Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         хохирогч Б.А,

         шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Лад холбогдох эрүүгийн 2219000000309 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Г.Л

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнын туяа” гэх салон дотор хохирогч Б.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Г.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие Атай холбоогоо таслаад өөр эмэгтэйтэй холбоотой байсан. Тэгтэл А нь үерхэж байгаа эмэгтэйтэй холбогдож элдвээр хэлсэн байсан. Би түүнийг нь сонсоод нэлээн бухимдсан байсан. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Дорнын туяа” үсчинд очоод гутлаа тайлаад А руу шидсэн. Тэгээд маргалдаад дотор байсан залуус намайг тайвшруулаад аваад гарсан. Би Атай нэг газар ажилладаг байсан. Ер нь энэ эмэгтэй намайг өдөөд, би биеэ барьж чадаагүй. Уг нь салъя гэсэн боловч надаас салж өгөхгүй зууралдаад байгаа юм. Би тэр өдөр архи уугаагүй. Хохирогчид энэ гэмтлийг учруулаагүй. Хөл гуя хэсэгт нь цохисон. Би толгой руу нь цохиогүй. Уур бухимдлаа барьж чадаагүй. Миний буруу. Тухайн үед гаргасан үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн үед ажил руугаа орох гээд явж байсан. Хажуугаар нь гарахад шуламс гээд хүнд ярьсан. Тэгэхээр нь би хажуугаар нь гарахдаа “угаасаа чи тэгнэ ш дээ” гэж хэлээд орсон. Тэгтэл араас орж ирээд 2 гутлаа тайлаад шидсэн. Бас сандал аваад далайхад нь манай найз хориглосон. Тэнд 3 эмэгтэй, 4 залуу байсан. Угаасаа хориглохгүй бол дайрч давшлаад байсан. Бас гар мушгисан. Үсчин Одко бид хоёрын дунд орж гарыг нь тавиулах гээд чадахгүй байсан. Миний утсыг хайж байхдаа цүнхэнд байсан гоо сайхны төмөр савтай мист аваад толгой руу цохисон. Миний толгой доргилттой, одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Одоо ажилгүй байсан хугацааны орлого 1.500.000 төгрөг, надаас зээлж авч байсан 3.800.000 төгрөг, нийт 4.300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний толгой руу цохисон нь үнэн. Би цахим орчинд янз бүрийн зүйл бичээгүй. Урьд нь цохиж зодож байх үед нь гомдолгүй гэдэг байсан гэсэн мэдүүлэг,

            -Гэрч Э.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байрлах ажил дээрээ байж байхад Г.Л гадаа гарчихаад орж ирэхдээ А эгчтэй хэрэлдээд орж ирээд гоо сайхны өрөө рүү ороод явсан. Өрөөн дотор Л ах А эгч рүү гутлаа шидээд хөл нүцгэн хэрэлдээд байхаар нь би Баттулга гэх үсээ засуулж байсан залуутай хамт өрөөнд нь ороод болиулсан чинь гоо сайхны хуванцар сав аваад өөдөөс нь шидсэн. Би тэгээд Баттулга гэх залуутай Л ахыг болиулаад гарах гэсэн чинь А эгч Л ахад хандан би чиний ээжийг өрөвдсөн болохоор өмнөх гомдлоо буцаасан шүү гэсэн. Л ах чи миний ээжийг өрөвддөг хэн бэ гэж хэлээд өөдөөс нь дайрахаар нь болиулсан чинь А эгч Л ах руу хандаж одоо би чамайг шоронд явуулна гэж хэлээд хэрэлдэж байгаад гарсан ийм л зүйл болсон гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

          -Гэрч Х.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18:00 цаг өнгөрч байхад Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дорнын туяа салонд очиж Хумсаа будуулах гээд А эгчтэй салоны гадаа таараад ажил руу нь хамт орж байхад гадаа Л хүнтэй утсаар ярьж байгаад бид хоёрын араас хараал хэлээд ороод ирсэн. Тэгж байснаа өмсөж байсан пүүзээ тайлаад толгойны орой хэсэг рүү нь баруун гартаа барьж байгаад 2-3 удаа цохиж байгаад, гар утсаа өг гээд хайгаад цүнхийг нь ухаж байгаад дотроос нь гоо сайхны төмөр сав гаргаж ирээд А эгч рүү дайрсан чинь А эгч өрөөний буланд доошоо айгаад суусан чинь толгойн орой хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд Лтай хамт салон дотор байсан 2-3 залуу орж ирээд Лыг боль гэж хорьсон гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

          -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02/0457 дугаартай дүгнэлтэнд: 

 1.Б.Агийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

 3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 16-17 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 27 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 65-66, 72-74 ху/

          -Шийтгэх тогтоолын хуулбар  /хх 83-89 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорнын туяа” гэх салон дотор хохирогч Б.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Агийн...цүнхэн дотор байсан гоо сайхны төмөр сав аваад баруун гартаа барьж байгаад зүүн гараараа миний зүүн гараас барьж байгаад миний толгойны орой хэсэгт 1 удаа хүчтэй цохисон. Тэгсэн ажил дээр байсан залуучууд намайг өрөөнөөс аваад Лын өрөө рүү оруулсангэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Х.Отгонзаяа, гэрч Э.Одхүү нарын  мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0457 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдож байна.

         Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчид энэ гэмтлийг учруулаагүй. Хөл гуя хэсэгт нь цохисон. Би толгой руу нь цохиогүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, учир нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй. Гэвч түүний дээрх мэдүүлэг нь гэрч Х.Отгонзаяагийн “...өмсөж байсан пүүзээ тайлаад толгойны орой хэсэг рүү нь баруун гартаа барьж байгаад 2-3 удаа цохиж байгаад, гар утсаа өг гээд хайгаад цүнхийг нь ухаж байгаад дотроос нь гоо сайхны төмөр сав гаргаж ирээд А эгч рүү дайрсан чинь А эгч өрөөний буланд доошоо айгаад суусан чинь толгойн орой хэсэг рүү нь 1 удаа цохисон” гэсэн, гэрч Э.Одхүүгийн “...Л ах А эгч рүү гутлаа шидээд хөл нүцгэн хэрэлдээд байхаар нь би Баттулга гэх үсээ засуулж байсан залуутай хамт өрөөнд нь ороод болиулсан чинь гоо сайхны хуванцар сав аваад өөдөөс нь шидсэн” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

         Шүүгдэгч Г.Лын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

           Шүүгдэгч Г.Лад ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

         Торгох ялыг шүүгдэгчийн саналыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэлээ.

         Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос ажилгүй байсан хугацааны орлого 1.500.000 төгрөг, зээлж авсан 3.800.000 төгрөг, нийт 4.300.000 төгрөгийг нэхэмжилж байна.

         Дээрх нэхэмжлэлийг шинжлэн судлахад зээлж авсан гэх 3.800.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй, энэ хэрэгт хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 1.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шүүгдэгчийг энэ удаад бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.         

           Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Г. Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Агийн нэхэмжлэлээс 3.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олох байсан орлого 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА