Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, 2 дугаар баг, Гавшгай 22 дугаар байр 15 тоотод оршин суух Боржигон овогт Хэнчбишийн Мөнгөнсаран/РД:ТГ72042701/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гончигийн Баянмөнхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, 10 дугаар гудамж, 10 тоотод оршин суух Боржигон овогт Шархүүгийн Бат-Ирээдүй /РД:МЙ87121214/-д холбогдох рапсын үрний үнэ 8.662.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнх, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: ...2018 оны 05 сард Орхон аймгийн иргэн Бат-Ирээдүйд 3 тн рапсны үр 50 хувийг бэлэн мөнгөөр 50 хувийг намар төлөх нөхцөлтэйгөөр зарсан. Бат-Ирээдүй нь 9 сард нь тодорхой хэмжээний ургац авч борлуулалт хийсэн боловч төлбөрөө хийхгүй, утсаа авахгүй зугтаад яваад байсан. Тиймээс шүүхэд хандсан. Энэ худалдан авах гэрээний хугацаа нь 11 сарын 15-нд дуусч байгаа юм. Тэрнээс хойш 03 сар гаруй болчихлоо. 01 сар 15 хоногийн алдангиа тооцсон. Алданги 2.362.500 төгрөг болсон. Худалдан авч өгөлцсөн талаараа нотариатаар батлуулсан байгаа. Би 8.662.500 төгрөг нэхэмжилж байгаа. Бид хоёр дахь шүүх хурлын дараа гарч байгаад 6.709.500 төгрөгөө төлчихвөл алданги тооцохгүй тохиролцъё гэж ярьсан боловч энэ хүн мөнгө өгөх талаараа биш итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гэсэн юм яриад яваад байгаа. Энэ хүнд миний мөнгийг төлөх бүрэн бололцоо байгаа. 140 гаруй тонн ургац авч 100 гаруй сая төгрөгний борлуулалт  хийсэн гэсэн гэв.

Хариуцагч Ш.Бат-Ирээдүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн өмгөөлөгчид ханадж хуулийн зөвлөгөө авах өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох өмгөөлөгчөөр нэмэлт тайлбар гаргуулах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...1.Х.Мөнгөнсарантай гэрээ байгуулсан ч тэрээр гэрээгээр хүлээсэн үүрэг /2.2/-ын дагуу рапсын үрийг хүлээлгэн өгөөгүй.

Үүний нотлогоо нь гэрээний 2.3-т заасан баримтад талууд гарын үсэг зураагүй бөгөөд энэ талаарх баримт үйлдэгдээгүй болно.

2. Нэгэнт үрийг хүлээн аваагүй тул төлбөр төлөхгүй хэмээн маргаж байгаа тул алдангийг мөн л зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-нд хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

            Шүүх зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Х.Мөнгөнсарангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнх нь Ш.Бат-Ирээдүйд холбогдуулж рапсын үрний үнэ 6.300.000 төгрөг, алданги 2.362.500 төгрөг, нийт 8.662.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнх нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа рапсын үрний үнэ  6.300.000 төгрөг, алданги 409500 нийт 6.709.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

            2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Х.Мөнгөнсаран, Ш.Бат-Ирээдүй нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 3 тонн рапсын үрний төлбөрийг 12.600.000 төгрөг байхаар тогтоож, урьдчилгаанд 6.300.000  төгрөгийг авч, үлдсэн 6.300.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр, худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үний дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн зохицуулалтанд хамаарч байна.

            Хариуцагч Ш.Бат-Ирээдүй нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлж төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ш.Бат-Ирээдүйд нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариу тайлбар өгөх хугацааг тогтоосон байна.

            Хариуцагч Ш.Бат-Ирээдүй 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн өмгөөлөгчид хандаж хуулийн зөвлөгөө авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчөөр нэмэлт тайлбар гаргуулах болно... гэсэн хариу тайлбарыг өгсөн болно.

            Шүүх 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 41 тоот захирамж гаргаж шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутанд явуулахаар товлосон.

            2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Ш.Бат-Ирээдүй өмгөөлөгч авна гэх үндэслэлээр, 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хурал давхцсан гэх үндэслэлээр тус тус шүүх хуралдааныг хойшлуулсан.

2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд ... 1.Х.Мөнгөнсарантай гэрээ байгуулсан ч тэрээр гэрээгээр хүлээсэн үүрэг /2.2/-ын дагуу рапсын үрийг хүлээлгэн өгөөгүй.

Үүний нотлогоо нь гэрээний 2.3-т заасан баримтад талууд гарын үсэг зураагүй бөгөөд энэ талаарх баримт үйлдэгдээгүй болно.

2. Нэгэнт үрийг хүлээн аваагүй тул төлбөр төлөхгүй хэмээн маргаж байгаа тул алдангийг мөн л зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-нд хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно... гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнх хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1.953.000 /алданги/ төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 8.662.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнхийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхэд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээлгэсэн боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд,  нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, “нэхэмжлэгч тал рапсын үрийг хүлээлгэн өгөөгүй, энэ талаар баримт бичиг үйлдээгүй, үрийг хүлээн аваагүй тул төлбөр болон алдангийг төлөхгүй” гэж маргаж байх боловч 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр шүүх хуралдаанд ирж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй, нотлох баримтаа гаргаагүй, нэхэмжлэгч талтай мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Талууд гэрээндээ “худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон байх ба  хариуцагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй.

Иймд дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.300.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 75 өдрийн алданги  2.362.500 төгрөг, нийт 8.662.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ш.Бат-Ирээдүйгээс 8.662.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Мөнгөнсаранд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бат-Ирээдүйгээс 168500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мөнгөнсаранд олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш.Бат-Ирээдүйгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.300.000 төгрөг, алданги 2.362.500 төгрөг нийт 8.662.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Мөнгөнсаранд олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бат-Ирээдүйгээс 168.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Мөнгөнсаранд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН