Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0646

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

            Б.Дгийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Э

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 568 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0687/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Дгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” Б/8*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/8*** дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж  шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Маргаан бүхий захиргааны актын батлан гаргахын өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/4210 дугаартай албан бичиг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 01-08/2359 дугаартай албан бичгээр тус тус Захиргааны ерөнхий 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль, ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд захиргааны шийдвэр гаргахын өмнө ач холбогдох бүхий нөхцөл байдлын талаар, санал тайлбар гаргах боломж олгоно” гэсний дагуу сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлснийг шүүх буруу дүгнэсэн байна.

            3.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлын тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэжээ.

            3.3. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэсний дагуу Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны 14 дүгээр байрны иргэн Ш.Ү нарын 14 иргэний гомдлоор хяналт шалгалт хийж Хот стандарт хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/570 дугаартай албан бичгээр хяналт шалгалтын нэгдсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Уг дүгнэлтийг үндэслэн мөн хуулийн 3 дугаар зүйлийн 31.1.1 дэх хэсэгт “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлэх бөгөөд тус дүгнэлтийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх, 22.1-д Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн байна.

            3.4. Дээрх дүгнэлтээр 2021 оны Б.Дгийн үйлчилгээтэй, конторын барилга нь 14 дүгээр байр луу харсан цонхтой төлөвлөгдсөн байх бөгөөд газар дээр хийсэн хэмжилтээр 9.5 метр зайтай байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18 дугаар заалт, 4 дүгээр хавсралтад заасан (Барилгын тууш урт талуудын хооронд 2-4 давхар хүртэл 15 метр зайтай байх) заалтыг хангахгүй байна гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч батлагдсан зураг төслийн дагуу маргаан бүхий газарт 2 давхар барилга барихаар төлөвлөснийг судлаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/8*** дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

3. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            3.1. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” Б/8*** дүгээр захирамжийн[1] 1 дэх заалтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны иргэд, оршин суугчдаас гаргасан гомдол, мэдээллийг хянан үзэхэд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан, хууль тогтоомж, барилгын норм дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тул үйлчилгээ, конторын зориулалтаар иргэн Б.Дд олгосон 1464 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн ерөнхий архитектурын 2020 оны ГБМЗХ2020/27-010 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 0010540 (134/2022) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

            3.2. Дээрх маргаан бүхий акттай холбогдуулан нэхэмжлэгч Б.Д эс зөвшөөрч “... хэний хэрэгжүүлж байгаа ямар барилгын төсөл нь мэдэгдэлд дурдагдсан хууль тогтоомжийг зөрчсөн нь тодорхойгүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дуудлага худалдаанд оролцож газар эзэмших эрхийг худалдаж авсан, холбогдох бүх зөвшөөрлүүдийг тодорхой шат дараалалтай ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа газар эзэмших эрх болон олгосон бүх зөвшөөрлийг эргээд цуцалж байгаа нь Б.Дгийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, ... мэдэгдэл хүргүүлэхдээ 2 актын тухайд мэдэгдэл хүргүүлсэн, ... Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтээр тус барилга нь барилгын нормыг хангана гэж дүгнэсэн, ... газрын зориулалтыг өөрчилсөн асуудал нь өөрчлөх эрхий бүхий холбогдох байгууллагууд болон Нийслэлийн Засаг дарга нар өөрчилсөн учраас өөрийн гаргасан шийдвэрээ өөрчилж болохгүй гэдэг байдлаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий үндэслэлээр тайлбарлан маргажээ.

            3.3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн буюу иргэд гомдол гаргаж эхэлсэн, ... Хот байгуулалт, хяналтын газраас иргэдийн гомдолд үндэслэн хяналт шалгалт хийж, дүгнэлтээр норм зөрчсөн, стандартад нийцэхгүй гэж дүгнэсэн, ... нийтийн эрх ашгийг хамгаалж энэхүү захирамжийг гаргасан ...” гэх агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

            3.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан.

            3.5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрт хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал  энэ тохиолдолд газар ашиглах эрх үүссэнээс хойш нэхэмжлэгч газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, өөрийн эзэмшлийн газарт барилга барьж буй барилгын үйл ажиллагаанаас үүдэн бусад этгээдийн эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж байгаа эсэх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ноцтой зөрчил гэх үндэслэлд хамаарах эсэх, гомдол гаргасан гэх 14 дүгээр байрны барилгад хэрхэн нөлөөлөх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба стандартад нийцэж буй эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, шийдвэрийн үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар чиглэгдсэн этгээдэд мэдэгдэж, лавлаж тодруулах зэрэг хэлбэрээр шийдвэрийн үндэслэл тус бүрт хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох хуулиар хүлээсэн үүрэгтэй атал хариуцагч нь эдгээрийг бүрэн дүүрэн тогтоогоогүй, хуульд заасан шийдвэрийн үндэслэлд хамаарах нөхцөлийг

 нарийвчлан судалж тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

            3.6. Анхан шатны шүүх “... тухайн захиргааны актын үндэслэл болсон гэх хууль тогтоомж, барилгын норм, дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тодорхой бус, бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул хэмээн хэний, хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг  сонирхолд сөргөөр нөлөөлсөн болох зэрэг үйл баримтыг бүрэн гүйцэт нягтлан тогтоолгүй шийдвэрлэсэн, ... нэхэмжлэгч Б.Д нь тухайн газрыг шилжүүлэн авахдаа гарааш эзэмшигчидтэй тохиролцсон эсэх, тэдний эрх ашиг хөндөгдсөн эсэх, ямар шалтгаанаар зориулалт өөрчлөх болсон, ийнхүү газрын зориулалт өөрчлөн барилга барихаас өмнө холбогдох эрх бүхий байгууллагуудад хандаж, зөвшөөрөл авсан байсан эсэх, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газрын хил дотор барьж буй барилгын үйл ажиллагаанаас үүдэн бусад этгээдийн эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж байгаа гэх үйл баримт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ноцтой зөрчил гэх үндэслэлд хамаарах эсэх асуудлыг хариуцагч захиргааны байгууллага гүйцэт шалган тогтоох шаардлагатай, ... хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй асуудлыг шүүхээс нөхөн хэрэгжүүлэх боломжгүй ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            3.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 14 дүгээр байрны оршин суугчдыг төлөөлөгч иргэн Ш.Ү, О.С нараас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “... нийтийн эзэмшлийн газарт иргэн Ж.Гд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/646 дугаар захирамжаар 9 м өргөн, 13.5 м урт хэмжээтэй газарт 4 давхар үйлчилгээний барилга барих шийдвэр гарсан тухай Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас суугчдаас санал авах самбар байршуулсан байна, ... Ж.Ггийн барилга нь одоогоор хашаа барьчихсан байгаа, барилга барихыг нь түдгэлзүүлсэн иргэн Б.Дгийн подвал бүхий 2 давхар үйлчилгээний барилгатай залгаа бөгөөд нэг дор байрлалтай, ... үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга бариулахыг эсэргүүцэж, газрын шийдвэрийг хүчингүй болгуулахыг шаардаж байна” гэх хүсэлтийг[2] гаргасан байх боловч энэхүү иргэд нь нэхэмжлэгчид хамаатай гомдол гаргасан эсэх, эрх нь хэрхэн хөндөгдөж зөрчигдсөн гэж үзэж гомдол гаргасан нь тодорхой бус байна.

            3.8. Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/570 дугаар “Иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн тухай” дүгнэлтээр[3] “... Б.Дд олгогдсон 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 134/2022 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт (Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:)-ын 7.1.1 (барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үйл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол;), 7.1.2 (иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол;), 7.1.3 (энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх) дахь заалтууд болон 7.5 дахь заалтууд (барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ)-уудад нийцэхгүй байна ...” гэж дүгнэсэн байна.

Гэвч нэхэмжлэгч Б.Дгийн ашиглаж буй газар нь анх гарааш эзэмшигч иргэдээс газрыг шилжүүлэн авахдаа тэдгээр иргэдтэй тохиролцсон эсэх, ямар шалтгааны улмаас газрын зориулалтыг өөрчлөх болсон, газрын зориулалт өөрчлөн барилга барихаас өмнө холбогдох эрх бүхий байгууллагуудад хандан зөвшөөрөл авсан эсэх, өөрийн эзэмшлийн газарт барилга барьж буй барилгын үйл ажиллагаанаас үүдэн бусад этгээдийн эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж байгаа эсэх, эдгээр үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ноцтой зөрчил гэх үндэслэлд хамаарах эсэх, гомдол гаргасан гэх 14 дүгээр байрны барилгад хэрхэн нөлөөлөх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба стандартад нийцэж буй эсэх нь тодорхой бус, хариуцагч маргаан бүхий актыг гаргахын өмнө эдгээр нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасантай нийцсэн байна.

            3.9. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ” 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлтэй зөв байна.

            3.10. Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлснийг шүүх буруу дүгнэсэн, ... дүгнэлтээр 2021 оны Б.Дгийн үйлчилгээтэй, конторын барилга нь 14 дүгээр байр луу харсан цонхтой төлөвлөгдсөн байх бөгөөд газар дээр хийсэн хэмжилтээр 9.5 метр зайтай байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18 дугаар заалт, 4 дүгээр хавсралтад заасан (Барилгын тууш урт талуудын хооронд 2-4 давхар хүртэл 15 метр зайтай байх) заалтыг хангахгүй байна гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч батлагдсан зураг төслийн дагуу маргаан бүхий газарт 2 давхар барилга барихаар төлөвлөснийг судлаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 33-35 дахь талууд

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 43 дахь тал

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 52-54 дэх талууд