Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/354

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Ш.Эрдэнэжаргал, Ж.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Шошмойн Эрдэнэжаргал, Эцээд овогт Жавзмаагийн Ганхуяг нарт холбогдох эрүүгийн 2221000000142 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлтийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг Хотонт гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодод хөнгөн гэмтэл  санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Хатигин овогт Шошмойн Эрдэнэжаргал. /РД: ЖЮ67091718/

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1966 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техник геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 6-23 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Эцээд овогт Жавзмаагийн Ганхуяг. /РД: УЗ66062018/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Эрдэнэжаргал нь Ж.Ганхуягтай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Овоот” гэх газарт оршин суух хохирогч Г.Мөнхсайханы гэрт хууль бусаар нэвтэрч 17 инчийн зурагт, төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 308.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Ж.Ганхуяг нь Ш.Эрдэнэжаргалтай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Овоот” гэх газарт оршин суух хохирогч Г.Мөнхсайханы гэрт хууль бусаар нэвтэрч 17 инчийн зурагт, төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж бусдад 308.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Ж.Ганхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.

Хохирогч Г.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг Овоот гэх газарт элсний карьерын манаач хийдэг юм. Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад Хэрлэн сумын 3 дугаар баг Хөхшир гэх газарт оршин суух найз Бадмаагийн гэрт очиж хоноод маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө гэртээ ирэхэд гэрийн зүүн хойд талд өлгөөтэй байсан 32 инчийн зурагт алга болсон байсан. ...би зурагтынхаа хэмжээг сайн мэдэхгүй байсан учир 32 инч гэж хэлсэн.  Гэтэл сүүлд 17 инч гэдгийг нь мэдсэн. ...Манай гэрээс зурагт, хүлээн авагч төхөөрөмж алдагдсан өөр зүйл алдагдаагүй, би эд зүйлээ буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

Иргэний нэхэмжлэгч Ч.Бүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” зах дээр хувиараа зурагт, хөргөгч засдаг юм. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үдийн өмнө 2 согтуу залуу манай ажил дээр ирээд зурагт авах уу гэж асуухад нь би авахгүй гэхэд ахаа надад 30.000 төгрөгийн хэрэг болоод байна гэхэд нь би хулгайн зурагт биш биз дээ гэж асуухад зурагт барьж байсан залуу нь яаралтай мөнгөний хэрэг гараад зарж байна бусдаар бол хулгайн зурагт биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр хулгайн зурагт биш бол худалдаж авъя гээд бэлэн 30,000 төгрөг өгөөд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Шүүгдэгч Ш.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Ж.Ганхуягийн хамт алхаж байгаад Мөнхсайханы гэрт очиход гэрт нь хүн байгаагүй. Тэгэхээр нь бид 2 гэрийнх нь хажууд байх машин дотор орж суугаад нэг шил архиа ууж дуусгасан. ...Тэгээд даараад өлсөөд байхаар нь аймгаас авсан 2 ширхэг гоймонгоо идэхээр Мөнхсайхан ахын гэрт орж идээд үлдсэн нэг шил архиа ууж дуусгасан. Тэгээд бид хоёр нэлээн халаад гэрийнх нь зүүн хойно байсан LED гэх бичигтэй зурагтыг хүлээн авагчийн хамт аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

Шүүгдэгч Ж.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр найз Ш.Эрдэнэжаргалын хамт хөдөө гэрт нь очихоор аймгийн төвөөс алхсан. Бид хоёр алхаж явсаар шөнө Мөнхсайхан гэх айлд ирэхэд гэрт нь хүн байгаагүй тул гэрийнх нь хажууд байх машинд сууж нэг архи уусан. Тэгээд даараад байхаар нь Мөнхсайхан гэх айлын гэрийн цоожийг Ш.Эрдэнэжаргал татаж нээгээд дотор нь орж аймгаас авч гарсан гоймонгоо идэж архиа уусан. Ингээд архиа дуусаад шөнө аймаг явахаар болж гэрээс нь гарахдаа Ш.Эрдэнэжаргал зурагт болон хүлээн авагчийг нь аваад гарсан. Тэгээд бид хоёр тухайн зурагтыг Шүр зах дотор байх зурагт засварын газарт 30.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

- Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 09/

- Гэрч Г.Золбоогийн мэдүүлэг /хх-ийн 40-41/

- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-52, 53-61/

- Шүүгдэгч Ж.Ганхуягийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 76-79/

- Шүүгдэгч Ш.Эрдэнэжаргалын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 80-84/

- Ш.Эрдэнэжаргалын ХААН банкны дансны хуулга /хх-ийн 85-86/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-89/

-Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-93/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ш.Эрдэнэжаргал, Ж.Ганхуяг нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ш.Эрдэнэжаргал, Ж.Ганхуяг нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Овоот” гэх газарт оршин суух хохирогч Г.Мөнхсайханы гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч гэрээс нь 17 инчийн зурагт, төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж 308.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон хохирогч Г.Мөнхсайхан, иргэний нэхэмжлэгч Ч.Бүрэнжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хатигин овогт Шошмойн Эрдэнэжаргал, Эцээд овогт Жавзмаагийн Ганхуяг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Эрдэнэжаргал, Ж.Ганхуяг, тэдний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.          

Шүүгдэгч Ж.Ганхуяг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч Ш.Эрдэнэжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Хатигин овогт Шошмойн Эрдэнэжаргал, Эцээд овогт Жавзмаагийн Ганхуяг нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь хохирогч Г.Мөнхсайханы гэрээс авсан 17 инчийн зурагтыг буцаан /хх 96/ өгч, иргэний нэхэмжлэгч Ч.Бүрэнжаргалд 30,000 төгрөгийг /хх 94/ төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатигин овогт Шошмойн Эрдэнэжаргал, Эцээд овогт Жавзмаагийн Ганхуяг нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Шошмойн Эрдэнэжаргал, Жавзмаагийн Ганхуяг нарыг тус бүр 1 /нэг/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эрдэнэжаргал, Ж.Ганхуяг нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Эрдэнэжаргал, Ж.Ганхуяг нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА