Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч С.О /цахимаар/,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2219003360318 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Н

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Зүүнбаян-Ханги чигэллийн төмөр замын бүтээн байгуулалтын гүүр хоолойн барилгын ажил гүйцэтгэж буй Кюүк Линк ХХК-ийн ажилчдын байранд хохирогч С.Отэй ажилчдыг сэрээсэнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биеийн хөх, гарыг хазаж зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн тасрал, зүүн  хөхний цус хуралт, зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө босоод байж байтал О “ажилчдаа сэрээгээч” гээд захирангуй хэлсэн. Урьд орой нь бид 2 архи уусан юм. Тэгэхээр нь би “чи миний ажлыг мэддэг болчихсон юм уу” гээд маргалдсан. Тэгтэл О намайг үсдээд алгадсан. Би хөхнөөс нь хазсан. Харин хуруу хазсанаа санахгүй байна. Хуруу гарт нь хүрсэн гэж бодохгүй байна. Тухайн үед гарыг нь түлхээд салгах үед гараас нь цус гарсан байсан. О ер нь бол хурц түрэмгий ааштай. Эхлээд О намайг алгадаж үсдээд эхэлсэн. Миний ч гэсэн бие хөхөрсөн байсан. Энэ явдлаас болж бид 2 хоёулаа ажлаас гарсан. Огийн нэхэмжлэлийн хувьд нотлох баримтад үндэслэж төлнө гэж бодож байгаа. Энэ хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч С.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд гомдолтой байна. 2022 оны 08 дугаар сарын 13-ны орой Н согтуу ирсэн. Ирсэн хойноо агсам тавиад орилж хашгираад байсан. Тэгээд өглөө нь “ажилчдаа сэрээгээч” гэтэл над руу “чамд хамаагүй” гэж маргасан. Намайг эхэлж элдвээр хэлээд байхаар нь алгадсан чинь намайг цохиод авсан, тэгэхээр нь би 2 гараас нь бариад дарсан. Тэгтэл миний хөхийг хазаад, гар хазаад гараад гүйсэн. Миний гараас их цус гарсан. Миний зүгээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би ажлаасаа гарч орлогогүй болоод 4 сар болж байна. Эм тарианы зардал бас орсон байгаа гэсэн мэдүүлэг,

            -Гэрч Т.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Энэ үед Н би хүмүүс босогдог хүн биш гэсэн чинь О чи энэ хүмүүсийг хариуцаж байгаа биш үү чи ер нь намайг доромжлоод байхын чи ер нь яагаад байгаан гэж хэлээд Нг нэг удаа алагдаад хоорондоо зодолдоод байхаар нь би салгах гэсэн боловч чадаагүй. ...Тэгтэл гэнэт О миний гарыг хазчихлаа гээд гараа сэгсрээд цус нь гоожсон байдалтай босож ирсэн гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

          -Гэрч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...гэрт нь яваад ороход О зүүн гарын долоовор хуруугаа барьчихсан миний хурууг хазчихлаа гээд зогсож байсан. Гэрийн 2 баганын голд их хэмжээний цус асгарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

          -Яллагдагч О.Ууганзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Отэй ажил болон хувийн таарамжгүй харилцаа үүссэнний улмаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж кемпийн эмэгтэйчүүдийн амрах гэрт хоорондоо муудаж маргалдсан. Энэ үед С.О намайг ажилчдаа босгооч гэхээр нь би Од хандаж чи миний ажлыг мэддэг болсон юм уу гэхэд намайг гэрийн дотор баруун хэсэгт зогсож байхад ирж миний толгойн үснээс 2 гараараа татаж дарсан. ... Огийн гарыг тавиулахын тулд Огийн зүүн хөхнөөс нь амаараа 1 удаа хазсан. Тэгээд түлхсэн чинь О миний үснээс тавьж, орон дээр унасан. Тэгээд би эргээд харсан чинь Огийн зүүн гарын долоовор хуруунаас цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21, 72-74 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/0388 дугаартай дүгнэлтэнд: 

          1.С.Огийн биед зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн тасрал, зүүн  хөхний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтлүүдийн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

          4.Учирсан зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн тасрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.87.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5.Учирсан зүүн  хөхний цус хуралт, зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт х 23-24 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 27 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 65-66, 72-74 ху/

          -Шийтгэх тогтоолын хуулбар  /хх 83-89 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Зүүнбаян-Ханги чигэллийн төмөр замын бүтээн байгуулалтын гүүр хоолойн барилгын ажил гүйцэтгэж буй Кюүк Линк ХХК-ийн ажилчдын байранд хохирогч С.Отэй ажилчдыг сэрээсэнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биеийн хөх, гарыг хазаж зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн тасрал, зүүн  хөхний цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Нгийн...Тухайн үед гарыг нь түлхээд салгах үед гараас нь цус гарсан байсан. Энэ хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Огийн...миний хөхийг хазаад, гар хазаад гараад гүйсэн. Миний гараас их цус гарсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Т.Цолмон, Б.Золжаргал нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн тасрал, зүүн  хөхний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0388 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдож байна.

 Шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

           Шүүгдэгч Б.Нд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурор, өмгөөлөгч нарын дүгнэлт  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

           Торгох ялыг шүүгдэгчийн орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

          Гэмт хэргийн улмаас хохирогч С.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

          Иймд хохирогч С.Огийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ удаад бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.         

           Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Огийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч С.О нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА