Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/294

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: П.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Пгийн Ст холбогдох  эрүүгийн 2212.................. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ................. аймгийн Х сумын Мбаг ................гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Пгийн С /РД:*************/,

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.С нь согтуурсан үедээ .................аймгийн Х сум Мбагийн Ө намаг гэх газар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эхнэр Ш.Оийг гэр бүлийн маргааны улмаас маргалдаж, түүнийг зодож, духны баруун дээд хэсэг, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212....................  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ш.Оийн өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Э орж ирээд гэртээ 23 цагийн үед очиход нөхөр П.С утсаа яагаад авахгүй байгаа би хоол ундгүй ходоод хорсоод байна гэхээр нь хоолоо хийгээд идэхгүй яасан юм гэхэд чамайг хүлээгээд хийгээгүй гэснээ нөхөр унтаад өгсөн. Маргааш өглөө нь би үнээгээ саагаад гэртээ орж ирэхэд миний Эаас авсан 1 шил архийг ганцаараа уучихсан байж байсан. Би нөхрийг чи яагаад уусан юм бэ архи уухгүй бол амьдарч чадахгүй байна уу гэхэд би уухгүй байж чадахгүй гээд надаас монгол архи нэхээд байхаар нь 0.2 л монгол архи нөхөртөө өгсөн. Тэгсэн нөхөр чи ах дүүтэйгээ намайг зодож байсан би чамаас ороо авч байна гээд миний толгой руу гараараа олон удаа цохиод байхаар нь би толгойгоо бариад орилоод охиндоо цагдаа дууд гэж хэлсэн. Манай зургаадугаар ангийн охин эгч рүүгээ залгаж цагдаа дуудуулсан байсан. Нөхөр цагдаа дуудсаныг мэдээд гэрээсээ гараад явсан. Сумын цагдаа дуудлагын дагуу манай ирээд намайг хоёр сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Миний духны баруун дээд хэсэгт хөхөрч хавдсан, толгойн ар дагз хэсэг хавдсан байгаа. Одоо болтол өвдөөд өвчин намдахгүй байгаа. Өвчин намдаах эм өдөр болгон ууж байна. Зургаадугаар ангийн охин С.М, ой найман сартай манай зээ хүү нар л байсан. Би тухайн үед сумын төв орж эмчид үзүүлсэн. Эмч бичиг хийж өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтэлтийн зэргээ тогтоолгоно. Нөхөр П.С намайг урд өмнө зодож байсан. Би хүүхдүүдээ бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Би П.Стай гэр бүл болоод 22 жил болж байна. Гэр бүлээ албан ёсоор батлуулсан. 4 хүүхэд төрүүлсэн. 11-22 насны хүүхдүүд байгаа. Би гомдолтой байна. Нөхрөөсөө салах хүсэлтэй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/, 

*Хохирогч Ш.Оийн дахин өгсөн: “...Манай нөхөр С нь урд өмнө намайг зоддог байсан гэхдээ 2020 он, 2019 оны үед зодож цохиж хэрүүл маргаан хийж байсан. 2022 оны гараад саяхан буюу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр намайг зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан юм. Манайхтай хамт айл байхгүй. Манайхаар зайтай хот айлууд байдаг юм. С намайг зодсон талаар мэдэх хүн байхгүй. Харин 2-3 жилийн өмнө бол манай ээж мэдэж байгаа. Манай нөхөр надаас үнэн сэтгэлээсээ уучлалт гуйсан өмнөх 2-3 жилийн үеийг бодох юм бол надад огт гар хүрээгүй хэрүүл маргаан хийгээгүй байсан юм. тэгээд саяхан архи уусан үедээ надтай хэрүүл маргаан хийгээд намайг цохисон юм. нөхөр бид хоёр Архангай Э сумын эмнэлэгт гэрээр эмчилгээ авч эмчлүүлсэн одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр 11 хүүхэдтэй айлын дундах нь дээрээ 3 эгч 2 ахтай, доороо 2 эмэгтэй дүү 3 эрэгтэй дүүтэй юм. Эрүүл архи уугаагүй байх үедээ хонь малаа сайн хариулдаг, хүн тусархаг, төлөв даруухан зантай, гэрийнхээ ажилд туслаад байж байдаг хүн байгаа юм. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ааш зан нь эвдрээд хүнтэй хэрүүл маргаан хийх гээд байдаг буруу зантай хүн байгаа юм. одоо архи уухгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуу/,

*Гэрч А.Бын өгсөн: “…Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр жижүүр эмчийн ээлжтэй байхад Х сум Мбагаас Ш.О гэх 44 настай эмэгтэй нөхөртөө зодуулсан гэж үзүүлсэн. Тухайн эмэгтэйн биеийг үзэхэд дух, дагз хэсэгт цохигдож хавдаж улайж хөхрөлт үүссэн, цээжний зүүн талын 4 дүгээр хавирга хэсэгт эмзэглэлтэй байсан. 16 цагийн үед нөхөртөө зодуулсан гэж байсан. Намайг үзэхэд Ш.Оийн баруун духны дээд хэсэгт улайж хөхөрсөн байсан. Өөр гэмтэл шарх, хөхрөлт харагдаагүй. Би Ш.О гэх эмэгтэйн биеийн байдлыг үзээд цаашид гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж толгой, цээжний зураг авхуулах гэсэн үзлэгийн тэмдэглэл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, 

*П.Сын яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Өмгөөлөгч сонгон аваагүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Эхнэр хоёр эвлэрсэн би эхнэрээсээ уучлалт гуйсан бид хоёр сайн дураараа эвлэрсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/,

    *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 355 дугаартай дүгнэлт:
1.    Ш.Оийн биед духны баруун дээд хэсэг, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн 
няцрал, зүүн хацарт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Духны баруун дээд хэсэг, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ 
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-
ийн 27-28 хуу/,
    *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 хуу/  
            *Архангай аймгийн Х сумын Мбагийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 хуу/,
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 хуу/,
              *Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 65-66 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.С нь согтуурсан үедээ ............ аймгийн Х сум Мбагийн Ө намаг гэх газар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эхнэр Ш.Оийг гэр бүлийн маргааны улмаас маргалдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, Ш.Оийг зодож түүний биед духны баруун дээд хэсэг, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч П.С нь согтуурсан үедээ ..................аймгийн Х сум Мбагийн Ө намаг гэх газар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эхнэр Ш.Оийг гэр бүлийн маргааны улмаас маргалдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, Ш.Оийг зодож түүний биед духны баруун дээд хэсэг, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ш.Оийн: “...Тэгсэн нөхөр чи ах дүүтэйгээ намайг зодож байсан би чамаас ороо авч байна гээд миний толгой руу гараараа олон удаа цохиод байхаар нь би толгойгоо бариад орилоод охиндоо цагдаа дууд гэж хэлсэн. Манай зургаадугаар ангийн охин эгч рүүгээ залгаж цагдаа дуудуулсан байсан... 2020 он, 2019 оны үед зодож цохиж хэрүүл маргаан хийж байсан. 2022 оны гараад саяхан буюу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр намайг зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 62 хуу/, гэрч А.Бын: “...Ш.О гэх 44 настай эмэгтэй нөхөртөө зодуулсан гэж үзүүлсэн. Тухайн эмэгтэйн биеийг үзэхэд дух, дагз хэсэгт цохигдож хавдаж улайж хөхрөлт үүссэн, цээжний зүүн талын 4 дүгээр хавирга хэсэгт эмзэглэлтэй байсан. 16 цагийн үед нөхөртөө зодуулсан гэж байсан. Намайг үзэхэд Ш.Оийн баруун духны дээд хэсэгт улайж хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 355 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч П.Сын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

    Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч П.С нь хохирогч Ш.Оийн биед духны баруун дээд хэсэг, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 355 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  
  
Иймд шүүгдэгч П.Сын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Ш.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч П.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж  үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч П.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч П.Сыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс  3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Шүүгдэгч П.Сыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     


                                                                                                                          ТОГТООХ нь: 


1.    Шүүгдэгч М овогт Пгийн Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сыг 700 / долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст торгох ялын 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ