Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Б овогт Цийн Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х овогт Сын Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001310090 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Цийн Ж /РД: /, Г аймгийн С суманд .... оны ... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сумын 2 дугаар баг, Ханангийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Сын М /РД: /, Г аймгийн С суманд .... оны .... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ............... цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид гал сөнөөгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Г аймгийн С сумын ... дугаар баг, ... дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Ц.Ж нь Г аймгийн С сум, 2 дугаар баг, Ханангийн эгнээний .... дугаар гудамжны .... тоот хашааны үүдэнд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой С.Мтай хувийн таарамжгүй харилцаа буюу унаж явсан машиных нь хамар хэсэгт гараараа цохисон, мөн түүнийг заамдсан үйлдэлд дургүйцэн маргалдаж, улмаар түүний нүүр тус газар гараараа 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г аймгийн С сум, 2 дугаар баг, Ханангийн эгнээний 2 дугаар гудамжны 01 тоот хашааны үүдэнд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой Ц.Жтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эзэмшлийн тухайн үед унаж явсан 02-77 .... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэлд хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр халдаж, 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед ахынхаа дэлгүүрт бараа буулгаад Г аймгийн С сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээний .... тоот өөрийнхөө гэр байдаг хашааны үүдэнд машинаа грашид хийхээр ирэхэд М болон найзууд нь байсан. Ирээд зогссон чинь М гарч ирээд машины хамар дээр цохиод, элдвээр хараагаад байсан. Найзууд нь цаана нь байсан. Г наадах чинь согтуу байна, согтуу хүнтэй юу ярих вэ гээд намайг граш руу оруулсан. Машины хамар дээр цохиод байхаар нь би гарч ирээд чи боль гэж хэлсэн. Намайг очиход М цохисон. Би өөрийнхээ реплексээр хүн цохиход зөрүүлээд барилцсан. Хүмүүс ирээд салгахад М миний машины арын цонхыг шууд хагалсан. Тэгээд бид нар аргаа бараад 2 удаа цагдаа дуудсан. Цагдаа ирээд авч явах гэсэн чинь муудалцаад байсан. Би тухайн автомашиныг Мээс 2 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Мы биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр залуу хүмүүс учраас хоёуланд нь боломж олгоод хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

2. Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Манай найз Г залгаад машинаа будуулах гэж байна хүрээд ир гэхээр нь очсон. Тухайн үед гурвуулаа 750 граммын Валантес нэртэй виски уусан. Ж машинтайгаа ойрхон ирээд зогсохоор нь дайрлаа гээд муудсан. Миний буруутай үйлдлээс болж маргаан гарсан.  Жын тээврийн хэрэгсэлд халдсанаа хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу. Төлбөр нь бэлэн явж байгаа өгье гэсэн чинь өөрөө аваагүй. Хохирлын үнэлгээгээр 600 000 төгрөгний хохирол учирсан байгаа. Хохирлын нийт үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би машины арын шилийг л цохиж хагалсан, хамар дээр нь 2 удаа цохисон, бусад гэмтлийг учруулаагүй гэв.

 

3. Хохирогч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн орой М гэдэг залуу машины арын салхины шилийг гараараа цохиж хагалсан,  хамар дээр нь цохисон. Б гээд манай ах салгасан. Найзууд нь цаана нь байсан. Эхлээд бид хоёрыг салгахад машины хамар, хажуу талын хонх руу хөлөөрөө жийж өшиглөсөн. Хүмүүс салгахад салгасан хүмүүс рүү орилж, хашгирч байгаад арын цонхыг хагалаад, машины наана, цаана гарч байгаад машиныг өшиглөж, гараараа цохиод байсан. Би найзуудад нь хэлээд салгаад аваад явахыг шаардсан боловч наадах чинь угаасаа ингэдэг гээд байсан. Тухайн үйл явдал болохоос өмнө миний машины баруун болон зүүн хойд хэсэгт хонхойсон гэмтэл, сэв зураас байгаагүй. М жолооч талын хойд хонго руу өшиглөсөн. Ер нь бол эргэн тойрон цохиж өшиглөсөн. Зарим газарт нь гэмтэл гараагүй. Цагдаа машины тоос нь арчигдсан хэсгийн зургийг нь авсан. Цохисон газрууд нь бүгд зураг дээр гарсан байгаа. Тухайн асуудлын улмаас машинд үүссэн засварлах зүйлүүдийг өөрийн зардлаар засуулаад машинаа зарчихсан гэв.

 

4. Хохирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ж нь гараараа миний хамар хэсэгт цохисны улмаас хамар мурийсан, янзлуулаагүй байгаа. Эмнэлгээр явж хамарны зураг, толгойны томографик авахуулсан. Томографикийн зураг дээр хамарнаас өөр тархи толгойд учирсан гэмтэл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Яг хэдэн төгрөг гэдгээ сайн мэдэхгүй байна. Хамараа эмчлүүлмээр байна гэв.

 

5. Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны оройны 20 цагийн үед Б залгаад машин бариад өг гэхээр нь очиход М, Б хоёр ТБ центр гэх газар байсан. Бид 3 Б ахын сэлбэг рүү очиход найз М, Л нар юм будаад байж байсан. Бид нар тойрч зогсоод тамхи татаад юм яриад зогсож байхад нэг машин ирэх шиг болсон. Тэгтэл цаана М хүнтэй муудалцаад байх шиг байхаар нь бид хоёр бол нээх тоогоогүй хоорондоо юм ярьж байтал нээх удалгүй чанга яриад байхаар нь хартал М нэг танихгүй хүнд цохиулаад зодуулж байсан. Бид нар салгах гээд очиход Б урдуур ороод тэр хоёрыг салгасан. Мг зодсон танихгүй залууг Б ах аваад машины хойд талд гаргасан. М хамраа бариад хамраас цус гарч байсан. Тэгээд М тэр залуугийн машины арын цонхыг 1 удаа баруун гараараа цохиж хагалсан. Удаагүй цагдаа нар ирээд М болон танихгүй залуу хоёрыг машиндаа суулгаад аваад явсан. М болон тэр танихгүй залуу нар муудалцаж байхад хажууд нь Б, М, Г ах, Б нар ойрхон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 60-61 хуудас/

 

6. Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр миний төрсөн өдөр болоод М бид хоёр өдөр 15 цагийн үед Balantains нэршилтэй виски 1 шилийг, орой 18 цагийн үед 1 шил Balantains тус тус уусан, савлагааг нь санахгүй байна. Тэгээд бид хоёр Т гэх найзыгаа дуудаад машин бариулаад М засвар дээрээ машин будаж байна гээд очоод бид нар хоорондоо юм яриад байж байтал саарал өнгийн “Пробокс” маркийн машин М яг урд тулаад зогссон. М машинаас бууж ирсэн залууд хандан чи намайг дайрлаа ш дээ, чи хэн юм бэ гэж асуутал нөгөө залуу чи юу гээд байгаа юм гэж хэлэхээр нь би тэр залууд хандан наад М чинь согтуу байгаа битгий гэж хэлэхэд тэр залуу граш руу орсон. Түүний машиных нь хамар хэсэг дээр М энэ хэн юм бэ гэж хэлээд 1 удаа баруун гараараа цохиход нээх удалгүй тэр залуу гарч ирэхэд М чи намайг дайрлаа ш дээ, чи хэн юм бэ, энэ чиний машин юм уу гэсэн. Тэр залуу Мд чи согтуу байна, цаашаа бай, зүгээр дуугүй бай гэж хэлээд тэр хоёр хоорондоо муудалцаад заамдалцсан. М тэр залуу руу далайсан чинь тэр залуу шууд нүүр хэсэг рүү 7-8 удаа цохисон шиг санагдаж байна. Тэр залуу нүүр лүү нь 2 гараараа ээлжлээд цохисон. Би очоод Мг татаад болиулахад танихгүй залуу машиныхаа араар тойрсон чинь М машины арын цонхны хэсэг рүү цохихоор нь би чи хүний машин яаж байгаа юм гэж хэлсэн. М надаас гараа татаж аваад чи намайг яаж байгаа юм бэ гэж хэлээд машины арын цонх руу баруун гараараа нэг удаа цохиод хагалсан. Тэгээд өөр ямар нэг зодоон болоогүй байж байтал нээх удалгүй цагдаа нар ирээд М болон тэр танихгүй залууг аваад явсан. Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Мтай 15 цагийн үед уулзахад нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 62-63, 72-73 хуудас/

 

7. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед би өөрийн ажиллуулдаг дэлгүүр дотор байж байтал нэг машин ирж байгаа бололтой машины гэрэл туссан. Би нээх их юм бодохгүй байж байсан чинь гадаа хүмүүс чанга, чанга дугараад нэгнийгээ хараагаад байхаар нь дэлгүүрээс гараад хартал М, Ж нар муудалцаж байсан. Тэгээд нилээд хараад байж байхад тэр 2 хоорондоо бүр их муудалцаад барьцалдаад авахаар нь би очиж тэр хоёрыг салгасан. Тэгтэл М нь Жын машины урд болон хойд хэсгийг цохиж байгаад хойд шилийг нь хагалчихаар нь би цагдаа дуудах гээд утсаа халааснаасаа гаргатал М миний утсыг булаах гэж оролдоод над руу дайрсан. Би хойшлоод тэнд байгаа хүмүүсээс холдоод дэлгүүрийн үүдэнд очиж байгаад цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирэхэд М нь цагдаа нарын машинд суухгүй, тэр хавиар орилж хашгираад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 64-65 хуудас/

 

8. Гэрч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Б ахын граш дээр ирээд Мэй цуг машинаа янзлаад байж байтал М, Б, Т нар ирсэн. Бид нар юм яриад зогсож байхад нэг машин ирж зогссон. Тэр машин Мтай ойрхон зогссон болохоор М тулж очоод хамар дээр нь 2 гараараа дарсан. Машины жолооч бууж ирээд цаашаа граш руу орох гээд явж байхад М хөөе чи хэн юм гэх зэргээр юм хэлсэн. Тэр залуу Мг согтуу байхыг нь мэдээд юм ярилгүй цааш яваад граш руу орсон. М 2-3 удаа тэгж хэлсэн ч тэр залуу тоохгүй байсан болохоор М машиных нь хамар хэсэгт 2-3 удаа цохисон. Тэр залуу ирээд М тэр 2 холоос муудалцаж, маргалдсан. Би Ттэй юм ярьж байгаад өөрийнхөө машиныг тойроод хараад М тэр залуу хоёр луу хартал тэр 2 муудалцаад барьцалдаад авсан байсан. Би яг цохисон талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Б тэр хоёрыг салгаж байхыг харсан. Салгасны дараа М тэр залуугийн машины арын шилийг гараараа 1 удаа цохиж хагалсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 66-67 хуудас/

 

9. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би грашдаа машин будах гээд зүлгээд байж байтал М, Б, Т нар ирсэн. Би тэгэхэд Лтой хамт байсан. Ж ах машинтайгаа ирээд зогссон чинь М машины хамар дээр нь дараад Жд хандан чи хэн юм бэ гээд дайраад байсан Ж ах юм ярихгүй цаашаа граш руу ороход М Жын машины хамар хэсэгт 2-3 удаа цохисон чинь Ж ах гарч ирээд тэр 2 муудалцсан. Нэг мэдсэн чинь Ж, М 2 хоорондоо барьцалдаад авсан байсан. Тэр хоёрыг тэнд байсан хүмүүс салгасан. Мы ам, хамар нь цус болчихсон байсан. Тэгээд М нь Жын машины хойд шилийг баруун гараараа 1 удаа цохиж хагалсан. Би 02-77 .... улсын дугаартай Пробокс маркын машиныг 2022 оны 08 дугаар сарын сүүлээр Жд 2 800 000 төгрөгөөр зарсан. Машины эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй байсан. Би Ж-оос мөнгөө бэлнээр авч машинаа өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 68-69, 76-77 хуудас/

 

10. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ханангийн ...... тоотын урд Л, М, Ж бид нар машин янзалсан. Ж нь барилгын дэлгүүрийн бараа буулгах гээд явсан. Тэгээд бид нар байж байтал М, Б, Т 3 ирсэн. Тэр өдөр Бийн төрсөн өдөр гээд М Б 2 архи уучихсан байсан. М нэлээн согтуу, харин Б нь арай гайгүй, нэг их согтоогүй байсан. Нэг их удалгүй Ж машинтайгаа хүрч ирээд зогсоход М энэ машинтай ирж байгаа Б юу гээд машины хамар дээр нь дарахад наадах чинь Б биш ээ, наашаа бай гэж хэлэхэд машинаас Ж бууж ирээд граш руу орох гээд явахад М чи намайг дайрлаа ш дээ гэж хэлэхэд Ж цаашаа яваад граш руу орсон. Ж түлхүүрээ мартсан бололтой машин дээрээ буцаж ирэхэд М Жд хандан чи хэн юм бэ, намайг мэдэх үү энэ чиний машин юм уу гэж хэлээд машины хамар хэсэгт 2-3 удаа цохисон. Нэг мэдэхэд Ж, М 2 хоорондоо барьцалдаад авсан байсан. Бид нар салгах гээд очоод, хамгийн эхлээд Б, Б ах 2 салгасан. Би салгахаар очиход над руу бас дайраад байхаар нь би холдсон. М, Ж 2 салсаны дараа М энэ чиний машин уу гэж хэлээд машины арын салхины шилийг 1 удаа цохиж хагалсан. Тэгээд М согтуурхаад орилж, чарлаад байсан чинь Б ах болохгүй бол цагдаа дууд гэж хэлтэл М цагдаагаа дууд гээд Б ах руу бас дайраад байж байхад цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 70-71 хуудас/

 

11. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С.Мы биед учирсан баруун гарын шуу, сарвууны зулгаралт гэмтэл нь дүгнэлтээс хасагдсан ч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Учир нь хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/

 

12. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 187 дугаар дүгнэлтэд: С.Мы биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун гарын шуу сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 09 дүгээр сарын 03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ. /х.х-ийн 26-27 хуудас/

 

13. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6, 17-21, 43-48 хуудас/

 

14. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 84-86 хуудас/

 

15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасууд /х.х-ийн 125, 133 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ж нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Г аймгийн С сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээний .... дугаар гудамжны .... тоотод байрлах авто засварын үүдэнд С.Мтай өөрийн эзэмшлийн 02-77 .... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн автомашины хамар хэсэгт гараараа цохисон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зууралдаж нүүр тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Г аймгийн С сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээний .... дугаар гудамжны .... тоотод байрлах авто засварын үүдэнд Ц.Жыг автомашинаар тулж зогслоо гэх шалтгаанаар агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэн улмаар 02-77 ..... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн автомашиныг тойрч өшиглөх, цохих зэргээр халдан ар талын 2 хонго хэсгийг хонхойлгож, багаажны хаалганы шилийг хагалж, нийт 600 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон байна.

 

Шүүгдэгч Ц.Жын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч С.Мы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул тэдгээрийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ж, С.М нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч У.Б, гэрч Б.Г, гэрч Л.Т, гэрч Б.Б, гэрч Г.Л, гэрч Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 187 дугаар дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдлаа.

 

Шүүгдэгч Ц.Ж, С.М нар нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Борхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч С.М нь хохирогч Ц.Жын автомашины арын шилийг гараараа цохиж хагалсан, бусад гэмтлүүдийг учруулаагүй, түүнийг өмгөөлөгч Ц.Сайнбат нь хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч С.Мы хувьд автомашинаар тулж зогслоо гэх шалтгаанаар машиных нь хамар хэсэг дээр цохисон, алгадсан, арын салхины шилийг цохисон гэдгээ хэлдэг. 7-8 гэрчүүдийн мэдүүлгээр арын салхины шилийг цохиж хагалсан, хамар дээр цохисон болохоо зөвшөөрдөг. Арын хоёр хонгон дээр учирсан гэмтлүүдийг цохисон гэж мэдүүлсэн гэрчүүд нэг ч байхгүй. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь хэдэн төгрөгний хохирол учирсан гэдгийг тогтоож байгаа болохоос биш, тухайн гэмтлийг хэн хэзээ, ямар эд зүйлээр учруулсан гэдгийг тогтоохгүй. Үзлэгийн тэмдэглэлээр ар талын хонгоны гэмтлийг ир, ирмэг бүхий зүйлийн улмаас учирсан байж болзошгүй гэж дүгнэсэн. Мөн хохирогч нь машины хаана цохисон гэдгийг нь санахгүй байна гэж мэдүүлсэн. Хэрэг болсон цаг хугацааны хувьд 09 дүгээр сарын 03-ны өдөр, харин үзлэгийн тэмдэглэл 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу 2 хоногийн дараа хийгдсэн учир тоос болох, болохгүй асуудлыг үндэслэж болохгүй. Пүүз гутал нь резин юм уу үйсэн ултай байдаг тул ирмэгтэй, хурц зураас гаргах боломжгүй. Иймд хавтаст хэрэгт цугларсан баримтаар С.Мыг гэм буруутай гэдгийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: гэрч Б-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Жын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгч С.М нь хохирогч Ц.Жын 02-77 ... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн автомашиныг тойрч ар урд хэсгийг өшиглөж, цохиж халдсан, автомашинд учирсан гэмтлүүд нь шүүгдэгч С.Мы халдсан үйлдлээс урьд нь учраагүй буюу байгаагүй болох нь тогтоогдсон. Мөн 02-77 .... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн автомашинд эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр ямар хэмжээний хэлбэр дүрс бүхий гэмтэл учирсан болон тэдгээр гэмтлүүдийг гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байж болзошгүй талаар шинж тэмдгийг тусгаж, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 600 000 төгрөгөөр засварлах талаар тогтоосон байна.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын автомашинд халдаж агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэсэн үйлдлээс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Ц.Ж, С.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Т.Түмэнжаргал: Шүүгдэгч Ц.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч С.М нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад үүссэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч С.Мы буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү: Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Мы ёс зүйгүй үйлдэл нөлөөлсөн. Мөн миний үйлчлүүлэгч бага насны 3 хүүхэдтэй учраас торгуулийн мөнгийг төлөхөд гэр бүлд нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Иймд шүүгдэгчид оногдуулж байгаа шийтгэлийг гэр бүлд халдаахгүй байх зорилгоор торгуулийг багасгаж, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат: Ц.Мы хувийн байдлын хувьд ажил эрхэлдэг залуу хүн. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал энэ хүнийг давхар яллах гээд байгаа хэлбэр гэж харж байна. Учир нь ял оногдуулна, дахиад ажлаасаа чөлөөлөгдөх асуудал яригдана. Тийм учраас хувийн байдлыг нь харгалзаж үзээд шүүхээс нэг удаа боломж олгож торгуулийн ял оногдуулаад, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргажээ.

 

Шүүгдэгч Ц.Жын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч С.Мы тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Жод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Б.Гийн шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг, өмгөөлөгч Б.Борхүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ....... цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид гал сөнөөгч ажилтай, гэрч Н.Эийн шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг, өмгөөлөгч Ц.Сайнбатын эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Ц.Жод оногдуулсан торгох ялыг түүний бага насны 3 хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч С.Мд оногдуулсан торгох ялыг ажил эрхэлдэг байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийдвэрлэлээ.

 

Гэм хор, хохирлын нэхэмжлэлийн талаар: Гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан хохирлын нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Ц.Жоос 224 080 төгрөг гаргуулан хохирогч С.Мд, шүүгдэгч С.Маас 680 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Жод олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж уг хугацаанд шүүгдэгч нар нь харилцан нэг нэгэндээ учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Ж, С.М нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч С.М нь шүүх хуралдаанд гэмтэл авсан хамраа эмчлүүлэхэд гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаагүй тул эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ц.Ж, С.М нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цийн Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Сын Мыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч С.Мд оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, С.М нарт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Ж, С.М нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.М нь хамарт учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БАТТУЛГА