Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2019/00064

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Төв аймгийн Зуунмод сумын 06 дугаар баг, 8б гудамж 06 тоотод оршин суух, Г овгийн Д.А

Хариуцагч:Төв аймгийн Зуунмод сумын 06 дугаар баг, 8б гудамж 06 тоотод оршин суух,Б овгийн Ч нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 846 435.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Д.А, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... “Нэхэмжлэгч Х ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... “Д.А  нь 2017 оны 06 сарын 06-ны өдөр 1300017063 дугаар зээлийн гэрээ байгуулан 7 176 000 төгрөгийг жилийн 21.72 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зориулалтай зээл авсан. Зээлдэгч нар нь 2018 оны 10 сарын 26-ны өдрийн байдлаар 115 хоногийн хугацаа хэтрэлтэй байна Иймд Д.А, Ч.О нараас 1300017063 зээлийн гэрээний зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5 846 435.27 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Ч.О, Д.А нар нь “Х” ХХК Зуунмод салбараас 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 7.176.000 төгрөгийг өрхийн хэрэглээгээр 48 сарын хугацаатай зээлсэн. Ингээд сар бүр 264.000-280 000 төгрөгийг банкинд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөөрс хойш ямар ч хэсэгчилсэн төлбөр хийгээгүй. Ингээд хариуцагч нарт зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар мэдэгдэх, шаардах хуудас өгөх гэхээр утас болон бусад байдлаар холбогдож чадаагүй. Ингээд хариуцагч Ч.Отай очиж уулзан шаардах хуудсыг өгч байсан. Иймд одоогоор зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 5.836.435.27 төгрөгийг хариуцагч Д.А болон Ч.О нараас гаргуулан өгнө үү” гэв.

Хариуцагч Д.А шүүх ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  ... “Миний бие Хнаас 2017 оны 06 сарын 06-ны өдөр 7 176 000 төгрөгийг 48 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зээл авсан.Миний бие 2018 оны 04 сарын 05-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг холбогдон цагдан хоригдож байгаа учир зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй байсан учир надад хугацаа олгож өгнө үү. Миний бие 5 846 435 төгрөгийг 2019 онд багтаан төлнө” гэв.

Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Д.Агийн гэр бүлийн хувьд Хнаас 2017 оны 06 сарын 06-ны өдөр 7 176 000 төгрөгийн цалингийн зээлийг хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж зээл авсан. Д.А нь 2018 оны 04 сарын 05-ны өдөр сэжигтнээр хоригдож шалгагдаж байна. Хоригдсон цагаас 4,5,6 зээлийн эргэн төлөлтийг төлсөн. 7 сараас ар гэрийн асуудлаас төлөх боломжгүй болсон. Одоо үлдэгдэл 5 846 435.27 төгрөгийг төлнө гэдэг нь амьдралын хувьд үнэхээр хэцүү байна. Би өөрийн зээлийг төлж дуусгаад, энэ зээлийг төлөх боломжит хугацаа олгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х хариуцагч Д.А, Ч.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 846 435.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... “хариуцагч нар нь гэрээнд заасан сар бүр төлөлт хийх үүргээ зөрчиж, 2018 оны 06 сараас хойш төлбөрийг төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй” гэж,

Хариуцагч Д.А татгалзлын үндэслэлээ ... “нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байгаа гэхдээ эрүүгийн хэрэгт холбогдсон тул 2019 оноос хойш төлбөрийг төлнө” гэж,

Хариуцагч Ч.О татгалзлын үндэслэлээ ... “зээлийг Д.А авсан, миний хувьд төлбөрийн чадваргүй” гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч Х хариуцагч Д.А, Ч.О нартай 2017 оны 06 сарын 06-ны өдөр өрхийн хэрэглээний зориулалтаар, жилийн 21.72 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай 7 176 000 төгрөгийг зээлүүлэхээр 1300017063 тоот гэрээ байгуулж,  хариуцагч Д.Агийн  Төвцогтөлзийт ХХК-ийн тогтмол цалингийн орлогоор барьцаалан олгосон байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан, зээлдэгчийн дансанд мөнгөн хөрөнгө шилжсэн зэрэг үйл баримтаар тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

Зээлийн гэрээний 1.11-т заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдоно, 3.2.1-д зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд буюу сар бүрийн 03-ны өдөр төлөх үүргээ 2018 оны 06 дугаар сараас хойш гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгч талаас гаргасан зээл, хүүгийн тооцооллын баримтаар тогтоогдож байгаа бөгөөд үндсэн зээл 5 382 000 төгрөг, хүү 459 542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 892 төгрөг, нийт  5 846 435 төгрөг болсон талаар хэн аль нь маргаагүй байна.

Харин хариуцагч Ч.О  зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, төлбөрийн чадваргүй гэж тайлбарласан байна.

Х, Д.А, Ч.О нарын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээнд хариуцагч Ч.О хамтран зээлдэгчээр оролцож гэрээнд  гарын үсэг зурсан байна.

Тус зээлийн гэрээний 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж  тус тус заажээ.

Иймд гэрээнд болон хуульд зааснаар хамтран зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзнэ.

Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд Банкны санаачлагаар гэрээг цуцлах нөхцлийг заасан бөгөөд 5.1.1-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд гэрээ цуцлаж, төлбөрийг бүрэн төлөхийг шаардана гэж заасан байна.

Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь дээрх баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.А, Ч.О нараас үндсэн зээл 5 382 000 төгрөг, хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүү 459 542.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 892.95 төгрөг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.А, Ч.О нараас зээлийн гэрээний үүрэгт 5 846 435.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 108 493 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Д.А, Ч.О нраас 108 493 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х”  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН