| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/03175/И |
| Дугаар | 183/ШШ2019/00039 |
| Огноо | 2018-12-25 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2019/00039
| 2018 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2019/00039 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, Б овогт Н.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух Б овогт С.Б
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух Б овогт Н.Б
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо... байр, ... тоот хаягт оршин суух Б овогт Н.Б нарт холбогдох,
Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.О нь 1939 онд төрсөн. Одоо 79 настай. Түүний төрсөн хүү болох Г.Н нь 1972 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Г.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өвчний учир нас барсан. Г.Н нь эхнэр С.Бтэй 2003 онд гэр бүл болсон. Хүү Н.Б 1992 онд, хүү Н.Б 1996 онд, хүү Н.Б 2006 онд, хүү Н.Б 2010 онд төрсөн. Талийгаач Г.Нн өмчлөлд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** байршилтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 143.15 метр квадрат талбайтай, 4 өрөө, 6 тоот автомашины зогсоолтой, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байдаг бөгөөд тэнд гэр бүл, үр хүүхдүүдийн хамт амьдардаг. Г.Ныг нас барсанаас хойш түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өв залгамжлалын асуудлаар огт яригдахгүй байсан бөгөөд цаашид хэрхэх нь бас мэдэгдэхгүй байгаа ба өр төлбөр ихтэй түүнийг нь төлнө гэх зэргээр шийдвэрлэж өгөхгүй байдаг. Энэ талаар ярилцсан боловч хууль ёсны дагуу ханддаг байгууллагад нь хандаж тогтоолгох хэрэгтэй гэсний дагуу шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Хүү Г.Нын эхнэр, хүүхдүүд нь хууль ёсны өв залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний эцэг Г нас барсан тул эх Н.О нь мөн ав залгамжлах эрхтэй гэж үзэж байна. Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийг 520.1 дэх хэсэгт “...Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй...” гэж мөн 520.1.1 дэх хэсэгт “...нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх ...” гэж тус тус зааснаар талийгаач Г.Нын төрсөн эх болох Н.Днь хууль ёсны өвлөгч бөгөөд Г.Нын хөрөнгүүдийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй болно. Иймд Н.О нь хүү Г.Нын өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхтэй өв залгамжлагчийн нэг мөн тул түүнийг дээрхи үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11151 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг бөгөөд эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тооцоолон тэмдэгтийн хураамжийг төлж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж өгөх шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлд дурьдагдаад буй үл хөдлөх хөрөнгийн ойр байрлах ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 200 метр квадрат талбайтай 2 автомашины зогсоолтойгоор 340 000 000 төгрөгөөр үнэлэгдэн зах зээл дээр зарлагдсан байна. Энэ нь 1 метр квадрат талбайн зах зээлийн үнэлгээ нь 1.7 сая төгрөг байх бөгөөд манай үл хөдлөх хөрөнгийн нийт талбай нь 143.15 метр квадрат талбайтай 1 автомашины зогсоолтой тул нийт 243 355 000 төгрөгөөр зах зээл дээр үнэлэгдэхээр байна гэж үзэж байна. Хүү Г.Нын эхнэр С.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Б, төрсөн эх Н.Отай нийлэн 6 өв залгамжлагчтай гэж үзэж нэхэмжлэгч Н.Од оногдох хэсэг нь 40 559 167 төгрөг байхаар байна гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Н.Оаас тус шүүхэд гаргасан Г.Нын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үнлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байршилтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 143,15 метр квадрат талбайтай, 4 өрөө, 6 тоот автомашины зогсоолтой, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч С.Бийн хадам ээж болох Н.О нь дээрхи хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн тул Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт "...Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй... ” гэж, мөн 520.1.1 дэх хэсэгт “... нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хуүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх... ” гэж тус тус зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэжээ. Улмаар өөрийн өвлөх хувь хэмжээгээ тодорхойлж үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээ гэх нийт 243 355 000 төгрөгөөр үнэлж, хүү Г.Нын эхнэр С.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Бг, хүү Н.Б, төрсөн эх Н.Отай нийлэн 6 өв залгамжлагчтай гэж үзэж нэхэмжлэгч Н.Од оногдох хэсэг нь 40 559 167 төгрөг буюу 6 хуваасны 1 гэж үзсэн байна. Тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ яг ямар үнэтэй байгааг одоогоор мэдэхгүй байгаа бөгөөд ямар ч байсан энэхүү хөрөнгө зах зээл дээр ямар ч үнэтэй байснаас хамаарахгүйгээр 1/6 хэсэг нь нэхэмжлэгчийн өв залгамжлах өмч гэсэн нэхэмжлэл гаргасан байна гэж ойлгогдохоор байна. Монгол Улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт "...Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ ... ” гэж зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөнд амьдарч байсан эхнэр, хүүхдүүд нь өв хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдээгүй тул өвийг хүлээн авсан байдаг бөгөөд одоог хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгөнд амьдарч байгаа болно. Харин Монгол Улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт ”... Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ ... ” гэж, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт ”... Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ ...” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан зүйл байдаггүй, одоогоор хариуцагч нарт мэдэгдсэн зүйлгүй байна. Нэхэмжлэгчийн Г.Нын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байршилтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 143,15 метр квадрат талбайтай, 4 өрөө, 6 тоот автомашины зогсоолтой, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 1/6 хэсгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд нөхөр Г.Н, эхнэр С.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Б нарын хөрөнгө юм. Өв залгамжлалтай холбоотой хэсэг нь нөхөр Г.Над оногдох хувь болох 6 хуваасны 1 хэсэг буюу 16.67 хувь юм. Хөрөнгийн 16.67 хувь буюу 6 хуваасны 1 хэсэг нь өв залгамжлагдах хөрөнгө болох бөгөөд харин энэхүү хэсгийн өөрт оногдох хувийг өв залгамжлан авна гэвэл татгалзах зүйлгүй болно. Улмаар хадам эх Н.О, эхнэр С.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Б нарын 6 өв залгамжлагчтай гэж үзвэл тухайн хөрөнгийн 2.78 хувь нь өв залгамжлагч нарт буюу нэхэмжлэгчид оногдохоор байна гэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч С.Бийн хадам ээж болох Н.О нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн тул Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт “... Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй...” гэж, мөн хуулийн 520.1.1 дэх хэсэгт “...нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх...” гэж зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэжээ. Улмаар өөрийн өвлөх хувь хэмжээгээр тодорхойлж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 243 355 000 төгрөгөөр үнэлж, хүү Г.Нын эхнэр С.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Б, хүү Н.Б, төрсөн эх Н.Отай нийлэн 6 өв залгамжлагчтай гэж үзэж нэхэмжлэгч өөрт оногдох хувь хэмжээгээ 1/6 гэж тооцсон байна. Нэхэмжлэгчийн ийм байдлаар өвлөх хувь хэмжээгээ тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчид өвлөх хувь хэмжээг тооцоолон гаргахын тулд тухайн үл хөдлөх хөрөнгөөс ямар хэсэг нь нийт өвлөгч нарт өвлөгдөх хувь хэмжээ болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай болох юм. Монгол Улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “...Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ...” гэж зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөнд амьдарч байсан эхнэр, хүүхдүүд нь өв хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдээгүй тул өвийг С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нар хүлээн авсан байдаг бөгөөд одоог хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгөндөө амьдардаг. Харин Монгол Улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ...” гэж, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ...” гэж зааснаар бусад өвлөгчид нь нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан зүйл байдаггүй болно. Г.Н, С.Б нар нь 2003 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болж 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 366 дугаарт бүртгүүлсэн. Хүү Н.Б 1992 онд, хүү Н.Б 1996 онд, хүү Н.Б 2006 онд, хүү Н.Б 2010 онд төрсөн. Нөхөр Г.Нын нэр дээр бүртгэлтэй байдаг Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байршилтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 143,15 метр квадрат талбайтай, 4 өрөө, 6 тоот автомашины зогсоолтой, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүл болсоноос хойш буюу 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 21 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан (хоёр зуун арван найман сая таван зуун мянга) төгрөгөөр бариулж 2010 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “... гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө... ” гэж зааснаар дээрхи хөрөнгө нь мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “...Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн...” гэж зааснаар гэр бүлийн гишүүд болох Г.Н, С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нарын 6 хүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байрлах орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 143,15 метр квадрат талбайтай, 4 өрөө, 6 тоот автомашины зогсоолтой, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүд Г.Н, С.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү. Нэгэнт энэхүү хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж байх тул талийгаач Г.Над оногдох хувь хэмжээ нь өвлөгдөх хувь хэмжээ болох юм. Г.Над оногдох хувь хэмжээг 6 хуваасны 1 хэсэг гэж үзэж байх ба өвлөгдөх хувь хэмжээ нь энэхүү хэсэг болно. Харин энэхүү хэсгээс хууль ёсны өвлөгч нарт хуульд зааснаар адил хэмжээгээр өвлөх юм. Одоогоор шүүхэд өвийн асуудлаар маргаан үүсгээд буй талийгаачийн төрсөн эх Н.О болон бусад 5 өвлөгч нарыг оролцуулаад 6 өвлөгч байна гэж үзэж байх ба хүсэлт гаргасан өвлөгч гэж үзсэн өөр өвлөгч байхгүй байна. Талийгаач Г.Нын өвлөгдөх хувь хэмжээг тогтоохгүйгээр хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх хувь хэмжээг тогтоох боломжгүй юм.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, 143.15 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь талийгаач Г.Н төрүүлсэн эх буюу хууль ёсны өвлөгч тул ногдох өв хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгож, ногдох өв хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нь өвлөгдөх өв хөрөнгийг хүлээн авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талийгаач Г.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгджээ. /х.х-ийн 53 хуудас /
Нэхэмжлэгч Н.О нь 1971 оны 12 дугаар сарын 11-ний өдөр талийгаач Г.Н төрүүлсэн болох нь талийгаачийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.О нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн төрүүлсэн эх бөгөөд хууль ёсны өвлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна гэж үзэж, нэхэмжлэгч нь өөрт ногдох өвийг шаардах эрхтэй байна. /х.х-ийн 5 хуудас/
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Н.Оыг талийгаач Г.Н хууль ёсны өв залгамжлагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн маргаагүй боловч өвлөгдөх өв хөрөнгийг хүлээн авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хуульд заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй тул өвлөхөөс татгалзсан, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өвлөгдөх эд хөрөнгийн талаар нотариатад өв нээлгэх хүсэлт гаргадаг талаар мэдээгүй, өндөр настай хүн тул мэдэх боломжгүй гэж тайлбарласан.
0386049 гэрчилгээний дугаартай, 178041/0396 нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо 562 м.кв газрыг Н.Д өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн нотариатч Б.З 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарын үсгийн 569 дүгээрт бүртгэж гэрчилсэн болох нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Монголын нотариатчийн танхимын 860 тоот лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг өв нээлгэх талаар нотариатад хүсэлт гаргадаг эсэхийг мэдээгүй, мэддэггүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /х.х-ийн 46 хуудас/
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдснээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Н.О нь өвлөгдөх хөрөнгөтэй гэдгийг мэдэж байсан, энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй байх тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна. Учир нь талийгаач Г.Н 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан, өв нээгдснээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд нэхэмжлэгч нь өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй болох нь түүний шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Монголын нотариатчийн танхимын 860 тоот лавлагаагаар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болох боловч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Оын хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, 143.15 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Хариуцагч С.Б нь талийгаач Г.Н 2003 оны 11 сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна./х.х-ийн 23 хуудас/
Мөн 1992 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Н, 1996 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төрсөн хүү Н, 2006 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн хүү Б, 2010 оны 6 дугаар сарын 10-нд төрсөн хүү Б нар нь хариуцагч С.Б талийгаач Г.Н нарын дундаас төрсөн болох нь иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч.” мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасан байх тул Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, 143.15 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоол нь талийгаач Г.Н, хариуцагч С.Б Н.Б, Н.Б, Н.Б,Н.Б нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул сөрөг нэхэмжлэлийг шүүх хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, 143.15 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж ****** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, 143.15 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоол нь талийгаач Г.Н, хариуцагч С.Б Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 746 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулж хариуцагч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О