Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

                                       

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тольтон бургууд ургийн овогт Эрдэнэцогтын Дамбадаржаад холбогдох эрүүгийн 2236000000254 дугаартай, 178/2022/0226/Э индекстэй хэргийг 2022 оны 11дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх,дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-8 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Тольтон бургууд ургийн овогт Эрдэнэцогтын Дамбадаржаа, регистрийн дугаар: ПВ94050612

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Н.Анхцэцэгийн тээврийн хэрэгсэл дотор Н.Анхцэцэгтэй маргалдаж муудалцах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 4-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 779 дугаартай ...Н.Анхцэцэгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 8-9-р хуудас/

Н.Анхцэцэгийн өвчний түүхийн хуулбар / хэргийн 14-26-р хуудас/

Хохирогч Н.Анхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 07 дугаар сард би таксинд явж байгаад анх Э.Дамбадаржаа гэх залуутай танилцсан.Тэрнээс хойш бид хоёр уулзаж, манайд байнга ирж очдог болсон. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би тураах төв рүү ороод 1 цаг болоод гараад ирэхэд намайг Э.Дамбадаржаа “чи ямар их уддаг юм бэ, ногооны ажилд явах гэсэн, хамаг цаг барчихлаа” гээд уурлаад надтай хэрүүл маргаан хийж байгаад миний толгой руу гараараа 5-6 удаа цохисон.Тухайн үед миний чих юм сонсохгүй болчихсон.Тэгэхээр нь “чамайг цагдаад хэлнэ” гэхэд намайг явуулахгүй байсан. Маргааш нь эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд хотоос чих хамар хоолойн мэргэжлийн эмч нар ирж байгаа, үзүүлээрэй гэсэн. Тэгээд чихний хэнгэрэг цоорсон байна гээд хагалгаанд орсон.Э.Дамбадаржаад зодуулснаас хойш чих өвдөөд ажлаа хийж чадахгүй болсон. Хохирлоо төлүүлж авна...гэх мэдүүлэг / хэргийн 43-44-р хуудас/

Шүүгдэгч Э.Дамбадаржаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлыг бүгдийг ярьсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Би Н.Анхцэцэгт 4 сая төгрөг бэлнээр өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 63-64-р хуудас/зэрэг баримтуудыг шижлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь 2022 оны 07 дугаар сарын сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Н.Анхцэцэгийн машин дотор түүнийг тураах төвөөс удаж гарч ирлээ, ногоонд явах ажил оройтлоо гэх шалтгаанаар уурлаж түүний толгой руу хүчтэй цохисноос чихний хэнгэрэг нь хагарч биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь хохирогч Н.Анхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч нь хохирогчтой ойр дотно харилцаатай хэдий ч зүй бус харьцсанаас    гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Дамбадаржаа хохирогчийн толгой тус газар нь гараа атгаж хүчтэй цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна. 

Иймд шүүгдэгч Э.Дамбадаржааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Дамбадаржаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 74-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ш.Оюунцэцэгийн өгсөн... Э.Дамбадаржаа нь эцэг эхээс гурвуулаа, айлын 2 дахь хүүхэд, 4-р анги төгссөн, 2014 онд Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан, даруухан, өглөгч сэтгэлтэй, тогтуун томоотой хүнд тусархуу хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хэргийн 69-р хуудас/ Э.Дамбадаржаагийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Э.Дамбадаржааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Э.Дамбадаржааг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох,ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дамбадаржаа өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх тайлбар,

Шүүгдэгч Э.Дамбадаржаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Э.Дамбадаржааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дамбадаржаад 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суугаа Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох,ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэв.

 

                       Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Дамбадаржаа нь хохирогч Н.Анхцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 779 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Н.Анхцэцэг нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, хагалгаа хийлгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаанд ”...Э.Дамбадаржаа миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /66-р хуудас/ өгсөн, хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Э.Дамбадаржааг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.  

 

            Эрүүгийн 2236000000254 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тольтон бургууд ургийн овогт Эрдэнэцогтын Дамбадаржаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тольтон бургууд ургийн овогт Эрдэнэцогтын Дамбадаржааг 02/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дамбадаржааг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суугаа Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Дамбадаржаад мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн 2236000000254 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Дамбадаржаад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.Дамбадаржаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС