| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0223/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/218 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Ариунтөр,
хохирогч Ө.С,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн 2219000000337 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Б.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн хажуу талд байрлах барилгын дэлгүүр дотор хохирогч Ө.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогчийг танихгүй. Манай найз охин Төгөлдөр төвийг ажиллуулдаг. Тухайн үед туслаад тэнд байж байсан. Хохирогч эхлээд манай хүнтэй яриад байсан. Манай хүн надад хэлэхдээ энэ эгчийн мөнгийг нь өгөөд явуулчихлаа гэж байсан. Тэр өдөр манай хүн байгаагүй, энэ эгчид хэлээд тайлбарласан. Тэгтэл эгч үг сонсохгүй “чамтай харьцахгүй” гэх зэргээр бусад хүмүүстэй тооцоо хийхэд хүндрэл учруулж байсан. Тэгээд “та гараад хүлээж бай” гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хохирогчид учирсан хохирлыг хүлээн зөвшөөрнө. Хохирогчид эмчилгээний зардлыг баримтын дагуу 170.000 төгрөг болсныг төлсөн. Эгчээс уучлалт гуйсан, миний буруу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ө.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхнэртэй нь уулзах гээд Төгөлдөр төв дээр очсон. Тэгээд хүлээгээд байж байтал энэ залуу “та мөнгөө авчихсан юм биш үү” гэх зэргээр яриад байсан. Хэсэг байсны дараа “та гараач, хэрүүлийн бузартай авгай” гэх зэргээр хэлсэн. Би “хүлээж байгаад уулзчихаад явна” гэж хэлэхэд лангууны цаанаас гарч ирээд намайг дүүгүүрдээд шидчихсэн. Унахдаа гараа доороо хийгээд унасан. Гар их өвдсөн. Тэгтэл энэ хүүхэд намайг чирээд гаргасан. Би цагдаа дуудна гэсэн. Тэгтэл надад “та өөрөө халтираад унасан шүү” гэж хэлсэн. Энэ үгэнд би гомдсон. Эхний 20-оод хоног гар их өвдсөн. Хөхүүл хүүхэдтэй их хэцүү байсан. Одооноос арай гайгүй болж байна. Гар хугарсан өдрөөс хойш эм тариа, эмчилгээний зардалд 170.000 төгрөгийг зарцуулсан, баримт нь байгаа. Энэ хохирол төлөгдсөн. Хамарын хийдэд гэр буудал ажиллуулдаг учир нааш, цааш явах гээд унааны зардал 700.000 төгрөг болсон. Үүнээс 300.000 төгрөгийг данс руу хийсэн. Нийтдээ 470.000 төгрөгийг хохиролд төлсөн. Миний хувьд банкны зээлтэй байгаа, зээлийн төлөлтөнд нийт 2.500.000 төгрөг, бусад зардал буюу эм тариа, олох байсан орлого гээд 2.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжилж байгаа хохирлыг барагдуулчихвал өөр зүйл байхгүй. Гэр буудал ажиллуулаад өдөрт 150.000-200.000 төгрөг олдог, орлого янз янз байдаг. Гар хугарснаас болж ажил хийхэд хүндрэлтэй болсон гэсэн мэдүүлэг,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №02/0506 дугаартай дүгнэлтэнд:
1.Ө.Сийн биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 16 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 17 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26-27, 32 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн хажуу талд байрлах барилгын дэлгүүр дотор хохирогч Ө.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Дийн “...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хохирогчид учирсан хохирлыг хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч Ө.Сийн “Би хүлээж байгаад уулзчихаад явна гэж хэлэхэд лангууны цаанаас гарч ирээд намайг дүүгүүрдээд шидчихсэн. Унахдаа гараа доороо хийгээд унасан. Гар их өвдсөн” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0506 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүгдэгч Б.Дт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Торгох ялыг шүүгдэгчийн орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчээс эмчилгээний зардал 170.000 төгрөг, шатахууны зардал 300.000 төгрөг, нийт 470.000 төгрөгийг баримтыг үндэслэн /хохирогчид өөрт нь байгаа/ төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.С “...банкны зээлтэй байгаа, ...Гэр буудал ажиллуулаад өдөрт 150.000-200.000 төгрөг олдог, орлого янз янз байдаг. Гар хугарснаас болж ажил хийхэд хүндрэлтэй болсон” гэж тайлбарлан банкны зээлийн төлөлтөнд 2.500.000 төгрөг, олох байсан орлого 2.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нотлох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгчийг энэ удаад бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Сийн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ө.С нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА