| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0865/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/942 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Ө.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ад холбогдох эрүүгийн 2211 01757 1822 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Ө.А, 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-279 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дуүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд найз залуутайгаа хардсаны улмаас хохирогч У.Хтэй маргалдаж, улмаар үснээс нь зулгааж чирэн, толгойн тус газар нь гараараа цохиж биед нь баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн бугуйн үенд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Ө.Агээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн өдөр манай найз залуу надад У.Х намайг хоёр удаа нойлд үнсчихлээ гэж хэлсэн. Би тухайн өдөр архи сүгтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор өөрийн найз охин У.Хд “Чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тухайн өдөр би найз охиноо зодож гэмтээсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Би У.Хгээс уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Ө.Агээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэг нийтийн байранд найз Х, өөрийн найз залуу Б нарын хамт архи ууцгаасан. Тэгсэн Х нь миний найз залуу болох Б уруул дээр нь 2 удаа үнсэхээр нь миний уур хүрээд түүний үснээс зулгаагаад нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиод зодсон тэгсэн тухайн нийтийн байрны оршин суугч нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх-41-42/
Хохирогч У.Хгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Нийтийн байранд А, түүний найз залуу Б нарын хамт архи ууцгаасан. Тэгсэн А нь намайг гэнэт өөрийн найз залуу Б гэгчтэй хардаад элдвээр харааж байснаа миний үснээс зулгааж байгаад нүүр хэсэг рүү маань гараараа цохиж зодсон, тэгснээ үснээс маань зулгааж кордиор хэсгээр чирч зулгаасан. Тэгэхлээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..Миний бие А гэгчээс өөр хэн нэгэнд зодуулаагүй, тэр намайг найз залуутайгаа хардаад зодсон тэрнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй ээ. Миний бие Ад зодуулсантай холбогдуулан ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж тусламж авч байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-10/,
Гэрч Р.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний бие Ө.А гэгчийг танина миний ганц охин байгаа юм. Ө.А бид хоёр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 14-279 тоотод 20 гаран жил амьдарч байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 21- ний өдөр Ө.А нь над дээр ирээд ээжээ би хүн зодоод тэгсэн миний зүүж явсан ээмэг алга болчихлоо гэх зүйл ярьж байсан ба хэнтэй зодоон хийсэн яагаад зодолдсон талаараа надаа хэлээгүй ээ. Тэрнээс хойш гэртээ ирэхээ байсан. Түүнд ямар нэгэн гар утас байхгүй ээ..” гэх мэдүүлэг, /хх-16/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байранд өөрийн найз охин А, түүний найз Х нарын хамт архи уугаад байж байтал А, Х нар нь хоорондоо маргалдаад эхэлсэн бөгөөд А Х нар нь хоорондоо бие биенийхээ үсийг зулгаагаад байсан. Тэгээд байж байтал цагдаагийн алба хаагч нар ирээд бид хэдийг аваад явсан. А нь намайг хардаад түүнээс болоод Хтэй зодолдсон юм шиг байна лээ, би тухайн үед архи уусан байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байгаа, тухайн зодоон болсны дараа Хгийн үс нь халцараад нүүр нь хавдсан байсан. Би тухайн зодоонд бол оролцоогүй ээ..” гэх мэдүүлэг, /хх- 17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13021 дугаартай дүгнэлтэд: “..У.Хгийн биед баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн бугуйн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх дүгнэлт /хх-27-28/, шүүгдэгч Ө.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч У.Хд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.А нь хохирогчийн биед баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн бугуйн үенд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ө.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч У.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ө.Агээс хохиролтой холбоотой нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ө.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ө.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ө.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч авсан Ө.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР