| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/03096/И |
| Дугаар | 183/ШШ2018/02521 |
| Огноо | 2018-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2018/02521
| 2018 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2018/02521 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮ-ний гудамж, М ХХК / ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Э ХХК д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 246 819 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани Э ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 104/15 тоот гэрээг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг барааг худалдан авснаас хойш 30 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. 104/15 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 164 546 400 төгрөгөөс тус гэрээний 3.4, 5.1.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон /2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хоногт 822 732 төгрөг, нийт 950 хоногт 781 595 400 төгрөг/ Иргэний хуулийн 234.4-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь хүргэж зогсооход 82 273 200 төгрөг болж байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болон алданги нийт 246 819 600 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч С.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Өнөөдрийн байдлаар Э ХХК нь авч хэрэглэсэн шатахууны төлбөр гэж М ХХК-д 164 546 400 төгрөг дээр, 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл алданги тооцон нийт 246 819 600 төгрөг, “М”-д 182 521 852 төгрөг дээр, 2016 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл алданги тооцон нийт 273 782 778 төгрөг, нийт 520 602 378 төгрөг төлөхөөр байгаа. Бид 2005-2014 онуудад “М” ХХК-иас ойролцоогоор нийт 3 571 442 618 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрийг цаг тухайд нь найдвартай төлж ирсэн болно. Харамсалтай нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал муудсан зарим яамдууд, бусад холбогдох төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, харилцан ажиллагаа муу, зарим хууль эрх зүйн хоорондын зөрчилтэй байдлаас болж тус компанийн гүйцэтгэж байсан ажлууд зогсонги байдалд орж тус компанийн төлбөрийн чадал муудсаны улмаас бид одоохондоо төлбөрөө төлөх боломжгүй болоод байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар уг шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01835 тоот шийдвэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 6 330 567 900 төгрөгийг Э ХХК-д гаргуулах болсон байгаа. Бид авсан шатахууны төлбөрийн асуудал дээр маргахгүй бөгөөд харин дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж төлбөр төлөх хугацаа, төлбөрийн нөхцөл, алданги тооцох дараахи саналыг хүргүүлж байна. Үүнд бид төлбөрийг 2019 оны 4 дүгээр сараас эхлэн графикаар төлж эхлэх, алдангийг 50 хувиас багаар тооцох. Иймд төлбөрийн асуудал дээр уян хатан хандаж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товтой танилцан гарын үсэг зурсан, нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч М ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 246 819 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Хавтаст хэргийн 11-14 дүгээр талд “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байх тул худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Мөн хэргийн 21-23 дугаар талд тооцооны үлдэгдлийн баталгаа авагдсан бөгөөд тооцоо нийлсэн актаар 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх тооцоог хоёр талын байгууллагын нягтлан бодогч нар нийлж хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч М ХХК-нд 164 546 400 төгрөгийн өглөгтэй болсон байна.
Уг тооцоо нийлсэн акт нь зохигч байгууллагуудын санхүүгийн ажилтнууд гарын үсэг зурж, тамга болон санхүүгийн тэмдэгийн дардасаар баталгаажуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримт байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны тооцоог худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ... дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө” гэж заасан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан учраас хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчжээ.
Иргэний хуулийн дагуу гэрээнд заасан тохиолдолд худалдагч нь алданги авах эрхтэй, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.4-д алданги авахаар талууд харилцан тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 164 546 400 төгрөгийн 50% болох 82 273 200 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч авах эрхтэй байна.
Иймд хариуцагч нь үндсэн төлбөр 164 546 400 төгрөг, алданги 82 273 200 төгрөг нийт 246 819 600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 246 819 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 392 048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 392 048 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О