зууралдаж аваад, бие биеэ цохиж аваад газарт унасан. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Миний мэдэхээр Ц.У нь Г.Бын нүүр рүү 1 удаа цохиж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн чихний шарх, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0514 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ц.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “гомдол саналгүй, хохирлоо төлж барагдуулсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.У нь учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА