Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

                                       

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Т.Өсөхболд,

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2136000000128 дугаартай, 178/2022/0224/Э/ индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт амьдрах, Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПЛ*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт байх хохирогч М.*******ы эзэмшлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч М.*******ы улаан хүрэн өнгөтэй, гагнуур хийх зориулалттай аппаратыг “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-10-р хуудас/

Хохирогч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Ховд сумын Баянбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн арвижих Хангай” ХХК-д гагнуурчнаар ажилладаг. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ирээд хүнд юм гагнаж өгөх гээд апаратаа үзтэл алга байсан. Эхнэрээсээ асуухад манай эхнэр “******* гэдэг залуу халамцуухан ирээд юм гагнуулмаар байна гэхэд нь гагнуур хийх хүн байхгүй гэж хэлээд явуулсан” гэсэн. Миний гагнуурын аппарат байсан өрөөний цонхны торыг дотогш нь түлхэж мулталчихсан байсныг хараад цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 15-р хуудас/

Гэрч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай нөхөр М.******* Ховд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг чулуу буталдаг үйлдвэрт гагнуурчнаар ажилладаг. Манай нөхөр 2,3 хоногт нэг удаа гэртээ ирж хоноод явдаг. 2021 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө манай байшингийн нэг өрөөнд байсан гагнуурын аппарат алга болсон байсан.12-нд манай нөхөр ажлаасаа ирээд гагнуурын аппаратаа хайгаад олоогүй. Би аппарат байсан өрөөний цонхыг шалгаж үзэхэд шумуулын цагаан торыг нь дотогш түлхэж мулталчихсан байсан.06 сарын 11-ний өдөр Х.******* /Сопий/ гэх залуу ирээд “ гагнуур хийлгэмээр байна” гэхээр нь би “ гагнуур хийх хүн байхгүй” гээд явуулсан. Өөр хүн ирээгүй...гэх мэдүүлэг / хэргийн 17-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 25-26/

Хураан авсан гагнуурын аппаратанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 27-29-р хуудас/

Эд зүйл үнэлсэн шинжээчийн ... 2020 онд худалдан авсан гэх гагнуурын аппарат-264000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 36-р хуудас/

Гагнуурын аппаратыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 40-р хуудас/

Шүүгдэгч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2021 оны 06 дугаар сарын 10-ны орой М.*******ы гэрт түлхүүр багаж асуухаар очиход М.******* хашаан дотроо гагнуур хийгээд сууж байхаар нь “ боолт тайлах гэсэн юм, газу байвал өгөөч” гэхэд би өөрөө юм хийж байна гэхээр нь яваад өгсөн.Гэртээ очиж байж байгаад дахин М.*******аас гагнуурын аппарат асуухаар явж байтал Н.Сураган таараад “хөдөө яваад ирье” гэхээр нь хамт явчихаад орой нь ирээд Н.Сураган ахыг гэрт нь буулгачихаад буцах замдаа М.*******ы хашаагаар очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь байшингийн баруун талын тортой цонхоор орсон чинь гагнуурын аппарат таамбарын зүүн талд гоожуурын хажууд байхаар нь аваад орсон цонхоороо буцаж гараад мотоцикль дээрээ өвөр дээрээ тавьж яваад гэртээ ирсэн. Уг мотоцикль нь миний эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль байсан...гэх мэдүүлэг / хэргийн 50-51-р хуудас/

Вендо ХХК-ний эд зүйл үнэлсэн... 2016 онд үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоцикль-844260 төгрөг... гэх үнэлгээ / хэргийн 67-68-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 72-76-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Х.******* нь хохирогч М.*******ы эзэмшлийн байшинд цонхоор нь нэвтэрч гагнуурын аппаратыг өөрийн мотоцикль ашиглан хулгайлсан  гэх эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт ”...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогч М.*******д гагнуурын аппаратыг буцааж өгсөн...”гэж мэдүүлэв.

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний шөнө Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт М.*******ы эзэмшлийн байшингийн цонхны хаалтыг буулгаж цонхоор нь ороод гагнуурын аппаратыг нь авч өөрийнхөө эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклиор гэртээ авчирсан   хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* хохирогч М.*******ыг гагнуур хийдэг, гэрт нь гагнуурын аппарат байдаг гэдгийг мэддэг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шөнийн цагаар тэдний хашаанд ирж эзгүй байшинд нь нэвтэрч гагнуурын аппаратыг авч явсан нь шууд санаатай шунахайн сэдэлттэй үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.

Хохирогч М.*******ы амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн мотоциклийг ашигласан нь “ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, “ машин механизм ашиглаж” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжүүдийг хангасан, прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Хүн амьдрах орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд эвдэх гэмтээх байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Х.******* гагнуурын аппарат шаардлагатай болсон үед эзэмшигчээс нь зөвшөөрөл авахгүйгээр өөрийн хэрэгцээг бодсон ёс зүйгүй үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь болсон гэж үзлээ.

Шүүгдэгч Х.******* нь хохирогч М.*******ы байнга амьдрах байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг мотоцикль буюу механизм ашиглан үйлдсэн нь хохирогч М.*******ы мэдүүлэг, гэрч У.*******ийн мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.*******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.*******ыг нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.*******д   эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 82-р хуудас/-аар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Х.*******ы хувийн байдлын талаар гэрч Ш.Боранбайгийн өгсөн...Х.******* нь барилгын ажил хийдэг, айлын 2 дахь хүүхэд, дээд боловсролтой, эхнэрийнхээ хамт амьдардаг, 2010 онд цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг /хэргийн 55-56-р хуудас/

Гэрч Х.Жайнагүлийн өгсөн...Х.******* нь сэргэлэн, тогтуун томоотой, даруухан, амьдралын хувьд боломжтой хүн...гэх мэдүүлэг /хэргийн 58-59-р хуудас/, шүүгдэгч Х.*******ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 844260 төгрөгийг хурааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Хохирогчид авсан зүйлээ буцаан өгсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлт гаргасан.

 

 Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй нөхцөл байдлыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхээс: Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж  үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн санал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 01 / нэг/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, эрх бүхий байгууллагын хяналтанд Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгрээс гарч явахыг хориглож шийдвэрлэв.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь хохирогч М.*******д 264000 төгрөгний хохирол учруулсан нь эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч М.******* “...гагнуурын аппаратаа бүрэн бүтэн хүлээж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” маркийн мотоциклийн үнэ болох 844260 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-4-д зааснаар шүүгдэгчээс хураан авч, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2136000000128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2,36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгэгч Х.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд Ховд аймгийн Ховд сумын нутгаас гарч явахыг хориглож 01 / нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******д мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” маркийн мотоциклийн үнэ 844260 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн 2136000000128 дугаартай хэрэгт эд мөрийн баримаар ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС