Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/913

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Нэргүй,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Шүүгдэгч Ж.Э /өөрийгөө өмгөөлж/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эт холбогдох эрүүгийн 2211 00000 1856 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Ж.Э, 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа оёдол хийдэг гэх, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 8-497 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,. /

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуул-2 худалдааны төвийн баруун урд байрлах караокены гадна талд иргэн Б.Шыг архины шилээр толгойн тус газарт нь цохиж, зүүн зулайд шарх, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь шүүгдэгч Ж.Эээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 02-ны орой манай дүү Н намайг дуудсан бөгөөд эхнэртээ гэрлэх санал тавих гэж байна гэж хэлээд дуудсан. Мөн дүүгийн маань эхнэр Номин багш бөгөөд тухайн өдөр багш нарын баяр давхацсан юм. Ингээд Нарантуул-2 захын хажуугийн караокед орсон юм. Тэгээд тэндээ байж байгаад гарахаар болсон бөгөөд гадаа гарч ирээд юу болсон талаар санахгүй байна. Шт учруулсан гэмтлийг би архитай шилээр цохиж зууралдаж учруулсан..” гэсэн мэдүүлэг /хх-39/,

Хохирогч Б.Шаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд би Нарантуул-2 захад ажилладаг хүмүүсийн хамтаар урд талд нь байх караокед орсон юм. Тэгээд тэнд байсан залуу нэг хүүхэн дуудсан байсан бөгөөд бид нар гарахаар болоод нөгөө сүүлд ирсэн хүүхнээс мөнгөө гэж хэлтэл тооцоогоо өгөхгүй байсан. Тэгээд бид нар дотроо тийм маргаан хийгээд гарч ирсэн. Би нөхөртэйгөө ээмгээ хайж байгаад олоод үүдэнд байж байтал бидэнтэй маргалдсан залуучууд гарч ирсэн. Нэг залуу нь караокеноос гарахдаа аятайхан явчихаач ээ гэж хэлсэн манай нөхрийг ирээд түлхээд авсан манай нөхөр зөрүүлээд түлхсэн. Тэгтэл залуугийн эхнэр нь жижиг эмэгтэй ирээд манай нөхрийг түлхсэн тэгээд би тэр хүүхнийг нөхрөө өмөөрөөд түлхтэл Э хүүхэн ирээд архитай шилээр миний толгой руу нэг удаа цохьсон. Архины шил нь хагараад архи нь над дээр асгараад би ухаан алдаад унасан... Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Этэй сайн дураараа эвлэрсэн байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх-17/

 

Гэрч М.Нмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:“..2022 оны 10 дугаар сарын 02-ний өдөр би нөхөр Нгийн хамт найз болох Б О нарын хамт Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Нарантуул-2 захын ертенцийн зүгээр баруун талд байдаг Сайн ломбардтай залгаа байдаг караокед 18 цагийн үед ороод, 2 цаг дуулж, хүний1 шил пиво ууцгаасан юм. Тэгээд 20 цагийн үед Б, О нар яваад өгсөн ба бид хоёр үлдээд, Н нь надад гэрлэх санал тавиад өөрийнхөө бэр эгч болон ах нарыг дуудхаар болоод, тухайн караокед ах Я эхнэр Э, ах Төгсөө эхнэр О нар ирээд, 0.75 литрийн Соёрхол нэртай архи хоёр шилийг аваад ууцгааж, дуулцгаасан юм, тухайн үед би цаг хараагүй болохоор хэдэн цаг болж байгааг мэдээгүй ба 00 цаг болоод хаах гэж байна гэхээр нь бид нар караокеноос гараад, би нөхөр Нанжиддагвын хамт гадаа нь гарч ирээд, явах гэж байхад тухайн караокений гадна талд үл таних гурван эмэгтэй хүн, 2-3 эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан ба энгэр нь задгай ноолууран хослол өмссөн эгч болон нэг ах хоёр нөхөр бид хоёрыг "ална шүү юу гээд байгаа юм бэ" гэх мэтээр хэрүүл өдөөд байхаар нь бид хоёр тоогоогүйгээр явсан ах эгч нарынхаа араас явах гэж байхад, манай нөхрийг нэг эрэгтэй нь араас цохиод, тухайн караокений гадна талд манай ах эгч нар болон, тухайн үл таних хүмүүсийн хоронд зодоон болсон юм. Тэгэд зодоон болж байхад бид нартай зодолдож байсан хүмүүсийн нэгнийх нь толгой хагарчихсан байдалтай цус гараад байсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг болон тухайн хүмүүсээс нэг эрэгтэйг нь эрүүлжүүлсэн, толгой нь хагарсан гэх хүнийг түргэний эмч ирээд аваад явсан. Ямар шалтгааны улмаас зодолдох болсныг мэдэхгүй..." гэх мэдүүлэг, /хх-19/,

 

Гэрч Т.Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би эхнэр Э, эхнэрийн талын хамаатан болох Энхтөгс ах эхнэр О нарыг 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12- р хороо, Нарантуул 2 захын баруун талын автобусны буудал дээр байдаг караокед ах болох Н дуудсаных нь дагуу хургэж өгчихөөд би өөрөө архи дарс уудаггүй хүн болохоор гартал нь гадуур таксинд явж байя гэж бодоод гараад явсан юм. Тэгээд би гадуур явж байгаад над руу залгахгүй байсан ба би замгүүрийн автобааз руу 00 цаг 30 минтутын үед хүн авчихсан явж байхад эхнэр Эийг хүргэж өгсөн караокений гадна талд хүмүүс бужигнаж байхад гайхаад хартал манай эхнар Э, ах Энхтөгс эхнэр нь болох Ариунбилэг, дүү Н нар үл таних эрэгтэй эмэгтэй хүмүүстэй юм яриад бужигналдаж байсан. Тэгээд би машинд сууж явсан хүнээ буулгачихаад буцаад иртэл манай эхнэр Э хашааны хажууд зогсож байсан. Тэгээд нэг мэдэхэд түргэн ирээд нэг эмэгтэйг нь аваад явсан ба цагдаа нар салгаад би эхнэр Эийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас гэртээ хүргэж өгчихөөд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-21/,

Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуул-2 захын баруун талд автобусны буудлын хажуугийн караокед хуучин ажпын газрын хүмүүс болон 10- аад хүн 19 цагийн орчимд орсон. Ахмадын баяр тэмдэглээд хуучин газрынхаа амхадуудыг аваад сууж байсан. Нилээд их архи уугаад гараад иртэл манай найз Иийн эхнэр Ш гэх, эмэгтэй газарт уначихсан толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд цагдаа түргэн ирээд Шыг эмнэлэг руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-23/,

 

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд Нарантуул-2 худалдааны тевийн хажуугийн караокед би эхнэрийн хамтаар болон манай хоёр найзын хамтаар бид 4 орсон юм. Тэгээд би эхнэртээ бөгж өгөөд гэрлэх санал тавиад ах эгч нарыгаа дуудсан бөгөөд энэ үед манай хоёр найз яваад өгсөн юм. Ингээд миний төрсөн эгч Э, Төгсөө ах, О эгч нар ирсэн Я ах болохоор тад нарыг хүргэж өгчихөөд яваад өгсөн юм. Ингээд бид нар 3 шил архи, пивонууд уугаад байсан. Төгээд би тасарчихсан бөгөөд миний бие яваад байсан байх надад санаж байгаа юм байхүй. Нэг мэдэхэд эмнэлгийн машин ирчихсэн цагдаагийн машинд суусан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

Гэрч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:“..2022 оны 10 дугаар сарын 02-ны орой 20 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай нөхөр Б залгаад Нарантуул-2 худалдааны тевийн урд талын караокед байна хурээд ирээч гэж хэлсэн. Би тухайн караокед нь 21 цагийн орчимд очсон. Тэнд очиход манай нөхрийн ах И, эхнэр Шын хамтаар мөн манай нөхөр, 2 найз нь байж байсан. Намайг очиход архи, пиво ууцгаагаад дуулж байсан бөгөөд би өөрөө архи уугаагүй байсан. Тэгээд караокеноос гартал нэг өндөр ах Идармөнх ахыг мөрлөөд тэр хоёр хоорондоо маргалдсан. Би Шын хамтаар дундуур нь ороод болиоч гэж хэлээд хэлтэл нөгөө залуу нь бид хоёрыг тулхсэн юм. Ингээд явья гээд эргээд хартал ардаас нөгөө өндөр залуутай хамт явж байсан бор царайтай махлаг эмэгтэй сүүлд нэрийг нь сонсоход Э гэх эмэгтэй Шинабаярын толгой руу архины шилээр 1 удаа цохисон ба архины шил нь хагараад архи нь асгарсан. Тэгтэл Шыг очоод зууралдаад татаад байсан. Би болиоч гээд байж байтал удалгүй түргэн ирээд Шыг аваад Гэмтлийн эмнэлэг руу явсан. Эмнэлэг дээр очоод Ш толгойдоо оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг, /хх-30-31/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №13689 дугаартай дүгнэлтэд: “..Б.Шын биед зүүн зулайд шарх, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Зүүн зулайн шарх гэмтэл нь дангаараа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна...” гэх шинжэчийн дүгнэлт /хх-34/, шүүгдэгч Ж.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Шт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Э нь хохирогчийн толгойн тус газар архины шилээр цохиж үүний улмаас зүүн зулайд шарх, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй, энэ нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

                                      

Иймд шүүгдэгч Ж.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Ш нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Эт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Ш нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б.Шт үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрт ойрын дуудлага 48.000, гэмтлийн яаралтай тусламж 214.000, амбулаториор хийгдэх мэс ажилбар 27.000, амбулаторийн үзлэг 15.000 төгрөгийн тус тус зардал гарсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны шатанд 304.000 төгрөгийг Төоийн сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР