| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/03611/и |
| Дугаар | 183/ШШ2019/00204 |
| Огноо | 2019-01-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2019/00204
| 2019 оны 01 сарын 22 өдөр |
Дугаар 183/ШШ2019/00204 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, ... хороолол, ... гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ..., ... байр, ... тоот хаягт оршин суух, Ц овогт Ч.М холбогдох,
750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ч.М, түүний өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Э би Ч.Мтой 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар байр, 40 мянгат 15 дугаар байр, 01 тоот хаягт байрлах, 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг сарын 850 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Мөн барьцаа төлбөр болгон 750 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгсөн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл түрээслэж байгаад байрыг нь хүлээлгэж өгсөн ба Э би түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлсөн байсан. Байрыг Ч.Мд хүлээлгэн өгөөд барьцаа мөнгөө авах гэтэл дансаа өгчих одоо хийнэ гэж хэлээд өнөөдрийг хүртэл миний барьцаанд өгсөн 750 000 төгрөгийг буцаан өгөхгүй байна. Иймээс Ч.Мос миний барьцаа болгон өгсөн 750 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар байр, 40 мянгат 15 дугаар байр, 01 тоот хаягт байрлах, 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг сарын 850 000 төгрөгөөр, оёдлын салон ажиллуулахаар хариуцагчтай харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Барьцаа төлбөр болгон 750 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.М авсан бөгөөд уг төлбөрөөс 10 сарын ашиглалтын зардал 175 000 төгрөг, засвар хийхээр будаг 65 000 төгрөг, эмульс 35 000 төгрөг, ажлын хөлс 50 000 төгрөг нийт 325 000 төгрөг болсон гэж утсаар мэдэгдсэн. Мөн түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч түрээсийн байр бороонд байнга дээрээсээ ус гоожиж түүний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй тул түрээсийн байрнаас гарсан. Хариуцагчид удаа дараа засварлаж янзалж өгөхийг хүссэн боловч үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж чадахгүй байсан тул түрээсийн байрнаас хугацаанаас өмнө гарсан. Иймд нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаа 325 000 төгрөгөөр багасгаж үлдэх 425 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ч.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ч.М би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Этай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар байр, 40 мянгат 15 дугаар байрны 01 тоот байрыг хөлслүүлэх гэрээг ээж Д.Д өмнөөс итгэмжлэлийн дагуу хийсэн. Анх байр хөлслөх үед түрээсийн төлбөр 950 000 төгрөг нэг сарын түрээсийн барьцаатай түрээслүүлнэ гэж байсан боловч түрээслэгч Б.Э нь нөхөртэйгөө ирж уулзаад бид нар багадаа 3 жил түрээслэнэ. Түрээсийн төлбөрөө буулгаж өгнө үү гэж гуйсан учраас сарын түрээсийг төлбөрийг 850 000 төгрөгөөр бодож, барьцаа мөнгөө дутуу 750 000 төгрөг өгсөн тул тус гэрээнд зааж гэрээ байгуулсан. Түрээслэгч Б.Э нь түрээслэх хугацаандаа түрээсийн төлбөрөө 3 сард 750 000 /100 000 төгрөг дутуу/ төлсөн, 6 дугаар сард хоцроосон, 7 дугаар сард хоцроож 2 тасалж өгсөн, 9 дүгээр сард хоцроож төлсөн. Миний зүгээс 7 дугаар сард борооны улмаас өргөтгөлийн таазнаас ус гойжиж 1 сар ашиглаж чадсангүй гэхээр нь 9 дүгээр сарын төлбөрөөс 250 000 төгрөгийг хасаж тооцсон. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад 14 хоногийн өмнө гарлаа гэж утсаар мэдэгдээд 2018 оны 10 дугаар сарын 21-нд бид гарч байна. Өнөөдөр барьцаа мөнгөө авъя гэж шаардсан. Миний зүгээс байр маш муу ашигласан эмульс биш будгаар будсан засвар хийхэд үнэтэй болох тул засварын мөнгө хасаж тооцно гэхэд Б.Эгийн нөхөр манай эхнэр лүү ярьж хэл амаар доромжлон ална шүү гэж сүрдүүлсэн. Миний хувьд түрээслэгч 3 жил түрээслэнэ гэж 100 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг хасуулж, манай буруугаас гарсан хохирлоо барагдуулсан, мөн байрны хана таазанд маш олон тооны өрөмний нүх гаргаж цахилгааны монтаж дур мэдэн хийж зарим гэрэл разетка ажиллагаагүй болсон учир хохирлоо бодитоор тооцвол маш их мөнгө болох тул нэг бүрчлэн үнлэхгүйгээр 750 000 төгрөгийн барьцааг суутгаж авсан юм. Иймд миний зүгээс гэрээнд заасан эрхийн дагуу хохирлоо барагдуулсан гэв.
Хариуцагч Ч.М нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Орон сууцны зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулсан боловч оёдлын салон ажиллуулсан.Түрээсийн төлбөрийг байнга хугацаа хожимдуулж байсан тул алданги тооцож байгаагүй, ашиглалтын зардлын зөрүү төлбөр байгаа эсэхийг сайн мэдэхгүй, барьцаа хөрөнгөөр засвар хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.М би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Этай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 15 дугаар байр,01 тоот 70 метр квадрат байрыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жилийн хугацаатай сарын 850 000 төгрөгийн төлбөртэй, хэрвээ хугацаанаасаа өмнө гарахаар бол 2 сарын өмнө хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэх, сар бүрийн 01-ний өдөр төлбөрөө төлж байх болзолтой үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ хийсэн. Гэтэл Б.Э байнга сар тутмын хөлсөө оройтуулдаг, мөн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байрыг оёдлын цехийн зориулалтаар ашиглаж хана дүүрэн хадаас, цахилгааны монтажийг миний зөвшөөрөлгүй сольсон, хаалганы бариул эвдэлсэн, гал тогооны бариул эвдэлсэн, парны хаалт эвдэлсэн, гадна хаалга бариул эвдэлсэн, агуулахын өрөөний хаалга эвдэлсэн, таазанд нүхнүүд гаргасан эдгээрийг засахад 400 000 төгрөгийн зардал гарсан, гарахын өмнөх 3 сарын /7, 8, 9 сарын / цахилгаан, ус, байрны мөнгөө төлөөгүй байсан, мөн гарахын өмнө 2 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байсан боловч огт юу ч хэлэхгүй байснаа гарах өдрөө хэлсэн үүний улмаас дараагийн хөлслөгчийг шууд оруулж чадахгүй 2 сар алдсан. Иймээс байрыг зориулалтын бусаар ашиглаж хохирол учруулсан хохирлыг зассан засварын зардал 400 000 төгрөг, ашиглалтын ус, цахилгаан, дулааны хэрэглэсэн төлбөрөө төлөөгүй зардал болон бусад зардал 700 000 төгрөгийг Б.Эгаас гаргуулан өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Б.Э 2017 оны 12 дугаар сарын 01-нд Ч.Мтой гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 15 дугаар байр, 01 тоот орон сууцыг хөлслөх үйл ажиллагаа явуулахаар болсон билээ. 2017 оны 11 дүгээр сард Ч.М эхнэр болох Х эмэгтэйтэй цаг тохирон уулзаж түрээсийн төлбөр дээр тохиролцон, үйл ажиллагааны чиглэл, зорилго ямар зориулалтаар ашиглах талаар хэлж, тодорхой хэмжээний урсгал засвар хийгдэх болохыг харилцан тохиролцсон бөгөөд анх ирж уулзахад гал тогооны өрөө болон гал тогооны өрөөг дагасан хананы разетка болон цахилгаан ямар ч ажиллагаагүй болохыг бид нарт хэлж байсан юм. Иймээс тухайн хана дагасан разетка ажиллахгүй болохоор хажуу разетканаас мантаж гарган оёдолын машинууд ажиллуулж байсан билээ. Мөн харилцан тохиролцсон урсгал засварт коридор болон өргөтгөлийн өрөөний ханыг нэгэн жигд сайн чанарын будгаар будан өрөөнүүдийн хаалгыг шинэ хаалгаар сольж оёдолын өрөө, өргөтгөл, коридорын өрөө гарнез хийж сайжруулалт хийх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн Ч.Мтой гэрээ байгуулж байх явцад индүү болон өлгүүр тогтоох болохоор хананд нэлээн нүх гарах болоод байна. Болох уу гэж хэлэхэд Ч.М болно зүгээр гэж аман зөвшөөрөл өгсөн юм. Мөн урсгал засварын ч мөн хийж болно гэж хэлж түрээслүүлсэн. Яагаад будгаар будсан нь хувцас засварын салонд байнга эмульс хийх боломжгүй. Эмульс нь шохой ихтэй болохоор хажуугаар нь шүргэх хүн хүрэхэд амархан халтар болох, шинэ бүтээгдэхүүн шохой болох аюултай болохоор будсан. Мөн үйл ажиллагаа эхлэх үед тог, пускателны төхөөрөмж хуучирч муудсан гэсэн оноштойгоор өөрийн мөнгөөр /30 000/ сольж хийлгүүлэн түрээсийн төлбөрөөс хасаагүй тэр сарын түрээсийг хүртэл өгсөн юм. Сайн чанарын будаг 231 000+12 000=243 000 төгрөг, 100 000*2=200 000 төгрөг гэх мэт. 2017 оны 12 дугаар сарын 01-нд сар болгоны 1-нд түрээсээ өгч байхаар тохиролцсон гэрээ байгуулсан. Миний бие сар бүрийн 30, 31, 01-ний өдрүүдэд түрээсийг бүтэн төлдөг 2017 оны 03 дугаар сард түрээсээс 100 000 төгрөг дутуу өгсөн. 4 дүгээр сард 950 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Хулантай ярилцан тохиролцсон шийдвэрлэсэн явдал юм. Мөн 2018 оны 10 дугаар сарын 02-нд түрээсийг дээврийн засвар хийж өгөөгүй болохоор засварыг хийж өгтөл түрээсийн мөнгийг өгөхгүй гэж хэлсэн байсан болохоор нь хоног хоцруулсан. Энэ хоцруулсан явдал түрээслэгч талын буруутай үйлдэл юм. Анх ирж уулзаад үйл ажиллагаа явуулж эхлэхэд ихэнхи разетка ажилладаггүй үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, 00-ын өрөөний хаалга цоожгүй, гал тогооны хаалга гажсан, гацдаг агуулахын өрөөний хаалга хөлөөр хүчтэй өшиглөсөн оромтой, өргөтгөлийн өрөөний паарны хаалтууд скочоор тогтоосон байсан, Хулан байр хүлээлгэн өгөхдөө бүгдийг мэдэж байсан. Эдгээрийг анхнаасаа түрээслэн авахад эвдрэлтэй байсан ч олон хүн мэдэж байгаа юм. Гарахын өмнөх 7 болон 8, 9 дүгээр сарын ус дулаан байрны мөнгийг би өөрөө төлсөн болохоор болохоор төлөөгүй байх боломжгүй. Ингээд үйл ажиллагаа яваад удаагүй байхад буюу 2018 оны 03 дугаар сард түрээслэгч тал биднээс зөвшөөрөл авахгүйгээр тухайн газраа зарна гэсэн зар тавьснаар олон хүмүүс ирж үзэн үйл ажиллагаа түр доголдсон юм. Мөн түрээсэлж байх хугацаанд өргөтгөлийн хаалга зөвшөөрөлгүй хэмээн талбайн эзэн байгууллага болох “Монгол Тайваны төв” танайх ордог хэсэгтэй төмөр хаалга хий гэж шаарддаг. Түрээслэгч талд хэлэхээр тоодоггүй хүмүүсийн хооронд сэтгэл санааны хохиролтой байсан. Өргөтгөлийн өрөө барилгын стандартын дагуу баригдаагүй учир өвөлдөө маш хүйтэн дулаан их алддаг. Пермерк босоо хувцас авахаар ирсэн хүмүүсийг хүйтэн өрөөнд нүцгэн байлгах хэцүү байдаг байсан болохоор оёдлын өрөөнд оруулдаг байсан. Ингэж явсаар 2018 оны өвлийн саруудад өргөтгөлийн өрөөг ашиглаж чадаагүй. 2018 оны 7 дугаар сард орсон борооноос болж хэдэн хоног маш их хэмжээний ус гоожиж өргөтгөлийн өрөө чийг даан, бэлэн хувцас болон захиалгын хувцас, цонхон дээрх торго, материалууд норон дахин ашиглах боломжгүй болсон их хэмжээний алдагдал хүлээсэн. Мөн 7 дугаар сарын 10-ны орой их хэмжээний ус таазанд хурамтлагдан гэрэл масалж буудсан, гэрэлтүүлэггүй болж үүнээс хойш гэрэл, гэрээ цуцлан гарах ажилмааргүй байсан юм. Бороо орох болгонд таазнаас их хэмжээний ус гоождог бороогүй үед чийг ихтэй үзэмж муутай байдаг болохоор ажиллах болон үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог байсан. Түрээслэгч Хуланд удаа дараа утсаар ярих гэж холбогдсон ч утсаа санаатайгаар авдаггүй, утсаа авсан ч би нөхөртэй хэлнэ гээд утсаа тасалдаг байв. Ийм боловч 7, 8, 9 сарын дунд хүртэл тааз, дээвэрээ янзалж өгөөгүй, үйл ажиллагаа явуулахад түрээслэгч талаас боломжоор хангаж өгөхгүй байгаа. Олон удаа бороо зогсох үед жоохон хатааж байгаад янзалж өгнө гэсэн боловч янзалж өгөхгүй байсаар байгаад өргөтгөлийн өрөөний хана дагасан будаг, замаска хууларч унасан, усанд илжирсэн, дээвэр доошоо суулт өгсөн, чимэглэл болгон хийсэн цэцэгнүүд бүгд салж унасан. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 05-нд орсон борооноор стандартын дагуу баригдаагүй улмаас ханан завсар дахь цахилгааны утас хананаас дэлбэрч гарч ирсэн. Өдрийн цагаар ажилчид байсан болохоор пускател буулгаж үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ явдалыг түрээслэгч талд хэлсний дагуу Ч.М ирж хараад зүгээр л утас масс өгсөн байна гэсэн. Хэрэв энэ явдал шөнө ажилчид байхгүй үед болсон бол гарах хохирлын тоолж барашгүй, өргөтгөлийн өрөөнд байсан олон тооны хувцас, бүх юм гол өргөтгөлийн Ч.М 5 дахь өдөр бүх юмыг нь янзалж өгнө гэж яваад хугацаандаа ирээгүй. Бид ч гэсэн үгэнд нь итгэж өргөтгөлийн өрөөг суллаж хоосолж хэд хоног хүлээж оёдлын өрөөнд бүх юм оруулсан байсан болохооор үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Ингээд үүнээс хойш удаа дараа засвар хийж өгнө гэсэн боловч янзалж өгөөгүй болохоор танай талаас үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангаж өгөхгүй байгаа тул гэрээ цуцлахыг сануулсан. Хулан ч өөрөө зөвшөөрсөн. Би нөхөртөө зөндөө хэлсэн, хоёулаа болгох гэж их үзлээ болохгүй бол яахавдээ гэрээгээ цуцалж болно гэсэн. Энэ үед байрны эзэн Д ус алдсан, ашиглалт байхгүй, ашиглах боломжгүй байгааг ирж үзээд утсаар холбогдон харилцан тохиролцсоны дагуу үндсэн дээр гэрээгээ цуцалж болно гэж зөвшөөрсөн. Үүний дараа дахин Х ярин 10 дугаар сард гэрээгээ цуцлах болсноо мэдэгдсэн. 7, 8, 9 саруудад 100 хувь үйл ажиллагаа явуулж чадаагүйг түрээслэгч талд хэлсэн боловч 10 дугаар сарын түрээснээс 250 000 төгрөг хасуулж төлж болно гэсэн. Манай талаас төлбөрөө төлсөн гэвч тухайн үеүүдэд үйл ажиллагаа байнга доголддог, үйл ажиллагааг зогсоодог сар өдрөөр нь тооцвол энэ нь маш бага дүн юм. Ингээд 10 дугаар сарын 21-ний өдөр тус байрыг суллан Ч.Мд байрыг бүрэн бүтэн, төлбөр тооцооны асуудлын хянуулан болно гэсэн үүднээс Ч.М байрныхаа түлхүүрийг хүлээж авах, хүлээлгэн өгөх үед ямар нэгэн асуудал гараагүй бөгөөд дараа нь хариуцагч хариу тайлбартаа хүн гүтгэж байгаад гомдолтой байна. 10 дугаар сарын 21-ний өдөр түлхүүрээ аваад дансны дугаар явуулчих гэсэн боловч үүнээс хойш удаа дараа мөнгөө шилжүүлнэ үү гэж дансны дугаар авсан боловч, барьцаа болох 750 000 төгрөгийг шилжүүлээгүй. Мөн утсаа авдаггүй, мессэж хүлээж авах боломжгүй болох тохиргоонд тааруулан би холбогдох боломжгүй байв. Үүний дараа дахин байран дээр тааралдаж байрны мөнгө, тогны мөнгө тооцон хийгээд шилжүүлье гэсэн боловч шилжүүлэг хийгээгүй. Удаа дараа хүн хохироосон, хууран мэхэлсэн, гүтгэсэн, гэрээний нөхцөлийг хангаагүй, үйл ажиллагаа явуулахад саад учруулсан учир түрээслэгч талаас болж гэрээ цуцалсан билээ. Гэрээний нөхцөлөө биелүүлээгүй, түрээслэгч талдаа үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангаж өгөөгүй, стандартын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй байр хүнд түрээслүүлсэн олон удаагийн давтамжтайгаар үйл ажиллагаа болон эд материалын хохирол учруулсан, худлаа хэлнэ хүн гүтгэсэн, учир би сэтгэл санааны болон эд материал, цаг хугацааны асар их хохирол амсаж байгаа тул Ч.Мос барьцааны үлдэгдэл болох 575 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл,тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ч.Мд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн барьцааны зүйл болох 750 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлага болох 750 000 төгрөгийг 325 000 төгрөгөөр багасгаж үлдэх 425 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.
Хариуцагч Ч.М нэхэмжлэлийн шаардлага болох 425 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зардал гаргаж засвар хийсэн тул барьцааны төлбөрийг суутгасан гэж маргадаг.
Талууд нэг талаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын, 15 дугаар байрны 01 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаагаар хөлслүүлэх, нөгөө талаас нэг сарын 850 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл хийж, гарын үсэг зурсан байна. /хх -4 хуудас/
Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэх нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хуулийн зохицуулалттай нийцэж байна. Учир нь түрээслэгч нь ашиг олох зорилгоор түрээсийн зүйлийг оёдлын салоны зориулалтаар түрээсэлж үр шимийг олж авч байсан байна.
Мөн түрээсийн зүйлийг оёдлын салоны үйл ажиллагааны зориулалтаар ашиглахаар ярилцаж байсан гэж хариуцагч Ч.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын, 15 дугаар байрны 01 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны өмчлөгч нь Д болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 7 хуудас/
Хариуцагч Ч.М нь уг орон сууц нь миний өмчлөлийн орон сууц бөгөөд нэрээ оруулж, бүртгүүлж чадаагүй, Д.Д миний ээж, итгэмжлэл олгосны дагуу нэхэмжлэгчтэй үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан, гэрээний төлбөр, барьцаа төлбөрийг манай эхнэр авч, гэр бүлдээ бүхэлд нь авч захиран зарцуулдаг, орон сууц хөлсөлсний төлбөр, барьцааны төлбөрийг авсан, хариуцагч өөрөө бие даан түрээсийн төлбөр, барьцаа хөрөнгийг захиран зарцуулдаг, энэ талаар маргаагүй байна.
Мөн хариуцагч Ч.М нь нэхэмжлэгчтэй барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан хэлбэрийг хангаагүйгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ. Иймд барьцааны төлбөр гэх 750 000 төгрөгийг хариуцагч Ч.М хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өөртөө авч захиран зарцуулсан байх тул хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүйгээс хуулиар заавал баримтлах хэлцлийн хэлбэр тогтоох журам зөрчигдсөн байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Бусдын эд хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан этгээд нь уг эд зүйлийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар “үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгөөс зайлшгүй олох ёстой байсан орлого үр шим буюу талбайн ашиглалт” хамаарах тул хариуцагчийн олох байсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээнд заасан эд хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үндэслэлгүй ашигласны төлөө төлөх ёстой төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул түрээсийн төлбөрт төлсөн төлбөр хариуцагчид үлдэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь түрээсийн байр борооны ус их гоожсноос үйл ажиллагаа явуулах боломжгүй, засаж сайжруулах талаар түрээслүүлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас гэрээгээ цуцалсан, хариуцагч борооны ус гоожсон, засаж сайжруулж өгөөгүй талаар маргаагүй нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд өөрсдийн тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага 425 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 700 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Ч.Мос 425 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан 700 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ч.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 21 350 төгрөг төлсөнг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 13 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О