Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2018/02769

 

2018 оны 12 сарын 10 өдөр

   Дугаар 183/ШШ2018/02769

         Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Хүннү молл хаягт орших Х ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ... тоот хаягт орших Б ХХК -д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 28 130 484,68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                       

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х ХХК нь Б ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 03/16 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Ү-2206031539 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000450680 тоот гэрчилгээтэй Х ХХК-ийн барилгын В1 давхарт /8 тоот/ 22 метр квадрат талбайг 3 жилийн хугацаатай түрээслүүлж, түрээсийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөхөөр түрээсийн гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээний Тусгай нөхцөлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2018 оны 1-12 дугаар сар, 2019 оны 1-3 дугаар саруудад сарын түрээсийн төлбөр 8 800 000 төгрөг /НӨАТ орсон/ байхаар заасан. Талууд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дээр дурьдсан 03/16 дугаартай Түрээсийн гэрээнд хамаарах Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ байгуулж, Б ХХК-д 2018 оныг дуустал түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг тодорхой нөхцөлтэйгөөр олгосон. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар НӨАТ-ыг оруулан тооцсоноор, Талбайн болон менежментийн төлбөрт 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 31-ийг хүртэл нийт 6 160 000 /5 600 000+560 000 НӨАТ 10 хувь/ төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл нийт 6 600 000 /6 000 000+600 000 НӨАТ 10 хувь/ төгрөг байхаар тогтоон үндсэн гэрээгээр тохирсон төлбөрөөс 30-25 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тохирсон. Энэхүү нэмэлт хөнгөлөлтийг эдлэхийн тулд Б ХХК нь хэд хэдэн нөхцөлийг хангах үүрэг хүлээсний дотор түрээсийн төлбөрөө “сар бүрийн 1-ний өдрийн дотор Түрээслүүлэгч дансанд шилжүүлэх” үүрэг хүлээсэн /Үндсэн гэрээний Тусгай нөхцөлийн 4 дэх хэсгийн болон Нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 болон 4 дүгээр зүйлийн 4.1.2/ Нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Түрээслэгч төлбөрийг энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр хожимдсон хугацаанаас эхлэн үйл ажиллагааны хөнгөлөлт хүчингүйд тооцогдож төлбөр нь Үндсэн гэрээнд заасан дүнгээр бодогдоно” гэж заасан. Б ХХК нь 2018 онд нэг ч удаа түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж байгаагүй. Тухайлбал 1 дүгээр сарын 8, 2 дугаар сарын 6, 3 дугаар сарын 09, 15,19, 4 дүгээр сарын 2, 5 дугаар сарын 2, 6 дугаар сарын 5, 7 дугаар сарын 3, 10, 7 дугаар сарын 03, 10, 8 дугаар сарын 6-ны өдөр тус тус хөнгөлсөн дүнгээр төлсөн. Иймд Х ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 877/18 тоот албан бичгээр нэмэлт хөнгөлөлтийн гэрээний холбогдох заалтын дагуу хөнгөлөлтийг цуцалж байгааг мэдэгдэж, 2018 оны 1-8 дугаар саруудын түрээсийн төлбөрийн зөрүүг нэхэмжилсэн. Б ХХК нь 2018 оны 1-8 дугаар саруудын түрээсийн төлбөрийн зөрүү /нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4 дүгээр зүйлийн 4.3/ болон 9 дүгээр сарын түрээс /Түрээсийн гэрээний Тусгай нөхцөлийн 4 дэх хэсгийн 1/, алданги /Түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1/ цахилгаан, усны төлбөр /Түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2/, хоцролтын төлбөр /Түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6/ төлөөгүй. Б ХХК нь хөнгөлөлт цуцлагдсаны улмаас бий болсон түрээсийн төлбөрийн зөрүүг төлөхгүй гэдгээ хэд хэдэн удаагийн албан бичгээрээ мэдэгдсэн бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний 15/18 тоот албан бичгээрээ гэрээг цуцалж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талбай хүлээлцэх хүсэлтээ ирүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож түрээсийн болон цахилгаан, ус, хоцролтын төлбөр нийт 35 523 405.51 төгрөгийг Б ХХК нь Х ХХК-д төлөх талаарх Тооцооны үлдэгдэлийн баталгаа болон хариуцагчийн дэлгэрэнгүй тайланд тус компанийн захирал Х.Болорчимэг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарын үсгээ зурсан. Гэвч маргааш өдрөөс нь эхэлж, уг бичиг баримтад гарын үсэг зурах ёсгүй байсан гэж компанийн ТУЗ-ын дарга дээр олуулаа очиж хэл ам хийсэн. Гэрээт талбайг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор хүлээлцсэн бөгөөд талбай хүлээлцсэн актанд Х.Болорчимэг нь /Х ХХК-иас 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжилсэн 35 004 418.15 төгрөгийг төлөх боломжгүй, үндэслэлгүй болно/ гэж бичсэнээр үзвэл Б ХХК нь манай байгууллагыг сайн дураараа хохиролгүй болгох арга хэмжээ авахгүй болох нь тодорхой байна. Б ХХК нь дор дурдсан төлбөрийг Х ХХК”-д төлж хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна. Үүнд хөнгөлөлтийн гэрээ цуцалсны улмаас 2018 оны 1-8 дугаар сард Үндсэн гэрээгээр тогтоосон түрээсийн төлбөр болон хөнгөлөлттэй төлж байсан дүнгийн зөрүү 18 400 000+НӨАТ=20 638 400 төгрөг, /2018 оны 1-6 дугаар сард /2 400 000*6 сар/+НӨАТ=14 400 00+1 440 000=15 840 000 төгрөг,  2018 оны 7, 8 дугаар сар /2 000 000*2 сар/+НӨАТ=4 000 000+400 000+398 400 /7 сарын төлөлтийн дутуу/ НӨАТ орсон=4 798 400/ төгрөг, дээр дурдсан төлбөрт бодсон алданги 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30 /20 638 400*25 хоног*0.5=2 579 800/, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 8 800 000 төгрөг, 9 дүгээр сарын түрээсийн алданги /8 800 000 төг*30 хоног *0.5=1 320 000/ төгрөг, 2018 оны 8, 9 дүгээр сарын цахилгааны төлбөр 929 982.82 төгрөг, 2018 оны 8, 9 дүгээр сарын усны төлбөр 763 314.50 төгрөг, хоцролтын төлбөр 180 000 төгрөг, талбайн засвар 518 987.36 төгрөг, нийт дүн 35 730 484.68 төгрөг, үүнээс 2016 онд гэрээ байгуулах үед депозит 12 000 000 төгрөг байршуулснаас 2016 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 4 400 000 төгрөг суутгуулсан Депозитын үлдэгдэл 7 600 000 төгрөгийг суутган хасч, нийт 28 130 484.68 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж, Х ХХК-д олгон уу гэв.

 

Хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй Х ХХК-ийн манай компанид холбогдуулан гаргасан “...Б ХХК-иас 28 130 484.68 төгрөг гаргуулж, Х ХХК-нд олгуулах...” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Б ХХК-ийн зүгээс хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ...”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дэх хэсэгт “...Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ...” гэж тус тус заасан байх ба хариуцагч Б ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа үндэслэлийн талаарх тайлбар, түүнд хавсарган өгч байгаа баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Нөгөө талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 болон 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, хариуцагч татгалзалын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Манай компани нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр №03/16 дугаартай “Түрээсийн гэрээ”-г Х ХХК-тай байгуулсан Хүннү моллын В1 давхарын үйлчилгээний 29 метр квадрат талбайг “Турк” хоолны зориулалтаар 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэн ашиглахаар харилцан тохиролцсон. Юуны өмнө бидний хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ” нь Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар:... Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ...” мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар “...Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна...” гэж заасан шаардлагыг хангаагүй байгааг шүүхээс анхаарч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байх ба хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан үндэслэлээр “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. Дээрх түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байгаа болох нь хэрэгт авагдсан гэрээний тусгай нөхцөлийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан: “...гэрээнд талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно...” гэж заасан үйл баримтын хүрээнд хууль болон гэрээнд заасан үндэслэлээр хангалттай нотлогдоно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд “Түрээсийн гэрээ”, “Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ”-нүүд юунаас, хэний буруутай үйлдэлээс болж, яагаад цуцлагдсан талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх нь уг иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шударгаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байгаа болно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний зургаа дугаар зүйлд “Гэрээ дуусгавар болох цуцлах талаар” талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд уг зүйлд зааснаар үзэхэд түрээсийн гэрээ түрээслүүлэгчийн удирдлагын илт буруутай, шууд санаатай үйлдлийн улмаас болж гэрээ цуцлагдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд үүнд Түрээслэгч тал буруугүй болно. Учир нь хариуцагч Б ХХК-ийн захирал Х.Б нөхөр болох С.С нь Х ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар ажиллаж байгаад Х ХХК-ийн удирдлагуудын өөрсдийнх нь хүсэлтээр тус компанийн НӨАТ-ын тайланд баримт бүрдүүлэх зуучлагчийг танилцуулсныхаа төлөө компанийн өмнө хариуцлага хүлээж “...өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд ажлаасаа гар гэсэн...” нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.С нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаасаа гарсан. Үүний дагуу Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б зүгээс тус төвийн 1 дүгээр давхарт Х.Б, С.С нарын хамтран ажилуулж байсан Турк хоолны газрыг Хүннү моллоос гаргах, цаашид үйл ажиллагааг нь явуулахгүй байх үүднээс хавчин гадуурхаж түрээсийн төлбөр тооцоог хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр төлбөрийг төлөх талаар хугацаатай мэдэгдэл ирүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчих болсон. Х ХХК-ийн зүгээс түрээслэгч нартай байгуулсан гэрээний дагуу ихэнхи түрээслэгч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлдөггүй байхад зөвхөн манай компанийг төлдөггүй мэтээр нэхэмжлэл ирүүлсэн нь хууль бус байсан бөгөөд үүнийг түрээслэгч нар, Хүннү моллын захиргааны ажилчид бүгд мэдэж байгаа болно. Х.Б миний бие дээр дурдсан Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б “...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлбөрийн зөрүү гэх 20 638 400 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө үү...” гэсэн албан бичиг ирүүлсэн уг албан бичгийг ирүүлсэн уг албан бичгийг хүлээн авч танилцаад тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал гэх Ж.Ц уулзах хүсэлтийг тавьсан. Тухайн үед Ж.Ц нь би мэдэхгүй захирал гарын үсэг зурсан гэх хариу өгсөн бөгөөд тухайн үед миний бие Н.Б уулзах хүсэлтийг Ж.Цр дамжуулан хэлүүлсэн бөгөөд Б зүгээс уулзах боломжгүй гэж  Ж.Ц утсаар ярьсан. Тус компанийн захирал түрээсийн гэрээг цуцлах санаагаа шууд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс эхлэн бидний зүгээс Турк хоолны газраа хэвийн ажиллуулахын тулд Х.Б миний бие, нөхөр С.С, С.С ээж нарын зүгээс 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болон 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б тавьсан шаардлагын дагуу бичгээр уучлалт гуйсан боловч хангалтгүй гэсэн тул Түрээслүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй нь тодорхой юм байна, иймэрхүү байдлаар гэрээгээ цуцлах санаагаа хэрэгжүүлэх юм байна гэж бид ойлгосон. Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар: “...2016 оны 4-12 сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг, 2017 оны 1-12 сар хүртэл хугацаанд 5 600 000 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сар хүртэл 8 000 000 төгрөг...” байхаар тус тус тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс түрээсийн төлбөрийг гэрээний дагуу зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Цн зүгээс 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “...Түрээсийн талбай болон үнэ санал болгох тухай...” түрээсийн үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг тусгасан албан бичгийг ирүүлж хоёр тал уг бичгийн хүрээнд харилцан тохиролцон 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Нэмэлт хөнгөлөлтийн гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар тохирсон байсан. Гэтэл түрээслүүлэгч болох Х ХХК-ийн зүгээс дээр дурдсан зүйлээр шалтаглан “Түрээсийн гэрээ” болон “Нэмэлт хөнгөлтийн гэрээ” хүчин төгөлдөр байхад гэрээний үүргээ илтэд зөрчин 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Түрээсийн төлбөр”-ийн зөрүү гэх /Хөнгөлөлтийн гэрээний дагуу 2018 оны 1-8 сар/-ын төлбөр 20 638 400 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх талаар түрээслэгчид нэхэмжлэх ирүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Манай компани нь гэрээнүүдийн дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлсээр ирсэн бөгөөд бусад түрээслэгч аж ахуй нэгж байгууллагууд түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй өнөөдрийг хүртэл болж байхад зөвхөн манай компанид дээрх зүйлээр шалтаглан байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл нь ойлгомжгүй байгаа талаар дурдаж гэрээг цаашид үргэлжлүүлэх талаар удаа дараа албан бичгээр хүргүүлж улмаар хариу өгөхгүй байсан тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцалсан талаар мэдэгдэл ирүүлж гэрээнүүдийг цуцласан нь Түрээслэгчийн өөрийнх нь буруутай үйлдлээс болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээс үзэхэд нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан: “...Түрээслэгч энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг 100 хувь биелүүлээгүй бол энэхүү нэмэлт гэрээ нь автоматаар цуцлагдана...”, мөн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан: “...нэмэлт гэрээ нь цуцлагдсан ч Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан хөнгөлөлтийн зөрүү дүнг нөхөж төлөх түрээслэгчийн үүрэг хэвээр хадгалагдана...” гэсэн гэрээний заалтуудыг үндэслэл болгож байгаа үйлдэл нь өөрөө илт үндэслэл муутай байна. Учир нь нэмэлт гэрээний 4 дүгээр зүйлд 3 үндэслэлийг заасан байх бөгөөд уг нөхцөлийг 100 хувь биелүүлээгүй гэдгийг яаж нотолж байгаа нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй болно. Харин ч түрээслүүлэгчийн зүгээс 3.2, 4.1-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж мэдэгдэлгүйгээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрээг шууд цуцалж зөрчил гаргасан бөгөөд зөрчлийнхөө хариуцлагыг өөрөө бүрэн хариуцах учиртай. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “.БХХК-иас 28 130 484.68 төгрөг гаргуулж, Х ХХК-нд олгуулах...” буюу түрээсийн хөнгөлөлтийн зөрүү төлбөрийг нэхэмжилсэн тул Нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу үйл ажиллагааны хөнгөлөлт эдлэх эрх цуцлагдах, хүчингүй болох талаар зохицуулсан бөгөөд нэмэлт хөнгөлтийн гэрээ хүчин төгөлдөр байхад түрээслэгч Б ХХК-ийн зүгээс үндсэн “Түрээсийн гэрэ”-г цуцлах талаар хүсэлт гаргаагүй тул нэмэлт хөнгөлөлтийн гэрээ 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Мөн нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар: “...Түрээслэгч төлбөрийг энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр хожимдсон хугацаанаас эхлэн үйл ажиллагааны хөнгөлөлт хүчингүйд тооцогдож, төлбөр нь үндсэн гэрээнд заасан дүнгээр бодогдоно...” гэж заасан бөгөөд бидний зүгээс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөсн эхлэн түрээсийн үндсэн төлбөр болох 8 000 000 төгрөгөөр үргэлжлүүлэн түрээслэж гэрээний хугацаагаа дуусгах сонирхолтой байсан боловч эдэлсэн хугацааны төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэл ирүүлсээр байсан тул аргагүйн эрхэнд гэрээ цуцлагдсан. Нэмэлт хөнгөлөлтийн гэрээнд дээрх байдлаар заасны дагуу түрээслэгчийн зүгээс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн 28 130 484.68 төгрөгийг буцаан төлөр үүрэггүй гэж үзэж байна. Харин түрээсийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан түрээслүүлэгч Х ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрийг нэхэмжлээгүй бөгөөд түрээслэгч Б ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа болно. Түрээслүүлэгч тал болох Х ХХК-ийн удирдлагын шууд санаатай үйлдлээс болж түрээсийн гэрээ цуцлагдсанаар манай компани нь цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түрээсийн талбайд хийсэн засан сайжруулалтын зардал, олох байсан орлого зэргийн тооцоог гарган нэхэмжлэх болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Б ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 28 130 484.68 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Х ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь  ... нэмэлт хөнгөлөлтийг эдлэхийн тулд Б ХХК нь хэд хэдэн нөхцөлийг хангах үүрэг хүлээсний дотор нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 2.2-т заасны дагуу түрээсийн төлбөрөө “сар бүрийн 1-ний өдрийн дотор Түрээслүүлэгчийн дансанд шилжүүлэхээр, нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Түрээслэгч төлбөрийг энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр хожимдсон хугацаанаас эхлэн үйл ажиллагааны хөнгөлөлт хүчингүйд тооцогдож төлбөр нь Үндсэн гэрээнд заасан дүнгээр бодогдоно” гэж заасан бөгөөд хариуцагч нь  гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул хөнгөлөлтийн зөрүү төлбөрт  1-6 сард 14 400 000 төгрөг 7,8 сард 4 000 000 төгрөг нийт 18 400 000+НӨАТ=20 638 400 төгрөг, 25 хоногийн алданги 2 579 800 төгрөг, /2018.09.06 - 2018.09.30 хүртэл, 1 хоног 0,5 хувь/, 2018 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 8 800 000 төгрөг, 9 сарын алданги 1 320 000 төгрөг /2018.09.01-2018.09.30/, цахилгааны төлбөр 8,9 сар 929 982.82 төгрөг, усны төлбөр 8,9 сар 763 314.05 төгрөг, талбайн засвар хийсэн төлбөр 518 987.36 төгрөг, хоцролтын төлбөр 180 000 төгрөг /360 минут/, нийт 35 730 484.68 төгрөг болсноос барьцааны төлбөр 7 600 000 төгрөгийг хасаад үлдэх 28 130 484.68 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

 Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч компани нь талбайн түрээсийн төлбөрийг сар бүрийн 1-д өгөөгүй нь үнэн. Төлбөрөө тухайн сарын 3 ба 6 дахь өдрийн хооронд төлсөн.  1-7 дугаар сарын түрээсийн төлбөрийг цаг тухай бүрт нь нэхэмжлэгч бүрэн тооцож төлбөрийн үлдэгдэлгүй тооцоо нийлж байсан. 1-7 сарын түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар манайд гэрээний хугацаанд мэдэгдэж байгаагүй, төлбөр тооцоо нэхэмжилж байгаагүй, төлбөр төлөх үүргийг бүрэн хүлээн авч байсан, хувийн таарамжгүй харьцааны улмаас уг хугацааны түрээсийн төлбөрийн зөрүү нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ашигласан ус, цахилгааны баримтыг нотлох баримтаар нотолж байгааг төлөхөд татгалзах зүйлгүй,  8 дугаар сарын төлбөрийг тооцохгүйгээ 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн учир 8 сард 13 хоногийн түрээсийн төлбөр 2 760 741 төгрөг /2018.08.01-2018.08.31өдөр хүртэл хөнгөлттэй үнээр/, мөн 5 190 676 төгрөг /2018.08.13-2018.08.31 өдөр хүртэл хөнгөлтгүй үнээр/ 8 сард түрээсийн төлбөрт нийт 7 877 419 төгрөг төлөхөөс 6 600 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 1 277 419 төгрөг, 9 сарын төлбөр 8 800 000 төгрөг нийт 10 077 419 төгрөг төлөхөөс  барьцааны төлбөр 7 600 000 төгрөгийг хасаад үлдэх 2 477 419 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, талбайн засварын төлбөр 518 987.36 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2018 онд Цагаан сарын Шинийн 4 өдөр хүнгүй байсан тул үдээс хойш хаасан, гэрээнд баяраар хэрхэн ажиллах талаар тодорхой тусгаагүй тул хоцролтын 180 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

 

 

 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03/16 дугаартай түрээсийн гэрээгээр  нэхэмжлэгч тал 22 м2 талбайг Турк хоолны фүүд кортын зориулалтаар 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 13-ний өдөр хүртэл, түрээсийн төлбөр 2016 оны 4-12 сар хүртэл 4 000 000 төгрөг, 2017 оны 1-12 сар хүртэл 5 600 000 төгрөг, 2018 оны 1-12 сар хүртэл 8 000 000 төгрөгөөр /НӨАТ-ыг оролцуулаагүй төлбөр/ түрээслэхээр, хариуцагч тал түрээсийн зүйл болох 22 м2 талбайг гэрээнд заасан хугацаанд ашиглаж, хоолны газрын үйлчилгээний үйл ажиллагаанаас бий болсон үр шимийг хүртэх буюу аж ахуйн зориулалтаар өөрийн компанийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээг хангаж, ашиглаж байсан талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцэж байна./х.х-ийн 9-20, 29 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр  хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 501 тоот хаягт байршилтай, Ү2206031739 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Худалдаа үйлчилгээний зориулалттай 46 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой нэг хэсэг болох 22 м2 талбайг  бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байх шаардлагатай гэж үзэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч маргаж байгаа нь үндэслэлгүй байна. /х.х-ийн 31 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Х ХХК нь 2018 оны 1-6 сард 14 400 000 төгрөг 7,8 сард 4 000 000 төгрөг нийт 18 400 000+НӨАТ=20 638 400 төгрөгийн түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул нэмэлт хөнгөлөлтийн гэрээний 4.3-т “Түрээслэгч төлбөрийг энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр хожимдсон хугацаанаас эхлэн үйл ажиллагааны хөнгөлөлт хүчингүйд тооцогдож, төлбөр нь Үндсэн гэрээнд заасан дүнгээр бодогдоно.”гэж заасан тул хөнгөлөлтийн гэрээ цуцалсны улмаас түрээсийн төлбөрийн зөрүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн 2018 оны 1-7 сарын хугацааны түрээсийн төлбөрт хөнгөлттэй үнээр төлж байсан үүргийг нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн гэж тооцож, дараа сард нь түрээсийн төлбөртэй холбоотой төлбөр төлөх үүрэг болон алдангийг хариуцагчаас нэхэмжилж байгаагүй, үүргээ бүрэн биелүүлсэнд тооцож явж байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “ үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж зааснаар хариуцагч 2018 оны 1-7 сарын хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн  байх тул нэхэмжлэгч түрээсийн  зөрүү төлбөр 20 638 400 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

Харин нэхэмжлэгч хугацаа хожимдсон тухай бүр нь үндсэн үүрэг, алданги тооцож байгаагаа,  үүрэг дуусгавар болоогүй талаар мэдэгдэж байсан бол нэмэлт хөнгөлөлтийн гэрээний дагуу түрээсийн зөрүү төлбөрийг шаардах эрхтэй юм. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 1-7 сарын түрээсийн төлбөр төлөх үүргийг бүхэлд тооцож, тухайн цаг хугацааны үүргийг дуусгавар болгож, тооцоо нийлж байсан атал хоорондын үл ойлголцлын улмаас харилцан тооцож дуусгавар болсон хугацааны үүргийг шаардаж байгаа нь гэрээний чөлөөт байдал, гэрээний үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай үл нийцэж байна.

 

2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Х ХХК нь  Түрээсийн нэмэлт хөнгөлтийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг зөрчсөн үндэслэлээр нэмэлт хөнгөлөлтийн гэрээг цуцлах, түрээсийн төлбөрийн зөрүүг төлөхийг тус тус мэдэгдсэн нь хавтаст хэргийг 32 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Б ХХК нь 8 сарын түрээсийн төлбөрт 8 800 000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03/16 дугаартай түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-т “... хожимдуулсан тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй Түрээсийн төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Түрээслүүлэгчид төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байх тул хариуцагч нь 2018 оны 8 сарын түрээсийн төлбөрт 8 800 000 төгрөг төлөхөөс  6 600 000 төгрөгийг төлсөн тул зөрүү 2 200 000 төгрөг, 8 сарын алданги  47 хоног /2018.09.01-2018.10.16/ -оор тооцон 517 000 төгрөг /1 хоног 11 000 төгрөг/, 8 сард нийт 2 717 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 8 800 000 төгрөг үүнээс барьцааны төлбөр 7 600 000 төгрөгийг тооцож үлдэгдэл 1 200 000 төгрөг, 9 сарын алданги 16 хоног /2018.10.01-2018.10.16/-оор тооцон 96 000 төгрөг /1 хоног 6000 төгрөг / 9 сард нийт 1 296 000 төгрөг, түрээсийн төлбөр, алдангид нийт 4 013 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй  байна.

 

Хариуцагч нь цахилгаан, усны төлбөрийг тус тус төлсөн гэж маргаж байгаа боловч төлбөр бүрэн төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, няцаалтын нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлаа нотлоогүй, хариуцагч төлбөрийг бүрэн төлсөн гэж мэтгэлцэж байгаа учраас нотлох үүргийг хариуцагч биелүүлнэ. Хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3, 03/16 дугаартай түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар цахилгааны төлбөр 929 982 төгрөг, усны төлбөр 763 314 төгрөг нийт ашиглалтын зардалд 568 514 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ./х.х-ийн 11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч талбайн засварын төлбөрт 518 987 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч засвар хийсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл засвар хийсэн, ширээ худалдан авсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч засварын төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байх тул  засварын төлбөрт нэхэмжилсэн 518 987 төгрөгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн 2018 оны Цагаан сарын Шинийн 4 өдөр бүтэн өдрөөр ажиллаагүй гэх үндэслэлээр хоцролтын төлбөрт 180 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд баярын өдрүүдэд хэрхэн ажиллах талаар зохицуулаагүй, Цагаан сарын Шинийн 4 өдөр  нь Монголчуудын уламжлалт баярын өдөр хуучраагүй, иргэд хоолны газраас үйлчилгээ авах нь эрс багассан үед гэрээний нөгөө талыг ажлах ёстой гэж шаардаж хоцролтын төлбөр нэхэмжилж байгаа нь гэрээний чөлөөт байдлын зарчимтай нийцэхгүй байна.

 

Шүүх дээр дурдаж үнэлсэн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагад нийцсэн болно.

 

Иймд хариуцагчаас 5 529 496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 600 988.68 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 5 529 496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 600 988 төгрөг 68  мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 602 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 103 422 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ц.О