| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/03431/И |
| Дугаар | 183/ШШ2018/02841 |
| Огноо | 2018-12-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2018/02841
| 2018 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2018/02841 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Хангарьд ордон, Ц.Жигжиджавын гудамж ... байранд байрлах, Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ... тоот хаягт байрлах, А ХХК -д холбогдох,
Гэрээний үүрэгт 148 786 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Асфальтбетон нийлүүлэх №А-2013/06 тоот гэрээ”-г А ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулан гэрээний урьдчилгаа төлбөр 800 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Н нь 2015 онд А ХХК-тай тооцоо нийлсэн актаар 148 786 852 төгрөгийн үлдэгдэл тооцоотой гарсан бөгөөд энэхүү компани нь дээрх үлдэгдэл мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүйгээр манай газар санхүүгийн болон аудитын шалгалтаар ноцтой зөрчил гаргасан гэж их хэмжээний мөнгөн торгууль тавиулсан болно. Дээрх 148 786 852 төгрөгийг төлж барагдуулах тухай удаа дараа шаардаж албан шаардлага хүргүүлсэн боловч мөнгө төлөх талаар ямар нэг идэвхи санаачлага гаргахгүй байна. Иймд “Асфальтбетон нийлүүлэх №А-2013/06” тоот гэрээ”-г гэрээний үлдэгдэл 148 786 852 төгрөгийг А ХХК-аас гаргуулан манай газрыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь 2007 онд анхлан байгуулагдаж Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд бодитой хувь нэмрийг оруулан оролцон асфальт бетон хольцыг үйлдвэрлэн зам барилгын ажилд нийлүүлж ирсэн билээ. Манай компани нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны Н/НАЗГ/-тай А-2013/06 тоот гэрээ байгуулж битумны урьдчилгаа болгон 800 сая төгрөгийг авсан бөгөөд 2013-2014 оны хооронд нийт 651 213 148 төгрөгтөй тэнцэх хэмжээний асфальтыг үйлдвэрлэн Н захиалгын дагуу Улаанбаатар хотын зам барилгын бүтээн байгуулалтанд нийлүүлсэн билээ. Үүнээс гадна тухайн үеийн НАЗГ-аас /дарга асан Д.Н/ 2013 онд “Б” ХХК-иас хийж гүйцэтгэсэн “22-н товчооны замын өргөтгөл шинэчлэл”-ийн ажилд асфальт бетон хольц өг гэсэн үүргийн дагуу 768 267 100 төгрөгийн асфальт нийлүүлсэн /тооцоо нийлсэн акт байгаа/ бөгөөд эдүгээ НШШГГ-т 127 399 100 төгрөг, шүүхийн эвлэрлээр 287 911 143 буюу нийт 444 736 408 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Дээрх төлбөр төлөгдөөгүй байгаа болон бид НАЗГ-тай байгуулсан гэрээний битумын урьдчилгааны төлбөрийг төлж барагдуулах зорилгоор бид арга буюу 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр шүүхээс “Б” ХХК-ийн энэхүү төлбөрийг манай компанид төлж барагдуулах тухай шийдвэр гарч уг асуудал Н шийдвэрлэгдэхээр эдүгээ 3-4 жилийн нүүрийг үзэж байна. Манай байгууллага нэгдүгээрт НАЗГ-ын удирдлагын шийдвэрээр асфальт бетон хольцыг битумын урьдчилгааныхаа төлбөрт өгсөн, нөгөөтэйгүүр “Б” ХХК-аас төлбөрөө төлөхгүй удсанаас үүдэж дээрх асуудал гарсан болохыг бид шүүхэд тайлбар болгож байгаа бөгөөд бид удаа дараа НШШГ-аар дамжуулан “Б” ХХК-ийн удирдлагатай уулзаж асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа болно. Бид НАЗГ-тай байгуулсан гэрээний дагуу өөрөөс хамаарах үүргээ биелүүлж битумын урьдчилгааны төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үздэг. Иймд бодит нөхцөл байдлыг ойлгож зохих шийдвэрийг шүүхээс гаргана гэдэгт итгэж байна. Мөн “Б” болон бусад байгууллагуудаас манай байгууллагад өглөгтэй компаниудын өр авлагын асуудал шийдэгдэх хүртэл бид ирэх онуудад зам барилгын чиглэлээр хийгдэх төсөл, арга хэмжээнд асфальт нийлүүлэх, зам барилга угсралтын ажлаас олох ашиг орлогоос дээрх өр төлбөрийг барагдуулах боломжтэй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч А ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч “Нхудалдах-худалдан авах гэрээний үүрэгт 148 786 852 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Хавтаст хэргийн 2-3 дугаар талд “Асфальтобетон хольц нийлүүлэх гэрээ” авагдсан бөгөөд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний зохицуулалттай нийцсэн, гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байх тул худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч нь гэрээний дагуу 800 000 000 төгрөг авсан, гэрээний үлдэгдлийн баталгааг зохигчид нийлсэн, 148 786 852 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй, харин Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Д.Н зааврын дагуу Б ХХК-нд битум нийлүүлсэн, тус компани манай төлбөрийг төлөөгүй тул төлөхгүй гэж маргаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
Хавтаст хэргийн 5 дугаар талд тооцооны үлдэгдлийг баталгаа авагдсан, Уг тооцоо нийлсэн акт нь зохигч байгууллагуудын санхүүгийн ажилтнууд гарын үсэг зурж, тамга болон санхүүгийн тэмдэгийн дардасаар баталгаажуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
Иймд хариуцагч А ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 148 786 852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн авто замын хөгжлийн газарт олгох зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан А ХХК-иас 148 786 852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 901 884 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О