| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2018/01177/и |
| Дугаар | 00084 |
| Огноо | 2019-01-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 00084
| 2019 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2019/00084 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 хороо, жанжин, 03 гудаар гудамж, 79 тоотод оршин суух, Д.Д
Нэхэмжлэгч:Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 01 баг, бат ТВ 03-02 тоотод оршин суух, Б.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Цээл сумын 02 дугаар баг, талын хайрхан, Залуус 02 дугаар гудамж, 25 тоотод оршин суух, Т.Б /НЩ76011577/-д холбогдох
Гэм хорын хохирол 18 740 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндолгор, өмгөөлөгч Х.Д, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...2016 оны 10 сарын 30-ны өдөр миний эзэмшлийн 7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Бямбасүрэн жолоодож яваад зам тээврийн осол гарсан. Хариуцагч Т.Б нь Монгол улмын замын хөдөлгөөний дүрмийн 11.7, 3.6 дахь заалтыг зөрчсөний улмаас уг осол гарч миний тээврийн хэрэгсэлд 18740 000 төгрөгийн хохирл учирсан болохыг үнэлгээгээр тогтоосон.
Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07сарын 17-ны өдрийн 604 тоот шийтгэх тогтоолын 4 дэх хэсгийг үндэслэн Т.Бээс 18740 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа...Тус шүүхэд намайг хариуцагчаар татсан 7446 УНӨ улсын дугаартай автомашины эвдрэлийн хохирол 18740 000 нэхэмжилсэн Д.Дгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Д.Д уг тээврийн хэрэгслийг Б гэгч хүнд зарж борлуулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй гэж 201624000856 дугаартай эрүүгийн хэрэг шалгахад гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэтэл одоо уг тээврийн хэрэгслийн эзэмшигч хэмээн надаас мөнгө нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед 7446 УНӨ машины хохирлыг Б.А нэхэмжилж байснаа иргэний хэргээр Д.Д нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн машиныг жолоодон явсан жолооч хариуцахуу үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүн дээр маргах зүйлгүй. Даатгалын компаниас 7 сая төгрөг төлөх боломжтой гэж хариу өгсөн байгаа. Харин үлдэгдэл төлбөрийг хадлангийн улирал дуусаад олсон орлогоороо төлөх боломжтой гэв.
Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...7446 УНӨ тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч С.Бямбасүрэн нь миний аав тул би эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бөгөөд талийгаачийн оршуулгын зардал мөн машины хохирлыг нэхэмжилсэн. Шүүх оршуулгын зардлыг шийдвэрлээд харин 7446 УНӨ тээврийн хэрэгслийн эзэмшигч тодорхойгүй гэж үзээд иргэний журмаар нэхэмжилэх эрхтэй гэсэн. 7446 УНӨ автомашины эзэмшигч Д.Д юм, харин талийгаач тухайн үед эзэмшиж дэлгүүрийнхээ бараа материалыг татаж явсан. Талийгаач замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн тул хохирлоос хариуцах үндэсгүй юм. Автомашин нь 35 000 000 төгрөгийн үнэтэй, шинжээчийн дүгнэлтээх 18 740 000 төгрөгөөр засаж хэвийн болгоно гэж дүгнэлт гарсан. Одоо машиныг засаагүй яг хэвээрээ байгаа. иймд Т.Бээс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 18 740 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь миний ээж Д.Д юм. Уг тээврийн хэрэгсэл нь Д.Дгийн нэр бүртгэлтэй бөгөөд 2012 оноос хойш өөрийнхөө нэрээр татвар хураамжийг төлдөг. Хэрэг гарах үед гэрчилгээ үрэгдэж алга болсон боловч Авто тээврийн төвөөс лавлагаа гаргаж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 7446 УНӨ тээврийн хэрэгслийг талийгаач жолоодон яваад осолд орсон боловч тухайн осолд талийгаач буруугүй юм. Эрүүгийн хэргийг шийдэхдээ 7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирлын үнэлгээг 18 740 000 төгрөг гэж шинжээч дүгнэлт гаргасан. Иймд 7446 УНӨ тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 18 740 000 төгрөгийг эзэмшигч Д.Дд олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д хариуцагч Т.Бэд холбогдуулан тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 18 740 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран нэхэмжлэгчээр Б.Аыг татан оролцуулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагч Т.Б 2016 оны 10 сарын 30-ны өглөө 06 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ны товчооны замд зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд өөрийн эзэмшлийн 43 68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсолт хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7, 3.6 дах заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн араас С.Б жолоочтой 7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөснөөр хүний амь нас хохирч, уг тээврийн хэрэгсэлд 18 740 000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 604 тоот шийтгэх тогтоолоор хариуцагч Т.Бийн гэм буруутай болохыг тогтоож, 7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч тодорхойгүй үндэслэлээр нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Т.Б бусдын эд хөрөнгөд гэм хор учруулах үед өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан болох нь дээрх шүүхийн тогтоолоор тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч Т.Бямбасүрэн ашиглан зам тээврийн хөдөлгөөнд оролцсон боловч тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Д болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, татвар төлөгчийн гэрчилгээ, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаан дээр ...бусдын эзэмшлийн 7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зам тээврийн хөдөлгөөнд оролцсон жолооч нь хохирлын хувь хэмжээнээс хариуцах үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болохыг шүүхийн тогтоолоор тогтоосон гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар 7446 тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолоочийн гэм буруугийн асуудлыг шүүх дахин тогтоож, шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Д.Д, Б.А нар хариуцагч Т.Бээс 7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч нь 7446 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт болох Арвижих эстимейт ХХК-ийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн Машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар гаргасан үнэлгээ болох 18 740 000 төгрөгөөр нэхэмжилсэн.
Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Арвижих эстимейт ХХК нь эрх бүхий этгээдийн тогтоолын үндэслэн, хуульд заасан эрх үүрэгтэй танилцан, шинжээчээр ажиллаж дээрх тээврийн хэрэгсэлд үнэлгээний тайлан гаргасан бөгөөд хариуцагч Т.Б үнэлгээний тайлантай маргаж, мэтгэлцээгүй байх тул тухайн баримтыг шүүх хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Иймд үнэлгээний тайлангаар тогтоосон 7446 УНӨ тээврийн хэрэгсэлд учирсан шууд хохирол болох 16 580 000 төгрөг гаргуулах үндэстэй байна.
Харин шууд бус хохирол болох эд анги солих зардал, будах зардал, будаг туслах материалын үнэ, тэнхлэг шалгуулах зардал зэрэгт 1 960 000 төгрөг гэж үнэлгээ гаргасан байх боловч нэхэмжлэгч нь энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй буюу уг тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоосон үнээр засварлаж, хэвийн ашиглах боломжтой болгосон талаар баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Т.Бээс 16 580 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д, Б.А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоусгай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Т.Бээс 240 850 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 151/ШТ2019/00003 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүхийн тогтоол нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН
Д.АЛТАНТУУЛ
Д.МӨНХБҮРЭН
.