| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/00386/и |
| Дугаар | 183/ШШ2018/02781 |
| Огноо | 2018-12-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2018/02781
| 2018 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2018/02781 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ... тоот хаягт байрлах, Н ХХК, ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, Б ХХК, -д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт нийт 358 396 227 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн торгууль 27 657 000 төгрөг гаргуулах Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчМ.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н ХХК болон Б ХХК-иуд нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Doosan 500 маркын **** УБ улсын дугаартай Экскаватор 1 ширхэг, Doosan 470 маркын ****** улсын дугаартай экскаватор 1 ширхэг тус тус хоёр ширхэг экскаваторийг түрээслэх тухай гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан бөгөөд ажлын явцад гэрээний хугацаа дууссан тул 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар гэрээний хугацааг сунгаж, мөн дээр дурдсан хоёр экскаватораас гадна Doosan 350 маркын **** УН улсын дугаартай Экскаваторийг өдрийн 1 680 000 /нэг сая зургаан зуун ная төгрөгөөр, Lonking маркынн 27-18 УН улсын дугаартай Ковшийг өдрийн 400 000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр, Xiamen маркын 27-16 УН улсын дугаартай ковшийг өдрийн 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр, Хово маркын ************************ улсын дугаартай 6 ширхэг авто самосмалыг нэг рейсийг 25 000 /хорин таван мянган/ төгрөгөөр тооцохоор тус тус нэмж нийт 3 ширхэг Экскаватор, 2 ширхэг ковш, 6 ширхэг авто самосмалуудыг түрээслүүлэн ажиллуулахаар гэрээний нэмэлт өөрчлөлт хавсралтаар хоёр тал баталгаажуулсан болно. Иймд гэрээний нэмэлт өөрчлөлт хавсралтаар хоёр тал баталгаажуулсан болно. Иймд гэрээний нэмэлт өөрчлөлт хавсралтын 11 дүгээр зүйлд заасны дагуу Түрээслэгч тал механизмийн тухайн сарын төлбөр тооцоог “Т” ХХК-тай тооцоо нийлсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан төлбөр төлөх үүрэг манай компанид хүлээсэн. Гэвч ажлын гүйцэтгэлийн дараа тооцоо нийлснээс хойш Б ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 333 хоног гэрээний үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүрэг болох 56 298 600 төгрөг, алданги 56 242 301 төгрөг нийт 112 540 901 төгрөг, мөн манай байгууллага нь хариуцагч байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллах хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд Б ХХК нь хөрс хуулах газрын зөвшөөрлөө авч өгөхгүй байсантай холбоотойгоор ажил саатуулж сул зогссон машин механизмуудын түрээсийн төлбөр 279 600 000 төгрөг, мөн ажлын талбайд ажиллахад бэлэн, ажиллаж байсан жолооч, операторын цалин хөлс 22 497 627 төгрөг, нийт 358 396 227 төгрөгийн хохирлыг хариуцагч Б ХХК-иас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчМ.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б ХХК нь Таван толгойн хөрс хуулалтын ажил хийж гүйцэтгэдэг компани бөгөөд үйл ажиллагаагаа явуулахын тулд компаниудаас хүнд машин механизмыг гэрээний үндсэн дээр түрээслэн авч ажилладаг. Манай компани Н ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээ”-г байгуулж, DX500 маркын ****** улсын дугаартай, DX500 маркын **** УБ улсын дугаартай экскавотаруудыг тус бүрийн сарын түрээс нь 42 000 000 /дөчин хоёр сая төгрөг/ УБ дугаартай автогрэйдерийг сарын түрээс нь 8 000 000 /найман сая/ төгрөг байхаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар түрээслэсэн. Улмаар түрээсийн гэрээний хугацаа дуусч, төлбөр тооцоог хийж дуусахад түрээслэсэн автомашины тоог 6 автосамосвал, 2 ковш, 3 экскаватор болгон нэмэгдүүлж түрээсийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Манай компани түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд Н ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Гэтэл тус компани машин механизмын рейс, ашиглуулсан хугацаа зэргийг нотлох баримтгүйгээр өөрөө тооцоолон гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын 56 298 000 төгрөгийн тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н ХХК нь 2017 оны 2 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын талбараас түрээслэсэн тоног төхөөрөмжүүдээ татсан. Манай үйл ажиллагаа явуулж байсан ажлын талбайд байсан машин механизмуудын ихэнхи тус компанийн машин механизмууд байсан тул ажил маань 2017 оны 5 дугаар сарыг хүртэл зогссон. 2016 оны 10 дугаар сард байгуулсан үндсэн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар түрээслүүлэгч тал нь “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бусад тодорхой шалтгаангүйгээр ажил зогсоосон тохиолдолд сарын ажлын хөлсийн 15 хувьтай тэнцэх торгууль төлөх” үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын талбайг орхин явж бидний ажлыг 3 хүртэл сарын хугацаагаар зогсоосон. Н ХХК 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа 112 540 901 /нэг зуун арван хоёр сая таван зуун дөчин мянга есөн зуун нэг/ төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “...өмнө нэхэмжилсэн 112 540 901 төгрөг, одоо нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 302 097 627 төгрөг, нийт 358 396 227 төгрөгийг хариуцагч байгууллага болох Б ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ. Анх нэхэмжлэлийн шаардлага 112 540 901 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 302 097 627 төгрөгөөр нэмэгдүүлвэл 358 396 227 төгрөг бус харин 414 638 428 дөрвөн зуун арван дөрвөн сая зургаан зуун гучин найман мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөг болох ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа хэдэн төгрөгөөр нэмэгдүүлж нийт хэдэн төгрөгийн хариуцагчаас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчМ.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Н ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээ”-г байгуулж, DX500 маркын ****** улсын дугаартай, DX500 маркын **** УБ улсын дугаартай экскавотаруудыг тус бүрийн сарын түрээс нь 42 000 000 төгрөг,1245 УБ дугаартай автогрэйдерийг сарын түрээс нь 8 000 000 төгрөг байхаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар түрээсэлсэн. Улмаар түрээсийн гэрээний хугацаа дуусч, төлбөр тооцоог хийж дуусахад түрээсэлсэн автомашины тоог 6 автосамосвал, 2 квош, 3 экскаватор болгон нэмэгдүүлж түрээсийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Н ХХК нь 2017 оны 2 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын талбараас түрээсэлсэн тоног төхөөрөмжүүдээ татсан. Манай үйл ажиллагаа явуулж байсан ажлын талбайд байсан машин механизмуудын ихэнх нь тус компанийн машин механизмууд байсан тул ажил маань 2017 оны 5 дугаар сарыг хүртэл зогссон. Бидний хооронд 2016 оны 10 дугаар сард байгуулсан үндсэн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар түрээслүүлэгч тал “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бусад тодорхой шалтгаангүйгээр ажил зогсоосон тохиолдолд сарын ажлын хөлсийн 15 хувьтай тэнцэх торгууль төлөх” үүрэг хүлээсэн байдаг. Түрээслэсэн тоног төхөөрөмжүүдийн сарын түрээсийг тооцож үзвэл Doosan 500 Экскавотар 42 000 000 төгрөг, Doosan 470 Экскавотар 42 000 000 төгрөг, Doosan 350 Экскавотар 42 000 000 төгрөг, Lonking ковш 12 000 000 төгрөг, Xiamen ковш 6 000 000 төгрөг, Хомо авто самомвал 270 рейс * 6=1620 рейс, 1 рейсийн төлбөр 25 000 /хорин таван мянга/ төгрөг, 25 000*1 620=40 500 000 /дөчин сая таван зуун мянга/ төгрөг, нийт 184 500 000 /Зуун наян дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар ажлын хөлсний 15 хувьтай тэнцэх торгууль нь 27 657 000 /хорин долоон сая зургаан зуун тавин долоон мянга/ төгрөг болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан үндсэн зээл 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй торгуульд 27 657 000 /хорин долоон сая зургаан зуун тавин долоон мянга/ төгрөгийг Н ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 56 298 600 төгрөг, алданги 56 242 301 төгрөг, нийт 112 540 901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 302 097 627 төгрөг нийт 358 396 227 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б ХХК гэрээний торгууль 27 657 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Нэхэмжлэгч Н ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 51 258 600 төгрөг, Doosan 500 маркын эксковотарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5 040 000 төгрөг нийт 56 298 600 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 16-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны алдангий 56 242 301 төгрөг нийт 112 540 901 төгрөг, мөн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх сул зогсолтын түрээсийн төлбөрт 279 600 000 төгрөг, ажилчдын цалин 22 497 627 төгрөг, нийт 358 396 227 төгрөг нэхэмжилж байна. Түрээсийн гэрээнд алдангийн талаар тохиролцоогүй тул алданги 56 242 301 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч Б ХХК 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд тоног төхөөрөмжүүд, Doosan 500 маркын эксковотарын тус тус түрээсэлж байсанд маргахгүй хоёр байгууллага төлбөр тооцоогоо эмх цэгцгүй, итгэлцлийн үндсэн дээр янз бүрээр төлдөг байсны улмаас тооцооны зөрүү үүссэн, уг хугацааны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тул 56 298 600 төгрөгийг төлөхгүй, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд уурхайн талбай дээр нэхэмжлэгчийн тоног төхөөрөмж, ажилчид нь сул зогсолт хийгээгүй, нэхэмжлэгч байгууллага өөр компанийн ажлыг гүйцэтгэхээр талбайгаас тоног төхөөрөмжөө аваад явсан учраас сул зогсолтын түрээсийн төлбөр 279 600 000 төгрөг, ажилчдын цалин 22 497 627 төгрөг, нийт 358 396 227 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хариуцагч Б ХХК 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд дурдсан тоног төхөөрөмжүүдийг түрээсэлж байсанд маргаагүй, харин уг хугацааны төлбөр 56 298 600 төгрөгийг төлсөн гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа учраас төлбөр төлснийг нотлох нь хариуцагчийн үүрэг юм. Хэрэгт авагдсан баримтаар дурдсан хугацааны түрээсийн төлбөр 56 298 600 төгрөгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй тул хариуцагчаас түрээсийн төлбөрт 56 298 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр түрээсийн гэрээний хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрч С.Ганбаатар мэдүүлэгтээ “ 2017.03.09-2017.04.19 хүртэл нийт хэдэн ажилтан хөрс хуулалтын ажлыг хүлээж байсан бэ, нэрийг хэлж өгнө үү гэхэд н. С, би, н.Э, н.Б, н.М, ....” ажилчдыг дурдсан. Гэрч Я.С мэдүүлэгтээ “ Та 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл техник хариуцаж ажиллаж байсан уу гэхэд. Үгүй 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарын 21-нийг хүртэл ажиллаж байсан” гэж мэдүүлжээ. Гэрч С.Г кэмпийн дарга буюу ажилчдыг ахлан ажиллаж байсан үйлдвэрийн даргыг 2017.03.09-2017.04.19-нийг өдрийг хүртэл Таван толгойн уурхайн талбай дээр ажиллаж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, кэмпийн даргаар ажиллаж байсан Я.Сын мэдүүлэгтэй зөрж байх тул гэрч С.Г үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж шүүх үнэлэх боломжгүй байна. /х.х-ийн н/б1, н/б-2/ Өөрөөр хэлбэл Я.С гэрч би байгаагүй гэж мэдүүлэг өгсөн байхад кэмпийн даргаа байсан гэж мэдүүлж байгаа гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шүүх үнэлэх боломжгүй тул нэхэмжлэгч Н ХХК-ийг 2017.03.09-2017.04.19-ний өдрийг хүртэл Т уурхайд сул зогссон гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн ажилчдын сул зогсолтын цалин хөлс нэхэмжилсэн баримтууд нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан шаардлага хангаагүй баримтууд байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтанд олгосон цалин, хөлснөөс нийгмийн даатгалын хураамжийг тооцон хууль тогтоомжид заасны дагуу төлөх үүрэгтэй тул нийгмийн даатгалын байгууллагад тайлагнасан баримтыг цалин олгосон гэж шүүх үнэлэх боломжтой, кассын зарлагын ордероор цалин олгосон гэж шүүхэд ирүүлсэн баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шүүх үнэлэх боломжгүй байна.
Иймд Н ХХК нь түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 358 396 227 төгрөгнөөс алданги 56 242 301 төгрөгөөр багасгаж үлдэх 302 153 926 төгрөг нэхэмжилснээс 56 298 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 245 855 326 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Хариуцагч Б ХХК нь Н ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний 3.1.6-д түрээслүүлэгчийн хүлээх үүрэгт ...тодорхой шалтгаангүйгээр ажил зогсоосон тохиолдолд сарын ажлын хөлсний 15 хувьтай тэнцэх торгууль хүлээнэ гэж заасныг үндэслэн 27 657 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2017.05 дугаар сар хүртэл Таван толгойн хөрс хуулалтын ажлыг Таван толгойн компанийн улмаас хийж чадаагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд гэрч С.Гшүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ манай компани нь 2017 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хөрс хуулалтын ажлыг хийж чадаагүй гэх тайлбараас үзвэл ажил зогсоосон тал нь хариуцагч Б ХХК өөрөө байхад түрээсийн гэрээний 3.1.6-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэл гарган 27 657 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурьдах зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дугаар зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 56 298 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлага 245 855 326 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 27 657 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 668 438 төгрөг, хариуцагчаас 439 443 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О